Tuesday, September 11, 2012

ЗӨӨЛӨН БАЙ


ЗӨӨЛӨН БАЙ

Хатуугаар хүний хорвоо дутсангүй.  Харин зөөлнөөр л дутна. Хар даа, тэр. Нялхсын уйлаан, хөгшдийн гуниг, андын зовлон, амьтны тарчлааныг. Сонс доо нэг. Элгэн нутгийнхаа  шивнээг, эх дэлхийнхээ гаслааныг. Хатуурхаад яахав,  иймд, хүмүүс минь. Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ, хүүхдэд.   Олсон бол тээ, алдаад яахав.  Төрүүлж энхрийлж өсгө, уйлуулаад яахав. Амьдралд тэмүүлж яваа тэдэндээ зам тавьж өг,  дайраад яахав. Баясан ирэх тэднийгээ баясан тосож аваад, цэцэг барьж  ширээнд урь, харин загнаад, зандчаад яахав.  Өдрөөс өдөрт өндөрсөх хүсэл тэмүүлэл, урам зоригийг нь бадраа, тэдний. Харин мохоогоод яахав.  Сараас сард өсөх танхилхан биеийг гамна, харин балбаж зодоод  яахав.  Баян, хоосон, эрүүл, саруулаар нь алагчлан бүлтэгнүүлж  ялгаад бас яахав.   Үнэндээ тэд л өөрийнхөө төлөө тэмцдэггүй, ганцхан андууд минь билээ. Чухамдаа тэд л хайр, энэрлийг түгээж, хайрлах, өрөвдөхийг сургаж байдаг бурхан андууд минь билээ.   Ийм л бурхан, ийм л энэрэл, ийм л хайр, тийм урам зориг, тийм хүсэл тэмүүлэл,  танхил энэ насанд ер нь  хатуурхаад бид яахав дээ.  Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ, хөгшдэд.  Төрсний эцэст өтөлдөг энэ хүн заяаг хүндэтгэ. Андуураад яахав.  Үр минь, нутаг минь, түмэн минь гэж явсан тэднийхээ сэтгэл, зүтгэл, ачлал, хайрын хүчинд л өдий зэрэгт хүрч гунхаж яваа гэдгээ нэг сана. Мартаад яахав.  Ер нь хайрла, халамжил, өрөвд, энхийрэл, хамгийн гол нь, сонс,  тэднийгээ.  Цаас дэвссэн шиг цаг нөхцөөн тоглож, гуниглан суугаа тэднийгээ нэг  өрөвд.  Сараас сард  цөөрсөөр л, одсоор л. Баярлуулж, бялхуулж ер нь чадав уу  даа, тэднийгээ, бид.   Тэтгэврийг нь  ханатал нэг өгч  чадав уу, ер нь. Гадаа нарлах, дотор хөөрөх газартаа болгож нэг чадав уу даа,  тэднийгээ.  Хэлснийг нь хуучирсаан гэж бодолгүй, харин  ухаарч өвлөж  авав уу, бид, ер нь.   Хөгширсөөн гэж  орхин, тэднийгээ дорд үзсэн юм биш биз дээ.   Ер нь, мунгинаад байгаа шүү, бид. Үнэндээ, тэд төгсгөл биш харин бид л тэдний  үргэлжлэл.  Хатуурхаад ер нь юухэв, тэдэнд ээ.  Зөөлөн бай.

Хатуурхаад яахав, андаддаа. Он цагийн энэ урсгалын тасархай  юм шүү, тэр минь.  Андын алдаа, оноо угтаа минийх, минийх угтаа андынх.  Анд бид хоёр үнэндээ нэг.  Бид ингэж л он цагийн нэг урсгалд дор  нэг болж, ижилсэн бүхэлжсэн андууд.  Алдаж яваа андыг адалж үзээд юухэв, иймд.  Онож яваа андаддаа эгдүүцэж атаархаад  яахав.  Атгасан гараа тэнийлгэн адаглан хатуурхах бус  хайлган сэтгэлээ нээж зөөлөн бай, андаддаа.  

Хатуурхаад яахав дээ, амьтанд.  Хүн, амьтан хоёр жаргал, зовлон дунд  яг адилхан юм, угтаа.  Тэр төрсний эцэст оддог ав адил заяатай юм, бидэнтэй. Тэр  үрээ харамлах, энэрэх, халамжлах, өмгөөлөх, хамгаалах эв ижил зөнтэй юм, бидэнтэй.  Тэр зовлонгоос зугтах, жаргалд тэмүүлэх  нэгэн адил зантай юм, бидэнтэй.  Тэр, харин, шунал, хүсэл үгүй бодь амьдралаараа биднээс их өөр. Бас худал хэлдэггүй, хуурч мэхэлдэггүй, хулгай хийдэггүй авираараа эрс өөр.  Хамгийн гол нь, тэр өгсөөр л амьдарч,  өгсөөр л оддог хайрын ч гэмээр ч юм шиг, халамжийн ч гэмээр ч юм шиг, бүр бурханлаг ч гэмээр ч  юм шиг бодьхон  хувь тавилангаараа биднээс тэс өөр.  Ийм  эрс, их, тэс өөр ч,  заяа, зан, зөнгөөрөө харин бидэнтэй их ижилхэн энэ амьтанд  хатуурхаад, ер нь, яахав, бас идэж тарчлааж ч юухэв. Зөөлөн бай.

 

Хатуурхаад яахав дээ, нутагтаа.  Унасан, өссөн, бас эргэн шингэх өлгий минь, чухамдаа, эх  нутаг билээ.  Хөрсөнд нь хөрвөж, агаарт нь цэнгэж, усанд нь шумбаж, соёлд нь умбаж өслөө, энэ нутгийнхаа. Хөрвөж өссөн тэр хөрсийг нь  урж, үрж хөрвүүлээд ер нь яахав дээ. Эрвээхэй дэрвэхээр л ногоон байг.  Амьсгалж цэнгэж өссөн тэр агаарыг нь хордуулж, бохируулж орхиод ,ер нь, юухэв дээ.  Зүрх тэжээж, сэтгэл сэргээсэн тэр янзаараа л оршиг.  Шумбаж, цэнгэж өссөн тэр усаар алт угааж, шавар зуурч  ширгээн орхиод, ер нь, юухэв дээ. Шувууд үргэн найдаж, баясан цэнгэсэн янзаараа л байг.  Умбаж, цэнгэж, бас гангарч явсан тэр соёл, хэл, итгэл, бодлыг нь харьчлаад, ер нь, юухэв дээ.  Дэлхий нэг хэл, нэг хил, нэг хөл, нэг соёлтой одоохондоо арай ч болчихоогүй л байна.  Ирэх, орших, одохдоо ингэж л өлгийдүүлэх л заяа тохиосон энэ дэлхийн ганцхан эх цэг их  нутагтаа, ер нь, хатуурхаад, иймд, яахав дээ.  Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ,  эх дэлхийдээ. Тэр  хүн шиг л  юм. Дэлхий хүн, хүн дэлхий юм. Бүр  аугаа хүчит хүн шүү.  Энэ хүний зүрх (цөм ) -ний жаахан л дэлсээнд л  нэгэн  цагийн далайн ёроол нүд ирмэх зуур л Андын нуруу, Гималайн уулс, Отгонтэнгэр болж хувирч болно.  Бас энэ хүн зүрхнийхээ нэг л цохилтоор олоон олоон соёл иргэншлийг хормхоон зуурт устгаж үгүй болгож чадна.  Ийм л хүчтэй хүн дэлхий, дэлхий хүн шүү дээ, эх дэлхий минь.  Дэлхийн хүн, хүн дэлхийн цөм болсон тэр зүрх, угтаа, иймд амьдралын  цөм, амьдралын зүрх ажээ.  Гэвч энэ зүрх, үнэндээ,  одоо их өвдсөөр л, бүр гасласаар л.   Энэ зүрх махыг таваг тавгаар идэх гэж  амьтныг тал талаар  өсгөхөд  их өвдөнө. Амьтдаас дэлхий хүн, хүн дэлхийн зүрхийг өвтгөх хорт хий их ялгардаг болохоор тэр юм. Энэ зүрх ой мод, өвс ургамал, тал нутаг тариалангийн талбай болж хувирахад  бас их шанална.  Ой модыг устгахад угтаа дэлхий цөлжин, хуурайшиж амьсгалах агаар нь хомсддог болохоор л тэр л дээ.  Энэ зүрх  судас шөрмөс нь болох газрын гагнаасыг нь тасалж, цус нь болох усаар алт угаахад их тарчлана.  Энэ зүрх  уухайлан  барилга барьж, уурхайлан газар сэндчихэд зовж гаслана.  Хүн дэлхий, дэлхий хүний нүүр нь яралж, бие нь шархалж, мөч нь салж, шөрмөс нь тасарч байгаа учраас тэр л дээ.  Иймд хүн дэлхий, дэлхий хүн эх дэлхийгээ ихэд аргад,  ойлго, ухаар,хайрла,  гамна. Эх дэлхий, хүн дэлхийгээ  ингэж их өвтгөж, зовоож, тарчлаагаад ер нь яахав дээ. Зөөлөн бай.

