Monday, December 23, 2019

Уугуулийг хэвтүүлэх суугуул ухаан


Уугуулийг хэвтүүлэх суугуул ухаан

Өнөө цагийн монголчууд бид дараах дөрвөн зүйлд хэтэрхий дурлаж, их шунаж уусаж байна. Үүнд:

1. Авилгажилт

2. Архидалт

3. Ажилгүйдэл

4. Найрлалт.

Товчоор хэлбэл, АААН биднийг суугуулийн өмнө хэвтүүлж сөгдүүлж байна.

Найрлалт, архидалтаас болж сүйрч алга болсон олон улс, эзэнт гүрэн, үндэстэн, ястан түүхэнд бий.

Эдний үлдэж хоцорсон, хоцрогдсон хөөрхий хэдийг нь суугуулууд уугуул гэж өхөөрддөг.

Уугуулуудийн архи гараад "миний эх орон, газар шороо" гээд босоод ирэхээр нь тэдэнд суугуулууд архийг нь гулсуулаад л тэднийг шууд хэвтүүлж нам болгодог нь сонгодог арга болж танигдсан байдаг. Үүнийг суугуулийн уугуулийн хэвтүүлэх ур ухаан нь гэх үү дээ.

Австралийн уугуул ингээд л хэвтэж байна. Нийгмийн халамж нэртэй цайсан бодлого хэрэгжүүлнэ. Архи нь гарч арай ядан босоод ирэхээр нь архийг ахин гулсуулаад хэвтүүлнэ, сөгдүүлнэ, тэднийг. 

Америкийн уугуул тэгээд л сүйрч байна. Тээр цагийн цагааны газар индианчуудад мөнгө зээлж, архи өгч өрөнд оруулаад оронд нь газрыг авах бодлого хэрэгжүүлж байсан гээд бод доо. Энэ түүхэн баримт юм.

Канадын уугуулууд уугаад л хэвтэж байна. Тэднийг өхөөрдөж халамжилсаар одоо үзмэр болгож авчээ. Бүүр энэ үзмэрийг харуулах, хамгаална гэж ярих нь олон улсад чухал болж тэр нь элдэв төсөл,хэрэгжүүлэх үндэс, эх шалтгаан болж байх.Хөөрхий.

Африк тив тийм уугуулаар дүүрч мөн үзмэржиж ирсэн. Өмсөх хувцасгүй, ойлголцох хэлгүй нүцгэрч үлдэж, нүдэлдсээр, бүжиглэсээр, дуулсаар, уйлсаар л байх, хөөрхий тэд.

Ихэнх уугуул суугуулийнхаа өмнө ингэж л хэвтэж сөгддөг юм.

Суугуулуудийн уугуулийг төгсгөдөг гойд ур ухаан нь архидалт, найрлалт, авилгажилт, ажилгүйдлийг дэвэргэж, хөөргөж, хөгжөөх явдал юм.  Энэ бүхэн суугуулийн газраас уугуулд хандан явуулдаг цайсан бодлогооор илэрнэ. Энэ нөгөө л АААН-ыг дэвэргэхэд чиглэнэ. 

Тэмдэглэх баяр, найрыг түмэн болгож, шалтгааныг  буман болгоно. Архийг хоол мэт үзэж айл бүхэнд, хүн бүхэнд үнэт зүйлээр нь нэрийдэж хүргэнэ. Архидахыг нь соёлтой, харин архидахгүй нь соёлгүй болж  харагдуулна. АААН-ыг татваргүй болгож, АААН бусыг татвараар дарна. АААН бодлого гэж ийм л цайсан бодлого байдаг.

Тэгэхээр суугуулийн уугуулийг хэвтүүлж, бүр устгадаг цайсан бодлого нь "аан" гэж уулга алдмаар нөгөө АААН л байгаа биз. Мөн чанар нь танил санагдаж байгаа биз дээ, өнөөгийн ядмаг бид нарт.

Архинд дөрлүүлсэн уугуул "энэ миний эх орон, газар шороо" гээд арай ядан босоод ирэхээр нь архийг нь тэдэнд гулсуулаад л шууд хэвтүүлнэ, амархаан сөгдүүлнэ.

Ийм замаар уугуулууд суугуулийн өмнө амархаан хэвтэж, шууд сөгдөж, түүхэн үзмэр болж өгдөг юм.

Өнөө цагийн монголчууд бид уугуулийг хэвтүүлдэг суугуулийн урхинд орж хэтэрхий их найрлаж, хэт их архидаж, хэтэрхий их авилгажиж, хэт ажилгүйдэж байна.

Уугуулийг хэвтүүлэх суугуулийн урхин аргын уг санааг  яг одоо  нэг сайн эргэцүүл, ухаар. Түүнээс сал. Болгоомжил. Түүний тулд ингэ.

Архидалтаа боль.

Ажилгүйдлээс сал.

Авилгажилтыг зогсоо.

Найрлахаа боль.

Үүнийг ухаарч, "аан" гээд АААН-аас шууд татгалз.

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

No comments:

Post a Comment