Thursday, January 23, 2020

Бороо шиврэхээс урдаж нөмрөх цуваа бэлд

Бороо шиврэхээс урдаж нөмрөх цуваа бэлд

Короновируст шахмал түлшний сэтгэлгээр хандаж үл болно. Шахмалаар хэд хэд л хэвтдэг тул тэд гяндангаа санаатайгаар авчихсан байна лаа гэх зэргээр тэр хэдийн хэвтүүлснийг айлдварлаж, хэвтсэнд нь тэднийг буруутайгаар болгож үлдээдэг.

Короновирус харин сүргээр нь хэвтүүлчих ч мэдэх аюултай тул шахмал түлш шиг тиймэрхүү тайлбар, айлдвар хийж бултаж чадахгүй. Ийм аюултай учраас түүнээс Дэлхий айж байна. Бид яаж байна!!!

Бүх түвшинд аливаад шинжлэх ухаанч арга барилаар хандаж байхад улсаараа суралцах хэрэгтэй байх юм. Үүний тулд ерөнхий боловсролын математик, байгалийн ухааны хичээлийг чанаржуулж дарга болчихож мэдэхээр авирлаад байг нь тэдгээрт бүүр сайн болгож бэлдмээр. Ер нь ерөнхий боловсролын зорилго ч уралдуулж олимпиадах биш нийгмийг тэнэгдүү иргэдгүй байлгахад чиглэдэг.

Дарга шинжлэх ухаанч биш сэтгэлгээ, хандлагатай болоход юу болдог гээч. Юу хэлдэг гээч. "Өнгөрсөн борооны хойноос цув нөмөр" гэдэг.

Манай дарга нар шинжлэх ухаанч хандлага, сэтгэлгээтэй, ажлын арга барилтай байсан бол бид лав л шахмал түлшний араас "цув нөмрөхгүй" байв... Энэ мэтээр өнгөрсөн борооны араас нь цув нөмөр гэж хийрхсэн хийрхэл энэ улсад их олоон олон.

Короновирусын болзошгүй тархалтанд энэ улс борооны хойноос нь биш, харин шивэрч эхлэхээс өмнө нөмрөх цуваа бэлд.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрүүлээд ер нь яахав вэ дээ! Короновируст бол бүүр ч нэмэргүй, бүүр аюултай.

Ц.Лувсандорж

2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Saturday, January 18, 2020

БСШУС-ын сайдыг мэтгэлцээнд урьж байна

БСШУС-ын сайдыг мэтгэлцээнд урьж байна


БСШУС-ын сайдын багш, боловсролын чанарын хамаарал, нөлөөллийн талаарх хийсэн мэдэгдэл нь түүнийг энэ талаар "А" -гүй юм болов уу гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Боловсролын чанарыг хэрхэн хурдан сайжруулах вэ гэсэн асуудлаар иймд би сайдыг мэтгэлцээнд урьж байна.

Дараах асуултын дагуу ярилцая!

Боловсролын чанар гэж юу?

Боловсролын чанарт нөлөөлж буй гол хүчин юу?

Боловсролын чанарт эерэг болон сөргөөр нөлөөлж буй ямар хүчин манай улсад байдаг вэ?

"Багш" хувьсагч боловсролын аль түвшний чанарт хүчтэй нөлөөлдөг вэ?

Энэ мэтгэлцээнийг зохион явуулчих хэвлэл мэдээллийн хэрэгслэл хэвлэлийн эрх чөлөөтэй ардчилсан монголд ер нь байгаа юу!

Эрх биш байгаа биз ээ!

профессор Ц.Лувсандорж

Жич: Миний энэ үлгэр үйлээс жишээ авч багш нарын төлөө гээд хоорондоо уралцалдан орилдоод байдаг төрийн бус байгууллагууд БСШУС-ыг энэ асуудлаар мэтгэлцээнд уриач. Ингэж байж сайд чанаржиж, боловсрол чанаржина ш дээ.

2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Thursday, January 16, 2020

Май май гэж майлсаар ирдэг ишиг минь

Май май гэж майлсаар ирдэг ишиг минь

Амьтныг энэрэн хамгаалах нь хүн араатан хоёрын ялгагдах шинж мөн. Хүн л амьтны дээд оршихуй тул бол дорд орших хөөрхий амьтныг хамгаалах , түүнийг дээдийн ёсоор хайрлах, энэрэх нь жам ёс бус уу! Ингэж байж дээд нь доодоосоо, хүн нь араатнаасаа ялгарч оршино.


Ямаа, яахав, хөөрхий, монголчууд бидэнд ноолуураа өгч, сүү өргөсөөр он цагийн уртад найз, нөхөр мэт байсаар гэршиж идэгдсэн,элэгдэж гэршсэн нэгэн амьтан. Ишигтэй наадаж өссөн нь ямааг наанадаж өхөөрдөм, бас янгуу ч, муур шиг авиртай гэдгийг мэднэ. Май май май гэсээр оршиж, богинохон насалж өгсөөр өгсөөр оддогийг нь бас мэднэ. Ишигэндээ энхрий байж түүний хайрлан хамгаалж өсгөдгийг нь мэднэ. Бас бэлчээрийг уг үндсээр нь иддэг бэлчээр сүйтгэгч, цөл бүтээгч гэдгийг нь мөн гадарлана.

Эрт цагаас, иймд, монгол айл хөөрхий ямааг тоонд нь байлгаж торддог байж.

Мөнгөний төлөө хөөрхөн, хөөрхий ямааг хэт улааран өсгөж дэлхийн дэнж эх нутгийг минь цөл болгож буй нь бодит байдал юм. Энэ нь зохисгүй үйл мөн. Энэ нь өмчид дөрлүүлсэн энэ цагийн дорой Монголын дорой авир, дорд үйл бас мөн. Мөнгө, шунал хоёрын горь мөн.
Мөнгөний төлөө дэлхийн дэнж эх нутгаа ямаагаар бүү сүйтгүүл. Цөл бүү болгуул.

Май май гэж майлсаар, май май гэж өгсөөр оддог бидний эртний анд үнэнч туслагч ямаагаа тоонд нь байлгаж, тордож гамна.

Тээр цагт май май майлсаар ирдэг байсан эрхэнхэн, энхрийхэн тэр ишиг энэ цагийн ямаагаа хайрла.

Ц.Лувсандорж

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Tuesday, January 14, 2020

http://gogo.mn ярилцлагаас

http://gogo.mn/r/ey0km?fbclid=IwAR1quUYTWViRDR1y23-aWiXATRJlbAUmnYk4iCdM9_O3RIv_BCafalBunU8

Монголоо гэр шигээ гоё

 Монголоо гэр шигээ гоё

Монголоо нэг айл лугаа бодож Монголоо гоё. Гэр шигээ гоё.

Хулгайн сэтгэлгээ, хандлага гаарсан улсад хөдөлмөр цэнэгүй, үнэгүй болсон байдаг. Энэ ч аргагүй юм.

Хулгайчид хөдөлмөрөөрөө амьдрагсдыг муухай харагдуулж байж л санаа нь амрах нь хар авир мөн.

Хулгайн сэтгэлгээ, хандлага гаарсан улсад хөдөлмөрийн мөлжлөг гаарсан байдаг.
Улсаасаа хулгайлах сэтгэлгээ, хандлага ийм л хорон байдаг.

Манай улсуудын улсаасаа хулгайлдаг хандлага, сэтгэлгээг яая даа байз!

Үүнийг эс тэглэж, цэглэж чадваас энэ улс Венесуэл, Мозамбикийн замаар орж замаа алдах нээ дээ.