Хатуурхаад яахав дээ, хүмүүс минь.   Амьдралд тэмүүлж яваа  бурхан нас нялхсад ер нь  хатуурхаад яахав. Төрсний эцэст өтөлдөг энэ хүн заяаг туулж яваа хөгшдэд бас хатуурхаад яахав.   Он цагийн нэг урсгал андаддаа мөн хатуурхаад ер нь яахав.  Үрээ харамлах зөн, жаргалд тэмүүлэх зан, ирж одох заяагаараа бидэнтэй их ижилхэн амьтанд хатуурхаад бас яахав. Ирэх, орших, одох бүртээ л өлгийдүүлэх заяа тохиосон энэ дэлхийн эхлэлийн ганцхан эх цэг их  нутагтаа хатуурхаад ер нь яахав.  Хүн дэлхий, дэлхий хүн энэ эх дэлхийдээ хатуурхаад ер нь бас яахав дээ. Иймд зөөлөн л бай, хүмүүс минь.

 

Ц.Лувсандорж

2012 оны 9 дүгээр сар 11-ны өдөр

 

Tuesday, September 4, 2012

ЭНЭ ХУЯГ БАГШ, БАГШ ХУЯГ ЕР НЬ НЭГ Л БИШ ЭЭ





ЭНЭ ХУЯГ БАГШ, БАГШ ХУЯГ ЕР НЬ НЭГ Л БИШ ЭЭ

Энэ багш нар хүүхэдтэй мөн хүйтэн харьцдаг болж дээ, яг л хуяг шиг.  Хуягжсан ийм багш цэцэрлэгт ч байсаар,  сургуульд ч бүр элбэгжсээр.  Энэ хуяг багш, багш хуягийн авир, тархи нэг л биш ээ.  Сэтгэл, хүн чанар нь ч бас нэг л биш. Хандлага, тэмцэл нь ч мөн нэг л биш. Тэднийг бүтээдэг тэр уурхай нь ч бас нэг биш. Энэ хуяг багш, багш хуяг ер нь нэг  биш ээ.  

Нэг л биш дээ, энэ хуяг багш, багш хуягийн  авир, тэдний тэр тархи, таминь ээ.  Гурван сар амраад орж буй гуравдугаар ангийн хүүхдэд долоо дугаар ангийн бодлого өгчихөөд, тэднийг эх, эцгийнх нүдэнд дээр нэг нэгээр нь уурлангуй, бүр уцаарлангуй дуудаж, “f...” гэж байгаа юм шиг л нэг хуруугаа гозгонуулан чичлэн загнаад л, их л хэгжүүнээр, бас эрхэмсэгээр "буруу" гэж хэлж "хасах" тэмдэг өгөөд л. Алдраахан бяцхан үрсийн эрүүл танхи тархийг эргүү тэнэг болгох гэсэн шиг “эр, эм” гэх дүрэм цээжлүүлээд л, энгийн монгол үгсийг “эр, эм” гэж ялгуулаад л.  Баясан ирсэн хүүхдийг баясаж тосож аваад  зүгээр л хичээлээ эхэлж, ажлаа хийхийн оронд энгэртээ одон мядаль гялалзуулан индэрт зогсох гэж гүйлдээд л, сайд, дарга нарт бөхөлзөн бөхөлзөн эргэлдээд л, эрхлээд л.  Хичээлийн жилийн нээлт гэх хэцүүхэн, бас марзандуу таахалзааны дараа нялхасыг хаалгаар эвтэйхэн оруулчихаж чадахгүй зүгээр л орхиод л.  Хүүхдүүд хаалган дээр шахалдан дарагдчих гээд, бас бэртчих гээд байхыг хээв нэг хараад л, бас орхиж яваад л. "Ээ, та нар минь наад хүүхдүүдээ нэг эвтэйхэн оруулчихаач ээ" гэж хэлэхэд "Хүүхдийг нь мэдээд аваарай. Хүүхдээр нь дарамтлана" гэж улайн цайм хэлээд л.   Энэ хуяг багш, багш хуягийн энэ авир уу, бас  тийм авирыг бүтээж буй тэдний тэр тархи уу.  Нэг л биш дээ.

Нэг л биш ээ, хуяг багш, багш хуягийн сэтгэл, бас тэдний хүн чанар,  таминь ээ.  Эцэг эхийнх өмнө энхрий зөөлөн аясаар “хүү минь, охин минь”  гээд л их л дотнохон хайрлаж байснаа эцэг, эх одсны араар  “тэнэг, мунхаг” –аар нь  хээв нэг дуудан, загнах,  бас зодох, эцэст нь бүр гэмтээж ч мэдэх хуяг сэтгэлтэн, хуяг чанартан энэ цэцэрлэг, сургуульд олоон. Хуяг багш, багш хуягийн энэ хүн чанаргүй  хуягынхаас ч долоон дор энэ олоон үйл, үйлдэл нь үнэндээ баримтаар л их бүртгэгдэж,  судалгаагаар л илт нотлогдсоор.

Нэгэн цэцэрлэгийн ОО-ын өрөөнд нэгэн нялхыг тэнэг, мунхагаар нь дуудан, өшиглөж байсан хуяг багшийн хуягынхаас дор тохиолдлыг энэ хоёр “улаан”-аар харж, зарга хүртэл үүсгэж явсан баримт одоо надад байна. Цэцэрлэгт хүүхэд боож, амь насыг хөнөөх дөхсөн хуяг багшийн нэгэн “зэрлэг” үйлдлийг монгол даяараа л мэднэ байх.  Хуяг багш, хууранжсан сургууль, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын хүйтэн сэтгэлээс болж “үдийн цай” гэх  үдийн хоронд хордсон олон тохиолдол монголд  бас бий. “Оросын гурав” гэж алдаршсан, ер нь “хоолны эрүүл ахуйн шаардлага” төдийхнийг уг нь найдвартай хангачихмаар хэмжээний төлбөр авдаг энэ сургуульд “үдийн цай” гэх үдийн хорноос 100 гаруй хүүхэд нэг дор хордож эмнэлэгт хүргэгдэж байсан тэр түүхийг одоо арай ч монгол мартагдчихаагүй байгаа болов уу.  Үдийн цайнд  хамрагдснаараа л бусдаас ялгардаг бага насны хүүхдийн дунд “бохир гарын” гэх шар ил, далд дэлгэрч, бүр илэрч, тэр нь газар авч, сүүлдээ тэдэнд “шарын ванцин”-ыг хуурангийн аргаар “шахаад” түр өндөрлөснийг бид мартаагүй л байгаа болов уу.  Янзын янзын зорилготой олон төрлийн судалгаа нэгэн адилаар л “хүүхдийн эрх, эрх чөлөө сургуульд, анги танхимд, бүр цаашилбал, хуягжсан багшийн гар дээр, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын хүйтэн шийдвэр дор л их зөрчигдөж байгаа” гэж дүгнэсэн байгааг энд онцлон дурдахад бас илүүдэхгүй биз

Мөнгө биш харин “хүүхэд”-ийг гэх нинжин сэтгэл, хүн чанар, ер нь хайр, энэрэл дутснаас үүдсэн монгол хүүхдийн энэ мэт зовлон, золиосыг тоочин тоочин ингээд бичээд бичээд л байвал цаас ч, бас цаг ч угтаа хүрэлцэхгүй.  Энэ хуяг багш, хүнийшсэн захирал, хүнийшсэн даргын   тэр хүн чанар уу, тэр сэтгэл үү. Нэг л биш дээ.

