Saturday, November 23, 2019

Тэрбум, тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана...

Тэрбум, тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана...

Тэрбум,тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана ардчилсан биш харин өмчилсөн Үндсэн хуулийн заалт байдаг юм. Түүнд байдаг боловсролын хөтлөх гурван заалтынх нь нэг нь энэ: Хувийн сургууль байгуулж болно.

Энэ заалт уг нь үндсэн хуулийн эрэмбийн биш юм л даа. Гэвч өмч, өмч, өмч гэсэн ганц зорилготой ардчилсан биш үндсэн хуульд бол энэ хамаагүй аж.

Үе үеийн боловсролын яамныхан энэ завхралыг засах биш харин тэгш байдал, тэгш боломжийг үгүй хийхэд оролцож тэрбумаар тэрбумаар ашиг ологч тэдний гар хөл, хүүхэлдэйн болчихсон явдаг юм... Бас хөөрхөн тасархай, жижигхээн хэсгийнхэн нь бага эзэд болсон байх нь элбэг.

Ерөнхий боловсролын 300 гаруй хувийн сургууль гэгчээр хүүхдийн сурах эрх, сурах хүслээр нь мөнгө угааж, хувьсах зардлаар нь хичээл сургалтаа явуулж, харин эцэг эхээс хүүлсэн сургалтын төлбөрөө цэвэр ашиг болгож, ордон босгох нь хэвийн мэт байх, энэ улсад.

Мөн Монголын түүхэн ганц их сургууль болох МУИС-ийн нэрийг хүртэл дээрэмдэж байгаа МҮИС гэх мэт элдэвлэсэн олон хувийн их дээд сургуулиудаар монголын олигархиуд ядарсан залуусынхаа амьдрах хүслээр мөнгө хийж, мөнгө угааж байх нь хэвийн мэт болж, завхарсан энэ нийгэмд.

Дүнд нь боловсрол нийгмийн тэгш байдал, тэгш боломжийн баталгаа болж байх үндсэн үүргээсээ холдож хөндийрсөн байх нь бодит болж, манай улсад.

Үндсэн хуулийн саяын гэх нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн тэгш байдал, тэгш боломжийг үгүй хийсэн энэ байдал, завхралыг засах гээд дийлсэнгүй дээ, олигархийн их хурлыг.

Ийм учраас залуу үеийнхэн, тэр тусмаа шинэ цагийн багш нар нь Үндсэн хуулиар боловсролыг үндсэн үүргээс холдуулсан энэ завхралыг засахын төлөө яг өнөөдрөөс эхэлж ихэд эргэцүүлж, нэгдэн эвлэлдэж, нийлж хэлэлцэж, нэг болж тэмцэлдэж байж нийгмийн тэнцлийн баталгаа боловсролын тэгш байдал, тэгш боломжоо Үндсэн хуулийн ёсоор буцаан авах ёстой.

Энэ бол багшийн нийгмийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, ажлынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага мөн.

Тэгш байдал, тэгш боломж нь үндсэн хууль ёсоор баталгаажиж, боловсрол нь нийгмийн тэнцлийг хангаж байж л энэ улс зөв, төв замдаа орно. Өөр гарц үгүй.

Үүнийг л, угтаа, улс орны замнах ардчилсан зам гээд байгаа юм ш дээ.

Ц.Лувсандорж
2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

No comments:

Post a Comment