Tuesday, July 14, 2020

Бусдын зовлонгоор бага цэнгэ

Бусдын зовлонгоор бага цэнгэ
Морь унаж түүнийг мэхийн ёслуулж байгаа маягийн нэгэн зураг өнөөгийн наадамсаг монголчууд бидний самсайг айхтар ихээр шажигнуулаад байгаа юм шиг байна даа, цаана тань.
Хөдөө малтай тоглож өссөн, тэднийг мэдэрч торнисон хүний хувьд тэр зургийг харахаар гуниг их төрж нулимс ихээр урсаж байна.
Малыг ингэж хүнд мэхийн ёслуулж сургахад түүнийг ямар ихээр жанчуулдагийг хэр мэдэх юм дээ, та нар!
Морийг ингэж бүү тамалж бай.Бусдын зовлонгоор ер нь бага цэнгэж бай. Ер нь бага наадаж бай.Бага найрлаж бай. Нийтээр бага архидаж бай. Халуун зунаар бүлээн махаар бага хуушуурдаж бай.
Дэлхий нийтийн цэнгэх хандлага одоо их өөр болжээ. Ногоо, цагаан, гэгээн болжээ. Эртний монгол ёсон нийцжээ.
Корона вирус ч бас хүн бусдын зовлонгоор ингэж цэнгэх ёсгүйг үглэн ухааруулж биш харин нийтээр нь мэдрүүлж хүн оршихуй бидэнд үнэн хичээлийг гашуунаар зааж байна, цаана чинь.
Амьтны зовлонгоор цэнгэхгүйгээр ухамсар хүмүүн уг нь энэ цагт наадаж, цэнгэж болно. Болдог юм.
Ц. Лувсандорж
2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Friday, July 10, 2020

Намын арын эгнээнийхэн

Намын арын эгнээнийхэн


Намын хоёрдугаар ээлжийнхэн, арын эгнээнийхэн гэж. Намын эгнээ гэж. Тэдэнд эгнээний дугаараас үл хамаарсан нэг ерөнхий шинж байдаг юм. Тэр нь энэ.

Арын эгнээнийхэн нь өмнөх эгнээнийхэндээ их хайртай юм шиг атлаа үнэндээ их халтай байдаг. Тэд наанаа тэднийг л гэж байгаа юм шиг дүр эсгэн ихэд дагаж шогшин пялдагдан авирладаг атлаа цаанаа эе нь л олдвол өмнөхөө өшиглөн унахад ямагт бэлэн байдаг. Түүнд л өмнөх үеэсээ ихэд суралцсан байх.

Өмнөх нь сөхөрч унахад ард нь баярлаж байдаг гэсэн үг л дээ.

Өмнөхөө заавал өшиглөн урд гардаг заяатай намын арын эгнээнийхэн туршлага, мэдлэг таруухан байдаг тул тэд нялхасын өвчинд их өртөмтгий.

Арын эгнээнийхэн урд эгнээнд гарч ирэн сайд хийж сурах гэж, ажлын туршлага цуглуулах гэж муу саад биш харин сайн сайд гэж түүхэнд үлдэн хананд зургаа өлгүүлэх гэж ядсаар өнгөрөөх тэр 4 жил тэр улсад, тэр салбарт хий хоосон, үр дүнгүй хөөрч, хийрхэж, хийсэж өнгөрсөн он жилүүд болж үлдсэн нь түүхэнд олонтой. Түүх юм. Энэ нь намын арын эгнээнийхний улсад нийгэмд үлдээдэг том гавьяа нь биш харин том гай нь байдаг. Эрсдэл нь болдог.

Бэлэн бэлтгэгдчихсэн боловсон хүчин энэ улсад уг нь хаа сайгүй олоон байх. Гэвч тэд даанч нам, ман, ан биш. Тэд тэднийг уулаасаа ч тоодоггүй. Тэднээс үнэт зүйлийнхээ хувьд их зайтай болохоор тэр л дээ.

Энэ улс уг нь зөвхөн намын биш монгол түмэн олны улс юм байгаа юм ш дээ.

Яая даа, тэр улсыг, энэ намыг.

Ц.Лувсандорж

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Tuesday, July 7, 2020

Томорч болдоггүй хүүхэд


Томорч болдоггүй хүүхэд
 
Хурдан морио эргэж очсон морины эзэндээ хандан уяач: "Энэ муу одоо бие нь томроод моринд гологдоод байгаа юм" гэж пялдагдсан өнгөөр хэлэнгээ ихэд бялдгүй харцаар түүн рүү харахад босс эргэж харангаа "Тэр тэгээд хэдтэй юм бэ" гэж ихэд эгдүүцсэн янзтай асуув.
 
Уяач "Насаараа бол тэр аль хэдийнээ 17-18 гарчихсан л даа" гээд 11-12 насны хүүхдийн дайтай давжаа биетэй ядуухан, барлагдуу царайлсан хүүхэд" руу заахад "Тэр хүү том болж өссөндөө өөрийгөө ихэд буруутгасан янзтайгаар "Эндээс яваад яаж хоолоо олох вэ дээ, намайг эндээс л бүү явуул, бүү хөөгөөч" гэж гуйсан авиртайгаар зог тусан тэдний өмнө гулдаан зогсов.
 
Энэ зуурт эзэн "Өөрийнхөө 16-17 насны хүүхэддээ өдөр бүр өндөр болоорой, том болоорой гээд витаминаар борддог" тухайгаа нэг эргэцүүлснээ "Морины хүүхэд бол томроод яахав вэ дээ. Тэгэх гэж яараад ч яахав дээ" гэж уяачид хандан уцаарлангуйдуу үглэнгээ "Түүнийг морины хүүхэд болгон сонгон авч өдий болтол нь сургаж авахад гарсан бүхий л зардал, төлсөн мөнгө, гэрээ хэлцлээ эргэж бодонгоо уяанаас ихэд урамгүйхан холдон явах.
 
Уяанаас ийнхүү холдох эзнийхээ араас уяач дагаж шогшингоо "Хоол, тэжээлийг нь бол аль болох өсгөхгүй байх талаас нь нөгөө ярьснаараа л зохицуулж л байсан л даа" гэж пялдагдана.
Өсөж, томрох нь хүртэл буруутай байдаг морины хөөрхий тэр хүү тэдний араас барлаг харцаа шилжүүлж, цээжин биеэ чиглүүлэнгээ гулдаасан хэвээрээ л навсгар хувцсаа нэвсийлгэн зогсож уяачийг эргэн ирж хэрхэхийг хүлээнэ.
 
Ц.Лувсандорж
2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
 
Жич: Морины хөөрхий хүүхэд нийтлэлээ "том боллоо чи"  гэж загнуулж яваа хөөрхий тэр хүүхдүүд зориулав.
"Морины хөөрхий хүүхэд"

 https://www.facebook.com/luvsandorjtsogdov/