Нэг л биш ээ, хуяг багш, багш хуягийн тэр хандлага, тэдний тэр тэмцэл, таминь ээ.    “Хүн бүр адилгүй. Хүн бүр өөрийнхөөрөө л өөр, дахин давтагдашгүй өвөрмөц”гэсэн үнэт ухааныг ухаардаггүй юм шиг хуяглана, тэд.  “Ялгаатайд ялгаатай л хандаж байж гэмээнэ адил тэгш болно” гэсэн эрхэм ухааныг үл ойлгосон юм шиг хуяглана, тэд.  “Хүн өөр байгаагаараа давтагдашгүй шиг ээ өөрийн гэсэн өвөрмөц авьяастай, ялгарах  чадвартай” гэдэг энгийн ухааныг ухамсарлаагүй мэт  л “35 ялгаатай хүүхдийг 1 хүн” гэж бодож хуяглана, тэд.  Ингэж хуяглаж мунхагласнаар “нийтээрээ нь нэг сурах бичиг үзүүлж, нэг арга зүйг хэрэглүүлж, нэг арга, нэг маягаар үнэлэх” шийдвэр гаргаж  хуягласаар, тэд.  “Сургууль хуараншсан гэдгийг л нотлон харуулах” гэсэн юм шиг “хүүхэд бүрийг цэргийн гэмээр загвартай нэг л хувцас  өмс (форм)” гэсэн шийдвэр гаргаж хуяглана, бас тэд.  Багш хуяг, хуяг багшийн хандлага ийм л хоосон, тийм хөөсөн.  Тэдний энэ хоосон, хөөсөн хандлага дор монгол хүүхэд  л их дорд үзэгдэж нийтээрээ сэтгэл санаа, хүсэл тэмүүлэл, урам зориг, эрүүл мэндээр хохирно, бас золиослогдоно.

Хуяг багш, багш хуяг чухам юуны төлөө тэмцэж чаддаг гээч.  Өөрийнхөө л төлөө.  Тэд “цалин нэм” гэж ажил хаяж, жагсаж чадна. Энэ нь ч бас аргагүй биз. Тэд “байр өг” гэж шаардлага хүргүүлж, лобби хийж, бас шийдвэр гаргуулж чадна. Тэд “өөрийнхөө хүүхдийн төлбөрийг улсаар төлүүлнө” гэж хүсэлт хүргүүлж, шийдвэрлүүлж чадна. Тэд “тэтгэвэр гаргахдаа бусдаас онцгой нөхцлөөр гарна” гэдгээ үндэслэн нотолж хуульчлуулж чадна. Тэд одон мядалиар шагнуулахыг хөөцөлдөж, бас шагнуулж чадна. Тэд бас улс төржиж сайн чадна. Гэвч тэд хүүхдийн сайн сайхныг төлөө л тэмцэж харин чадахгүй.  “Хүүхдийн биеийн тамирын талбай”-г зарсан байхыг хараад тэмцээгүй, тэд.  “Хүүхдийн тоглоомын талбай” зарагдаж үгүй болж буйг хараад тэмцээгүй, тэд. Сургуулийн боловсролыг харьчилж түүгээр улс төр, шоу хийж, хүүхдийг олон жил хохироож буйг хараад тэмцэхгүй, тэд. Харин ч бялуугаас хүрсэн нь бий.  Бохир гарын шар өвчинд нялхас нэрвэгдэж буйг үзээд тэмцээгүй, тэд бас.  Харин ч хараагүй юм шиг, бас мэдээгүй юм шиг байсан. Хуяг багш, багш хуяг өөрийнхөө төлөө сайн тэмцэж чадна аа,  харин өрөөлийн төлөө, бүр хүүхдийн төлөө бол харин огт тэмцэж чадахгүй дээ. Хуяг багш, багш хуягийн  энэ хүний  төлөө бус,  хүүхдийн төлөө бус тэр хандлага, тэр тэмцэл үү. Нэг л биш дээ.

Ийм л хуяг багш, багш хуягийг бүтээдэг, багшийг хуяг болгон өөрчилдөг  уурхай ч бас байх. Энэ уурхайн гүнд  он удаан жил хаягдаж, дарагдаж бүр хуягжисан бул хар чулуу ч  байна. Энэ уурхай ч, тэр хуягжисан бул хар чулуу  ч бас л нэг л биш дээ.

Хуяг багш, багш хуяг ч, бас багш  хуягжих ч ер нь нэг л биш дээ. “Энэ  ер нь биш дээ” бүхэн угтаа гэгээн бус харин их хар үйл, бүр хорт  үүл юм.  Ийм хорт  үйл, хар үүл боловсролын талбарын ариун тэнгэрийг бүүр бүрхэн тунаж, гүн тогтож ээ.  Иймд энэ хорт үйл, хар үүлийг  хуягжисан бул хар чулуутай нь хамт, бас тэр уурхайтай нь хамт боловсролын талбарын ариун үйлсийн тэнгэрээс шалавхан шахан хөөх үйлсийн аяныг ер нь шуурхай эхэлцгээе.   Энэ их үйлсийн аянд хамтаа ч мордцгооё.

Хаяг нь хуяг болсон энэ багш хуягийг зүрхэнд хайрын үр хөрсжсөн, сэтгэлд нь энэрэл, хайр, өршөөл, уучлал эгшиглэсэн, тархинд нь авилга, мөнгө, шагнал бус харин сэхээрэл, ухаарал, бодрол, эргэцүүлэл хөвөрсөн их соён гэгээрлүүлэгч болгон өөрчилцгөөе, энэ их үйлсийн аянаараа. Ийм аяныг ингэж шуурхай эс өрнүүлбээс, харин энэ хуяг багш, багш хуяг ер нь нэг л биш дээ, биш.

Жич:

“Хуяг багш, багш хуяг” биш багш байгаа гэдэгт итгэнэм. Тэднээс чинхүү хүлцлийг өчнөм.   “Нэг үхрийн эвэр доргиход мянгынх доргино” гэсэн ухаан байхад “Мянган үхрийн эвэр доргиход нэгийнх, бас нижгээдийнх нь доргино” гэсэн ухаан бас байх. Энэ л ухаанаар энэ нийтлэлд “хуяг багш, багш хуяг” гэсэн үг хэллэг хэрэглэв. 

