Friday, October 24, 2014

МОНГОЛЫН БАГШ НАРЫН САЛБАА



МОНГОЛЫН БАГШ НАРЫН САЛБАА

Монголын багш нарын холбоо нь нөгөө айхтар гэх социализм, коммунизмын үед хүртэл амьд төрж, бойжин өндийж, багш нарыг холбоолж, тэдний эрх ашгийг боловсролын эрх ашигтай нь хамтатган хамгаалж ирсэн  багшид ачтай, боловсролд тустай байгууллага байлаа, хөөрхий. Гэтэл,  хүний эрх, эрх чөлөө дээдэлсэн гэх, оролцоог чухалчилсан гэх яагаав, нөгөө ардчилал, авилгын дор тэр багш нарыг  салбаалган орхидог салбаа болж гэнэт хувирав. Багш нарыг холбоолох ёстой холбоо ийнхүү тэднийг салбаалгах салбаа болоход хөөрхий муу багш  л “үнсэнд хаягдсан шалз лугаа” мэт болж үнэн  хохирч, муухай салбааж байна.

                                        Холбоогүй багш салбааж байна

        Холбоолон дэвшиж байхдаа  монгол зон олныг  их бичиг үсэгт тайлж, хүнээ сэхээрүүлж нийгмээ гэгээрүүлсэн түүхэн амжилтаараа дэлхийн нийтийг гайхшируулж байсан багш нар одоо “улсаараа улсынхаа шалгалтанд унадаг; нийтээрээ олон улсын шалгалтад бүдэрдэг, бүтэлгүйддэг” муу үйлийн шалтгаант эзнээр тодрон салбааж байна.

Холбоолон хөгжиж байхдаа сард 65 толгой төлгөн сүргийн үнээр цалинждаг байсан багш одоо ердөө л ихдээ  6-хан төлгөний цэнээр сарын турш амь зуух гэж зүтгэн “цалин нэмнэ” гэсэн хоёрхон үгэнд хууртан хууртсаар ядууран салбааж явна.   

            Холбоолон нэгдэж байхдаа зөвхөн мэдлэг, чадвар, ур ухаанаараа шударга уралдаж, хийснээ л бодиттой үнэллүүлэх тунгалаг үйлстэн байсан багш нар одоо нам дагаж намиран, ламд сөгдөж мунгинан, хийгээгүйнхээ төлөө хийрхлийн одон, медалийн эзэн болох донд  бохирдон салбааж сууна.

Холбоолон цэцэглэж байхдаа нийгмийн урд явж, манлайлагч, соён гэгээрүүлэгч нь болж байсан багш нар одоо нийгмийн ард хоцорчих гээд, ард, ядуу болчих гээд сандарган салбаалж айлгана.

Багшийн холбоо салбаахад боловсролын сайд амгалан

           Боловсролын салбар, боловсруулах талбарын үнэн эзэн, бодит босс нь угтаа, боловсролын сайд биш, харин багш нарын холбоо, түүний тэргүүн байдаг. Энэ холбоо, тэр тэргүүн нь “Багш аа гэсээр хүүхэд ээ гэдэг. Хүүхэд ээ гэсээр хүнээ гэдэг. Хүнээ гэсээр нийгмээ гэдэг” юм.  Ийм ч учраас, ардчилал үнэн хөгжиж, оролцоо бодит болсон улс оронд багш нарын холбоо шиг том хүчин байдаггүй. Энэ том хүчнээс, юуны өмнө, хамгийн түрүүнд, боловсролын сайд л их эмээж байх.  Эв  дүйгээ эвтэйхээн түүнтэй олох гэж хичээх. “Огцор” гээд холбоо нэг дуугарвал  шууд л дуусдаг болохоор тэр юм.
           Ардчилал  аргалах  аргачлал төдийхэн болоод ирэхэд боловсролын сайд бүхэн л цэрвэж эмээж явдаг нөгөө багш нарын холбоог яаж хийгээд эвтэйхэн аргалахыг хичээдэг.  Энэ аргалт, хууралтын арга зам, хэлбэр их олон янз аа.  Түүний дотроос хамгийн хортой нь холбоог дотроос нь задалж салбаалгах заль. Үүний хийхийн тулд үе үеэрээ их л элдэвлэх.
Ахмад багшийн нарын холбоог байгуулж, сайдын өргөөнд оффисжуулна.  “Ахмад багш нарынхаа эрх ашгийн хамгаалж, туршлагаасаа сайдад хуваалцана” гээд л хийрхэнэ. Бас багш нарыг шагналд тодорхойлох гэдгээрээ шагналын донтонг өөртөө татна. Амийг нь таглана.  Өнгөц ажихад монголын багш нарын холбоо уу, ахмад багш нарын холбоо уу  гэдгийг аль болох ялгагдахгүй болгоод авах.  Ахмад багш нарын холбоо дэмжсэн гэдгээр Монголын багш нарын холбоо дэмжсэн мэт харагдуулах сайхан боломж бас гаргаад ирэх нь энэ.
 Бас болоогүй ээ.  Залуу багш нарын холбоог байгуулж, дэмжинэ. Залуу эрдэмтэн, залуу судлаач гээд л элдэвлэх.  Бүр болоогүй, Математикийн багш нарын холбоо,  Монгол хэлний багш нарын холбоо, Хими,  физик, биологи, бага, дунд, ахлах ангийн багш нарын холбоо  гээд л ёстой янз янзаар нь салаажуулж өгнө дөө. Бүр сүүлдээ, холбоо ч биш, багш нарын академи,  багш нарын нийгэмлэг, ассоциаци, нэгдэл гээд л ялгахын аргагүй болтол нь салаалан салбаалгана.
Энэ бүх салаа, салбаалалтын дунд  Монголын багш нарын холбооны багшид тустай, боловсролд нэмэртэй үйлс  үгүйрч, тэр өөрөө өөрийгөө булшилна. Энэ зуур, харин,  багш гэх сайхан нэрээр муруй үйл хийгчдын тоо л өдрөөс өдөрт эрс элбэгшинэ. Дүнд боловсролын сайд л айж эмээх зүйлгүй болж, хааяа хааяа шагнал энэ тэрээр салаалан салбаасан холбоог бүр салбаалган тоглож  их л амгалан суух. 

            Багш нарын холбоо салбаахад боловсролын сайд “амгалан нууран дахь нугас” лугаа.  Холбоо үгүй  багш нар, харин,  “үнсэнд хаягдсан шалз” лугаа.

Ц.Лувсандорж
2014 оны 10-р сарын 24-ны өдөр

Friday, September 12, 2014

БАГШИД ӨМЧИЙГ НЬ ӨГ

БАГШИД ӨМЧИЙГ НЬ ӨГ


Өмч хувьчиллаар ямар ч өмчгүй үлдсэн нийгмийн нэг бүл бол яах аргагүй л хөөрхий багш нар юм. Өмчгүй тул  тэд одоо хөлс урсган өдрөөс өдөрт борви бөгөсхийлгүй зүтгэвч, үнэндээ цагаас цагт улам л үгүйрэн хоосорч их ядуурна. Ингэх нь өмчийн нийгмийн өмчгүйн зам.  Багшийг  ийм замаар гэлдрүүлэх нь  жам байв уу, ер нь?  Өмч хүртэх хувь тэдэнд ер нь үгүй байв уу?

            Социализмыг нурааж ардчилализмыг сэргээсэн тэр цаг гэхэд л монгол зон олон  бүгдээрээ их бичиг үсэгт тайлагдаж, үүнийхээ үрээр олууллаа хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн хэсэг болж чадсан байв. Тэгэхэд  бүр энэ зууны эхэнд хүртэл иргэдийн ихэнх нь их бичиг үсэгт тайлагдаагүй олон олон улс энэ дэлхийд байж л байх. Хүнээ сэхээрүүлж нийгмээ гэгээрүүлсэн түүхийн тэр нэгэн зурвасын тэр их амжилт нь  чухамдаа багш нарын их хүчин зүтгэл, чин сэтгэлээр бий болсон юм.  Үүнийг үгүйсгэж үл чадах. Учир нь энэ түүхэн баримт. Үүнийг бүр НҮБ, ЮНЕСКО гэрчилнэ.

Монгол хүн бүрийг хүмүн төрөлхтөний соёл иргэншилт иргэн болгон хөглөн хөгжүүлэхээс илүү гарах их хувь нэмэр гэж байна уу? Байхгүй. Багш нараас өөр нийгэмд ийм их хувь нэмрийг оруулсан  бүл байна уу? Байхгүй. Учир нь, нийгмийн баялагийг хүн бүтээдэг бол тэр хүнийг нь багш бүтээдэг.

 “Хувьчилагдчихсан” гэх нийгмийн баялаг бүхэнд тэгэхээр багш нэмэртэй. Нэмэртэй тул хувьтай. Хувь оруулсан тул хувиа хүртэнэ.  Бүр их хүртэх нь бүр шударга. Гэтэл бүтээсэн тэр баялагаа хувааж өмчлөхөд  харин багш л ганцаараа хувьгүй үлдсэн. Энэ шударга бус, тэгш биш. Энэ андуурсан алдаа, завхарсан завхарал.

Энэхүү алдаа завхарлаас улбаалж гурван эрдэнэсийн нэг хэмээх эрхэм багш  маань ард хоцорсон ард болсоор. Тэд бага цалингийн их хүслэнд уяатай. Тэд байрын зээлийн их барьцаанд гинжтэй. Тэд тарчиг, хомсдолын гандуу өнгө төрхөнд дасаастай.Тэд “цалин нэмэх” гэсэн хоёрхон үгэнд амархан хууртаастай. Тэдний төлөө дуугарах холбоо нь бүүр салбаастай. Тэд их өмчинд их хувьтай гэдгээ бараг л мартаастай. Тэд тэгэхээр харин их үйлсдээ л бүүр бага зүтгээстэй.

Их баялагт их хувьтай багшид өмчийг нь л буцааж өг.  Байрны барьцаанаас тэднийг чөлөөлж өмч өг. Байгалийн баялагаас илүүхэн хувьцаа олгож өмч өг. Газар олгож өмч өг. Хотын төвийн ашигтай газрын сугалаанд хамруулан ялуулж өмч өг. Багшид ер нь өмч өг. Багш өөрөө  “цалин нэмэх” гэдэгт бүү хуурт. Цаас шүү дээ. Харин өмчийн нийгэмд өмчтэй л бол. Хувиа ав, өмчөө ав.

Ц.Лувсандорж
2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

  Ү

Sunday, August 24, 2014

УЯАТАЙ ХАЛТАР УУРТАЙ

УЯАТАЙ ХАЛТАР УУРТАЙ

Халтар царайтыг харжээ халтартаж байх зууртаа хамагаа алдсан Халтар одоо хүслийн хясланд уяатай. Уяатай учраас ууртай.

Халтарын идэх хүслэн хяслантай.  Хүслийн энэ хясланд тэр эзнээс эзэнд шилжиж боргоно. Өглөөнөөс өглөөд зүтгэж боргоно.  Хорвоог мартан, хүслээ умартан өлсөж боргоно. Идэхийн ийм хясланд Халтарын амьдрал уяатай. Уяатай учраас  тэр гунигтай.

 Халтарын боргох хүртэл хязгаартай. Тэр  нэг эзний эсрэг боргон уяанаас нэг салавч   нөгөө эзнийд гүйж, гуйж очин уяагдах хяслантай. Ийм учраас тэр уяандаа  үнэн их  түүртэж, эзнээ нэн их үзэн ядавч  үнэндээ түүний эсрэг хэзээ ч боргож үл чадах. Халтарын боргох хэмжээ  эцэстээ идэх хүслэндээ уяатай. Уяатай учраас тэр  гаслантай.

Халтарын сонсох, гинших хүртэл хязгаартай. Тэр хааяа хааяа холын чимээ сонсож соохолзон уяанаас  нэг салан гиншивч эргээд л уяагаа эргэх хяслантай.  Ийм  учраас тэр уяанаас холдуу сонсож үл болох, уяанаас салж гиншиж үл чадах.  Халтарын сонсох, гинших хэмжээ иймд идэх хүслэндээ уяатай. Уяатай учраас тэр хяслантай.

Халтарын боргох, сонсох, гинших хүртэл нь хязгаартай, идэх хүсэл нь  хяслантай тул түүний эрх чөлөө  гинжтэй.  Гинжиндээ гинжиж, уяандаа  уурссан Халтар тэгэхээр  урдуур, хойгуур, хав ойроор гарах бүхнийг урж таслачихна уу гэмээр улам догширно. Харц нь ширүүсэж, дуу нь яахиржин, авир нь хэрцгийжинэ.  Аймаар.  Ууртай Халтар тэгэхлээр бас уяатай.

Ц.Лувсандорж
2014 оны 8 дугаар сарын  24-ний өдөр

http://undesniibolovsrol.blogspot.com/2014/08/blog-post.html

Tuesday, July 29, 2014

Амьдрал хайр, энэрэл

                                                       Амьдрал хайр, энэрэл

Амьдрал тэмцэл ч биш, таашаал ч биш. Харин тэр энэрэл хайр юм.

Нөхөр Дарвины онолыг мушгисны гайгаар "нэг эс тэмцсээр тэмцсээр хүн болсон" гэсэн ойлголтыг нялхаас нь сайд хүртэл бараг хүн бүрт хатуу үнэмшүүлж, эцэстээ "амьдрал тэмцэл" гэсэн хүн араатнууд дэлхийгээр дүүрч байна. Гэвч үнэндээ, Дарвины онол “амьдрал нэг эсээс, хүн сарамчингаас үүссэн” гэж огт хэлээгүй.

Хүн араатан гэдгийн талаар нэгэн профессор "Хамгийн аймшигт араатан' гэсэн тезисийг хөгжүүлж чадахаараа л баримтжуулахыг оролдсон. Түүний эл оролдлого  араатан мэт авирлах хүн нэн аюултайг нотолсон хэдий ч харин "хүн гийчэн" гэдгийг үгүйсгэж чадаагүй юм.
 
Хүн гийчэн.
 Гийчэн чанараа ихэнхи хүн "мөнх бусыг мөнх" гэж мэдрэх тэр  цагтаа л олох. Гэвч тун цөөнхөн нь үүнийг энэ цагт мэдэрнэ. Тэгээд тэд үйл ээ ч,  үгээ ч, үйлсээ ч цэнэнэ, гамнана. Өөрийгөө ч, өрөөлийг ч хайрлана, энэрнэ. “Хорвоо хайр, энэрэлийн өлгий; амьдрах гэдэг тэгэхээр хайр, энэрэлд суралцах” гэдгийг мэдэрсэн болохоор тэр л дээ, тэд.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нэг нөхөр  "амьдрал тэмцэл" гээд хийрхээд байсан. Хэлж байгаа үгийнхээ утгыг ойлгосон уу, цээжилсэн үү бүү мэд
, тэмцэл гээд л хөөрөөд  байсан. Бас нэг намын дарга гэгч нөхөр "гадаа гуйлга гуйж байгаа хөөрхий хөгшид, хүүхдийг хараад бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуу, өөдгүй энэ тэр" гээд гоочлоод л байсан. Мөн сайд гэгч нэг нөхөр “амьдрал хүчиндэгч” гэж хэлсэн гэв үү. “Амьдрал тэмцэл” гэсэн хоосон номлолын хийрхсэн итгэгчид болохоор тэр биз,тэд.

Амьдрал тэмцэл биш. Амьдрал хайр, энэрэл юм. Үнэмшихгүй бол үрээ хайрлаж буй амьтныг сайн аж. Эх малыг сайн ажигла. Бас амьтан тэжээ. Тэд хэрхэн, нөхцөлгүй хайрл
аж буйг мэдрэхийг хичээ. Бүр болохгүй бол ээжийгээ сана. Хайр нь нөхцөлтэй байж уу. Тэмцэл байж уу.....

Амьдрал тэмцэл гэг
чид худлаад итгэснийхээ хор гайгаар хайран амьдралаа тун зовлонтой өнгөрөөдөг. Үүрээд одох гэж байгаа юм шиг л эрх мэдэл, эд материалын төлөө өглөөнөөс өглөө хүртэл хөлсөө урсган, үнэ цэнээ алдан, аугаа хүчээ умартана элдэвлэх. Дүнд нь үлбийсэн гудамж олширч, урвайсан хүмүүс л элбэгшсэн байх.

Ц.Лувсандорж


2014 оны 7 дугаар сарын 3
О-ний өдөр

Wednesday, July 23, 2014

ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ АРИУН ҮЙЛС

ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛ АРИУН ҮЙЛС
Ил жорлон монголд  одоо ч хаа сайгүй л байсаар.  Нийслэл, дүүрэг,аймаг, сум, баг, сургууль, жалганд тэр л байх. Бүр амралт, зусланд ч түүгээр л дүүрсэн  байх.  Тэр амьсгалах агаар, гишгэх газар, уух ус, идэх хоолыг тань бохирдуулж, эцэстээ бүр холилдон, нийгмийн эрүүл мэндийг ч егүүтгэж байна.  Тэр  бас шинжлэх  ухаан, технологийн эрин зуунд хөл нийлүүлсэн гэх ардчилсан монголыг минь ёстой муухай харагдуулж байна. Хэлэхэд ч муухай, энэ муу “ил”-ийг бүр булшлан дарж, харин боловсон “далд”-ыг  бүтээх бодит хувьсгалыг монгол даяараараа хурдхан шиг, хийрхэхгүй шиг  бодиттой  хиймээр байна.  
Манай улсын хүн амын бараг л хагас нь нийслэлд аж төрдөг. Нийслэлчүүдийнх нь 80 гаруй хувь гэр хороолол, хашаанд амьдардаг. Аймаг, сум, баг, дов жалгаараа бараг л бүгдээрээ гэрт амьдардаг.  Нийслэлчүүдын 99 гаруй хувь  нь  “зуслан” гэх дөрвөн талаар хашигдсан, дөрвөн талдаа, нөгөө муухай  “ил” –тэй хашаанд  зусдаг. Энэ нь хийрхэл ч биш, хөөрөл ч  биш, харин бодит баримт, бодит байдал.
Энэхүү бодит байдлыг дурдангаа “хашаа бүхэн дор хаяж нэг “ил”-тэй” –гэдгийг санавал “ил”-ээс холуур иргэн монгол үнэндээ нэн цөөн болох нь тодроод ирнэ.  Тэгэхээр “ил”-ээс үүдэх нөгөө бүх л  асуудал угтаа, бараг л иргэн бүрийн асуудал тул эцэстээ ардчилсан сонгуулиар бүрдсэн ардчилсан засгийн асуудал болох нээ.  Жорлонгийн хувьсгал тэгэхээр “үнэн” ардчилсан засгийн хөтлөж манлайлж хийх хувьсгал яах аргагүй мөн бололтой.  
Жорлонгийн хувьсгалаар хийх гол зүйл нь их энгийн. Нөгөө муу муухай “ил”-ийг  булж, боловсон OO-ийг ил биш далд, гадаа биш гэртээ оруулаад ирчих  явдал.  Бас хийх арга ухаан, шийдэл нь ч элбэг, энгийн, бэлэн юм билээ.
Зусландаа нөгөө муухай  “ил” биш харин боловсон “00”-ийг бий болгож, ард хөршөө түүгээрээ сэнхрүүлж буй нэгэн эгэл эрхмээс  “ил жорлонг боловсон далд  00 болгосон ухаанаас хуваалцааж” гэхэд “Өө, ухаан гээд байх юу байв. дүү минь,  Их энгийн зүйл ш дээ” гээд ингэж хөөрч билээ.
“Ус хадгалах сав, боловсон 00-ын суултуур, жижигхэн мотор,  гүнзгий ухсан нүх байхад хангалттай.  Мотор усыг 00-д шахах, мөн гаднаас ус сорох гол үүрэгтэй. Бохир нүхэнд урсан орно. Бохирын задаргаа, уусалтыг түргэсэх химийн бодис ч бас гарчээ.  Зардал бага. Хамгийн гол нь, байгальд ээлтэй, биеэнд эрүүл юм”  
Хүсэл тэмүүлэл, сэтгэл зүтгэл байвал эрүүлийг дээдэлж байгалаа хайрласан эгэл энэ эрхмийн энэ арга ухаанаар ч  жорлонгийн хувьсгалыг монголд бүрэн хийж, монголоо үнэн гоёж болохоор байна.  
Ил “муухай”-г  булшилж  далд “боловсон”-г  түгээх жорлонгийн хувьсгалын дүнд агаар цэнгэж, хөрс цэвэршиж, ус тунгалагжиж, хүн, амьтан эрүүлжиж  байгаль, дэлхийн баясах тул тэр ариун үйлс бөлгөө. Ариун  ийм үйлсийг бүтээхэд  яарцгаая.Өрөөл бусдыг ер нь хүлээгээд яахав.
Ц.Лувсандорж

2014 оны 7 дугаар сар 23-ны өдөр

Friday, July 18, 2014

МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД

МОРИНЫ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД

Бие, оюун, сэтгэлийн хөгжлийн “цэцэг” лугаа   үе хүнд бий.  Хүний энэ цэцэг үе нялх, балчир, бага, өсвөр, ер нь хүүхэд нас. Хүүхэд нас  иймд цэцэг лугаа харгүй цагаан, гэмгүй гэнэхэн, хөөр баясал,  гэгээн хайр.   Цэцэг  ертөнцийн үнэн хууль дор  боловсорч ургадаг нь байгалийн жам.  Хүүхэд  чин хайр, энэрэл халамж дор өсөж торнидог нь хүмүүний ёс.  Гэвч цэцэг лугаа хайрлам нас, хайран амь биеэ хөлсгүй ажилд хүчээр зүтгэж өнгөрөөх хөөрхий нэгэн бүл хүүхэд, хүүхэд бүл монголд байна. Энэ бүлийн царай гандмал, харц гундмал, дуу ядруун, бие давжаа. Энэ бүлд эрх үгүй, харин эзэн, ноён, ашиглаач олон;  хамгаалагч, өмгөөлөгч, халамжлагч  цөөн. Золиослогдсон ийм нэгэн хөөрхий бүл хүүхдийг ардчилсан гэх монголд морины хүүхэд гэдэг.

Морины хүүхдийн амь, бие цэнэгүй

Хурдан морь унаж холын зайнд уралдах нь хүүхэд бүү хэл, насанд хүрсэн хүнд хүртэл аминд  аюултай, биед халтай үйлдэл юм. Иймд учраас уралдааны морь унах  нь нарийн мэргэжил болдог. Амь насанд эрсдэлтэй тул энэ мэргэжил өндөр цалинтай, хууль эрх зүйн нарийн зохицуулалтай. Мориноос унаж бэртэх, амиа алдах, уралдаанд морь амжилттай давхих тохиолдолд талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх,  шагнал, бооцойгоо хэрхэн хуваахаа гэрээ,хэлэлцэлдээ  яг таг нарийн зааж өгсөн байх.
Австралид байхдаа  давжаа биетэй, дунд эргэм настай, таяг тулсан нэгэн эртэй  хөрш байлаа.  Цагийг нөхцөөж элдвийг л хөөрөх.  Нэгэн удаа “Та чинь яагаад таяг тулчих ваа” гэж асуухад тэрээр “Би уралдааны морь унагч.  Энэ ажлыг олон жил хийж байна. 2 жилийн өмнө мориноос унаж, ташаагаа гэмтээсэн. Одооноос таягтай явж эхэлж байна даа” гэв.
Тэгэхэд нь би залгуулж “Австралид эмнэлэгийн үйлчилгээ чанартай ч, их үнэтэй. Тэгэхээр та эмчилгээндээ нилээд хэдийг зарж дээ” гэж яриа өдөхөд, тэрээр “ Эмчилгээний зардал надаас гардаггүй, харин эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.  Бас эмчлүүлж байх хугацаанд морины эзэн надад сарын цалинтай тэнцэх мөнгө төлдөг. Хамгийн гол нь мөнгө биш, харин биеэ гэмтээхгүй, амиа алдахгүй байх л хамгаас чухал  юм даа” гэж билээ.  Тэрээр мөн цааш нь “Босс (морины эзэн)-ын гол хийх зүйл бол түрүүлэх чансаатай морийг олж худалдан авах.  Үлдсэн нь багийн ажил. Багийн ажил тул амжилтын үр дүн болох шагнал, бооцойгоо  оролцоогоороо л хувааж авдаг” гэж ярихад нь би угтуулж “Унасан морь тань түрүүлсэн тохиолдолд ойролцоогоор хэдийг авах бэ” гэж сонирхоход  тэрээр  “Морь унагч шагнал, бооцойныхоо 20-30 хувийг авдаг. Бас сарын цалингаа авна. Нийлээд ирэхээр хангалттай мөнгө  ш дээ” гэж билээ.
Морь уралдуулах нь иймд соёл, уламжлал гэхээсээ илүү  ашгийн  төлөөх уралдаант үйл, бизнес юм.  Тэгэхээр тэр хүүхдийн үйл огт биш харин шийдвэртээ эзэн нь байж чадах зөвхөн насан хүрэгчдийн ажил, үйлдэл. Монголд  ч  энэ бизнес  уг чанараараа өдөр, шөнө, өвөл, зун гэлтгүй л цэцэглэн хөгжиж байна.  Энэ нь буруу биш байлгүй, мөнгөжилтийн нийгэмд.  Гэвч энэ бизнесдээ гэмгүй хүүхдийг гэмтэй ашиглаж байгаа нь л харин ёстой, гарцаагүй буруу, яах  аргагүй  монгол гажиг.
Энэ буруу үйлдэл, тэр  монгол гажгаас болж арав арваар тоологдох хүүхэд алтан амиа алдсанг, зуу зуугаар хэлэгдэх хүүхэд эрдэнэт биеэ хэмхэлснийг; мянга мянгаар дурсагдах хүүхэд өсөх насандаа морины нуруунд дээр бөмбөгдүүлж явсныхаа гай, горийг давжаарч хэмхэрсэнг биеэрээ,  хоцорч харшсан оюунаараа, гандаж гундсан сэтгэлээрээ эдэлж явааг бодит олон түүх, болсон олон явдал цагаас цагт үеэс үед гэрчилнэ.
Ардчилал, хүний эрх хэмээн айхалсан он жилүүдэд  гэхэд л мориноос унаж алтан амиа алдсан морины хүүхдийн  тоо олонд мэдэгдснээр лав л арав хол гарсан.  Мориноос унаж нуруу нугас, тархи толгой, гар хөл, шүд амаа гэмтээж биеэ хэмхэлсэн хүүхдийг  тоолоход ч тоймгүй. Дүн өвлийн тэс хүйтэнд морь уралдаж нүүрээ хөлдөөж, чихээ тасдаж, нүдээ царцаасан морины хүүхдийн гунигт тохиолдлыг тоолоход ч бэрх,  бодоход ч аймшигтай. Нялхаасаа мориных болсон  хөвүүн арав ч хүрэхгүй насандаа өвгөдийн гэх түрүү булчирхайн үрэвсэлд өртөж хүүхэд “өвөө” болдог бодит үнэнг сонсоход ч гунигтай,  харьцуулахад ч гутамшигтай.
 Алтан амиа алдсан хүүхдэд  хэн амь өгөв өө. Эрдэнэт биеэ хэмхэлсэнд хэн эрүүл бие барив аа.  Цэцгэн насныхаа бие, оюун, сэтгэлээ золиос болгож орхисондоо насан туршдаа гунихарж яваад хэн цэцгэн насныхаа гэгээн дурсамжаа дурсгав аа.
Хөөрхий морины хүүхдийн алтан амиа үнэгүй юу, тэдний эрдэнэт бие нь цэнэгүй юу, энд.   Цэцгэн насны гэгээн дурсамж, хайр, халамжтай явах хувь үгүй юу,морины энэ хэдэн хөөрхий хүүхдэд.
Морины хүүхдийг ашиглаач олон

Монгол даяараа л морины хүүхэд, хурдан морины хүүхэд гэж шуугих. Морины хүүхэд уг нь хүний хүүхэд л дээ.  Гэвч тэд одоо хүнээр биш харин мориор овоглох хүртлээ морижсон байгаа юм. Морь унах нэрээр өвөл зунгүй, өдөр шөнөгүй  зарагдаж буй тэр хүүхдийн харцанд нь нэг л хайр дутсан, гийнгоонд нь нэг л хөг алдарсан,  биеэнд нь нэг л тэжээл дутсан, нүүр нь их л наршиж гандсан, ходоод нь их л өлсөж цангасан, бие нь их л харшиж давжаарсан харагддаг.  Олон эзний нэг зарц болохоор   энэ л дээ,хөөрхий. Бас олон хүнд олон янзаар буруугаар ашиглагдаг болохоор тэр л дээ, хөөрхийс.
Морины гэх хүүхдийн эцэг эхийн нийгмийн байдлыг судлан үзбэл нэг л зүйл их тодорхой. Морины хүүхэд сэхээтний хүүхэд бүр биш.  Учир нь  сэхээтэн  хүүхдэд эрсдэлтэй, бас эрсдэлгүй үйлийг сайн ялгаж эргэцүүлж чадна аа.
Морины хүүхэд баяны хүүхэд лав биш. Учир нь монгол баян баярхагч, баярхагч гэлээ ч хүүхдээ мориных болгож арай ч баярхахгүй нь мэдээж.
Морины хүүхэд дундажийн хүүхэд ч биш. Дундаж дундаж гэлээ ч тэд хүүхдээ  мориных болгож дундажаас доошлуулж дорд орохгүй нь илт.
Морины хүүхэд иймд гагцхүү ард болж дорд болсон ядуугийн л хүүхэд байх.  Дорд ядуугийнхаа гайгаар ардууд “монгол уламжлал”, монгол соёл”, “ард болсон монгол”, “чингисийн монгол”, “морьтой монгол”  гэх хийрхэлд хөтлөгдсөн нэр дор хөөрхий хүүхдийг хоолноосоо холдуулж, өөрөөсөө зайдуулж ашиглана.  Өөрөөсөө ингэж холдуулахын хамт бас дэлхийд өндөр хөлстэй байдаг ажлыг дэргэдэх нэгэнтэйгээ үнэгүй мэт хөнгөнхөн нууцаар тохирч, хөөрхий хүүхдээр мөнгө хийж буруугаар ашиглана.  Эцэг эх, халамжлан хамгаалагч нь ингэж л морины хүүхдийн анхдагч ашиглаач болох нь энэ дээ,  энэ ард болгосон монголд. 
Ардчилсан монголд хурдан морь ашиг олох, хувь хүнийг ардын дунд танил болгох гэсэн нэн чухал хоёр үүрэгтэй. Ийм учраас тэр монгол баян, монгол “од”-ын бизнесийн нэгэн  үндсэн хэрэгсэл байх.  Морио дагаад л  морины хүүхэд ч монгол баян, монгол “од”-ын баялаг, барлаг болдог. Монгол баян, монгол од ингэж морины хүүхдийн үндсэн нэгэн ашиглаач болох нь энэ  дээ, энэ ард болсон монголд.
Морины хүүхдийг “мориных биш харин  хүнийх ”  гэж үнэн зоригтой хэлж чадах хүн байвал тэр лав л монгол улс төрч биш. Үнэнг ингэж улаан цайм хэлж ард  сонгогчоо алдах тийм  “тэнэг” улс төрч, ийм “үнэнч”  улс төрийн нам ч ер нь хаа  ч байхав дээ.Иймд тэд “морины хүүхэд уулаасаа л хүнийх биш харин мориных” гэх  эсрэг логикийг ёстой уран хөгжүүлнэ дээ.  Тэд  “морины хүүхэд монголын уугуул соёл; хүүхэд унаагүй морины уралдаан монголынх лав биш, за тэгээд цаашилбал,дэлхийн талыг мориор л эзэлсэн, хүүхдийн гийнгоог сонсоход самсай шархихарна, морьтойгоо наалдана, наадна ....”  гэх зэргээрээ хаа хамаагүй хувьсагчийг хольж хутгаж хийрхэнэ, хөөргөнө, уяраана.  Улс төрч ингэж морины хүүхдийг өөрийн карьертэй уран ашиглана.  Эцэстээ тэд бас л морины хүүхдийг буруугаар ашиглаачийн тэргүүн эгнээнд хэдийнээ багтан, манлайлан явах нь энэ дээ,  хүний эрх, шударга ёсыг дээдлэнэ гэх хүмүүнлэг ардчилсан энэ монголд.

Хүүхэд насаа монголынх гэж ард олноо хялбархаан  итгүүлэх, тэдэнд таалагдах нэг сайн арга бол морины хүүхэд болох шахснаа дурсах. Энэ аргыг урлаг, спорт, хэвлэлийнхэн ёстой улаан цайм, улаарч хэрэглэнэ ээ.
Олноо танил гэх нэг эрхэм  саяхаан “Хурдан морийг хүүхэд л унаагүй бол тэр ёстой монгол наадам биш” гэж үндэсний телевизийн дэлгэцнээ ихэд цэцэрхэв.  Бас нэг  нэртэй гэх тамирчин “Хүүхэд байхдаа морь их уралдаж байв. Адуунд тангаруулж өслөө. Энэ нь бараг л сайхан, сайн зүйл байсан, ирээдүйн амжилтынх нь эх болсон” гэж бараг л дэмийрч байна уу гэмээр хөөрөв. Өвлийн тэс хүйтэнд морь уралдан хөлдөөс болох шахсан морины хүүхдээс “морь тань хэр хурдлав даа” гэж асууж тохуурхан их л хүмүүнлэг зогсох эм сэтгүүлч ч олон байх.  Түрүүлж ирсэн морины хүүхдийг түлхэчихээд  зөвхөн л морь, эзэн хоёрыг бахдан сурвалжлах хөтөлбөр ч, олон нийтийн сурталчилгааны хэрэгсэл ч мөн ч олон.  Тэд мориных нь ч, эзнийхэн нь ч эцэг эх, ах дүүс, амраг саданг сурвалжлан сурталчилдаг  хирнээ амь биеэ золиослон, хөлс дуслуулан тэмцэж ирсэн  морины хүүхдийг харуулдагчгүй, нэрийн ч асуудагчгүй, ер нь тооддогчгүй. Морины хүүхдийг тоож харьцах нь, “тэд мориных биш, уг нь хүнийх”  гэж хэлэх нь  их  урлаггүй, аугаа ухаангүй, их соёлгүй болох нь  л дээ. Ингэж хэлсэн нь  ёстой амархан адаглагдана гэдгээ ч бас мэднээ, тэд.  Ийм учраас энэ цагийн урлаг, спорт, хэвлэлийнхэн морины хүүхдийг “мориных” гэж үзэн ерөөсөө тооддоггүй. Ингэж авирласнаараа эцэстээ тэд морины хүүхдийг буруугаар ашиглаачдын бүлд нэгдснээ л нотлон харуулах нь энэ дээ, морины  их соёлтой талын их монголд.
Мориных гэх хөөрхий энэ хэдэн хүүхдийг монгол даяараа л ер нь иймэрхүү байдлаар, өөр өөрийнхөө хэрэгцээ, шаардлага, өнгө үзэмжээр буруугаар ашиглах нь  жам болжээ, бүр соёл ч болжээ, энэ улсад.
Морины хүүхэд эрх үгүй

 “Нүцгэн  хаан хараад тун сайхан, их гоё хувцаслаж ээ” хэмээн  шагнан олууллаа  бахдан хөөрч байхад “Хаан  нүцгэн байна”  гэж үнэн хэлсэн үнэнч хөвүүн лугаа  “морины хүүхэд, морины хүүхэд” гэж ард урд, дээд доодгүй, монголоороо шуугин хийрхэхэд “тэр мориных биш ээ, харин хүнийх” гэж  бодит байдлыг бодит харсан бодит нэг профессор аргаа барихдаа “Хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь, мөн энэ үйлдлийг хориглохгүй байгаа нь Хүүхдийн Эрхийн Олон Улсын Конвенцийн нь ч, бас Монгол Улсын Үндсэн Хуулийн нь ч “хүн амьд явах эрхээр хангагдана, хамгаалагдана” гэсэн утга агуулга бүхий олон заалтыг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд  ханджээ.  Үндсэн хуулийн цэц үүнийг ихэд судалсны эцэст  “дээрх үйлдэл нь, бас энэ үйлдэл хийгдэхийг хориглохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй  байна” гэсэн “алдарт” нэгэн дүгнэлтэд хүрчээ (Баримт  бий).
 Гэтэл  морины хүүхэд хурдан морь унаж яваад осолдож амиа алдсан бодит олон тохиолдол улаан цайм дэргэд нь байх. Бас хурдан морь уралдах нь хүүхдэд бүү хэл, том хүний аминд халтай, биеэнд хортой, аюултай үйлдэл гэдгийг даяараа  таньж мэдэн, дэлхийгээрээ хүлээн зөвшөөрсөн байх.  
Тэр алдарт дүгнэлт,  энэ бодит байдлыг нэгтгэн үзбэл эрүүл хүн л бол “морины хүүхэд монголд эрхгүй байх нээ, тэр тусмаа амьд байх, амьд явах эрхээр бүр ч хангагдахгүй байх нээ, хамгаалагдахгүй байх нээ” гэсэн утганд амархаан хүрэх биз. Морины хүүхэд тэгэхээр  нээрээ “хүнийх биш  мориных ч юм болов уу” гэсэн эргэцүүлэл, эргүүдэлт бас амархан төрөөд явчих.  Уг нь морины хүүхэд харваас л хүний хүүхэд байх, тэгэхээр тэд бас эрхтэй баймаар. Их л хачин юм даа. Монгол гажиг гэж л ийм байдаг юм байх даа.

Морины хүүхдийн ирээдүй баргар

Өдөр, шөнө, өвөл зунгүй хурдан морьтой зууралдан цэцэгхэн насаа эрхгүй илээдэг, олон эзний ганц барлаг морины хүүхдэд сурах цаг ч бага, боломж ч бас хомс. Ийм ч учраас тэд хүний хүүхэд сурдаг сургуулиас амархаан зайлна, хялбархаан завсардана. Сургууль үгүйд бичиг үгүй. Бичиг үгүйд эрдэм хол.  Харин мунхаглал, бурангуй л ойрхон.
 Хөдөөд бичиг үсэгт тайлагдаагүй залуус элбэгшсэн гэнэ лээ.  Цэрэгт бичиг үсэг үл мэдэгч олширсон гэнэ лээ. Магадлан тэднээс асуувал  ихэнхи нь “цэцгэн насандаа мориных  байсан л  даа” гэж гуниглан суух биз. Морины хүүхдийн ирээдүй монголд ийм л баргар юм даа.
Хүүхдэд ээлтэй цэцэрлэг, хүүхдэд ээлтэй сургууль, хүүхдэд ээлтэй гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдэд ээлтэй сум, хүүхдэд ээлтэй аймаг, хүүхдэд ээлтэй улс  гээд л хаа сайгүй хачин ихээр хөөрөх.  Амьд явах эрх нь хангагдаагүй, ирээдүй нь баргар бүл хүүхэдтэй; ажлын хөлс нь цэнэгүй, амь бие нь үнэгүй, олон эзний ганц барлаг нь болсон морины хүүхэд бүлтэй, хүүхдийг буруугаар ашиглаач нийгмийн олон бүлэгтэй энэ монголыг хүүхдэд ээлтэй, хүмүүнлэг ардчилсан улс гэж хийрхэхэд дэлхийн зон олон  амархан итгэх  болов уу. Эсвэл бүр “хүүхдэд  халтай”  гэж  халаглан хажиглах болов уу. Яадаг бол ер нь.

Ц.Лувсандорж

2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр

http://undesniibolovsrol.blogspot.com/2014/07/blog-post.html

Wednesday, May 7, 2014

ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН ХЭМЖҮҮР

ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН ХЭМЖҮҮР

Ахуй амьдралд, тэр тусмаа урлагт авьяас, авьяастай гэх зэрэг үг хэллэг өргөн хэрэглэгдэнэ. Энэ үг  бүр сүүлдээ засгийн хөтөлбөртэй хүртэл хоршох шинжтэй. Авьяас ер нь домог уу, бодит уу?;  Тэр төрмөл уу, олдмол уу?;  Тэр зүтгэл үү, өгөгдөл үү?; Тэр илрэх үү, хэмжигдэх үү?; Тэр үгүйрэх үү, хөгжих үү?

Монгол ахуй, соёлд авьяас (латин:abiyas)-ыг “аливаа юмсыг бүрэн төгс хийх чадвар” гэж ойлгон  хэрэглэж иржээ. Энэ ойлголтыг шинжихэд авьяас “бүрэн төгс гүйцэтгэлийг нотлон харуулах” шинжээрээ л чадвараас тод ялгарч байгаа нь харагдана.
Латин хэлний   талентум (talentum)”,  Грекийн  талантон (talanton -τάλαντον)- гэсэн  үгнээс гаралтай орчин цагийн Англи хэлний  талант (talent)” нь  эрт цагт жингийн хэмжээс, үнэт чулууны цэнийн нэгж болж хэрэглэгдэж байжээ.  Эртний Грект “амфора” гэх савыг дүүргэх усны хэмжээ, жинг нэг талант болгож байж.  Грекийн талант 26 килограмм, Ромын талент 32.3 килограмм, Египетийнх  27 килограмм, Шинэ гэрээнд дурдагдсан талант 58.9 килограммтай  дүйцдэг байжээ. 
Эрт цагийн 1 талант энэ цагийн 15 жилийн ажлын хөлстэй тэнцүү болохыг тогтоожээ. Тэгэхээр 10 000 талент 150 000 жилийнхтэй тэнцүү юм. Нэг цагийн ажил нь  8 долларын хөлстэй ажилчин өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цаг ажиллахад жилд дундажаар  15 000 америк долларын цалинг авдаг болохыг  санавал 150 000 жилийн ажлын хөлс болох  2 тэрбум, 250 сая доллар ($2,250,000,000)  нь эрт цагийн 10 000 таланттай тэнцэх юм.  Энэ тооцоо талант цэн,жингийн цэнээрээ хамгийн том хэмжүүр, хэмжээс байсныг харуулна.
Эртний нэгэн алдарт шастирын  “Талантийн тухай өгүүлсэн нь” хэмээх сурвалжид “талант”-ийг жин, цэнийн хэмжээс гэхээс арай өөрөөр “байгалийн өгөгдөл, эзний бэлэг, язгуур чанар, савны хэмжээ”  гэж үзэж болох санааг гаргасан байдаг.
“14Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой. 15Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ. 16Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов. 17Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ. 18Харин нэг талант авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. 19Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. 20Таван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. 21Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 22Хоёр талант авсан боол ирээд, “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд 23эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. 24Мөн нэг талант авсан боол ирж, “Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. 25Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна” гэв. 26Эзэн нь түүнд “Муу залхуу боол, чи намайг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гэнэ ээ? 27Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм. 28Түүнээс нэг талантыг авч арван таланттай хүнд өг. 29Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно. 30Энэ зохисгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэр тэнд уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлэв”

“Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой”; “Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж...” гэдгээс “талант Эзний бэлэг, талант төрөлхийн авьяас, байгалийн өгөгдөл...” гэх зэрэг түгээмэл ойлголт бий болсон байх талтай. 
Мөн “....үүнээс нэг талантыг авч арван таланттай хүнд өг. Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно” гэдгээс  “зүтгэл нэг авьяастын цэнэтэй  шагнал” гэсэн санаа анх төрж, улмаар “авьяас зүтгэлээр илэрнэ, ингэхээр тэр зүтгэл”  гэсэн  бодол эргэцүүлэл  ч бий болсон байх магадлалтай.  Энэ нь  мөн Буддизмын “аливаа амжилт тасралтгүй зүтгэлийн үр дагавар” гэсэн итгэл үнэмшилтэй зөрчилгүй байдаг нь бас л сонирхолтой.  
Монгол ахуй соёлын “бүрэн төгс гүйцэтгэлийг нотлон харуулах” шинжээрээ чадвараас тод ялгардаг авьяас  нь “бүрэн төгс чадвар” гэсэн тодотголоороо Англи хэлний талантын “цэнийн хамгийн том хэмжээс; төрөлхийн авьяас, байгалийн өгөгдөл,  их зүтгэл ...” гэсэн агуулгатай дүйцэн ойлгогдох магадлал өндөр байна. Авьяас иймд талант (talent)-ын эккивалент болно.
Авьяас домог уу, бодит уу?  Энэ асуултад шинжлэх  ухаанч  хариулт  одоогоор алга.  Харин  судалгааны  хоорондоо зөрчилдсөн дүгнэлт олон бий.
 “Хүүхэд тодорхой салбарт гоц амжилтыг үзүүлэх эсэх нь түүний төрөлхийн чадвартай эсэхээс үл хамаарна” гэсэн түгээмэл итгэл үнэмшил байхад  Англи улсад явуулсан асуулгаар хөгжмийн хичээлийн талаар шийдвэр гаргагч эрх мэдэлтний дөрөвний гурав гаруй хувь нь “хүүхэд төрөлхийн авьяас  (бэлэг) үгүй бол тэр сайн сурахгүй” гэж үзсэн байх  жишээтэй.
Авьяас генийн хувьд дамждаг эд, эсээс улбаатай. Иймд тэр зарим талаасаа төрөлхийн шинжтэй.
Авьяасын нөлөөлөл хүүхдийн хөгжлийн эрт үед бүрэн нотлогдохгүй байж болно. Гэвч гойд амжилтын төлөөх бэлтгэлийн үед дасгалжуулагчдад “тухайн хүүхэд авьяастай эсэх” –ийг тогтоох  зарим шинж  ажиглагдаж болно.
Хүүхдийн төрөлхийн авьяасын эрт үеийн илрэл нь түүний амжилтыг таах үндсийг бүрдүүлнэ.
Авьяастай нь олон бус цөөн байдаг. Хэрэв авьяастай нь олон байдаг бол түүний ялгаатай амжилтыг ялгах боломж хомс.
Авьяас  тухайн салбарын онцлогтой. Энэ нь бас харьцангуй.
.

Авьяас нь хүний гойд амжилтаар илэрч хэмжигддэг;  тэр бас хүний үнэ цэнийн том хэмжээс,  тэр оршиж байдаг, алга болдог, бас илэрдэг. Эндээс харахад авьяас хүний амжилт, төрөлх язгуур чанар, мөн чанар, үнэт чанартай холбогдон яригдаад байна. Авьяасыг ийнхүү тодорхойлоод байгаа хүний энэхүү шинж  чанаруудыг  шинжин ажиглавал “тэр хүний язгуур чанар, хэлбэлзэл, долгион, хөг, хөглөгдсөн хөгийн гайхам өнгө” болно. 

Авьяас иймд хөг. Иймд хөгийн чанар, шинж бүхэн авьяаст бий. Авьяасын  шинж бүхэн хөг, өнгөнд оршино.  Авьяас оршино.  Тэр хүн бүрт адилгүй, харьцангуй.  Тэр илэрнэ,  хөгжинө, бас алга болно, дахин бий  болно.  Авьяас илэрч, хөгжихөд хөдөлмөр, зүтгэл, тус тусмаа хүний биеийн эрүүл, оюуны саруул, сэтгэлийн тунгалаг чанар  нэн чухал. Авьяас чухамдаа гайхам хөг, өнгөний  гайхам илрэл.

Авьяас домог бус харин хүний язгуур бодит чанар. Тэр төрмөл шинжтэй олдмол; олдмол шинжтэй төрмөл. Тэр зүтгэлээр хөрсөж, хөгөөр илэрнэ. Тэр амжилтаар хэмжигдэн, дордолтоор үгүйрнэ. Тэр их хөлсийн үнэ. Тэр хүний тунгалаг чанарын цэнэ. Ийм учраас хүний үнэ цэнийн үнэн хэмжүүр.
Авьяасаа иймд зүтгэлээр илрүүл; гайхам амжилтаар мэдэр, тунгалаг байж, түүнийгээ гамна.

Ц.Лувсандорж, Ж. Баярсайхан
2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр