Friday, July 10, 2020

Намын арын эгнээнийхэн

Намын арын эгнээнийхэн


Намын хоёрдугаар ээлжийнхэн, арын эгнээнийхэн гэж. Намын эгнээ гэж. Тэдэнд эгнээний дугаараас үл хамаарсан нэг ерөнхий шинж байдаг юм. Тэр нь энэ.

Арын эгнээнийхэн нь өмнөх эгнээнийхэндээ их хайртай юм шиг атлаа үнэндээ их халтай байдаг. Тэд наанаа тэднийг л гэж байгаа юм шиг дүр эсгэн ихэд дагаж шогшин пялдагдан авирладаг атлаа цаанаа эе нь л олдвол өмнөхөө өшиглөн унахад ямагт бэлэн байдаг. Түүнд л өмнөх үеэсээ ихэд суралцсан байх.

Өмнөх нь сөхөрч унахад ард нь баярлаж байдаг гэсэн үг л дээ.

Өмнөхөө заавал өшиглөн урд гардаг заяатай намын арын эгнээнийхэн туршлага, мэдлэг таруухан байдаг тул тэд нялхасын өвчинд их өртөмтгий.

Арын эгнээнийхэн урд эгнээнд гарч ирэн сайд хийж сурах гэж, ажлын туршлага цуглуулах гэж муу саад биш харин сайн сайд гэж түүхэнд үлдэн хананд зургаа өлгүүлэх гэж ядсаар өнгөрөөх тэр 4 жил тэр улсад, тэр салбарт хий хоосон, үр дүнгүй хөөрч, хийрхэж, хийсэж өнгөрсөн он жилүүд болж үлдсэн нь түүхэнд олонтой. Түүх юм. Энэ нь намын арын эгнээнийхний улсад нийгэмд үлдээдэг том гавьяа нь биш харин том гай нь байдаг. Эрсдэл нь болдог.

Бэлэн бэлтгэгдчихсэн боловсон хүчин энэ улсад уг нь хаа сайгүй олоон байх. Гэвч тэд даанч нам, ман, ан биш. Тэд тэднийг уулаасаа ч тоодоггүй. Тэднээс үнэт зүйлийнхээ хувьд их зайтай болохоор тэр л дээ.

Энэ улс уг нь зөвхөн намын биш монгол түмэн олны улс юм байгаа юм ш дээ.

Яая даа, тэр улсыг, энэ намыг.

Ц.Лувсандорж

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

No comments:

Post a Comment