 

Ц.Лувсандорж

2012 оны 9 дүгээр сар 4

 

Wednesday, August 29, 2012

ЛАМЫН МОНГОЛ ДАВРАЛТ


ЛАМЫН МОНГОЛ ДАВРАЛТ

Монгол лам мунгинасаар, мунхагласаар, мунхруулсаар, эцэст нь бүүр даварч байна, энэ улсад. Гэгээрлийн замаар замнахын үлгэр явах ёс зүй, ёс суртахуунаа тэд тас мартсан мэт “мөрийг дагаж байгаа ч юм шиг, бас үгүй ч юм шиг” мунгинаж явах нь тэдний түгээмэл нэгэн авир болж.  Гэгээрсэн нэгний номнож үлдээсэн чинхүү сургаалыг дагаж, мэдрэхийн оронд түүнийг зүгээр л  хоосон  цээжилж, хөөсөн их ярьж,  бизнес хийх, мөнгө олох хэрэгслэл болгож мунхаглах нь тэдний хээв нэг хийдэг өдөр тутмын үйл болж.  Үнэнийг өөрөөрөө үлгэрлэж өрөөлд номнож,  сэхээрэл, гэгээрэл, хайр энэрлийн үрийг нийгэмд түгээж явахыг оронд харин  хар, бор биднийхээ мунхаглалын далайд бүр мунхаглалын нэрмээс болж явах юм, тэд. Ингэж мунгинан мунхаглаж, мунхаглаж мунхаруулсаар яваа өнөө цагийн ламын энэ монгол давралтыг ер нь яалтайсан.

Монгол лам ингэж мунгинах гэж

Хувьцас хунар, тархи толгой, ер нь гаднаас нь өнгөцхөн харвал тэд мөр дагаж байгаа  лам буюу Санга (Sangha) юм шиг, харин бодит үйлийг нь сайн ажихад харин лам хувьцастай ердийн л хар, бор хүн юм шиг авирлаж мунгинана.  Тэд гэгээрэлд хүрэхэд зайлшгүй баримтлах  дэг жаяг, ёс зүй, ёс суртахуун, сахилаа дагахаа огт мартаж, тас алдаж мунгинана.

Хамаг амьтны тусын тулд гэх, амьд амьтны амийг үл хөнөөх гэх,  өөрийг болон өрөөлийг зовлонгоос хэтлэхийн төлөө гэх, ер нь ядаж тэдэнд төвөг удахгүй байхын төлөө гэх  атлаа тэд мах зооглож, бууз идэн, ууц таллаж, айлд дайлуулж, найрын хоймор, овооны эхэнд  заларч суух нь их энүүхэнд. Ийм монгол лам үгүй цагаан сар (үнэндээ бол махан сар) байхыг үзэв үү. Ийм монгол лам үгүй овооны тахилга (үнэндээ бол архидсан, айрагласан, байгаль эхийг бохирдуулсан цэнгээн)  болохыг харав уу.  “Өгөөгүйг үл авах” гэх атлаа өргөл, барьцыг өгөхөөс өөр аргагүй байдалд хүргэх арга ухаан, авирыг гаргаж суух нь элбэг, тэд. “Худал хэлэхгүй” гэх атлаа мэрэг төлөг гэх зүйл хийж, үнэн худлын зааг дундуур элдэв зүйлийг хээв нэг хэлж суух. “Алив хорт зүйлийг үл хэрэглэхийг эрхэмлэнэ” гэх атлаа бүр улс үндэстэнд айргаа их уухыг уриалдаг том лам байхад бас архи, пивоны дэлгүүр, буудал ажиллуулдаг мяндагтан лам хүртэл байх. “Садар самуун  явахыг үл тэвчих, ер нь хурцалыг тэвчих” гэх атлаа эхнэр авахаас татгалзах бүү хэл бүүр элдэвлэж явах нь цөөнгүй байх.  Хүүхэд олохгүй аргаа барьсан нэгэн ядарсан эмэгтэй мунхаглан лам дээр очиход “Би нэг оролдоод үзэх үү” гэж хээв нэг хэлээд сууж байсан тохиолдол байх.  Ер нь, амжилт олсон нэгэн маань ээжээр л овоглосон л байвал “тийм сайн ламын хүүхэд юм гэнэ лээ” гэж цуурхана их элбэг дээ, энэ улсад. Гэгээрлийн зам, мөрийг дагаж л байгаа л гэх монгол ламын энэ цагийн мунгинаа нэг иймэрхүү л байх.

Монгол ламын энэ мунгинаа үнэндээ бол “Үнэн хүрэхэд амаргүй” гэдэг эгэл үнэнг л дахин дахин нотолж байгаа хэрэг юм. 2500 гэх, угтаа бараг 3000 жилийн тэртээ хун тайж, Шагжамунай  “хатуу” бясалгалыг “хатуухан”,  ер нь хийсэн шиг хийж, жаргаж мунгинаагүй, харин багагүй зовж шаналсны дүнд гэрэл үзэн, үнэнг таньж, үнэн хүчийг олж гэгээрчээ. “Тэр гэгээрчээ” гэж нэгэн цагт хамт бясалгалын мөр дагаж явсан нөхөд нь дуу алдснаар “Гэгээрсэн нэгэн” гэсэн утгатай Будда (Buddha) хэмээх энэ үг амь орж, амьдарсан нь энэ. Мөр дагасан гэх нэрийн дор мах зооглоод, элдэвлэн мунгинаж явсаар л гэнэт л Буддад хүрчихнэ гэвэл харин их эндүүрэл байх аа, монгол лам аа.

Монгол лам ингэтлээ мунхаглах, бас мунхаруулах гэж

Бурхан багш Будда Шагжамунайнийн мэдэрч таньж, номнож үлдээсэн чинхүү сургаалыг дагасан чинхүү Сангагийн ёс зүй, ёс суртахуун, дэг жаягаа мартаад харин түүнийг зүгээр  хоосон  их цээжилж, хөөсөн их ярьж,  бизнес хийх, мөнгө олох хэрэгслэл болгож мунхаглах, мунхаруулах нь монгол ламын хээв нэг хийдэг өдөр тутмын үйл болжээ. Хайран сургаал, бас  хайран Сангаан хайран дэг ёс.

Будда Шагжамунай уг нь ҮНЭН-г л номлосон юм. Түүнийг  таалал төгсний дараа тэр ҮНЭН-г түүний шавь нар нь гажааж, өөрсдөө ашигтай болгон хувиргаснаар дэлхийн нэгэн шашин болох буддизм угтаа үүсжээ. Будда Шагжамунай “Гэгээрэл байна. Түүнд хүн  хүрч болно. Хүрэх зам нь энэ” гэдгийг нотлон үзүүлж, номнож үлдээжээ. Бас тэрээр “Өөрийнх туулсан тэр хатуу замаар бус харин зөөлөн “дундаж” замаар ч гэгээрэл хүрч болохыг  сургаад, энэ замаар яваад үзээч” гэдгийг санал болгожээ.  Будда амьд байхад олон хүн энэ замаар явж,  тэр ҮНЭН-г мэдэрч, гэгээрчээ. Харин түүнээс хойш тэр "ҮНЭН"-г ярьдаг, бас буруугаар ашигладаг хүмүүсийн тоо л олширсон болохоос харин гэгээрэлд хүрснийх нь тоо ихсээгүй аж.  “ҮНЭН”-д хүрэхэд амаргүй учраас тэр л дээ.  Яг л  Исүсийн мэдэрч номносон ҮНЭН-г түүнээс хойш олон изм болгон хувиргасантай адил. Ийм ч учраас Маркc нэгэнтээ "Шашин бол хар тамхи" гэж хэлсэн нь харин огт алдаагүй мэт санагддаг. илүүдэх юмгүй дээ. Хөөрхийс дээ. Нэг тийш нь зөв залж явахгүй бо өөрсдөө ч энэ насандаа үүрэх үйлээ нэмээд яваад байх шиг. Ажил хийж, хөлс дуслуулж амьдардаггүй, дээр нь мөрөө дагассан шиг дагадаггүй учраас тэр шүү дээ.

