Tuesday, November 12, 2019

МУБИС НЭГДЭХГҮЙ


МУБИС НЭГДЭХГҮЙ

МУБИС-ийн нэгэн профессорийн үзэл бодол 

Төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж судалгааны их сургууль байгуулна гэж  ид ярьж байна. Энэ асуудал Их хурлын холбогдох хороо, бүтцээр нь шуурхай хэлэлцэгдэж ер нь шуударч, шуурхайлж байх шиг ээ. Энэ талаар Таны үзэл бодлыг сонирхож байна.  

- МУБИС нэгдэх үү?

- МУБИС нэгдэхгүй. Нэгдэхийн учир шалтгааны үндэслэл огт байхгүй. Нэгдэх ёсгүй.  

-Яагаад?

Учир нь, МУБИС дампуурсан их сургууль биш ээ.  МУБИС-д оршин цэцэглэх язгуур үндэс нь болсон хөдөлмөрийн зах зээл, нийгмийн бодит хэрэгцээ, хэрэглээ бий. Монгол  улс оршиж байхад монгол багш байна. Тэр багш  МУБИС-иар бэлтгэгдэж ирсэн. МУБИС  түүнийг л судалж байдаг юм.  Харин орших зах зээлгүй, элсэх  оюутангүй болчихсон төрийн ба хувийн өмчийн их, дээд нэртэй, хоосон ордонтой атлаа хоёр  ч оюутангүй болох жамтай  олон сургууль  байна аа. Гэнэдэж,  ийм сургуульд элсэн орж төгсөж хохирсон  оюутнууд их байдаг. Тэд эцэстээ МУБИС-д дахин элсэн орж байж л багш болдог юм ш дээ.  Ажилтай болдог юм ш дээ. Амьдралтай залгадаг юм ш дээ.  Ингэдэг нь бодит үзэгдэл болсон. Бүтээгдэхүүн нь борлогдох бодит зах зээлтэй, судалгаа, үйлчилгээ нь нийгмийн бодит хэрэгцээтэй уялдсан, улс нийгэмдээ оруулсан 100 орчим жилийн гэгээн  үйлс бүхий хувь нэмэртэй МУБИС, яахаараа, тэгэхээр дампуурсан сургуулийн эгнээнд элсэн орох ёстой гэж. Зах зээлтэй нь оршдог, зах зээлгүй нь оддог нь жам  бус уу

-Та МУБИС нэгдэх ёсгүй гэлээ. Тэгэхээр МУБИС судалгааны их сургууль болох боломжоо алдаж байгаа  юм биш шүү?

-Судалгааны их сургууль болох, төрийн өмчийн их сургуулийг нэгтгэх гэсэн энэ хоёр хувьсагчийн хооронд статистик ач холбогдолтой, учир шалтгааны уяатай холбоо байхгүй.  Нэгдэх нь судалгааны их сургууль болохын баталгаа биш. Нэгдэхгүй нь судалгааны их сургууль болохгүй гэсэн үг бас биш. 

-Энэ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
 
Бололгүй яахав. Их сургууль угаасаа, үүслээсээ судалгаа хийж үнэнг эрж байж л оршдог нийгмийн ганц институц  юм.  Шинэ мэдлэгийг бүтээж,  түүнийгээ түгээж оршино гэсэн үг л дээ. Мэдлэг бүтээх нь судалгаа бол түүнийг түгээх нь сургалт юм. Түгээх шинэ мэдлэггүй, нийгмийн  хэрэгцээгүй, хэрэглээгүй болсон сургуулиуд л дан судалгаа хийж оршино гэж хөөрөн, одох арга хэлбэрээ олж ядан байдаг юм. Ингэхээс ч өөрөөр  тэд ер нь яах билээ дээ.  Эндээс л судалгааны их сургууль гэдэг ташуу ойлголт гарч ирдэг юм. Түүнээс биш судалгаа хийдэггүй их сургууль гэж байхгүй. МУБИС сургалт явуулж, судалгаа хийдэг л их сургууль байсан, одоо ч ийм л байгаа. Цаашдаа ч тийм л байна.  Нэгдэхгүй байснаар, иймд, МУБИС-д алдах зүйл огт байхгүй. Боломж дандаа байдаг. МУБИС, харин, дотооддоо удирдлага, менежентээ цэгцэлж, МУБИС-ийг муухай харагдуулж байгаа бүхнээ хурдан сайжруулж сайхан болгох хэрэгтэй. Удирдлагын бүдүүн, бадриун бүрэлдэхүүний доройтлыг засах, үрэлгэн давхар, дарга бүтцийн дарамтыг арилгах, нэг багш нилээд хэдэн багш бишийг чирч явдаг хөдөлмөрийн мөлжлөгийн хор уршгийг зайлуулах, бүхнийг профессор төвтэй болгох замаар МУБУС-ийг ухаалаг, цэцэн, цэмцгэр болгох, захирлыг ардчилсан байдлаар профессоруудаас сонгодог болох, удирдах зөвлөл, хамгаалал зөвлөлийг профессороор бүрдүүлэх, МУБИС-ийг ер нь ялсан намын даргаас бага харин шилмэл профессоруудаас их хамааралтай болох нь зайлшгүй.  Энэ МУБИС-ийн хөгжлийн зам мөн. Нам төвтэй биш профессор төвтэй замаар замнаснаар  МУБИС оршиж одохгүй, харин од болж оршино.
Нэмж хэлэхэд, судалгааны их сургууль гэдэг ойлголт манай улсад шинэ зүйл огт биш. Бид үүнийг судалгааны хүрээлэн гэсэн утгаар хөгжүүлж авч ирсэн юм.  Явуулах сургалтгүй, элсэх оюутангүй, орших зах зээлгүй болсон төрийн өмчийн зарим сургууль хийгээд  хувийн өмчийн ихэнхи сургуулиуд харгалзах хүрээлэндээ уусаж одох нь ер нь бол зөв. Тэгэж байж л дөнгүүр ганц судалгааны лабораторитой болж мэдэх юм ш дээ.  Түүнээс биш зах зээлд байраа олж оршиж чаддаг байгаа, улс, нийгэмдээ багшийг бэлтгэн нийлүүлэх эрхэм үйлс, түүхэн үүргийг цагаас цагт  хариуцлагатай хүлээж ирсэн ганц шилдэг их сургууль МУБИС-ийг “дэлхийн монгол, монгол дэлхий” гэсэн хийрхлээр баллах хэрэггүй.  Анхны нөхцлөө тас мартсан нөгөө хэдийн марзан хийрхэл юм шиг харагддаг атлаа цаанаа маш их санааг нуусан энэ үйлдлээр түүнийг үгүй болгож хийсгэж болохгүй. Нурааж болохгүй. Ер нь өрөөлийн хоол руу бага өндийж, өөрөө мөрөөрөө хоолоо олж идэж сурах нь хаа хаана эцэстээ зөв, төв, жам байдаг юм ш дээ. 
 
-Судалгааны их сургуулийг байгуулах судалгааг хийх зорилгоор Азийн хөгжлийн банкны шугамаар том төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Төслийн үйл явцад их сургуулийн багш нар хир оролцсон бэ?
 
-  Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр энэ талаар том төслийг том эрх мэдэлтнүүд оролцож хэрэгааүүлсэн гэж сонссон. Баримт  нь ч  байна лаа. Харин тэр төслийн үйл явцад  нь оролцож, үр дүнг нь хэлэлцэж явсан удаа  бидэнд байсангүй. Их сургуулиудыг нэгтгэж судалгааны их сургууль байгуулах тухай төсөл юм бол уг нь  их сургуулийн багш нарыг л их оролцуулж үзэл бодлыг нь их эргэцүүлсэн баймаар юм. Чоно борооноор гэдэг айхтар үг байдаг. Оролцуулах, оролцоог хангах гэдэг угтаа ардчилал юм.  Бас шударга ёс ч болно. Бид тань ардчилал гэж их хөөрч, шударга ёс тогтооё гэж их ярьж байгаа улс биз, уг нь. 

Ер нь бол, судалгааны их сургууль гэж бодлогын баримт бичгүүдэд үг үсэг бий нь бий. Тэр нь том санхүүжилттэй тэр төслийг бий болох эрх зүйн үндэс бол оо биз ээ. Манайхан төрийн бодлогыг ходоодныхоо төлөө холоос бичиж,түүнийгээ мөнгө олох эрх зүйн үндэс болгодог болоод их удаж байна. Хуулийн заалтын хулгай гэх юм уу даа. Үүндээ бүр гаршиж байгаа. Хуулиар удирдана гэдгийг буруугаар ашиглаж байгаа хэрэг л дээ. Төрийн өмчийн сургуулиудыг нэгтгэж судалгааны их сургууль байгуулна гэдгийн цаана иймэрхүү зүйл болсон байхыг би  хувьдаа үгүйсгэж чадахгүй.  Хардалт их бий. Цаг хугацаа харин түүнийг тод, ил болгоно. 

-Бужигнуулж байгаад “загас” барина гэж их ярьдаг болж.  Энэ бужигнаанд хэн ямар “загас” барих бол оо?

-Төрийн өмчийн их сургуулийн нэгтгэж судалгааны их сургууль байгуулах гэдгийн цаад, цаана байгаа "нохой" санаа хэнд хэрэгтэй вэ, хэний ашиг сонирхол бэ, хэний лобби вэ, хэн ямар “загас” барих вэ гэсэн асуулт мэдээж хүн бүрийн тархинд эргэлдээд эхэлчихсэн л дээ.  Бид тань их хууртаж, бас нилээд хаширсан болохоор ингэж л эргэцүүлдэг, эргэлдүүлдэг болж дээ.  Менежентийн хувьчлал гэгч бужигнуулалтаар нам голтой хэдхээн нөхөд Санхүү эдийн засгийн техникум, Орос хэлний дээд сургуулийг зүгээр л шууд л хувийн өмч  болгон авсан байх. Тэд том “загас” барьжээ.  Кембрижчилна гэсэн бужигнуулалтаар одоо дарга ангийнхан, баян давхаргынхан онцгой сургуультай болж. Тэд бас гайгүй “загас” барьж. Саяхандаа, Станфордчилно гэсэн бужигнуулалтаар одоо нийлүүлэх гээд байгаа төрийн өмчийн сургуулиудыг үндсэнд нь дампууруулж. Бужигнуулагчид том “загас” барьсан бололтой юм. “Судалгааны их сургуульчилах” гэсэн ээлжит энэ бужигнуултаар тэгэхээр хэн ямар том “загас” барих бол оо гэж үү!
 
 “Судалгааны их сургуульчилах” гэсэн бужигнуулалтаар баригдах “загас”-ны төрөл, хэлбэр олон янз  аа. Харин загасны эзэд нь нөгөө байдаг л нөгөө хэд. Нэг хэвийн.Тов  тодорхой.Тэдний нэрээр товчлол хүртэл бүтээгдэж л дээ. 


Үзэл бодлоо ярилцлага хэлбэрээр илэрхийлсэн МУБИС-ийн профессор Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр




No comments:

Post a Comment