Томорч болдоггүй хүүхэд
Хурдан морио эргэж очсон морины эзэндээ хандан уяач: "Энэ муу одоо бие нь томроод моринд гологдоод байгаа юм" гэж пялдагдсан өнгөөр хэлэнгээ ихэд бялдгүй харцаар түүн рүү харахад босс эргэж харангаа "Тэр тэгээд хэдтэй юм бэ" гэж ихэд эгдүүцсэн янзтай асуув.
Уяач "Насаараа бол тэр аль хэдийнээ 17-18 гарчихсан л даа" гээд 11-12 насны хүүхдийн дайтай давжаа биетэй ядуухан, барлагдуу царайлсан хүүхэд" руу заахад "Тэр хүү том болж өссөндөө өөрийгөө ихэд буруутгасан янзтайгаар "Эндээс яваад яаж хоолоо олох вэ дээ, намайг эндээс л бүү явуул, бүү хөөгөөч" гэж гуйсан авиртайгаар зог тусан тэдний өмнө гулдаан зогсов.
Энэ зуурт эзэн "Өөрийнхөө 16-17 насны хүүхэддээ өдөр бүр өндөр болоорой, том болоорой гээд витаминаар борддог" тухайгаа нэг эргэцүүлснээ "Морины хүүхэд бол томроод яахав вэ дээ. Тэгэх гэж яараад ч яахав дээ" гэж уяачид хандан уцаарлангуйдуу үглэнгээ "Түүнийг морины хүүхэд болгон сонгон авч өдий болтол нь сургаж авахад гарсан бүхий л зардал, төлсөн мөнгө, гэрээ хэлцлээ эргэж бодонгоо уяанаас ихэд урамгүйхан холдон явах.
Уяанаас ийнхүү холдох эзнийхээ араас уяач дагаж шогшингоо "Хоол, тэжээлийг нь бол аль болох өсгөхгүй байх талаас нь нөгөө ярьснаараа л зохицуулж л байсан л даа" гэж пялдагдана.
Өсөж, томрох нь хүртэл буруутай байдаг морины хөөрхий тэр хүү тэдний араас барлаг харцаа шилжүүлж, цээжин биеэ чиглүүлэнгээ гулдаасан хэвээрээ л навсгар хувцсаа нэвсийлгэн зогсож уяачийг эргэн ирж хэрхэхийг хүлээнэ.
Ц.Лувсандорж
2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Жич: Морины хөөрхий хүүхэд нийтлэлээ "том боллоо чи" гэж загнуулж яваа хөөрхий тэр хүүхдүүд зориулав.
"Морины хөөрхий хүүхэд"
https://www.facebook.com/luvsandorjtsogdov/
https://www.facebook.com/luvsandorjtsogdov/
No comments:
Post a Comment