Буддизмийн хэлбэрийн дотроос чинхүү эх сургаалаас хамгийн их гажиж, буруугаар ашиглагдсан нь Түвдийн буддизм гэгдэх ламиазм юм. Ламаизмын Санга бол лам.  Түвдэд лам олон үүрэгтэй. Тэд оюун санааны удирдагч болно. Тэд сэтгэл зүйч байна. Тэд улс төрч байна. Тэд бизнесмэн байдаг. Түвдийн ламаизм  энэ улсад мөн л дээрх үүрэг, зорилгоор 14 дүгээр зуунд нэвтэрсэн гэх.  Яг л анхны тэр зорилгоороо л  ламаизм, лам өнөө цагт энэ улсад оршиж буй мэт.

Монгол лам ч яах аргагүй л оюун санааны удирдагч, сэтгэл зүйч байсаар л,  бас хөөрхөн мунхагласаар л, мунхаруулсаар л. Энэ улсын айл бүхнийг ламтай, дарга, бөх бүхнийг ламтай, бараг л улс төрийн нам бүхнийг ламтай, сум бүрийг  ламтай, сүмтэй, толгод бүхнийг овоотой, одогсод бүхнийг суваргатай, хүүхэд бүхнийг түвд нэртэй, өдөр бүхнийг элдэв чимэг нэртэй байлгахыг хичээх аж, тэд.  “Бараг л бие засахаа ламаас асууж бай”  гэж айлдах наа, тэд. Дүнд нь мунхаглал, мухар сүсэг цэцэглэсээр.

Монголд ирж, аж төрж байсан нэгэн непаль ламынд хөөрч суутал утас дуугардаг юм байна. Тэр непаль утсаа аваад ярих гэснээ үл ойлголцон надад утсаа өгөв. Утас авбал нэгэн эмэгтэй “Наад лам чинь манай гэр бүлийн лам байгаа юм. Охин маань хөдөө аж ахуйн дээд сургуульд орохоор шалгалт өгөх үү, эсвэл шинжлэх ухаан технологийн их сургуульд орохоор өгөх үү. Дамжуулаач хэлээд өгөөч ээ. Манай лам монгол хэлээр сайн ойлгодоггүй юм” гэх.   Ихэд гайхаж, бас жаахан инээд хүрээд л, хэлснийг түүнд дамжуулав. Лам найз маань шоо хаяж байгаад, “хөдөөд аж ахуйн дээд сургууль” гээд хэлээд тавьчихав. Би ч непаль ламын хэлснийг л тэр эмэгтэйд дамжуулж хэлэв.  Энэ бол надтай таарсан бодит нэгэн явдал. Энэ мэт мөн ч олон тохиолдол байх. Хол, хөдөөнөөс зорьж ирээд эмнэлэг гэхээс илүү лам гэж гүйсээр, өргөл барьц болсоор буцах; хүүхдэд нэр хайрлуулах гэх, одогсдод суварга босгуулах гэх, элдэв чимэгтэй “сайн” өдрүүдийг асууж мэдэх гэх,  за тэгээд элдэв зүйлийн засал, засвар гээд л дурдаад байвал гайгүйхан хошин жүжгийн зохиол болчихмоор  тохиолдлууд нэн олоон, энэ улсад.

 “Муу нохой”, “ Муухай шар”, “Муу ёр”, “Нэр үгүй” , “Тэр биш”, “Энэ биш” гэх мэт гаж, дорд нэрийг хүүхдүүддээ хүртэл өгүүлсээр л.  Хөдөө, хотгүй  л уул толгод, ой модоор  санскритээр бичсэн туг дарцаг хийсгээд л.  Хөгшин, залуугүй л  байр, орон сууцны цонхоор урд, хойд, баруун зүүн зүг рүү цай, хоолноосоо өргөж цацаад л.  Төр, төрийн бус гэлтгүй л  хадаг гэх даавуун дээр тамга гэх эдийг духандаа наалдуулан байж их л бишрэн залбирч зогсоод л. Толгод бүхнийг овоо болгож, овоо болгоныг эргээд элдэв таяг, шашны элдэв баар саваар дүүргэж хогийн цэг болгоод л. Элэг доог болмоор элдэв янзаар зүг чиг гаргуулаад л.  Одогсод бүрийг л бараг суваргатай болгож, тэр нь удалгүй шувууны оромж, баас ялгадсаар дүүрч харагдаад л.  Энэ бүхнийг учирлаж үзэхэд монгол ламын л “мэргэн” ухаан,”их” айлдвараас үүдэлтэй байх.

Монгол ламын энэ цагийн мунхаглал, мунхаруулга нэг иймэрхүү. Түүнээс үүдсэн монгол зоны мухар сүсэглэл, тэнэглэл нэг тиймэрхүү. Иймэрхүү хошин шог мэт мунхаглах, мунхаруулах үйлээс л хол явах нь чинхүү Сангагийн жинхэнэ ёс зүй, ёс суртахуун байдагсан. Гэлээ ч энэ ёс зүй, ёс суртахуун монгол Сангад  харин огт хамаагүй ажээ.

Монгол лам ч яах ч  аргагүй муугүй бизнесмэн байсаар ирэв. Гандан, хийдийн гадаа ядуус л цөөхөн харагдана. Тэдэнд сүм хийд, ламын үйлчилгээнд төлөх мөнгө үгүй болохоор тэр. Мөнгөгүй бол ном уншуулахгүй, үйлчилгээ авахгүй. Уншуулах ном бүр л үнэтэй, төлбөртэй. Бас “уншуулахгүй бол болохгүй” гэх ном олоон учир очерь дугаар ч урт. Үдийн зоогийн хавьд лам дээлтэй бага насны хүүхдүүд хоол, цай зөөж гүйлдэх нь элбэг. Лам болох банди нар л гэх, тэднийг. Сурсан сургууль үгүй, үзсэн ном бага, ихэнхи нь энэ цагийн бичиг үсэгт тайлагдаагүй энэ хүүхэд монгол лам нарт үнэгүй  үйлчилж буй энэ.  Энэ цаг зуур лам нар өргөл авсан номоо л уншина гэх.  Тэд айлд өргөл авч ном уншина, ажилд дээрээ цалин авч ном уншина. Монгол ламын түвд уншлага монгол нутагт ингэж үнэд орно, бас бизнес болно. 

Гэгээрлийн зам, мөр дагаж яваа чинхүү Санга  бол бизнес хийж мунхаглахыг үл тэвчинэ. Тэд бас оюун санааны удирдагч, сэтгэл зүйч мэт авирлан мэрэг төлөг тавьж, үнэн,худлын дундуур хоосон ярьж, элдэвлэн мунхаглахыг ч үл тэвчинэ. Чинхүү Сангад баян, ядуу, ер нь хэн ч бай, ядарсан, зовсон хамаг амьтанд чадахаар л туслах, түүний зовлонг чадахаараа нимгэлэх, хайрлан энэрэх нь  харин хамгаас эрхэм чухал аж. Гэвч жинхэнэ Сангагийн энэ дэг жаяг монгол ламд харин огт хамаагүй мэт л болжээ. Тэд гэгээрлийн зам, мөрөө дагасан шиг дагаж чадахгүй мунгинана. Мунгинахын хэрээрээ л элдэвлэн мунхаглана, бас мунхаруулна. Монгол Сангагийн энэ мунгинаан, мунхаглалыг  монгол зон дагаж мунхарч, мухар сүсэгт нэрвэгдэнэ.  Монгол зоны гэгээрэл, сэхээрэл, энэрэл, хайрлалын далайд дусал болох бус харин мухар сүсэглэлийг мандуулж, мунхаглал, тэнэглэлийн далайд нэрмээс болсон даварсан нэгэн давхарга-энэ монгол ламыг  ер нь яалтайсан. Тэд гэгээрлийн зам, мөрийг “дагасан шиг дагасан” жинхэнэ Санга байж  болдоггүй  л юм байх даа. Хэрэв тэд тэгвэл  ч харин болоод л явчихна даа.

Жич:

Гэгээрлийн зам, мөрийг чинхүү дагаж яваа монгол лам байвал чинхүү хүлцэл өчье. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийнх доргино” гэсэн  ухаан байхад “Мянганы үхрийн эвэр доргиход нэгийнх нь доргино” гэсэн ухаан бас байх.  Энэ л ухаанаар энэ нийтлэлд “монгол лам, монгол Санга” гэсэн хэллэгийг хэрэглэв.

 

Ц.Лувсандорж

2012 оны 8 дугаар сар 29-ны өдөр

 

 

 

Tuesday, August 14, 2012

НАМЫН ДАМПУУРАЛ


НАМЫН ДАМПУУРАЛ

Нам дампуурч байна, энэ улсад.  Тэд зон олноосоо бүүр тасарч, огт дэмжигчгүй, сонгогчгүй болж том дампуурч байна. Тэд нийгмийг манлайлан хөтлөх  чадвар ч  үгүй, мөн эрх ч үгүй болтлоо  ёс зүй, ёс суртахууны их доройтолд орж дампуурч байна. Тэд нийгмийн ухамсар, хөгжил, дэвшлийн  ард холоо хоцорч, номоо тас алдаж, тархи, оюуны хомсдол, хоцрогдолд нэрвэгдэж дампуурч байна. Намын дампуурал, яах бэ, байдаг л зүйл ш дээ.  Харин нам ингэж дампуурснаас болоод  монгол дампуурах гээх зүйл харин огт байж үл болох.

Нам дэмжигчгүй, сонгогчгүй болж том дампуурч байна. Арван хоёр оны сонгууль үүнийг ч харин нэг сайн харуулав. Их хурлын 76 суудлын 38-аас олонг дангаар авч, монгол сонгуулийн ялагч болж тодрон гарч чадах улс төрийн хүчин одоогоор энэ улсад лав алга. Нийт сонгогчид болох 1,8 сая хүний  33 хувь буюу ойролцоогоор 600 мянга орчим хүн, бүр тодруулбал, гурван хүний нэг нь сонгуульд оролцсонгүй, саналаа өгсөнгүй. Тэдэнд энэ улсад ардчилсан сонгуулийн дүнгээр төр засгийг байгуулж чадах эсэх нь тийм ч чухал биш аж.  Сонгуульд оролцсон гуравны хоёрынх нь 51 хувийн саналыг цуглуулж чадсан нам, эвсэл алга. Нийлүүлэн хэлбэл, нийт сонгогчдын гуравны хоёроос  ч илүү  олон хүн  одоо байгаа намуудад алийг ч дэмжээгүй гэсэн үг. Эндээс аль ч нам, эвсэл, тухайлбал, саналын  жагсаалтыг тэргүүлэх нам хүртэл олонхийг төлөөлж үл чадна.  Түүнийг дэмжсэн сонгогчдын тоо нийт сонгогчдын гуравны нэгээс бага, түүнийг дэмжээгүй байж болох иргэдийн тоо нийт сонгогчдын гуравны хоёроос цөөнгүй юм.  Олонхийн төлөөлөлгүй намууд эвсэж их хурал, их эвслийн засаг байгуулаад ч энэ олонхийн засаг бус харин цөөнхийн л  юм.  Магадгүй цөөнхийн цөөнхийнх ч байж мэдэх.  Их хурал, засаг ингэж байгуулагдахад олонхи нь цөөн болж, цөөнх нь олонхи болж тунхаглагдана. Энэ нь эцэстээ ардчилалын амин сүнсийг бузарлана. Дүнд нь ардчилалд итгэгсдийн тоо цөөрч, “сонгууль оролцохгүй, саналаа өгөхгүй” гэгчдийн тоо нэмэгдэж ч мэдэх. Арван хоёр оны сонгууль ингэж энэ улсын ардчилалын мөн чанарт аюул учирч буйг ахин нэг сануулав.  Нам иинхүү дэмжигч ч үгүй, бас сонгогч ч үгүй болжээ, энэ улсад.  Энэ нь угтаа намын том дампуурал юм. Энэ дампуурал ч яахав дээ, намынх юм чинь. Харин намын энэ дампуурал төрийн минь ч, улсын минь ч том дампуурал болоод л бүү өрнөчихөөсэй.

Нам  ёс зүй, ёс суртахууны гүн доройтолд орж дампуурч байна.  Худалчийн тухай ярихад тэднээс  л тодроод ирэх юм. Том луйварийн тухай хөөрөлдөхөд тэд л холбогдоод байх юм. Авилгачийн тухай  сонсоход  тэднээс л дуулдаад байх юм.  Газар дээрхи баялагын хуваарилалтын шударга бусыг  ярихад бас тэд холбогдоно. Газрын наймаа ярихад тэд л магнайнд нь явах. Газар доорхи баялагын хуваарилалтын шударга бусыг бодоход тэд л олон лицензтэй, гэрээтэй, бас  наймаатай байх.  Өндөр байшинг үзэхэд тэднийх л байх.  Телевизийн суваг солиход тэднийх л  болчих юм.  Хэвлэл, сонин авахад бас тэднийх л байх юм. Хувьцаа ярихад ч, хувьчилал хөөрөхөд ч мөн л тэд яригдах.  “Шударга” шударга ёс бус,  харин “шударга бус” шударга ёс, ер нь муу, муухай, худал хуурмагт нам ингэтлээ гүн  нэвчихэд түүний манлайлах чадвар, бас эрх нь аяандаа алга болчихдог.  Энэ бол “ёс зүй, ёс суртахууны үлгэр байхад л манлайлал байдаг”  лидерийн жам. Лидерийн энэ жамыг  үл тоож, түүнийг зөрчин, зөрчин үйлдэж ирсэн олиггүй олон үйл нь   чухамдаа  намыг  энэ ёс зүй, ёс суртахууны  дампууралд хөтлөөд байна. Ёс зүй, ёс суртахууны энэ дампуурал ч яахав, намынх юм чинь. Харин намын энэ дампуурал улсыг минь,  төрийг минь  ёс зүй, ёс суртахууны хувьд дампууралд л  бүү оруулчихаасай.



Нам мэдлэг, чадвар, ухамсар, ер нь тархи оюуны хомсдол, хоцрогдолд нэрвэгдэж  дампуурч байна.  Намын гишүүн, лидер гэхээр л дарга, сайдыг олонтоо хийсэн гэх сонин гаж, дүр зураг нилээд элбэг байх.  Ид эрдэм ном үзэх насандаа ном бус нам гэсээр дарга болох.  4 жил даргалахад үе тэнгийнхэн, ер нь хөгжил, дэвшлээс 40 жилээр хоцорсон байх нь энүүхэнд.  Мэдлэг, мэдээлэл үнэндээ тун хурдастай өсөж, хэмжээ нь хоногт л бараг 2 дахин нэмэгдэж байна. Ийм хурдац, тийм хурд дунд намынхан л “өөрсдийгөө бүхнийг мэдэгч суперман мэт” бодон  завгүй даргыг завсаргүй хийсээр л цагаас цагт, өдрөөс өдөр хоцорч, эцэст нь, үнэндээ тархи оюуны их хомсдол, хоцрогдолд нэрвэгдэн нийгмийн нэгэн эмзэг давхарга болж төлөвшиж буй нь түгээмэл үзэгдэл, бас тулгамдсан асуудал болж байна, энэ улсын.  Намынхан ингэж хоцрох нь малчин тэгэж хоцрохоос тун их хортой. Тэд чинь сонгуульд амлана. Бас  хөтөлбөр дэвшүүлнэ шүү дээ. Тэд саяын сонгуулиар юу гэж уриалсан, юуг амласан гээч.  Хөтөлбөрийг задлан үзбэл үндэслэлгүй хоосон, хөөсөн гэмээр олон өгүүлбэр тод бичээстэй байх.   “Хүн шиг амьдруулна” гэх шиг. “Тэгш боломж олгоно” гэх шиг. “ 3 цагт нэг үйлдвэр барина” гэх шиг. Бас  “өрөөлийн стандартыг өөрийн улсад бүрэн нэвтрүүлнэ” гэх шиг. “Эх хэл соёлоо Англичилна, Кембрижчилнэ” гэх шиг, “Англи хэлийн албан ёсны хэлээ болгоно” гэх шиг, ер нь юу гэж ч хэлж, ярьж, хэлж мэдэх нээ,  энэ нам.  Уг нь ярих, хэлэх, амлах, бас хөтөлбөр боловсруулах гэдэг учир ухаан шаардах ярвигтай, чухал ажил юмсан. Учир нь “Үндэслэлтэй бүхэн оршдог” юм шүү дээ.  Үндэслэл тооцоо хийе гэвэл харин нам, лам гэхээсээ илүү ном, тархи их хэрэгтэй. Эрдэмтэн хэрэгтэй, судлаач хэрэгтэй, эрдэм шинжилгээний хүрээлэн хэрэгтэй. Гэтэл нам энэ “хэрэгтэй” гэсэн  бүхнийг үл анзаарсан, үл тоосон “суперман”  мэт аяаглаж ирэв.  Дүнд нь нам  “нийгмийн тархи, оюун байх”  чадвараа алдаж, оюуны хомсдолд өртөж, нийгмийн нилээд ард хоцорсон байх.  Энэ нь угтаа намыг тархи, оюуны хомсдол, ухаарал, ухамсрын хоцрогдлын дампууралд хүргээд байна.  Энэ хоцрогдол, хомсдол яахав дээ, намынх юм чинь. Харин намын энэ дампуурал  улсыг ч, төрийг ч ухамсрын доройтол, тархи, оюуны хомсдолд  л бүү оруулчихаасай.  

Нам дампуурч байна, монголд. “Ёс зүй, ёс суртахууны үлгэр байхад л манлайлал байдаг”  лидерийн жамыг зөрчин зөрчин тэд дампуурна.  “Үндэслэлгүй зүйл оршдоггүй. Үндэслэл тооцоо хийхэд нам, лам гэхээсээ илүү харин ном, тархи их хэрэгтэй” гэдгийг үл тоомсорлож тэд дампуурна. Эцэст нь, бүр  дэмжигчгүй, сонгогчгүй  болж тэд том дампуурна.  Нам ингэж дампуурах нь ч яах бэ, байдаг л зүйл дээ. Дахиад сайныг нь байгуулж, ихийг шинээр бүтээж болох тул энэ нам ийнхүү дампуурах  тийм ч чухал биш.  Харин намын энэ дампуурлаас үүдэж  монгол минь  харин хэзээ ч дампуурч  үл болох. Энэ бол харин амин чухал зүйл шүү.



Ц.Лувсандорж

2012 оны 8 дугаар сар 14-ны өдөр

Monday, July 23, 2012

АНХНЫ НӨХЦЛӨӨ Л ТООЦ, АЛДААГ ЭС ХҮСВЭЛ


АНХНЫ НӨХЦЛӨӨ Л ТООЦ, АЛДААГ  ЭС ХҮСВЭЛ

Анхны нөхцлөө л онож тооц. Ингэж чадваас  хоосон ярьж, хөөсөн  хөөрч байгаа бүхэн нь тань  утгажина, хөрсжинө, биежинэ. Эцэст нь улс  хөгжинө, хүн  баясана.  Энэ ухааныг анзаарч явбал их амжилт, харин мартаж гунхавал  том алдаа.  Алдааг эс хүсвээс, иймд, анхны нөхцлөө онож тооц.

“Дэлхийн нийтийн чиг хандлага, хөгжсөн улсын жишигт нийцүүлнэ” гээх  бодлого мөн ч олонтоо тааралдах. Бас ингэж багагүй л хоосон, хөөсөн цэцэрхэх.  “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ “ гэх зэрэг бодлого, хөтөлбөртэй  улс төрийн хүчин олон  байхад “Японд ийм, Америкт тийм, Англид ийн” гэх маягаар эхлээд хөөрч ярих, ингэж хөөрснийгөө  сүүлдээ, бүр үндэслэл, нотолгоо мэт итгэх, эцэстээ түүнийгээ бодлого, шийдвэр болгодог албан хаагч бас цөөнгүй байх. Монгол дэлхийн тасархай боловч дэлхий Монгол биш.   Тэгэхээр “ дэлхийн жишиг, хөгжсөн улсын жишиг”  гэх тэр нөхцөл бол монголынх огт биш . “Хүлэг бүхэн ялгаатай” гэдэг монгол  ухаан  энэ.  Иймд тэгэж хөөсөн хөөрцөглөж, хоосон ярьж, хорлонтой шийдвэр гаргаж яваа нь  их амжилтын эзэн биш, харин их алдааг гаргагч.  Энэ цагийн амьдралд ингэж алдсан нь үнэндээ олсноос их олоон, энэ улсад.  Алдааг эс хүсвээс, иймд, анхны нөхцлөө л онож  тооц.  “Дэлхийн нийтийн чиг хандлага, хөгжсөн улсын жишигт нийцүүлнэ” гэж хөөсөн хөөрцөглөж, хоосон ярих, хорлонтой шийдвэр гаргаж явахаас  илүүтэйгээр “Өөрийн орны өвөрмөц онцлогыг харгалзана, тооцно”-гэхийн амин чухлыг  бодиттойгоор нэг ухаар.

 “Эсвэл тийм, эсвэл үгүй” гэсэн өрнийн “галзуу” сэтгэлгээр өвчилж,  алдаж яваа нь олоон, энэ улсад.  Эсвэл буруу, эсвэл зөв. Социализм биш бол капитализм.   Капитализм биш бол социализм.   Хайргүй бол үзэн ядагч, үзэн ядагч биш хайртай.  Хар биш бол цагаан, цагаан биш бол хар.   Үүлтэй л бол бороотой. Бороотой л бол үүлтэй.  Төлөвлөсөн бол уулзана. Уулзсан бол төлөвлөсөн.  Ийнхүү л мунганан сэтгэж, бодож, үйлдэж явахдаа тэд амжилтыг бус харин алдааг их хийдэг. Тэд “буруу ч биш, зөв биш ч” байж болохыг ухаарахгүй нэг алдана.  Тэд “социалист ч биш, бас капиталист ч биш”  замыг олж харж чадахгүй  бас нэг алдана. Тэд “үзэн хядагч ч биш, хайртай ч биш”  харьцаа  хүмүний ертөнцөд байдгийг ухаардаггүй мэт л “эсвэл нөхөр, эсвэл дайсан” гэж  мөн алдана.  Тэд “хар ч биш, цагаан ч биш” өнгийг таньж мэддэггүй мэт алагчилж ахиад л алдана.  Тэд “үйлтэй ч бороогүй, бороотой ч үүлгүй” байж болохыг анзаарахгүй алдана. Тэд “төлөвлөсөн ч уулзахгүй, уулзсан ч төлөвлөөгүй” байж болохыг үл анзаарч алдана.  Монгол дэлхийн тасархай боловч өрнийнх биш, харин  дорны ухаан, соёлыг  тээсэн дорны улс юм, угтаа.  Дорныхонд гуравдахыг үгүйсгэдэггүй ухаан;  “эсвэл тийм, эсвэл худал, эсвэл “тийм ч биш, үгүй ч биш” гэх ухаан; “арга билгийн” гэх аугаа нэгэн ухаан  бий. Арга билгийн ухаанаар бодвол “ардчилсан гэх улс  төлөвлөрсөн эдийн засагтай байж болох; коммунист гэх улс захын зээлийн чөлөөт эдийн засагтай хөгжиж болох; ардчилсан гэх улс үндэсний соёл, уламжлал, зан заншлаа дээдэлсэн төр засагтай байж болох, ардчилсан гэх улс хаантай ч байж болно, харцтай байж болно, жендергүй ч хөгжиж болох. Бас “би чамд хайртай“ гэж уйдтал хашгирч, эцэст нь  үзэн ядалтаар ихэвчлэн дуусдаг өрнийн хайрын гэх зам байхад харин зүрх, сэтгэлдээ шингээж, оюундаа тунгааж, үйлс, үйлээрээ харуулж насан туршийн хамт амьдралаар чинхүү гэдгээ нотлодог дорны хайрын гэх жам байх.  Иймд “Өрнийн биш харин дорны улс” гэсэн анхны нөхцлөө онож тооц.  Өрнийн соёл иргэншлийн  гуравдахыг үгүйсгэдэг “эсвэл тийм, эсвэл үгүй” ухаанд мунганаж, өөрийгөө үгүйсгэж, өрөөлийг хуулан алдаж явахын оронд “дорны улс “ гэдгээ  санаж, гуравдахыг үгүйсгэдэггүй арга билгийн ухаанаараа аятайхан хөгжиж болох аугаа боломжийг олж нэг хар, бас энэ л ухаанаар өдрөөс өдөрт дэвжин яваа дорны андуудаа  нэг шинж.

Өөрийн биш, харин өрөөлийн хэл  гэхээр л гайхан биширч яваа нь цөөнгүй дээ, энэ улсад.  Эх хэл, соёлоо англичилна, кембрижчилнэ гэж  илт дөвчигнөнө. Бүр англи хэлийг албан ёсны хэлээ гэж андуурч дэлхийн доог болно. Төрсөн үр хүүхдээ хүртэл гадаадад  багаас нь сургаж, эх хэл, соёлоос нь аль болох эртнээс хөндийрүүлж мунхаглана.  Америк, Англи, Туркийн гэх сургуульд их хөлс  төлж хүүхдээ монголд нь монгол хэлгүй болгоно. Англи хэл, харийн хэлээр ганхрах гэж ийнхүү мунхагласаар, эцэстээ үр хүүхдээ гадаадад монгол хүн, монголд гадаад хүн болгож хохирооно, ер нь тэднийг хэн ч биш болгож золиослоно.  Өөрийн хэлийг өрөөлийнхээс дорд үздэг гаж нэгэн үзэгдэл өнөө цагийн энэ улсад ингэж л амилсан байх.  Монгол дэлхийн тасархай ч  өрөөлийн хэл эх хэл тань  биш.   “Монгол хэл л эхлэлийн тань  хэл” гэсэн  анхны нөхцлөө  л тооц. Өөрийн хэлийг өрөөлийнхээс дорд үзэх бус харин  монгол хүнийг монгол хэмээн тунхаглаж ирсэн  эх хэлээ л сайн сур, бас эх хэлээ дээдлэн,  түүгээр бахархаж яваа бусдын сайн жишээг харьцуулж нэг бод.

 “Жижиг, дунд үйлдвэрийг бариад л байя, хөгжүүлээд л байя”  гэж мөн ч ярих юм, энэ улсад.  300 сая хүнтэй  улсад  жижиг, дунд үйлдвэрийг бариад байвал хөгжөөд л, оршоод  л байх биз. Зах зээл нь байгаа учраас тэр л дээ. Харин  3 сая хүрэхгүй хүнтэй улсад жижиг, дунд үйлдвэрийг олноор нь бариад л байвал  дампуураад л байх юм. Зах зээлгүй учраас тэр. Ингэж хөөрцөглөх нь  “Хөнжлийнхээ  хэрээр  хөлөө жийнэ” гэсэн ухаанд огт үл нийцэх.   Иймд “Цөөхөн хүн амтай энэ улсад жижиг, дунд үйлдвэрийг олноор барина” гэж хөөрцөглөхийн оронд  анхны нөхцлөө  тооцон, “дэлхийн зах зээл рүү харсан тоймтой, томхон хэдхээн үйлдвэрийг улсаараа барьж, улсаараа хөтөлнө” гэхийн амин  чухлыг нэг эргэцүүл.

Төрмөл гэхээс илүү олдмол соёлыг тээгч олширч байна даа, энэ улсад.  Нэг хэсэг эрс нь барууны гэх ардчиллыг буруу, зөрүү   ярисаар  авилгач, архичин болно. Үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнөөр амьдарч,  шар өдөр бор хоногийг өнгөрөөнө.  Нэг хэсэг эмс нь мөнгөнд богтлогдоно. Нөгөө хэсэг нь үзэл сурталд хөтлөгдөн, жендер ярьж, нам байгуулж,  харь эрстэй ханьсаж, их хурал, даргын суудал мөрөөдөн монголыг эрстэй нь, бас соёлтой нь хамт муулчилж цагийг элээнэ.  Залуус нь энд тэндгүй баардаж, эх захгүй архидан “хар”-ийн соёлд нэрвэгдэн хип-хопдоно. Лам нь мөрөө дагахаа умардаж ламаа алдана. Нам нь ухамсар, ёс зүйгээ доройтуулж,  нийгмийг хөтлөн чиглүүлэх ч чадваргүй болж намаа алдана. Ном нь худал сургалт, хуурмаг боловсрол, хоосон онол гэсээр нийгмийн тархи, оюун байхаа больж номоо алдана.  Ийм алдааг л эс хүсвэл анхны нөхцлөө л онож тооц.  Энэ цагийн ардчиллаас огт дутахааргүй эрт цагийн төрт ёсны их уламжлал, эх соёлтойсондоо бид. Мориндоо мордож дэлхийг товхинуулж чадсан эрстэйсэндээ, бид.  Цаг цагт их хүмүүнийг төрүүлж өсгөсөн мэргэн цэцэн хатадтайсандаа, бид.  Түмнээ гэсэн сэтгэлтэй, итгэлтэй төрийн зүтгэлтэнтэй, мөрөө дагасан шиг дагасан гэгээнтэнтэй, номоо үзсэн шиг үзсэн  мэргэдтэйсэндээ, бид. Мөн монголын тал нутаг эгшиглэхэд мэгшин асаргаруулдаг  зүрх, сэтгэлтэйсэндээ, бид.   Олдмол соёлд нэрвэгдэн мунганаж, мунхаглаж явахын оронд анхны нөхцлөө тооцон, төрмөл, унаган соёлоо өвлөн хурааж, ухаарч явахын амин чухлыг ахин нэг сана.

Монгол дэлхийн тасархай боловч дэлхий Монгол биш. Тэр өөрийн гэсэн хэлтэй, өөрийн гэсэн сэтгэлгээтэй, өөрийн гэсэн соёлтой, цөөхөн хүнтэй, уудам нутагтай, жижигхэн зах зээлтэй, эрс тэс уур амьсгалтай, баялаг ихтэй, төр ёсны аль эртний уламжлалтай өвөрмөц нэг орон.  Энэ орны ийм гойд, өвөрмөц онцлогийг л илт үл тооцож, “тэнд тийм байна, энд ийм байна” гэж  хоосон ярьж, хөөсөн  хөөрөн,  өрөөлийг хуулж мунгинасаар  мөн ч их алдлаа даа.  Ингэж мунгинан мунхаглаж алдаж явахыг эс хүсвэл  анхны нөхцлөө л онож тооц.



Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр








Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр