"Бушуухан мөнгө төлчих, хурдан хэвлээд өгье"
Судалгааны хуурамч сэтгүүл, түүний ажиллах арга барилтай холбоотой нэг болсон явдлыг сийрүүлж үлдээмээр санагдав. Энэ нь манай улсад болсон бодит явдал харин биш юм.
Өнөө цагийн нөлөөллийн хүчин зүйл (Impасt factor) бүхий сэтгүүлийн уг чанарыг илрүүлэх зорилгоор нэг их сургуулийн багш оюутны курс, дипломын ажлаас баахан мэдээлэл цуглуулж түүнийгээ судалгааны өгүүллийн хэлбэр оруулж хэдэн хэдэн тийм сэтгүүлд явуулжээ. Гэтэл юу болсон гээч!
Ихэнхээс нь "Маш сайн өгүүлэл байна. Хэвлэе. Мөнгөө төлчих, тэгвэл хэвлэл, үйл явцыг эхлүүлэхэд бэлэн" гэсэн хариу авсан гэдэг. Бас л утгыг нь алдагдуулсан байгаа биз, энэ цагийхан.
Үүний дагаад ишлэлийн сүлжээ дэлхийгээр хэрж, сэтгүүл олширч, баг багын танилаар дүүрч байх.
Мөнгө хүүлэлтийн ийм даяар нэгэн хэлбэрт манай хөөрхий их сургуулиуд эхэнд нь гүйж очиж өртдөг. Тэд бушуухан мөнгө төлж хэвлүүлчихээд төлсөн мөнгөө хөөрхий оюутны төлбөрөөс гаргуулдаг. Ийм бантан холион бодлого явуулж байх нь манайд харин элбэг элбэг. Үүгээрээ л манайхан бусад улсынхаасаа ялгарч байх. Илүү их мунгинаж байгаагаараа илүү ялгарч байгаа гэх үү дээ.
Бидний энэ илүү мунгинааны ард нөгөө л цаас үйлдвэрлэдэг, шагналуулах, шагнах донгоос үйлдэлтэй сэтгэлгээний ядуурал нуугдаж байдаг юм.
Тэгэхээр олигтой судалгаа хийж, олигтой газар хэвлүүлнэ гэдэг одоо хэцүү болжээ. Энэ байдлыг дэвэргэхэд зөвхөн хөөрхий муу нэртэй монгол минь муугаараа эхлээд, жишээлэгдээд, цоллуулаад байгаа болохоос угтаа дэлхийгээрээ л дэндүүлж байгаа хэрэг л дээ.
Үнэн бодит судалгаа хийж шинэ мэдлэг, шинэ үр дүнг бүтээн хүн төрөлхтний танин мэдэхүйд шинэ хувь нэмэр оруулсан ажлыг хэвлэн нийтэлж, зохиогчийг нь урамшуулж байх нь уг нь сэтгүүлийн гол утга учир байдаг юм. Гэвч утгатай ийм цаг үе аль хэдийн түүх болон үлдэж.
Харин " Бушуухан мөнгө өгчих, хурдан хэвлээд өгье" гэдэг л болж...
Ц.Лувсандорж
2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
No comments:
Post a Comment