Газар дээрх ганц эх орон энэ монголыгоо замаа алдсан замаас нь гаргахын тулд эхлээд бид хулгайн сэтгэлгээг бүх түвшинд тэглэе, цэглэе!

Зээл тэглэдэг, 20 тогтоол шиг мөнгийг 2 дахин өсгөж зээлтэнг зээлгүй болгодог, банк байгуулж дампууруулдаг, татвар тэглэдэг, элдэв байдлаар элдэвлэсэн бэлэн мөнгө тараадаг гэх зэрэг улсаасаа хулгайлдаг хулгайн хандлага, сэтгэлгээг үгүй болгоё.

Ийм үйл хийсэн этгээдийг энд муухай харагддаг болгоё. Муухай хардаг больё. Үүнийг өөрсдийнхөө энэ цагийн хамтын соёл болгоё!

Ингэж чадваас одоо манайд байгаа хөдөлмөрийн мөлжлөг шууд зогсоно. Тэгэхэд залуус улсдаа ажил хийдэг, эх орондоо сайхан амьдардаг болно.

Монгол улсыг нэг айл мэт бодож энэ айлын хүүхэд бүрийг ажил хийлгэж, хөдөлмөрөөрөө, хөлсөөрөө амьдардаг болгон хүмүүжүүлье, төлөвшүүлье.

Монголоо нэг айл лугаа бодвол бид ах дүүс лугаа хэрэг тул нөгөөдүүлээ засаж хүмүүжүүлж авья.

Монголоо гэр шигээ бодож түүнээс хулгайн сэтгэлгээ, хандлагыг бүр мөсөн хөөж холдуулья.

Монголоо ингэж л нэг үнэн гоё. Гэр шигээ гоёоё.

Ц.Лувсандорж

2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нэг

Wednesday, January 8, 2020

Хулгайн сэтгэлгээг эхлээд тэглэе

Хулгайн сэтгэлгээг эхлээд тэглэе

Тэтгэврийн зээлийг тэглэе . Үүнд дургүй байгаа нь хөгшин гэдэгт нь биш. Сурсан зангаараа зээл тэглэх, мөнгөний ханшийг албаар 2 дахин унагаж зээл авсанг зээлгүй болгосон 20 дугаар тогтоол, өмч хувьчлал, татвар тэглэх гэх зэрэг дандаа л эх орноосоо хулгай хийх сэтгэлгээ, хандлагаар л явж ирсэнд нь хөдөлмөрөөр амьдарч ирсэн нь дургүйцэж байгаа юм.

Хөгшин залуу гэлтгүй хүн хулгайгаар биш хөлсөөр амь зууж байж л энэ улсад мөнгө нь цаас биш мөнгө шиг, нэг цагийн ажлын хөлс нь тэг биш бодитой цэнэтэй болно.Ингэж байж бид энэ улсыг улс шиг байлгаж, залуус, үрсдээ сайхан ирээдүй, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлж, баталгаажуулж өгч чадна.

Хулгай сэтгэлгээгээр нэг хэсэг нь хөлжихөд хөлсөөрөө, үнэн мөнөөрөө ажиллаж амьдарч байгаа нь хохирч, бүр ядуурч байдаг гээч. Зээл тэглэх, татвараас чөлөөлөх, хулгайн тогтоол гаргах гэх зэргээр жишээлэгдэх бодлогын хулгай ийм л сүйтгэгч чанартай байдаг.
Хүн хөгшин, залуу гэлгүй хулгайгаар бус хөлсөөрөө амьдарч байх ёстой. Тэгэж байж улс хөгждөг. Ийм жамыг дагах нь хувь хүн өөрт тань ч тун хэрэгтэй. Учир нь, зээл хэзээ ч тэглэгддэггүй, харин заавал төлөгддөг.

Манай улсад эрх мэдэлтнээс энгийн хүн хүртэл хулгайн сэтгэлгээгүй болоход л энэ улс бодиттой сэвхийн хөгжиж эхэлнэ.

1990 оноос хойш энэ улсад хулгайн сэтгэлгээ, хандлага хэтэрхий дэндэж ирэв. Энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихоод байгаа юм. Энэ нь энэ улсаас бүр хэтэрч, сүүлдээ дэргэдэх хэдээ ч, дэлхийн улсуудыг ч залхаах байдал хүргэсэн гутамшиг нэгэн үйл болж ирэв.

Гадны нэг судлаач энэ талаар бүр ингэж хэлээд гасласан гээч: "Монголд баян байхгүй. Харин хулгайч бий".

Манай ийм сэтгэлгээ, хандлагатай улс төрч гэгчид гадаад улсад зочлохоор элдэв гуйлга гуйгаад, өгөхөөр нь эргэж ирээд хулгайн бодлогоороо хувааж аваад доллар босгоод гадаадад хадгалчихдаг болсон юм. Улсаа үүнээс илүү хорлоно; түмэн олныг үүнээс илүү доромжилно гэж угтаа юу байх вэ дээ, тийм ээ!

Эх орноосоо хулгайдаг хулгайн сэтгэлгээ, хандлага энэ улсыг өрөнд баригдуулж, мөнгийг цаас болгон эцэстээ сөхрүүлдэг.

Хийрхэгч, хоосон амлагч улс төрчдийн увайгүй ийм санаатай үйлдлээс болж улсаараа ядуурсан, идэх хоолгүйдсэн, орон гэргүйдсэн олон улс дэлхийд байна.

Ингэхэд яадаг гээч!

Нөгөө хулгай сэтгэлгээгээр улсаасаа хулгайлж баяжсан баян хулгайчид нь тэр улсаас гараад явчихдаг.
Мөнгөтэй хүнийг улсынхаа иргэн гуйж болгодог улс байна, цаана чинь.

Хулгайн сэтгэлгээг л энд иймд эхлээд цэглэе, тэглэе.
Ц.Лувсандорж
2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Thursday, January 2, 2020

Хожимдсон ухаарал хожимдсон гунирхал

Хожимдсон ухаарал хожимдсон гунирхал

Зээл чөлөөлснөөр эцэстээ банк л ашиг хийж, олигархиуд ашгаа хувааж байгаа гэдгийг одоо хэр олон хүн ухаарч байгаа бол.

Монголчуудын хөдөлмөрч хэдийг сөхрүүлж, ер нь хөлсөөр амьдрах сэтгэлгээг устгаж, одоогийн энэ хулгайн сэтгэлгээг өлгийдсөн хулгайн 20 дугаар тогтоолын гор, хорыг тэр цаг ухаарсан хүн тун цөөнхөн байсан. Их сургуулийн нэртэй профессорт энэ хулгайн санааг тэр цагт хэлэхэд "Амаа ангайн гайхснаа нээрээ тийм байна" гэж дуу алдаж, нүдэндээ нулимс цэлгэнүүлж байж билээ. 

Татвар төлдөггүй компанийг төлөх ёстой татвараас нь чөлөөлж, хулгайн ашиг хийж түүнийг хуваасны горыг тэр цагт ухаарсан нь бас л цөөхөн байсан.

Сургалтын төлбөрийг чөлөөлж олигархиуд бүлээрээ, сүргээрээ ашиг олсныг ухаарсан нь бас л цөөхөн байв.

Одоо ч хулгайг дэвэргэж ашиг олох олигархи, лоббижсон бодлогыг горыг ухаардаг нь бүүр цөөрсөөр. Хөөрхий.

Нилээдэд энэ нь зөвхөн хожимдсон ухаарал болсоор.

Хожимдсон ухааралд хожимдсон гунирхал л байдаг юм.

Хожимдсон ухаарал үнэндээ хожимдсон гуниг юм.

Ц.Лувсандорж

2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр