Thursday, May 30, 2019

Үлгэр аавуудаар бахархана

Үлгэр аавуудаар бахархана
Нэгэн тэмцэгч өөрийн ааваа, үе тэнгийнхээ улс төрчийн улс төрч аавтай харьцуулж эргэцүүлж сэтгэгдлээ бичсний олж үзэв. Түүнд тэрээр өнөөх 30 жилд өөрийн туйлж яваа амьдралаа 30 жилийн турш улс орныг манаруулж байгаа улс төрч аавтайгийнхтай харьцуулжээ.
Тэмцэгч таны аав шиг үлгэр хүн өнгөрсөнд олон байсан. Харин өнгөрсөн 30 жилд тийм аав шиг аав цөөрч, харин нөгөөхийнх шиг аав нь од болж бүр олон болсон доо.
Өнгөрсөн 30 жилийн иймэрхүүгээр биш харин түүнээс өмнө үлгэр аавуудаар би бахархана. Тэд хөдөлмөрлөж амьдардаг жамаар явж үлгэр болох зөв, төв замыг зааж үлдээсэн үлгэр хүмүүс юм.
1990 оны гэх хувьсгалын маргааш л манан 90 жилийн турш хүний хөдөлмөрөөр бий болсон улсын өмчийг элдэв аргаар хувааж өөрийн болгох ажлаа улс төр нэртэйгээр шууд өрнүүлсэн юм.
Үүний гол тархи угаалт нь, төр муу менежер, хувийн өмч эрх чөлөөний баталгаа гэсэн гоё уриа, хөөрсөн үгс байв.
Өнөөгийн энэ жижигхээн монголыг бүү хэл дэлхийг эзэгнэсэн Эзэнт гүрнийг хүртэл төрийн менежментээр босгодог тул төр муу менежер биш. Энэ худал бөгөөд их хорон санаатай хийрхэл юм. Гэвч харин төрийг ийм болгодог муу менежерууд бол бий. 30 жилд дэлхийг гадаад өрөөрөө л тэргүүлэх болтол улс орноо өржүүлсэн төрийг эзэгнэсэн МАН-АН бол мэдээж муу менежер юм.
Хувийн өмч эдийн засгийн эрх чөлөөг хангахад чухал үүрэгтэй нь үнэн. Гэвч эдийн засгийн эрх чөлөөг худалдан авдаггүй, хөлсөөр, хөдөлмөрөөр, өөрөөрөө л олж авдаг юм. Мэдээж түүнд хулгайлж, хумсалж хүрэх нь буруу. Тэгэхээр энэ уриатай хийсэн тэр үйл буруу болно. Хар л даа. цаана тань алийг нь ч үүсгэж байгуулаагүй атлаа 4-5 үйлдвэртэй, буудалтай хүн МАН-АН-д олон л байна.
Хөдөлмөрлөхгүйгээр амь зуух зам, замналаа эндээс л энд тэд тэгэж эхлүүлсэн. Энэ нь буруу зам. Буруу учраас үнэнийн дэнсэнд дээр очиход эцэстээ бид бүгд л хохирогч болно. Тэгэхээр бид нийлж энэ буруу замаас гарах ёстой.
Хүн хөдөлмөрлөж хөлсөөрөө амьдардаг юм. Хүн хөдөлмөрлөж өмч босгож, эдийн засгийн эрх чөлөөгөө өөрөөрөө бий болгодог юм. Энэ л зөв, төв зам, жам мөн.
Үүнийг л та хэлжээ. Сайн байна. Тэмцэгч таныг дэмжиж байна. Цаашид бүр олон хүн тань шиг ийм харьцуулалт хийж, түүнийгээ чангаар хэлж, үүнийхээ төлөө үйлс өрнүүлэн улсаа зөв, төв замд хөтлөх нь тун зөв. Ингэх нь бас иргэний ирээдүй хойчийнхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага ч юм.
Ингэж байж л энэ улсын ирээдүй гэгээн болж хойч үе нь хөгжилтэй, баясалтай, улс нь золбоолог, жавхаалаг байх юм.
Эс чадваас дампуурсаар л...Эцэстээ сөхөрнө.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Monday, May 27, 2019

БСШУС-ЫН САЙД Ё. БААТАРБИЛЭГТ БИЧСЭН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

БСШУС-ЫН САЙД Ё. БААТАРБИЛЭГТ
БИЧСЭН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

                    
Сайдаар томилогдон “бал сар шиг” өнгөрөөсөн өдрүүддээ Таны “... хичээл цөөлнө,... даалгавар багасгана, ... сургалтын төлөвлөгөөнд тохиргоо хийнэ ...цүнх жигнэнэ ..” гэх зэргээр хэлсэн үг, үзүүлсэн үзүүлбэрт тань туршлагагүй нь уяарч хөөрмөөр, нухлагдсан нь гутарч гундмаар байвч  “урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэсэн ухаанаар харж алдааг тань аль болох далдалж, урмыг аль их өгч ирснээ энд тэмдэглэж байна. Гэвч бал сар мөнхөд үргэлждэггүй. Тэр төгсдөг. Таны энэ салбарт сайдаар томилогдон “бал сар” шиг өнгөрүүлсэн өдрүүд тань ч одоо иймд ард үлдэнэ.  

Боловсролын салбар санаатай, санаандгүйн зааг дээр бодлогын том дампууралд ороод нэн удаж байна. Энэ салбарт хариуцлагагүй байдал газар аваад тун удаж байна. Энэ салбар намчирхлын хар үүлний сүүдэрт нутаг довны хар үйлийн үрэнд нэрвэгдээд их удаж байна. Дүнд нь дэлхийд цэнэтэй байдаг эрдэм, мэдлэг энэ улсад л үнэгүй, цэнэгүй болов. Профессорын нэг цагийн ажлын хөлс манай улсын орцны үсчнийхээс хэдэн арван дахин бага болтлоо; ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн багшийнх нь нэг цагийн хөлс социализмын үеийнхээс арав дахин л лав их бага болтлоо, 2 доллароос хэтрэхгүй болтлоо хөтөлмөрийн мөлжлөгт нэрвэгдэн  энэ салбарын ямар ч байгууллагын удирдлагаар хэн ч хамаагүй томилогдон ирдэг болтлоо энд мэдлэг, чадвар, мэргэжил, мэргэшил үнэ цэнэгүй болов. Нийгэмд соён гэгээрэл унаж, харин мунхаглал, тэнэглэл, бурангуй байдал газар авав. Дүнд нь нийгмийг мэдлэг, мэргэжил, гэрэл, гэгээ бус харин мунхаглал, тэнэглэл, дэмийрэл, намчирхал хөтлөхөд хүрч байна.

Салбайсан салбарыг сайн болгоно гэж, сайн нь гэж сайдаар томилогдон ирдэг үе үеийн сайд гэгчдэд бивээр нээлттэй гэх ийм нэгэн захидлыг илгээсээр ирэв. Ийм захидал бүр л “Та хүүхэд хохирсоор, багш ядуурсаар, салбар улам салбайсаар байгаагийн хаагуур морилж явна вэ” гэж эхэлдэг юм.

Та 600 орчим хүүхэд сүрьеэгийн нян авчихсан; хагас сая хүүхдэд эх хэл монгол хэл нь аргагүйн учраас хамгийн хүнд, хамгийн уйтгартай хичээл болчихсон, эрүүл хүүхэд бүр маш сайн, сайхан сурч болдог математик нь мангас хичээлээр тодорчихсон, ирээдүйн иргэдийг мухар сүсгээс ангижруулах гол үүрэгтэй физик, хими, биологийн гэх шинжлэх ухааны хичээл нь модон хэлээр урвайн уншихаас өөрцгүй унших бичиг болчихсон, яг ийм маягийн 22 сүлжээний бизнес болох 22 хичээлийн дарамт дор баясал цэнгэлээр дүүрэн явах ёстой хүүхэд насандаа хүүхэд бүр залуухан хөгшид болтлоо гөлөрчихсөн, гөлийчихсөн  байгаагийн хаагуур морилж явна вэ!

-Яамны гадаа халтар хүү өдөржингөө гуйлга гуйж байгааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд хэдэн арваараа уяачдыг цэнгүүлж өдөржингөө хурдан морь унаж ам нь ангаж, амиа алдаж байгааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр ЭЕШ гэх мөнгө хүүлэх үйлийн золиос болж  мөнгөө үрж, хөлсөө урсгаж, хүслээ мохоон хохирогч болж байгаа Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр мөнгө угаах хэрэгслэл болох муухай, муу сурах бичиг, төгсөлтийн найдваргүй, тохирцгүй жишиг даалгаврын шахааны хохирогч болж байгааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр мөнгө хүүлэх үйл болох үдийн цайгаар үдийн хор идэн хохирогч болж байгааг Та харахгүй байна уу!

-Ардын хүүхэд алгахан зай дор багталцан ядаж нэг ангид 60 хүртлээ сууж, сурах гэж эрүүл мэндээрээ ихэд хохирч явааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд мөнгө хүүлэх сүлжээ болсон агуулгын давхцалтай 22 хичээлийг өдөр бүр 7 цагаар үзэж, тамиргүй нуруундаа том ачаа үүрч бие, оюунаараа ядран хохирогч болж явааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр олимпиад, тэмцээн, уралдаан, бяцхан дуучин, бяцхан мисс, хүүхэд мистер, хүүхэд эрдэмтэн гэх зэргээр гадаад, дотоодын мөнгө хүүлэгч томчуудын зохион байгуулалттайгаар мөнгө хүүлэх элдэв үйлийн хохирогч болж явааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр Үндсэн хуулийн суурь үзэл санаа, зарчмыг улиндаа гишгэсэн олигархижсан, лоббижсон бодлогын алагчилсан үзэл, шударга бусын золиос болж бүлтэгнэн явааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр сургуулийн эргэн тойронд хаврын ядарсан борлонгийн нуруунд хурсан шалз, хувалз лугаа багширсан энэ олон сургалт, хувийн сургуулийн ард нуугдсан гадаад, дотоодын мөнгө хүүлэгчийн мөнгө хүүлэх үйлийн золиос болж хохирогч болж байгааг Та харахгүй байна уу!

-Хүүхэд бүр сургуулийн орчинд тоглохдоо айдастай, сурахдаа дарамттай, сурлагадаа гуйлттай хүүхдээрээ өтлөн хохирогч болж явааг Та харахгүй байна уу!

- Оюутан бүр чанаргүй, их сургуулийн үнэргүй, маш олон их, дээд сургуулиар мөнгө хүүлэх хэрэгслийн золиос болж, онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд болж байгааг Та харахгүй байна уу!

-ЕБС, цэцэрлэгийн багш, их сургуулийн профессор хөдөлмөрийн мөлжлөг дор байж, ажиллаж ядуурч, ядуурч ажиллан хохирогч болж явааг Та харахгүй байна уу!

-Эрдмийн дээдийг тээгч болох докторант бүхэн чанаргүй сургалт, чанаргүй хамгаалалт хийгээд танил тал, нутаг довны үзлээр бүрдсэн хамгаалах зөвлөл гэгчийн мөнгө хүүлэх үйлийн хохирогч болж явааг Та харахгүй байна уу!

-Үндэсний оюун санааны ганц үйлдвэр, эрдэм мэдлэгийн ганц уурхай болж ирсэн  ганц их сургуулиа “либерал арт” үзлээр үгүй хийж байгааг Та харахгүй байна уу!

- Мэдлэгийн экспорт, чадварын импортоор улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байх ёстой байдаг боловсрол, шинжлэх ухаан, спорт, урлагын салбар тань Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлэнд нь хүлээстэй, бодлогод нь баглаастай байж, гадаадын үнэтэй авч цэнэгүй зөвлөх үйлчилгээг шахаагаар авч их мөнгийг салхинд зүгээр хийсгэж өр үүсгэдэг, мөн мастер төлөвлөгөөг мастер төлөвлөнө гэж ярихаас өөр олигтой зүйл хэлдэггүй, хоосон хийссэн цааснаас өөр үртэй үйлс өрнүүлдэггүй, үлдээдэггүй хорон бодлогоор хорлогдож ирснийг харахгүй байна уу?

“Харахгүй байна уу” гэсэн бүхнийг олж харж чаддаг алсын хараатай, бодит үйлдэлтэй, хүүхдийн төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй, үнэн зүтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, туршлагатай  сайд л энэ салбарт чинхүү хэрэгтэй байна. Ийм сайд өнгөрсөн 30 жилд харамсалтай нь энэ салбарт даанч таарсангүй. Таныг ийм анхны сайд болоосой гэж чинхүү хүсэж байна. Ийм байхын төлөө хараагүйгээ харж ажиллана гэж үнэнхүү найдаж байна.

Харж чадахгүйгээ харах  алсын тань хараа, итгэж чадахгүйдээ итгэх гүн итгэлээ олоход тань хэрэг болж мэдэх цөөхөн хэдхэн санаа, саналыг бас л улиг болгон энд тэмдэглэн хүргэж байна. Үүнд:
Нэг. Манай улсын хүн амын 45 хувийг багш, суралцагчдад дангаараа эзэлж байна. Энэ нь таван хүний хоёр нь боловсролын салбарын үйл ажиллагааны жинхэнэ эзэд байна гэсэн үг.  Манай улсын хүн амын 64 хувийг сурах, хөгжих хүслээр жигүүрлэсэн 0-34 насны  хүүхэд залуу эзэлж байна. Энэ нь гурав хүний хоёр нь боловсролын салбарын сургах, хөгжүүлэх үйлчилгээг авагч, жинхэнэ үйлчлүүлэгч нь  болж  байна гэсэн утга.  Манай улсын боловсролын салбар ингэж л хүний хөгжлийн талбар болж харагдана.  Иймд энэ салбарыг Та хүний хөгжлийн талбар болгон хувирга.
Хоёр. Манай улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлэх төдий бус харин хүний хөгжлөөр хөтлөгдсөн улсын хөгжлөөрөө дэлхийг үлгэрлэх бүрэн боломжтой, бүрэн өгөгдөлтэй орон мөн.  Үүний тулд бидэнд улсын хөгжлийг хүнээр бүтээх уран ухаан, цэцэн бодлого хэрэгтэй.  Ийм цэцэн бодлогыг Та хэрэгжүүл.
Гурав. Байгалийн баялаггүй атлаа хүмүн баялагийнхаа ачаар дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж, аятай сайхан аж төрөхийн үлгэр  болж яваа Япон гэх мэтээр жишээлэн дуудагдах олон улс бөмбөрцөгт байна. Тэдэнтэй харьцуулахад бидэнд байгалийн яндашгүй их баялаг байна. Үүнийгээ хүмүн баялагтай хослуулж эдлэвэл  тэднээс илүүтэй их боломж бидэнд л харин их байна.  Мөн олон сая хүнтэй атлаа олигтой хөгжилд хүрээгүй олон улс, нийгэм энэ дэлхийд цөөнгүй бий. Бас бидэнтэй олон талаараа  адил нөхцөлтэй, төрөл садан лугаа түүхэн хэл сэтгэлгээтэй, 5 сая хүнтэй, тусгаар улсын 100 гаруйхан жилийн түүхтэй  атлаа хүний хөгжил, боловсролын чанараараа дэлхийг гайхашруулж, бидэнд гайхуулж байгаа Финланд гэх нэг улс бөмбөрцөгт одоо байна. Хүн амын олноороо биш харин хөгжлийн чансаагаар дэлхийд үлгэр болон хөгжиж болохын бодит үлгэр болсон ойр, дотно жишээ бидэнд ийнхүү байна. Хүний олноор биш харин хөгжлийн чансаагаараа өөдлөн дэвшихэд зах зээлийн хязгаарлагдмал нөхцөлтэй тээр алсын Япон, Финландаас илүүтэйгээр бидэнд л харин  боловсролын үйлчилгээ болон мэдлэгийг экспортлох зах зээлийн хязгааргүй  боломж  хавьгүй илүү байна.  Улс монголоо хэзээ ч дундардаггүй, харин ямагт ундарч байдаг  мэдлэгийн экспортоор дэмжин хөгжүүлэхэд бидэнд хүнээ л мэдлэг бүтээгч, мэдлэг, чадвар экспортчлогч болгон хөглөх, хөгжүүлэх хэрэгтэй байна. Ийм уран ухаан, цэцэн бодлогыг Та хий, хэрэгжүүл.
Дөрөв. Манай улсын өвөрмөц онцлог, хүнийх нь өвөрмөц өгөгдөлтэй тун ихээр эвсэн нийцэх хүний хөгжлөөр хөглөгдсөн улсын хөгжилд хүрэхийн тулд бид боловсролын бүхий л түвшний үйлчилгээ бүрийг нарийн мэргэжлийн болгох, үйл бүрийг хүний төлөө, хүүхдийн төлөө болгосон хүний хөгжлийн бодлогыг нийтээр хэлэлцүүлж, бүгдээр дэмжин нийтийн үйлс болгож хэрэгжүүлбэл нэн зохино.
Ийм дөрвөн зүйл санааг ихэд эргэцүүлж бодлогоор үйлс болгон өрнүүлж чадваас  боловсролын яам болдоггүй, болхи яам биш харин бодлогын яам, хүний хөгжлийн яам болж ирнэ. Тэгэхэд боловсролын хүрээлэн мэргэжлийн хүрээлэн, хүний хөгжлийн бодлого судлалын хүрээлэн болж өөрчлөгдөнө. Боловсролын салбар хүний хөгжлийн талбар болж ингэж өөрчлөгдөхөд боловсролын үнэлгээний өнөөх шалгалтын төв хүүхдийг биш харин салбарын үйлчилгээний чанаржилтыг хэмжих, үнэлэх, төсвийн үр ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх үүрэг, хариуцлага бүхий байгууллага болж хөгжинө.
Боловсролын салбарын үйлчилгээ бүр хүний хөгжлийг хангагч болж ирэхэд сургуулийн удирдлага, захирал намын биш харин номын нарийн мэргэжилтэн, манлайлагч, удирдагч, нийгмийн зүтгэлтэн болж өөрчлөгдөнө.
Боловсролын салбар хүний хөгжлийн талбар болж ийнхүү хувирахад бүх түвшний боловсролын агуулга, сургалтын хэлбэр болох, болохгүй сонирхлын илрэл болох болхи лоббигоор дүүрэхгүй, харин хүнийг төлөвшүүлэх, цэнэжүүлэх, чадваржуулах, үнэжүүлэх мэдлэг, чадвар, арга барил, ур ухаан, соёлоор л бялхсан байх юм. Тэгэхэд цагт боловсролын бүх түвшний агуулгыг “ихийг гүехэн биш харин багыг гүн судлах” боломжийг суралцагчдад олгосон байх зарчмаар л хянадаг, хөгжүүлдэг, хэмждэг, санхүүжүүлдэг, баталдаг  болсон байх болно.
 Боловсрол, сургалтын агуулга ийм болох цагт  цэцэрлэг, бага сургуулийн агуулга нь мэдлэгээр, үйл нь уралдах, тэмцэлдэхээр  бус  харин хүмүүжил, төлөвшил, монгол соёлоор дүүрсэн байна. Дүнд нь тэнд монгол хэл, соёлоороо аятай сайхан ярьдаг, уншдаг, бичдэг монгол хүн монгол нийгмийн үргэлжлэл төлжиж байх юм.
Боловсролын агуулга хүний хөгжилд ингэж чиглэх цагт ерөнхий боловсролын агуулга нь түүхэн мэдлэгээр бус харин шинэ мэдлэгийг өөрөө олж эзэмших арга ухаан, сурах арга барилаар дүүрсэн байна. Дүнд нь тэнд бүтээлч монгол хүн, асуудлаа өөрөө шийдвэрлэгч, өөртөө итгэлтэй монгол хүний арвин нөөц бэлтгэгдэж байх юм.
Боловсролын салбар бүхэлдээ хүний хөгжлийн талбар болоход мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн гэх байдаг л нөгөөх төвүүд хүнийг  ур чадваржуулах үйлдвэр болж шинэчлэгдсэн байна. Тэд зах зээлээс шахагдсан хуучин чадварын хоцрогдсон үр ашиггүй үйлдвэрлэлийг  тээгч биш харин дэлхий зиндааны ур чадварын  шилдэг импортлогч болж орших юм. Дүнд нь тэнд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд ур чадвараа цэнэлүүлж чадах чадварлаг монгол хүн бүтээгдэж байх болно.
Дээд боловсролын салбар хүний хөгжлийн төлөө болж хувирахад их сургууль зөвхөн шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийг бүтээгч болж байж л орших болно. Их сургууль ийм болох цагт нэг багшийн цаана нижгээд туслах ажилтан явж байдаг өнөөгийн үрэлгэн, үр ашиггүй төлөв байдлаас тэд салж дөрвөн профессорт, нэг л туслах, дэмжих ажилтан оногдож байх зарчмаар үр ашигтай, үр дүнтэй, өгөөжтэй  бүтэц, удирдлагад өөрөө аяараа шилжсэн байх юм. Их сургууль ингэж их мэдэхийн талбар болоход их сургуулийн профессорын нэг цагийн хичээл одоогийнх шигээ 4 долларын цэнэд ч хүрэхгүй  биш харин дэлхийн зиндаанд ойртож 34 долларт хүрч үнэлэгдсэн байх болно. Үнэтэй зүйл цэнэтэй байдгийн учир энд бий. Дүнд нь их сургуулиуд монголоосоо мөнгө хүүлэгч биш харин мэдлэгийн экспортоор дэлхийгээс монголын төлөө баялаг бүтээгч болсон байх болно.  

Боловсролын салбарын үйлчилгээ бүр хүний хөгжлийн төлөө болж чиг зүгээ ингэж зөв, төв гаргаж өөрчлөхөд боловсролын үйлчилгээ, сургалтын бүхий л түвшний арга зүй, технологи нь хоосон, хуулсан, хийрхсэн, хуулбарласан, нутагшаагүй, хэлбэрдсэн байдлаа орхиж, харин “хүний ялгаатай байдлыг үгүйсгэн арилгах бус харин түүний төрмөл өгөгдлөөс үүдсэн ялгаатай байдлыг хөхүүлэн дэмжсэн ялгаатайд ялгаатай хандах замаар тэгш байдлыг хангах”  зарчмаар хянагддаг, шалгагддаг, үнэлэгддэг, хөгждөг болсон байна.  Дүнд нь  хүүхэд бүрт, суралцагч бүрт сурах нь гуниг биш, харин баясал, цэнгэл, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл болж хувирна. “Сурах хөгжих, хөгжил амжилт” гэдгийн утга учир энд бас бий. 

Боловсролын салбар хүний хөгжлийн талбар болж хувирахад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш одоогийнх шигээ олон эзний ганц зарц биш харин энэ салбарын үндсэн  ганц ажилтан, үндсэн ганц мэргэжилтэн болж үйлс нь үнэн цэнэлэгдэн  чинхүү үнэлэгддэг болсон байна. Тэр цагт багш  зөвхөн  хүнийг хөгжүүлэх ажлын эх үндэс болох багшлах, сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үндсэн ажлаа л мэргэжлийн өндөр түвшинд үнэн чанартай, чансаатай хийдэг болсон байх юм. Багшийн ажил ингэж нарийн мэргэшиж, чансаажиж эхлэхэд түүний  нэг цагийн ажлын хөлс одоогийнх шигээ 2 долларын цэнэд ч хүрдэггүй хуурмаг биш харин бодит болж бодитой цэнэлэгдсэн байна,  бодитой нэмэгдсэн байна. Багш бодит өртөг, зардлаар л багшлах ажлаа бодитой хийх нөхцөл бүрдсэн байна. Бодит өртөгөөр л ажил бодитой хийгддэгийн утга учир энд бас бий. 

Боловсролын салбар хүний хөгжлийн төлөө талбар болж хувирахад эрдэм шинжилгээний хүрээлэн, академиуд нь хэзээ хэрэглэгдэх нь тодорхойгүй, ер нь, хэзээ ч, хаана ч хэрэг болохгүй байж ч мэдэх их цаас үйлдвэрлэн хадгалагч биш харин баялаг үйлдвэрлэгч, мэдлэг экспортлогч болж оршино. Дүнд нь тэд дэлхийд үзүүлэх зөвлөх үйлчилгээгээрээ монголдоо нэмэр бологч болсон байх юм. 

Үүний тулд хүний хөгжлөөр улсын хөгжлийг хөтлөх энэ үйлсийг улс даяараа өрнүүлж нийтээрээ хэрэгжүүл!

Үүний тулд одоогийн лоббид хөтлөгдсөн боловсролын бодлого бүрийг, хуулийн ийм мөр бүхнийг монгол хүний хөгжлийн бодлого болгож өөрчил!

Үүний тулд монголчууд бидний үнэ цэнэт өмч болсон боловсролын яамаа бодлогын яам, хүний хөгжлийн яам болгон хувирга!

Үүний тулд боловсролын бүхий түвшний үйлчилгээ бүрийг бодитой өртөгжүүл!
Үүний тулд боловсролын бүхий л түвшний багшийн ажлын үнэлэмжийг зах зээлийн ханшаар үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар бодитой тооцоолж бодитой нэмэгдүүл!

Үүний тулд багш ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийх наад захын нөхцөл боломжоор хангагдсан байхаар боловсролын үйлчилгээний стандарт, норм, хэв хэмжээг онож тогтоо!

 Үүний тулд багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, хөгжүүлэх тогтолцоог ур чадвар, бодит өртөг, бодит цалинтай нь холбож боловсронгуй болго!
 Үүний тулд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн багшийн хөдөлмөрийг бодитой хэмжиж, багшийн цалингийн доод хэмжээг өөрийн улсын дундаж цалингийн хэмжээнд хамтдаа хэлэлцэж, олноороо оролцож хүргэ!

 Үүний тулд боловсролын төсөв, санхүүжилтийн хуваарилалтад багшийн оролцоог бий болгож, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, хариуцлага, үүргийн тогтолцоог боловсролын салбар хүний хөгжлийн талбарт үлгэр болгон бий болго!

Үүний тулд хүний хөгжлийн талбар боловсролын салбарт мэргэжил, мэргэшилд  тулгуурласан итгэлцлийг бүх түвшинд бий болго!

Үүний тулд боловсролын бодлого судлал, бодлогын шинжилгээг үндэсний түвшинд бодитой хөгжүүл!

Үүний тулд, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн зарчмыг хүний хөгжлийн талбар болсон боловсролын салбарт ягштал мөрдөж хэвш!

Энэ хүсэлт, мэргэжлийн зөвлөгөө, саналхарин, доог болж үл тоогдон дорд үзэгдэхэд Монголын бүх түвшний багш нар, эцэг эхтэй үзэл бодлоо нэгтгэж, хойч үеийнхний сайхан ирээдүйн баталгаа амьдралын талбар боловсролын салбарын хөгжил, дэвшлийн төлөө зөв, төв сайдтай байх хүслээ өөрөө өөрсдөө гүйцээхээр ажиллах болно.

  Таныг хүндэтгэсэн,

Доктор, профессор Ц. Лувсандорж

2019 оны 5-р сарын 28-ны өдөр


Цахим эх үүсвэр: 

https://undesniibolovsrol.blogspot.com/2019/05/blog-post_27.html







Friday, May 24, 2019

Өнөө цагийн хүүхдийн хүслэн

Өнөө цагийн хүүхдийн хүслэн

Эргэж ирэхгүй хүүхэд насаар минь бизнес бүү хий л дээ,  гуйж байна, монгол оо!

Эргэж ирэхгүй хүүхэд насыг минь хүүхэд эрдэмтэн болгоно гэж яарч өндөлздөг мөнгө хүүлэгч томчуудаас хамгаал, аав аа!

Эргэж эргэхгүй хүүхэд насыг минь энд, тэндэхийн гоё нэртэй хувийн худал, хуурмаг сургууль, сургалтаас өмгөөл, ээжээ!

Эргэж ирэхгүй хүүхэд насыг минь олимпиадаар мөнгө хүүлэгч гуйланчдын хүсэл шуналаас хамгаал, ах аа!

Эргэж эргэхгүй хүүхэд насыг минь хялбар мөнгө босгох гэсэн хулхи шоу нэвтрүүлгээс өмгөөл , эгчээ!

Эргэж ирэхгүй хүүхэд насыг минь зүгээр л үлдээ, гуйж байна, монгол оо!
 

Ц.Лувсандорж

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Wednesday, May 22, 2019

Ангийн багшийн хачин хурал

Ангийн багшийн хачин хурал

Долгор багшийн зарласан хурлын зарыг сонсох бүртээ эцэг Дондог л ихэд догдолж, сурсан зангаараа ажлаа их эрт зохицуулаад хуралдаа эрт ирэн асуудлыг биш Долгороо л ажиглаж суудаг аж. Дондогоос бусад нь харин дассан авираараа эцэг эхийн хуралдаа цагтаа ерөөсөө ирдэггүй харин намар орой тугаландаа ирж байгаа үхрийн сүрэг шиг уван цуван цугларах аж. Үүнд Долгор жигтэйхэн дургүй ч, харин Дондог дуртай гэгч жигтэйхэн юмсанж.

Анги засах тухай хэлэлцэх ээлжит хурлын зарыг Долгороосоо авсан Дондог ихэд догдолж сурсан зангаараа ангид орж ирэхэд түүнээс бусад нь харин цагаасаа өмнө, бүр эрт ирчихсэн их л додигор царайлан сууцгааж байх. Дондог Долгороо гэж бодон харахад түүнийх нь царайнд нь ичих, эмээсэн байдал ил, нэг л хачин байх. Дондог дотроо нэгийг эргэцүүлж, нөгөөг бас санан суудлаа эзлэхэд эцэг эхийн хурал ч эхлэв.

Долгор багш эхлээд Зөрчлийн хууль гэгчээр нилээд хөөрөв. Нөгөөгөө л эргэлцүүлж суусан Дондогт харин зөрчлийн хуулиас үлдсэн зүйл бага ч “ багш хүүхэд, эцэг эхээс мөнгө хураан авбал зөрчил юмсанж” гэсэн утга харин чихэнд нь эвтэй бууж тархинд нь аятай эргэлдэх. Ингэж суух зуураа Долгороо ажиглахад түүнд харин ийм аятай, тийм эвтэй байдал ерөөсөө харагдахгүй байгаа нь их л хачин санагдав.

Зөрчлийн хуулийн зөв гэмээр заалтыг мөрдөж хэрэгжүүлэх тухай сургуулийн захирлынхаа шийдвэрийг Долгор багш бас л их хачин танилцуулав. Түүнийг сонссон эцэг эхчүүд бас л нэг хачин байх. Чихэнд эвтэйхэн, тархинд аятайхан зүйлийг ийм хачин байдалтай ярьж байгаа Долгорынхоо хачин байдалд Дондог ч бас хачин болж эхлэх янзтай.

Ийм хачин байдал, хачин уур амьсгал ангийг ч, хурлыг ч нэг л хачин байдалтай болгочихов. Хачин юм. Гэтэл олон жил эцэг эхийн зөвлөлийг хэл амтай авч ирсэн хашир Должин харин хачин биш байдалтай хээв нэг босож, Долгорын ярьсныг ч, Зөрчлийн хуулийг ч, бас түүнийг мөрдөх талаар сургуулийн захирлын тушаалын утга агуулгыг огт сонсоогүй хүн шиг, ерөөсөө тэдгээрийг огт тоохгүй “ За, эцэг эхчүүдээ, анги засварын мөнгөө одоо хураалга. Одоо өгч чадахгүй нь энэ дансанд хийнэ шүү” гэж хээв нэг хэлээд суух.

Долгорын минь ярьсны эсрэг энэ муу Должин юу яриад байна гэж бодон Долгороо өмөөрч Должинтой үзэлцэх санаатай бувтнах гэх зууртаа Долгороо ажиглахад түүний царайнд суусан хачин байдал аль хэдийнээ салхинд хийссэн мэт алга болж, тэрээр зорьсондоо, санасандаа хүрсэн тамирчин шиг дотооддоо их баясалтай, нүүрэндээ их цэнгэлтэй хачин өөр болчихсон зогсож байх.

Эргэцүүлж , эцэг эхийг ажиглавал тэд бүгд л анги засварын мөнгөө аваад ирчихсэн Должинд хураалгаж байх юм. Харин Дондог л түүнээс хоцорч байх.

Дондог хачин байдалтай тэвдэн босож, анги засварын мөнгөө “сэтгэл хангалуун зогсох Долгор минь хараасай” гэсэн янзтайгаар Должинд хурдан хураалгаад, Долгороо ширтэнгээ ангиас гарч гэрийн зүг алхах замдаа энэ удаагийн эцэг эхийн хачин хурлын тухай хачин ихээр эргэцүүлж явах. Хашир Должин, хачин Долгор, хачин хурал, хачин шийдэл. Нэг л хачин.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Энэ жилийн төгсгөлтийн шалгалт найдваргүй, тохирцгүй. Яагаад?

Энэ жилийн төгсгөлтийн шалгалт найдваргүй, тохирцгүй. Яагаад?
Энэ жилийн төгсөлтийн шалгалтад хүүхэд бүгд сөхөрнө. Ингэж бичсний дор яагаад гэсэн асуулт олон байна.
Яагаад?
1.Сорил (шалгалт) бол мэдлэг, чадварын хэмжүүр юм. Хэмжүүр бүхэн найдвартай, тохирцтой байдаг. Ингэж байж л бодит утга бүхий хэмжүүр болно. Ийм сорил хэмжүүрийг бүтээхэд их мөнгө, их цаг, их мэдлэг шаарддаг. Энэ жам ёсыг тэр жишиг даалгаврыг ч, бас энэ сорилыг ч бүтээхэд тэд огт тооцоогүй нь тодорхой. Хамгийн сайндаа туршлагатай гэх багшаар хийлгэсэн, эсвэл халтуур болсон нь мэдээж.
2. Сорилын гүйцэтгэлд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Түүний нэг нь шалгуулагчийн агуулгын төдийгүй арга зүй, техникийн бэлтгэл юм. Үүнд хурд, техник, тактик зэрэг орно. Энэ байдалд бид хүүхдээ аажмаар, аясаар нь жил, жилээр, улирал, улирлаар, сэдэв сэдвээр бэлтгэж яваагүй. Хамгийн сайндаа сүүлийн 14 хоногт багш нар жишиг даалгаврыг нь сурагчидтайгаа хамт хийж сууж байх шиг байна. Энэ нь бодит шалгалтад бараг ач холбогдолгүй, харин ч цаг үрсэн үйл юм. Жишиг даалгавар гэгч үнэндээ жишиг биш. Эсвэл тэр даалгавар биш байдаг юм шүү дээ.
Зөвхөн энэ хоёроос харахад энэ жилийн төгсөлтийн шалгалт эсвэл худал хуурмаг болно, эсвэл бүгд сөхөрнө.
Тэгээд сурсан зангаараа салбар салбархай болсноо сайддаа хэлэхээс эсвэл нууна, эсвэл сайд нь цаашаа худлаа мэдэээлнэ. Ийм нэг байдал жил бүр давтагдана. Ийм нэгэн бүтэлгүйдэл жилээс жилд үргэлжилнэ.
Үүний гол шалтгаан нь нэн энгийн. Мэдлэггүйн гай.
Мэдлэг хүч юм. Энэ хүчийг өнөө цагйинхан намаараа, авилгаараа сольчихсон юм. Тэгээд л хаа сайгүй харанхуй бүдүүлэг нөмөрч байна. Энэ нөмрөлт энэ жилийн төгсгөлтийн шалгалтыг тойрохгүй нь их тод болсон.
Энэ мэт үндэсний бүтэлгүйдэл нь эцэстээ үндэсний ядууралтай шууд холбогддог. Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог юм. Тэгээд ядуу мөнгө олохын тулд мэдэх мэдэхгүйгээ мэдэхээ байдаг. Юуг яаж ч мэднэ. Аюултай.
Халтуур хийж мөнгө л олж байвал ядууд хагас сая хүүхэд хохироход хамаагүй байх наа. Ядуурал, доройтлын горь ийм л юм. Бүх салбарт бий шүү.
Иймээс хүнийг ядууруулж үл болно. Аюултай.
Ядуурал, доройтол боловсролын салбарыг бүхэлд нь нөмөрсөн учраас энэ жилийн төгсгөлийн шалгалт ч л бас худал хуурмаг бүтэлгүйдэл болж байна. Яагаад гэдгийн язгуур утга одоо бас энд л эргэлдэнэ.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Жич:
1. Хэн гэгч халтуур хийж сурах бичгийг мурих бичиг болгосныг гадарлахтайгаа болсны нэгэн адил хэн гэгч этгээд ийм жишиг даалгавар, сорилыг гэгчийг хийж гурил болгож гурилдсан талаарх тод мэдээлэл бидэнд бий. Түүнээс хариуцлагыг мэргэжлийн бүл тооцох эгшин дандаа гардаг юм. Үүний санаж явбал зохино.
2. Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам үндэсний хурлын эмхэтгэлээс стандартчилагдсан сорилыг бүтээх аргачлалыг эргэцүүлж харвал бас ононо.
3. http://slideshare.net/luvsandorjts; http://measurementconference.blogspot.com/