Saturday, August 10, 2013

Бүсээ чанга бүслэ


БҮСЭЭ ЧАНГА БҮСЛЭ

Бүсээ чанга бүслэ. Амьдралыг хайрлан аюулгүй бүсээ чанга бүслэ. хүүхдүүд ээ. Эх үндэстнээ гамнаж энгэрийн бүсээ чанга бүслэ, бүсгүйчүүд ээ.  Том үндэстний том хөвүүд гэдгээ  санаж, том бодон ухаарлын бүсээ чанга бүслэ, бүстэйчүүд ээ.  Чанга бүслэ, бүсээ.

Хүүхдүүд ээ, аюулгүйн бүсээ бүслэ. Хайртай эцгийн тань хөлөглөсөн хар машин  таны тоглоом биш.  Аюултай, амьдралыг тань авч мэднэ. Энэрэлт ээжийн тань гангарсан гоё машин таны хүүхэлдэй биш.  Аймшигтай, өрөөл татуу болгож мэднэ. Цонхоор нь тоглож   толгойгоо бүү гарга.  Маяглаж гараа бүү савч.  Тэнэглэж шүлсээ бүү цац. Мунхаглаж хогоо бүү хая.  Тэнэглэл, мунхаглалын томоохон жишээ  болж мөнхөд үлдэж мэднэ.  Монголоо гоёж, амьдралыг хүндэтгэж, өөрийгөө хайрлан, өрөөлийг өрөвдөн аюулгүйн бүсээ чанга бүслэ, хүүхдүүд ээ.

Бүсгүйчүүд ээ, энгэрийн бүсээ чанга бүслэ.  Орох оронгүй болоод уйлж явлаа ч бүсээ бүслэ.  Ойчих юмгүй болоод цангаж байлаа ч бүсээ бүслэ.   Идэх юмгүй болж өлсөж байвч бүсээ бүслэ. Шуналт зан тань хөдөлж  өнгө, мөнгөнд уяарч, гашуун дарсан даруулан хөөрч явлаа ч бүсээ бүслэ. Монгол цус оршихын; монгол үндэстэн бадрахын үнэ цэнийг ухаарч  бүсээ чанга бүслэ, бүсгүйчүүд ээ.  

Бүстэйчүүд ээ, ухаарлын бүсээ чанга бүслэ.  Архинд хөтлүүлж амиа алдах нээ. Одоо боль, бос. Бүсээ чанга бүслэ. Авилгад донтож амьдралаа ёгүүтгэх  нээ.  Одоо боль, зогс. Бүсээ чанга бүслэ.  Маханд ялзарч, шар айрганд хөөж,  гунигийн дуу дуулж баарнаас бааранд хөөрч, хүүхнээс хүүхэнд  хөлбөрч хайран төрлийг  яаран өнгөрөөх нээ. Одоо боль, ухаар. Дэлхийг төвхнүүлж явсан их өвөг дээдсийн удам угсаа,  өв залгагч  гэдгээ санаж, том бодон бүсээ чанга бүслэ, бос,  бүстэйчүүд ээ.

Өөрийгөө хайрлан, өрөөлийг өрөвдөн, монголоо гоёж аюулгүйн бүсээ бүслэ, хүүхдүүд ээ. Монгол цус, монгол үндэстэн оршихын үнэ цэнийг ухаарч энгэрийн бүсээ чанга бүслэ, бүсгүйчүүд ээ.  Түүхэн том үндэстний том хөвүүд гэдгээ санаж том бодон ухаарлын бүсээ чанга бүслэ,  бүстэйчүүд ээ. Бүсээ иймд чанга бүслэ.

 

Ц.Лувсандорж

2013 оны 8 дугаар сар 11-ны өдөр

 

 

Saturday, July 13, 2013

Хүүхэд яаж наадав аа


Хүүхэд яаж наадав аа

 Ажиглаж байхад томчууд их сайхаан наадаж ээ. Морь нь хурдан бололтой юм, морь сонирхогчдын. Сум нь цэцэн бололтой юм, нум сонирхогчдын. Бөх нь бяртай бололтой юм, бөх сонирхогчдын. Том монгол хүн л бол энэ гурвын сонирхогч байх ёстой хэмээн үзэж наадмаа ч, найраа ч, хуушуураа ч, үзүүлбэрээ ч, үгээ ч бэлтгэж, хөрөнгөө ч цацдаг бололтой юм,энд. Гэвч том биш хүүхэд энэ том наадамд яаж цэнгэ вэ.

Стадионд хүүхэд “уйтгартай юм”  гэж хэлэхийг сонсов. Талбайд хүүхэд “яасан заваан юм бэ, Батаараас өөр үзүүлбэргүй” гэж гомдлохыг харав....

 Тоглох талбайгүй, цэнгэх паркгүй,төлөх мөнгөгүй  тэд идэх хоол, уух усаар хомсхон байж томчуудын энэ том хөөр найрын  өдрүүдийг уйдаж, уйлж, гундаж, гандаж  өнгөөрсөн байх вий,  хүүхдээ мартсан энэ монгол наадмаар.  


Томчуудын энэ том наадмаар "жижигхээн" хүүхэд  ер нь яаж цэнгэ вэ, энэ хүмүүнлэг, ардчилсан монголд.


Ц.Лувсандорж

2013 оны 7 дугаар сар 13-ны өдөр

Wednesday, July 10, 2013

ТӨВ УХААН



ТӨВ УХААН

Тийм ч биш, үгүй ч биш.  Сэтгэн бодох энэ хэлбэр бол төв ухааны язгуур мөн чанар.  Энэ л мөн чанараараа тэр хоёр утгат бус олон утгат ухаан (логик) –ийн эх язгуур; шинжлэх  ухаан;  амьдралын ухаан; ертөнцийн хуулийн дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн аж төрөх дорнын ухаарал, соёлын  үнэт зүйл болдог.  Ийм л увдист чанараараа тэр  зөв чиг, зүгийг гаргана, зөв замыг заана.  Төв ухаан ингэж л зөв ухаан болно.

Төв ухаан олон утгат логикийн язгуур

Барууны гэх соёл, иргэншилд  “тийм эсвэл үгүй” гэсэн ухаан түгээмэл хэрэглэгдэнэ.  Энэ ухаанаар гуравдахь зам, гуравдахь хувилбар гэж үгүй.  Хэлбэрдэн сэтгэх ухаан (формаль логик) -д үүнийг “гуравдахийг үгүйсгэх” хууль ч гэж хэлэх нь бий.   Энэ ухаанаар  хорвоо ертөнцийн  аливаа юм, үзэгдэл  хоёр төлөвт, хоёр туйлд багтаж оршино. Сайн, муу; сайхан муухай; үнэн, худал, бодит; хуурмаг;  хайртай, хайргүй; бороо орно, орохгүй ...” гэх мэтчилэн хялбарчлан, хэлбэрдэн сэтгэж  шар өдөр, бор хоногийг алдаж, оносоор өнгөрөх нь их түгээмэл байдаг, энэ ухаанаар бол. 
Гэвч дорныхон  хорвоо, ертөнцийн юмс, үзэгдлийг ингэж хоёрхон төлвөөр хялбарчлан, хэлбэрдэн авч үздэггүй, харин  гуравдахийг үгүйсгэдэггүй ”тийм ч биш, үгүй биш” ухаанаар харахыг илүүд эрхэмлэнэ.  Юмс, үзэгдэл  туйлчлагдсан хоёрхон төлөвт биш харин бүхэлжсэн хамааралт нэгдэлд оршино,танигдана.  Юмсын оршихуй, үзэгдлийн явагдахуй нь эерэг сөрөг олон хүчин зүйлийн  зохицол, нэгдэл, тэнцвэр.  Сайнд муу бий, мууд сайн бий;  Cайханд муухай бий, муухайд сайхан бас бий;  Үнэнд худлын шинж бий, худалд үнэний шинж бий; Бодит гэх зүйлд хуурмаг шинж бий; хуурмаг гэх зүйлд бодит шинж бий; “хайртай ч биш, бас хайргүй ч биш” байж болно; эрд эмийн шинж бий; эмд эрийн шинж бий; бороо орж ч болно, орохгүй байж болно; … гэх мэтээр хялбарчлах ч бус, хэлбэрдэх ч бүр биш харин ертөнцийн хууль, чинхүү мэдлэгийг эрхэмлэн  үзэж аливааг бодиттойгоор харж, түүнийг олон хүчин зүйлийн олон хамаарал дор авч үзэхэд  гуравдахийг үгүйсгэдэггүй ухаан-төв ухааны мөн чанар оршино.  Төв ухаанаар харвал  гуравдахь хувилбар “тийм  ч биш, үгүй ч биш” гэсэн томьёололтойгоор л цаг ямагт оршиж байна.
“Гуравдахь хувилбар” ямагт оршино, бас  энэ оршихуйд дөхөх гэсэн утгаар завсрын олон хувилбар ч оршино, тэр нь тухайн зохицлоос хамаарч явагдах тодорхой магадлалтай байна. “Юмс, үзэгдэл нь тодорхой магадлалтайгаар явагдана, мөн оршино” гэж үзэн, үүнийгээ хууль мэт болгон сэтгэх ухааныг олон утгат логик, цаашилбал, фази логик  гэж ярих нь ч бий.  “Тийм ч биш, үгүй ч биш” гэсэн хэлбэртэйгээр гуравдахь хувилбар оршиж байгаа нь олон хувилбар оршихуйн язгуур үндэс болж байна, энд.  Ингэж л төв ухаан олон янзаар сэтгэж бодохын язгуур шалтгаан болдог юм.
Төв ухаан шинжлэх ухаан
Юмс, үзэгдлийн мөн чанарыг хүний оюуны хүчээр таньж ухаарч мэдэх, нээж илрүүлэхэд чиглэсэн аливаа эрэн хайлт, шинжлэх үйл нь судалгаа, шинжилгээний ажил, томруулж хэлбэл, шинжлэх ухаан юм.   Шинжлэн судлах үйл нь хэдийгээр тархины үйл явц гэлээ ч, тэр үйл явц талаасаа ч, үр дүнгийн талаасаа ч тухайн хүний сэтгэх, бодох хэлбэрээс ангид байх ёстой. Үүнд л “ шинжлэх ухаанч”  гэдэг үгийн мөн чанар нуугдана.
Юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанч байдлаар таньж мэдэхийн тулд судлаач эерэг, сөрөг олон хүчин зүйл (хувьсагч)-ийг нэгтгэн үзэж, түүний бүхэлжсэн хамаарлыг олохыг хичээдэг. Энэхүү зорилгын дор  судлаач оршиж буй олоон  аргуудыг нягт нямбай хэрэглэхийг хичээнэ, бас шинэ аргын бүтээхийг зорьдог.  Загварчлал бол ийм аргуудын түгээмэл нэг хэлбэр юм.
Загварчлах аргын мөн чанар нь тухайн үзэгдэл, юмсыг таньж мэдэхийн тулд загвар хийж судлахад оршино. Ийм загварыг хийхийн тулд судлаач боломжит олон хүчин зүйл, өгөгдлийг нэгтгэн үзэх,   тэдгээрийн нэгдэлт хамаарлыг олох,   олон хувилбарт таамаглал дэвшүүлэх, түүнийгээ няцаах, нотлох,  эцэст  нь нэгэн загвар (гуравдахь хувилбар)-ийг дэвшүүлж, тухайн үзэгдэл, юмсыг мөн чанарыг тайлбарлахын хичээнэ.   Тэрхүү загвар нь эцэстээ  “тийм ч биш, үгүй ч биш” ухааныг дахин батлан  харуулсан байдаг нь их түгээмэл.  Энэ ч нь жам мэт. Төв ухаан ингэж л шинжлэх ухаан болдог юм.
Төв ухаан амьдрах ухаан
Аль ч өнцгөөр харахад “амьдрах гэдэг зохицох, орших; орших зохицох” гэсэн утга.   Оршиж буй бүхэн зохистой, зохистой бүхэн оршдог ч гэдэг.  Зохицох гэдэг нь ертөнцийн хууль, жам ёсонд захирагдана гэсэн үг.  Ингэж зохицож чадсан нь орших л дээ.  Оршиж буй учраас дэвшиж, хөгжих л дээ.
Зохицож оршиж, оршиж амьдрахад  “тийм ч биш, үгүй ч биш” ухаан  ухамсартай, ухамсаргүйгээр өдрөөс өдөрт, цагаас цагт хэрэглэгдсээр.  Байгалийн  жам ёсонд ойрхон нүүдэлчин ахуй соёлд тэр бүр ч их хэрэглэгдсээр иржээ.  
“Төв хүн” гэдэг энэ монгол хэллэгт төв ухаан шингээстэй.  Улааныг харж урвадаггүй, хөхийг харж хөрвөдөггүй зантай, зөнтэй, үйлтэй, үгтэй хүний мөн чанар, дүрийг энэ хэллэгээр илэрхийлжээ.  Төв ухаан энд ингэж л хүнийг таних, түүнийг шинжих  арга болж  байна.
 “Хань минь” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй.    “Хайртай,  хайртай, хайртай” гэж уйдтал хэлсээр, эцэстээ эр эмийн сул, давуу талыг өргөж “би, чи” гэж тэмцэлдсээр, үзэн ядалтаар салж төгсдөг буруу хосын замыг бус  харин “эр нь ч биш, эм нь ч биш”; “хамтдаа”; “биеэ биеэдээ дэм тус, хань, нөхөр болж урагшилна“  гэсэн гүн ухааныг энэ хэллэгт харуулжээ.  Төв ухаан энд ингэж л хослон амьдрах ухаан болж байна.
“Айл хүний амь нэг” гэсэн энэ хэллэгт бас төв ухаан шингээстэй.  “Тийм эсвэл үгүй” гэдэг шиг “Би эсвэл  чи” гэж тэмцэлдэх биш,  “Би ч биш, чи биш”; “бид” гэсэн үзлээр зэрэгцэн оршиж, энх тунхад хүрэх эрхэм ухааныг энэ хэллэгт илэрхийлжээ.  Төв ухаан энд  ингэж л хамтран аж төрөх , нийгэмжих, дэлхийжих соёл болж байна.
“Ухаангүй ноёнд урагшгүй зарц” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй. “Дарга аа, даргаа аа, дарга аа” гэж даливганан дагаж гүйгчдээр өөрийгөө тойруулчихгүй байхыг, мөн “манай, танай; улаан, цэнхэр, ногоон” гэж  хэт туйлчлалгүй, туйлшралгүйгээр төрийн албыг авч явахын чухлыг, энгийнчилвэл “Төрийн албанд төв бай” гэдгийг энэ хэллэгээр сануулж. Төв ухаан ингэж төр улсыг авч явах ёс зүй, ёс суртахуун болж байна.
Төв ухаан  хүний  ч, бүлийн  ч,  төрийн ч,  улсын ч орших, зохицох  эрхэм нэгэн арга, ёс зүй, ёс суртахуун, соёл  болсоор  л. Төв ухаан ингэж л амьдрах ухаан болдог юм.
 
Төв ухаан зөв ухаан

Төв ухаан гуравдахийг үгүйсгэдэггүй. Тийм учраас туйлчлалгүй, туйлшралгүй  ёс зүй, ёс суртахуун болж, амьдралын зөв хөтөч болж чаддаг.  Тэр  бас шинжлэх ухаан ч хандлага, олон соёл зэрэгцэн оршихын язгуур шалтгаан болж чадна.  Хамгийн цэнэтэй нь, тэр ертөнцийн хууль дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн амьдрах эх  урлаг, их хэл болж чаднаа. Ийм учраас төв ухаан л зөв ухаан байдаг юм.
 
Ц.Лувсандорж

2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
 



Thursday, June 20, 2013

Монголоо гоёж сонго


Монголоо гоёж сонго

Монголоо гоёж сонго, энэ сонгуульд. “Монголоо гоёж сонго” гэж ийнхүү хэлэхэд  учир ч байна, бас  ухаарал ч байна.

Энэ нийгэмд зөв ёс зүй хэрэгтэй байна. Ёс зүй үгүйрч, алийгаа алдах нь улс үндэстэнд аюултай. Учир нь ёс зүй үгүй болоход буруу зөвөө ялгадаггүй юм. Зөв нь буруу , буруу нь зөв болоод ирж мэднэ ээ. Иймд  ёс зүйтэй, буруу, зөвөө ялгадаг тэр нийгэм бидэнд ус мэт хэрэгтэй  байна. Ийм нийгмийг бүтээхэд ёс зүйн үлгэр, ёс зүйн манлайлал амин чухал. Гэвч хүссэн хүн бүр ийм манлайлалыг үзүүлж үл чадна аа. Хулгайч хулгайчийн үйлдлээрээ, худалч худалч зангаараа, авилгач авилгачийн авираар л үлгэрлэдэг. Харин  өөрөө ёс зүйн зөв үлгэр болж чадсан  тэр хүн  л ганцхүү өрөөлийг зөв ёс зүйгээр манлайлна.  Ийм л учраас Монголоо гоёж сонго.

Энэ нийгэмд  зөв ёс суртахуун хэрэгтэй байна.  Ёс суртахуунгүй болж алийгаа  алдах нь энэ улсад аюултай. Учир нь  ёс суртахуун доройтоход сайн муу; сайхан муухайгаа ялгаж таньдаггүй, таньж ялгадаггүй.  Сайн нь муу, муу нь сайн; сайхан нь муухай, муухай нь сайхан болох нь хээв хэвийн юм шиг болоод ирж мэднэ ээ.  Иймд  ёс суртахуунтай, сайн муугаа; сайхан муухайгаа ялгаж таньдаг тэр нийгэм бидэнд агаар мэт хэрэгтэй байна. Ийм нийгмийг бүтээхэд харин ёс суртахууны үлгэр, ёс суртахууны манлайлал чухлаас чухал.  Гэвч хүссэн хүн бүхэн ёс суртахууны ийм манлайлалыг үзүүлж үл чадна аа. Харин өөрөө ёс суртахууны үлгэр болж чадсан гагцхүү тэр хүн л өрөөлийг ёс суртахуунаар хөтөлнө.  Ийм л учраас  Монголоо гоёж сонго.

Энэ нийгэмд хайр энэрэл, нинжин сэтгэл хэрэгтэй байна.  Хайр энэрэл үгүйрсэн тэр газар худал хуурмаг, харгис хэрцгий амилдаг. Харгис  хэрцгий, зэрлэгжилтийг  харгис хэрцгийгээр  бус харин хайр, энэрлээр л зөөллөдөг. Иймд  хайр энэрэл түгсэн, нинжин сэтгэлээр бялхсан тэр нийгэм бидэнд эх нутаг мэт хэрэгтэй. Ийм нийгмийг бүтээхэд их амархаан. Хайр энэрлийг үнэн түгээх хэрэгтэй. Гэвч хүссэн хүн бүр хайр энэрлийг тэгэж үнэн түгээж, манлайлж үл чадна аа. Харин  хайр хүндэтгэлээр өөрөө бялхсан тэр хүн л гагцхүү бусдад хайр энэрлийг үнэн түгээнэ. Ийм л учраас  Монголоо гоёж сонго.

Энэ сонгууль эх болсон байгалаа гэсэн сонгууль болог. Энэ сонгууль элгэн түмнээ гэсэн сонгууль болог. Энэ сонгууль монголоо гэсэн сонгууль болог.  Энэ сонгууль монголоо гоёсон сонгууль болог.  Ийм л сонгууль болоосой гэж  Монголоо гоёж сонго.

Ц.Лувсандорж

2013 оны 6 дугаар сар 15-ны өдөр

 

Wednesday, May 29, 2013

Зөнгөө л дага


ЗӨНГӨӨ Л ДАГА

Хүн  угтаа хөг л юм. Хөгөө иймд эгшиглүүл. Эгшиглүүлж хөглө, хөглөж эгшиглүүл. Зөнгөө дагаж зөв эгшиглэ. Зөгнөж эгшиглэ, эгшиглэж зөгнө. 

Хүн  биологийн оршихуй төдий биш.  Тэр  бүтээгч оюунтай, мөнхийн амин сүнстэй. Биологи ч хэлбэлзэл, оюун бодол ч хэлбэлзэл, амин сүнс ч хэлбэлзэл. Тэр  хэлбэлзэж эрчимжсэн хөг, хөгжиж хэлбэлзсэн эрчим. Хүн  хөгөөрөө  ижилсэж,  хөгжсөөр л  оноошино.  Хөг, хэлбэлзэл, эрчим ингэж л хүний ижилсэх  ч чанар, бас ялгагдах ч чансаа болно. Иймд хөгөө  арвилж  зөнгөө л хөгжүүл.

 Авсан мэдээлэл  тань  хуурмаг.  Эзэмшсэн мэдлэг тань  явцуу. Олсон итгэл тань  хазгай. Эргэцүүлэл бодол тань ядмаг. Иймээс мэдээлэлд бүү хуурт,  мэдлэгт бүү бард, итгэлд бүү хөтлөгд, бодолд бүү  бурантлагд. Гагцхүү харин хөгөө арчилж зөнгөө л мэдэр.  

Хуурмагжсан мэдээлэл, гажисан  итгэл, болхижсон бодол, явцуурсан мэдлэгээр шийдэл бүү хий. Сонголтыг бүр ч бүү хий.  Их л алдаж мэднэ.  Дүнд нь өөрөө ч их гундаж, өрөөлийг  ч бас гандааж мэднэ. Алдахыг эс хүсвэл иймд зөнгөө л дага. Тэр л  ононо.

Хөгөө гамна. Хөгөө арчил. Хөгөө хөгжүүл. Хөгөө арвижуул. Хөгжүүлж  түүнийг эгшиглүүл. Чингэвээс, үйлс тань ариун, үг тань үнэн,  үйл тань зөв болно. Бас  өөрөө ч алдахгүй хөгжинө.  Улс тань  ч алзахгүй дэвжинэ. Иймд хөгөө л эгшиглүүл. Бүр зөгнөж эгшиглүүл.

 

 

Ц.Лувсандорж

Ц. Мөнхжаргал

2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

 

 

 

 

Thursday, May 16, 2013

Анчилал, манчилал

 
АНЧИЛАЛ, МАНЧИЛАЛ
Түмний алба энэ улсад анчилал, манчилалд нэрвэгдэж бүр муудсаар, муухайрсаар. Эхлээд тэр ардчилалын  муухай дүр, муу үр болж харагдав. Эцэстээ тэр ардчилалыг бүр алагчлал болгож хувиргав. Анчилал, манчилал ингэж л угтаа ардчилалын дайсан болж байна, энэ улсад. Иймд анчилал, манчилалаас түмний албаа нэг таслан салгая. Монгол төрөө тэгэж нэг гоёж чимье, чимж гоёьё.
Түмний албыг анчилах, манчилах үзэгдэл энэ нутагт газар авч түгсээр, бүр жалганд хүрч амилсан байна лаа.  Агуулга нь ч их баяжиж, аргачлал нь ч тун олширч.
"Анын даргын, манын  даргын ах зах, авгай хүүхэн, амраг садан, үр төл" гэх шалгуураар "шахах" аргачлал гэж байхад  "алтайдах",  "түр орлон гүйцэтгэх" гэх олноороо мэдэх олоон аргачлал бий болж. Нэн чухлаас нэгийг жишээ болгон хэлье байз.
Хүүхдээ гэдэггүй энэ нийгэмд хүүхдийн төлөө газрын даргыг ёстой жинхэнэ ардчилсан, ёстой жинхэнэ нээлттэй, ёстой жинхэнэ шударга зарлаж "ёстой л жинхэнэ хүүхдийн төлөө" гэсэн хүнийг ёстой жинхэнэ шилж тавих ёстой юмсан.  Гэтэл харин энд нөгөө ардчилалын “дайсан” манчилал, анчилал аль хэдийнээ хүрч бүүр амилсан байх юм.
 “Өмнөх”   гэх дарга нь "алтайдах" гэсэн аргачлалыг монголд шинээр бий болгох замаар  шалгарсан дүр эсгэн тэнд очсонг зон олноороо хэвлэлээс сайн мэдэх болсон.  Учир нь манжилан манчилж байгаа юм чинь.
“Одоогийн” гэх дарга нь  "үүрэг түр орлон гүйцэтгэгч" гэсэн аргачлалаар бүр шалгарсан дүр ч  эсгэлгүй зүгээр л шууд томилогдон очсон нь  мэдээж. Учир нь алагчлан анчилж байгаа юм чинь.
Монгол түмний албыг анчилчилж, манчилж байгаа муруй үзэгдлийн энэ мэт муу үр, муухай дүрийг дурдаад байвал хайран цаас маань хайран, хайран цаг маань   яйран болох нь дамжиггүй. Ихээ л урт жагсаалт гарах учраас тэр л дээ.
Шалгаруулсан дүр эсгэдэг манжилсан манчилал,  тийм дүр огт эсгэдэггүй зүгээр томилдог алагчилсан анчилалын энэ дорд үзэгдэлд дор олоон залуус нэрээрээ ч, үйлээрээ ч, үйлсээрээ ч их нэрвэгдэж, бас тохуурагдаж байна, хөөрхий. Муу үрийг нь ч эдэлж, муухай дүрд нь  ч тоглон золиослогдож байна, зайлуул. Энэ тохуурхал, тэр золиосыг зогсоомоор байна, одоо. Тэднийгээ ч бас гамнамаар байна. Хайрламаар байна.
 
 
Анчилал, манчилалын үед намыг бус харин номыг эрхэмлэн дээдлэсэн нэг нь түмний гэх энэ чухал албаас зугатаж эхэлдэг нь их харамсам. Учир нь тэр ховор хүн үндэсний их баялаг юм. Анчилал, манчилал үед монгол түмэн төрүүлж бүтээсэн  ховор хүүгээрээ хөтлүүлэх боломж  үгүй болдог, бий болгосон хүний их баялагаасаа хүртэх боломж ч байхгүй болдог. Үүнд л анчилал, манчилалын хамгийн гай, хамгийн их хорлол нь  оршиж байна.
Түмний албыг ингэж анчилах, манчилал нь алагчлаагүй ардчилалын уг мөн чанар огт биш үү.  Харин энэ бол алагчилсан ардчилалын муухай л дүр, муу л үр нь  юм.
Түмний албаар зон олноо хөглөх, хөтлөх ариун үйлсийг алагчилсан ардчилалын энэ муухай дүр, муу үр болох анчилал, манчилалаас нэг таслан салгая. Тэгэж нэг монгол төрөө чимж гоёьё, гоёж чимье.
 
Ц.Лувсандорж
2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
 

Tuesday, March 5, 2013

ХҮҮГЭЭ Л ГЭСЭН ЭЭЖ МИНЬ


ХҮҮГЭЭ Л ГЭСЭН ЭЭЖ МИНЬ

Хүүгээ л гэж зүүрмэглэж, хүүгээ л гэж зүүдэлж, хүүгээ л гэж амьдарч, хүүгээ л гэж өтөлж, хүүгээ л гэсээр одох хөөрхий ээж минь.  Хүүгээ л гэсэн энэ  хайраар  хорвоог  зөөллөж, хотлыг  ундаалсан өр нимгэнхэн ховорхон ээж минь, хосгүй ээж минь.

 Үдэш хүүгээ  санаж мэгшинэ. Шөнө хүүгээ зүүдэлж баясана. Өглөө  хүүгээ бодож сэрнэ.  Өдөөржин хүүгээ санаж өнжинө.  “Хүү минь өлөн гараад өлсчих вий дээ” гэж үглэнэ,  уймарна.  Тэсэхгүй утасдана. “Миний хүү хоолоо идэж, цайгаа уугаад гараарай” гэж өглөө бүр л сануулна.  “Хүүгийнхээ дуу сонсохоор сайхан байна” гэнэ.  Хүүгээ л гэсэн  ээж минь.

Тэнгэр муухайрахад сэтгэл нь дагаж өвддөг, хайлган ээж минь. Хүүгээ л гэсээр л тэр.  “Хаврын хүйтэн хавсарганд цохиулах вий дээ” гэж хайрлана. “Зуны аагим халуунд халууцчих вий дээ” гэж саналгалзана. “Намрын хонгор салхинд гандах вий дээ” гэж бодлогоширно. “Өвлийн хахир жаварт  хайруулчих вий дээ” гэж  хайлна.  “Хүүгээ санаад байх юм даа”  гэж чимээгүйхэн өөртөө шивнэж тэнгэрт залбирч өтөлнө. Хүүгээ л гэсэн уяхан ээж минь.

Гандаж, гундаж  явахад  ч; гангарч гунхаж байхад ч хайраа л эвдэг, хайраар л тосдог хайран ээж минь.  Сайн сайхан бүхнийг нь сануулж нэг хайрлана. Саар муу хоёрыг эргэцүүлж бас хайрлана. Бүр төрсөн өдрийг нь хүртэл хорвоогийн хосгүй өдөр болгон хайрлана. Балчир насыг нь дурсан уйлж хайрлана. Алдаа оноо хоёр  угтаа ав адилхан гэдгийг ухууруулж мөн хайрлана.  Хүүгээ л гэсэн хайрыг цалигааж өтөлсөн сайхан  ээж минь.   

Зуу хүрсэн хэрнээ 50 гарсан хүүгээ “хүү минь”  л гэсээр “хүү нь уйлж хүүгийн минь зовоочих вий дээ” гэж өр нимгэрч өтлөх хорвоод  ховорхон, хосгүй ээж минь.

 

Ц.Лувсандорж

2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр