Sunday, May 19, 2019

Бурханы оронд очиход тийм амархан гэж үү?

Бурханы оронд очиход тийм амархан гэж үү?

Одогсдоо үдэгсэд энд тэндгүй л "Бурханы орондоо тавтай морилоорой" гэсэн ерөөлийг дэвшүүлж, урьдаас нь урьдчилж их зүйлийг мэдрээд байх шиг янзтай байх юм.
Бурханы оронд морилоход тийм амархан байдаг гэж үү?

Ер нь бөмбөрцгийн 7 тэмбумын хэд нь тэр оронд зочилж үзсэн, хэд нь тэр орноос морилж ирсэн юм бол. Энэ тоог мэдэх хүн бөмбөрцөгт хэр олон юм дээ?

Бурханы орон (Buddha Land, Heaven, Kingdom of God)-д уг нь эх сударт тэмдэглэснээр гэгээнтэн (enlightened one) Шагжамуна Будда, бурханы хүү, гэгээнтэн Есүс, бурханы элч, гэгээнтэн Мухамед гэх зэрэг цөөхөн хэдэн cод, тод нь лав хүрч, бас энд элдэв хэлбэрээр эргэн ирэн Бурханы орны тухай үйлэндээ уяагдаж орхигдсон хөөрхий бидэндээ үнэнг айлтгаж, түүнд хүрэх мөр, замыг зааж, мэдрүүлж байсан бололтой юм. Ийм гэгээнтэн сод, тод нь өнгөрсөн бүх цаг хугацаанд байжээ. Одоо ч байгаа. Ирээдүйд олноор байх биз ээ!

Одогсдоо бурханы оронд очно гэж их гүн ерөөн итгэж үдэн үлдэгсэд бид тэгэхээр оршихдоо харин түүнд очиход их бэлдмээр, тун суралцмаар юм шиг. Тэр оронд хүрч, ирж байдаг үе үеийн сод, тод гэгээнтний замналыг харж, номлолыг эргэцүүлж, үнэн мөрийг эрхэмлэн явмаар юм шиг. Эсвэл үгүй юу?

Одогсдоо бурханы оронд гарган үдэж үлдэгсэд бид оршихдоо харин бурхан чанараа л нээн олж харж, өрөөлийн сайн сайхны төлөө өөрийгөө умартаж явах зам дээр гарч үзэн, тэр жамаар нь дундаж замаар (middle way) явж үзмээр юм шиг. Үнэнийг номлогчдын бурханы оронд хүрэх замд дээр байж чадан жамаар нь гэлдэрч байгаа эсэхээ их шинжмээр юм шиг. Түүнд бэлдмээр юм шиг.

Сорилд хэдий чинээ их бэлтгэнэ, түүнд төдий чинээ амжилт үзүүлнэ. Ийм байдгийг бүх л насаараа шалгуулсан бид тун сайн мэднэ дээ. Тийм ээ!

Тэгэхээр одогсдоо хүрч очно гэж ерөөн найдаж байгаа тэр орны визийг оршихдоо хичээнгүйлэн бэлтгэж байгаад одохоосоо өмнө олоод авчихаач.

Тэгвэл одогсдоо очно гэж байгаа тэр оронд энд байх зууртаа бүр хэд хэд зочилж болох бус уу!

Ц.Лувсандорж

2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Thursday, May 16, 2019

Хотоо хэвтээд тэл

Хотоо хэвтээгээр тэл
Хотоо босоод биш харин хэвтээ тэнхлэгт тэлэх нь тренд юм. Харин орон сууцны тэнгэр баганадсан барилга тренд биш. Иймд цаашид түүний үнэ цэнэ өдөр ирэх тусам; энэ трендийг олон хүн ухаарч мэдрэх тусам үнэ нь маш хурдтайгаар унана. Энэ нь жам, зам юм.
Төр, эзэд, банк гурав хамтарч мөнгө угаасан байж мэдмээр ипотекийн зээл гэгч завхрал хэрэв манайд гараагүй бол манайд энэ тэнгэр баганадсан орон сууцны үнэ маш хямд байх ёстой байв. Учир нь тэр тренд биш муу хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр өндөрт байгаа нь зах зээлийн бодит хэрэгцээнд шахагдаж баригдана, зарагдана. Хууль ийм л юм.
Хуулийг гууль болсны дүнд одоо шинэ гэх тэр орон сууцны ихэнхи нь эзэнгүй байдаг. Эзэнтэй байлаа гэхэд эзэн нь монгол биш, сайндаа түүний хамрагч нь байх.
Эзэнгүй удаж байгаа эдгээрийг ариун цагаан хөдөлмөрийн хөлсөөрөө худалдаад авах боломж, магадлал нэг цагийн ажлын хөлс нь 2 доллароос хэтэрдэггүй монгол хүнд маш бага юм. Яахав зээлэнд уяатай халтар болж байж авч болох юм. Гэвч тэр нь түүнийг хэт уядаг, бас тэр хэт уяагддаг. Хэт мөлждөг.
Зөв, төв нь төрөө барьж түмнээ удирдах цагт; цахилгаан, дулааны үнэ, газрын татвар бодитой болж нэмэгдэх тэр үед одоо хоосон байгаа энэ олон шинэ гэх тэнгэр баганадсан байр маш хямдаар л авагдана, зарагдана. Энэ бол харин тренд юм.
Монголчууд энэ трендийг харж босоод биш хэвтээд тэмүүлж хөрөнгө оруулалт хийвэл ононо. Ингэхэд одоо навсайж, тоосонд дарагдсан хашааны газар тань хэвтээ тренд, цэнэтэй хөрөнгө оруулалт болж харагдана.
Хотоо босоод биш хэвтээд тэл. Энэ трендээр хамгийн олондоо 5-аас хэтрэхгүй давхартай орон сууц босго. Тэгвэл цагаан мөнгө, гоё хөлс олно.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Friday, May 10, 2019

1072-ын хувь заяа

1072-ын хувь заяа
Манай өнөөх 1072 хувьцааны хувь заяа яаж харагдаад байна даа. 2,5 сая хүн 1072-ыг ингээд л эзэмшиж тэгээд л ноогдлоо бидэнд өгөөд байна гэж хэр олон маань нь гүн итгэж байна даа!
1072 хувьцааны эзэн гэх энэ 2.5 сая сүрэг хүн бид эртнээс түүнийг их сайн анхаарч, хайхарч байхгүй бол "IPO" хийсний дараа олигархиуд, овт шаарууд түүгээр зүгээр л цэнэгүй болтол нь тултал нь тоглож "ард тэнэгүүд" гэж үзэж байдаг биднээсээ бүгдийг хуу хурааж авах вий дээ. Хөөрхөн өнөөх 1072-д ийм зам, төгсгөл л их тод харагдах юм. Иймд хөөрхий 1072-ыг хөөрхий тийм замаас аль болох салгахын төлөө 2,5 сая сүрэг аль болох эртнээс их эргэцүүлбэл онох юм шиг. Сэргийлбэл зохих юм шиг.
Цэнхэрт мэлийж ягаанд ногоорч явсан цагаас одоо бидний энэ бөндгөр эрх биш өөр болсон байх.
Оролцоог их нэмэгдүүлж байж бид ардчилал гэгчийг энд улсад амь оруулна. Эсрэг тохиолдолд ардчилал, шударга ёс гэж чанга орилолдсон л гандангийн тагтаа шиг голиогоод байдаг харин бусад нь ард үлдэж ард болж хувирдаг нь манай зам монголын жам болчихсон байх. Ард болгоно, ард болгоно гэж ан, ман үзээд байгааг эрх биш одоо ухаарсан биз ээ.
Одоо хүртэл хөөрхий 1072 нь 2,5 саяад хоол нэмэрлэхээс илүү хор л их болж ирэв. Түүгээр ноогдол ашиг өгнө гэж дээрээс голдуу цуурхал тараана.Үүгээр нь брокерийн пүүс байгуулж, түүгээрээ ноогдол ашгийн данс нээлгэх нэрээр монгол нь "мангар" гэгч ард биднээсээ мөнгө хийж, тэгээд тэр пүүсээ тэд дампууруулчилдаг мөнгө хүүлэх нэгэн шинэ хэрэгсэл, үзэгдлийг хөөрхий бидний тэр 1072 бүтээв. Ийм мөнгө хүүлэлт хорлолыг тээр жил тэд нэг хийсэн. Саяхан бас нэг түүнийгээ мартагнуулж байгаад их гарамгай давтав.
Хөөрхий 1072 уг нь их хөөрхөн сэтгэлгээ юм. Бас хөөрсөн давалгаа мөн. Хөөрхөн хувь заяатай юм. Тэгэхдээ эртнээс сүрэг нэгсэж оролдвол, нэгдэж оролцвол хөөрхий энэ 1072 уг нь их хэрэгтэй 1072 юм.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Thursday, May 9, 2019

Орон сууцны тэнгэр баганадсан барилга тренд биш, харин...


 Орон сууцны тэнгэр баганадсан барилга тренд биш, харин...

Ихэнхи иргэд барилга, байгууламжийн үнэ, цэнийн талаар "А" ч байдаггүй мэт авирладаг.

Дээдэх нь айлын шал, дэргэдэх нь өрөөлийн хана, доодох нь бусдын тааз, өөрт нь оногдох нь зөвхөн орон зай төдийхнээр хэдэн үеийг нь тэжээж тэтгэх хайран газраараа хээв нэг сольчихоод солиорчихсон юм болов уу гэмээр тун их баярлаж суух нь нэн их элбэг байх. Тэр Хангай хотхоныхон, энэ мэт олон хотхоныхон, ер нь, ямар газартай, үнэ цэнэтэй үлдэв дээ. Хар даа!

Орон сууцны тэнгэр баганадсан барилга бол тренд биш. Цэцэн хөрөнгө оруулалт ч биш. Харин газар дээрээ хаус босгох нь тань, түүнд халуун ус хийгээд сантехникийн үйлчилгээг хүргэхийн төлөө нэгсэж тэмцэх тань харин цэнэтэй хөрөнгө оруулалт ч мөн, ашиг ч мөн, тренд ч мөн.

Газар хэзээ ч л үнэ цэнэ. Газар хөдлөлтөнд ч тэр үнэ цэнэтэй хэвээрээ л үлдэнэ. Тэр тэгэхээр тренд байсаар ирсэн юм.

 Цэцэн хөрөнгө оруулалтын төлөө цэцэн зөвлөгөө ав, цэцэн үйл хий. Трендэд тэгээд хөрөнгө оруулалт хий.

Ц.Лувсандорж

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Хамтрагчаар соёлжсон монголын тээр өдөр

Хамтрагчаар соёлжсон монголын тээр өдөр


"Таван сарын турш хамтарсан нь баримтаар нотлогдвол өмч хуваана" гэсэн феминист заалтаас болж алинтай нь ч 4 сар, 29 хоногоос илүүтэйгээр хамт амьдарч үзээгүй ч таван хамтрагчаас олсон таван хүүхдээ хүний дайтай өсгөж хөлгийн дөрөөнд хүргэсэн Дулам эмээ ахмадын асрамж (elder care centre)-ийн газартаа эртлэн босож эрээн бараан амьдралыг эргэцүүлэн суух...

Дулам эмээгийн энэ дундуур бодлыг харин залуухан хамтрагчтайгаа ид яваа залуу асрагчийн "энэ сонгуульд Хамтрагчийн эрх ашгийг хамгаалах нам ялжээ" гэсэн цангинасан дуу сарниана. 

Тийнхүү хэлж баяртай зогсох залуу асрагчийг Дулам эмээ дурамжхан харснаа тэрээр цааш түнтэр тунтар хэд алхахшуу болж бүүдгэр өдрийн бүүдгэр цонхоор шагайвал тээр тэнд хамтрагчид сонгуульд ялсан баяраа цугаар тэмдэглэж, туг дарцаг болж байх... 

Хамтрагчийн эрх ашгийг хамгаалах нам сонгуульд ийнхүү ялсанд хамтрагчид бөөн баяр, бөөн хөөр....

Олон асуудлаа олноороо тэд одоо өөрсдийнхөөрөө л шийднэ. Хамтрагчийн соёлоо бүр бататгана, их түгээнэ...

Залуухан хамтрагчид ийнхүү ихэд баярлан хөөрч байхад хамтрагчийн соёлыг бүтээх, хамгаалах хуулийн заалт бүрийн ялагч нь бус харин жинхэнэ хохирогч болж амьдралыг өдий хүртэл тийнхүү туулж замын төгсгөлд ийнхүү ирсэн Дулам гуай харин дуугаа ихэд хурааж, өдөржин дуугүй л суух...


Ц.Лувсандорж

2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Thursday, May 2, 2019

Сайдын сайн үйл, зөв үзүүлбэр

Сайдын сайн үйл, зөв үзүүлбэр

Нэг хэвлэлийн хуудас нь 1,5 сая төгрөг болсноос хойш сурах бичиг бичих гэдэг авилга болж сурах бичиг нь харин зүгээр л зузаан новш болсон байдаг. Үүнийг сайд нь харин нэгэн сургуульд гэнэт очингоо нэгэн сурагчийн цүнхийг жинлэж хөөрхөн үзүүлбэрээр эвтэйхэн хүргэв.

Үгээр хэлээд ухаардаггүй улсад сайд нь ингэж үзүүлэх нь харин их зөв юм.

Сайдын энэ үзүүлбэр сурах бичгийг "сурах бичиг бичнэ гэдэг нарийн мэргэжлийн шинжээчийн урт хугацаанд ур шингээн хийх үйл; сурах бичиг гэдэг сурагч өөрөө эрдмийг гүехэн биш гүн, гуньж биш харин баясан сурч болох увдистай, хүүхдэд ээлтэй сурахын хөтөч ном" болгоход хөтөлж байж мэднэ. Ийм байж чадваас сайдын энэ үзүүлбэр сайн үйл мөн.

Сайдын энэ үзүүлбэр иймд сурах бичгийг сайн болгохын эхлэл сайн үйл юм, зөв үзүүлбэр мөн.

Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Монгол хэл уг нь эдний маань эх соёл, эх хэл нь юм шүү дээ

Монгол хэл уг нь эдний маань эх соёл, эх хэл нь юм шүү дээ
Монгол хэл монгол хүүхдэд хамгийн хүнд, бас хамгийн уйтгартай хичээл болсон. Үүнийг судалгаа ч, энэ тохиолдол ч, бас "эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч" гэсэн нийтлэл ч, мөн ажлын өргөдөл хүлээн аваад ангайж гайхан зог тусан байгаа ААН-ийн хүний нөөц ч, за тэгээд хүн бүр л хэлж, шүүмжилж байна.
Яагаад ийм болов. Их энгийн. Их ядуурал. Монгол хэлийг амь зуулгаа гэж үзэн түүнийг хэл шинжлэлрүү маягийн юм болгож аваад судалгаа гэгчийнхээ дүнг ямар ч арга зүйн боловсруулалтгүйгээр хүүхдэд шахдаг, сурах бичигт лоббигоор оруулдаг, за тэгээд, бүүр дүрэмжин хийрхдэг, тэгснээ хэнийх нь дүрэмжилт зөв байна гээд үндэсний түвшинд маргалдан хэсэгт хуваагдан хэрэлдсээр тэд.... Ингэж эх соёлыг маань хэсэг этгээд өмчилсний гай, горь энэ мөн.
Үүнийг засах ёстой. Ихийн эхлэл эх хэл, соёлоо эднээс салгаж авах ёстой юм. Ингэхэд уг нь энэ завхрал амархан засагдана. Учир нь монгол хэл монгол хүүхдийн эх соёл, эх хэл нь юм шүү дээ, уг нь.
Энэ алдааг засахад монгол хэл монгол хүүхдэд хамгийн хөнгөн, хамгийн баясалтай хичээл болно. Хамгийн чухал нь, танин мэдэхүйн хэрэгсэл ийнхүү эх хэлээр дамжин тэдэнд баясалтайгаар, хөнгөнөөр бий болсон байх тул тэд маань одоо амьдралд ч, шинжлэх ухаанд ч, сурахад ч алзахгүй юм. Эх хэл ихийн эхлэл байдгийн үнэ цэнэ чухамдаа энэ.
Ц.Лувсандорж
2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр