Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил багшаас. Багшийн хөгжил харин боловсролын бодлогоос.
Tuesday, November 10, 2020
Марст мориор хүрч чадахгүй
Monday, October 26, 2020
ЯАМ, АГЕНТЛАГИЙГ ХӨДӨӨ РҮҮ НҮҮЛГЭЕ
ЯАМ, АГЕНТЛАГИЙГ ХӨДӨӨ РҮҮ НҮҮЛГЭЕ
Түнэр харанхуйн ганц гэрэл гэгээ, тархины түгжрэлийг арилгах ганц хүч, нийгмийн тархи оюуны гэгээн үйлдвэрлэл болох “төрийн өмчийн их сургуулиудыг хөдөө рүү нүүлгэе” гэж хөөрч болж байхад хүнд суртлын хүүдий, шуналтны ходоодон сонирхлыг төрийн бодлого болгох лобби төв, авилгын үүр болох “төрийн яам, агентлагийг мөн л хөдөө нүүлгэе, тэнд суулгая” гэж яагаад ер нь бид бодож болохгүй гэж. Тийм ээ!
Төрийн яам, агентлагийг ийнхүү нийслэлээс хөөн гаргаж хөдөөд нүүлгэн суурьшуулахдаа их сургуулийн дагуул байдлаар хандвал манай дарга ёсонд их нийцнэ. Тэр нь энэ. “ Их дээд сургуулийг дагуулж холбогдох яам агентлагийг хөдөө байлгана”. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иймэрхий юм.
МУБИС-ийг Ховд аймаг рүү нүүлгэе гэвэл тэнд нь Боловсролын яамыг нүүлгэн шилжүүлнэ.
ШУТИС -ийг Орхон аймаг рүү нүүлгэж тэнд нь Уул уурхайн яамыг байлгана.
ХААИС-ийг Сэлэнгэ аймаг рүү нүүлгэж тэнд нь ХАА-н яамыг суулгана.
Эрүүл мэндийн их сургуулийг халуун бүлээн рашаан, сувиллын нэг өлгий болох Архангай аймаг рүү нүүлгэж тэнд нь Эрүүл мэндийн яамыг байлгана.
Батлан хамгааллын их сургуулийг бөх тэх ихтэй Увс аймаг рүү нүүлгэж тэнд нь Батлан хамгаалах яамыг байлгана.
Соёл урлагийн их сургуулийг дуур хуурийн өлгий гэх Дундговь аймаг рүү нүүлгэж тэнд Соёлын яамыг байлгана. Гэхдээ Дуурийн театрын барилгыг хамт зөөж тэнд дахин барих хэрэгтэй юм.
Энэ мэтээр байгаа их сургуулийг дагуулж байгаа яам, агентлагийг нүүлгэх юм.
Ингэхэд гэвч зарим аймагт их сургууль оногдохгүй тул яаж хийж байгаад шинэ их сургуулийг олж түүнд мөн шинээр шинэ яам, агентлагийг шинээр байгуулж байлгах юм.
Жишээ нь, Аялал жуулчлалын их сургуулийг шинээр байгуулж, түүнийг 500 мянган аялагч хүлээн авах ирээдүйн дэлхийн аялал жуулчлалын төв болох андын нөхөрлөлийн хөшөө орчим нүүлгэж тэнд нь аялал жуулчлалын яамыг байгуулж байлгах юм. Гэхдээ Чингисийн музейг буулгаж тэнд нүүлгэн дахин барих нь зөв.
Аан, тийм. Сүм хийдүүд нь өнгөрсөн үеийн их дээд сургууль мэт шинжтэй байсныг хүндэтгэж, гэгээрлийн мөр дагаж байгаа гэх дүртэй энэ олон шашин, сүм, хийдүүдийг гэгээрлийн өлгий болсон Завхан аймагт нүүлгэх ононо. Тэнд тэд ходоодон замаар орхиж, гэгээрлийн мөрөө олоход гэгээнтний хөшөө хэрэг болж мэднэ.
Ийнхүү УБ хотоос нийтээр нь ийнхүү нүүлгэхэд УБ хотын замын түгжрэл мэдээж арилна. Гэхдээ УБ хоттойгоо хамт арилах юм.
Ингэхэд дарга ёстой, даргаа өрөвддөг бидэнд нэг ийм асуулт гарч ирж байгаа даа. Төрийн яам агентлагийг ийнхүү хөдөө орон нутагт нүүлгэн суурьшуулснаар хөөрхий ЕС танхимаа яам удирдах юм болоо гэж үү! Тэр амархан. Цахим шийдэл, цахим шилжилт.
За, тэгвэл, байнгын ажиллагаатай их хурал маань яаж ажиллах юм бол оо, өрөвдөөд байна аа гэж үү бас. Тэр амархаан, нүүлгэж шилжүүлсэн яам, агентлагийн дарга, сайд нь тэр нутгаас сонгогдсон их хурлын гишүүд байх тул үүнд санаа зовох хэрэггүй. Хэрэг гаргавал бас цахим шийдэл, цахим шилжилт.
Тэгвэл УБ яах болж байна гэж үү! УБ түгжрэлгүй болсон байна гэхдээ сөнөсөн мэт хот болно. Аан, тийм, тэнд гурав бүлэг хүн байна. Тэтгэврийнхэн, малчид, цагаачид.
Тэгэхээр нээрээ ЕС-д маань цоо шинээр хариуцах нэг хоёр асуудал гараад ирэх юм байна. Тэр нь тэтгэврийнхэн болон малчдад халамж тараах. Бас тэгээд түгжрэлтэй байсан УБ хотыг өр зээлээ саналгалзан байж цагаачдын дүүрэг болгон дахин бүтэцлэх, мөн тэнд, магадгүй, Чингисийн талбайн төв цэг дээр Монголын эмэгтэйчүүдийн яам байгуулах. Энэ мэтээр цоо шинэ асуудал түгжрэлгүй, цагаачдын шинэ УБ-т үүсэх л юм аа даа!
Ц.Лувсандорж
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Tuesday, October 20, 2020
Тэтгэврийнхэн хийгээд малчид боловсролд анхаараад өгөөч, гуйж байна!
Sunday, October 18, 2020
Бидний төрийг муухай харагдуулагчид
Цэрэг боол биш
Thursday, September 17, 2020
Албандаа жижигдсэн томчууд
Wednesday, September 16, 2020
Гуйранч улс
Sunday, September 6, 2020
“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГ
“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГ
Kембрижийн хөтөлбөрөөр хичээл, сургалт явуулдаг түм гаруй сургууль, 160 гаруй улс орон дэлхийд бий. Харин Kембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр нь оролцдог улс дэлхийд ганц л байна. Тэр нь Монгол улс, манай улс юм.
Kембрижийн хөтөлбөрийн эсрэг, тодруулж хэлбэл, төрийн оролцоотойгоор Kембрижийн хөтөлбөрийг үндэсний түвшинд уралдуулж хэрэгжүүлж байгаа манай төр засгийн энэхүү хандлага, түүний авилгажсан мэт авирын эсрэг би 10 гаруй жил компанит үйлс өрнүүллээ.
Монгол төрийн оролцоотойгоор Kембрижийн хөтөлбөрийг үндэсний мэт үнэтэй, цэнэтэй болгох гэсэн энэхүү лобби бодлогын эсрэг өрнүүлсэн энэхүү компанит үйлсэд их ч цаг зарлаа. Боловсролын сайд бүрийг энэ талаар мэтгэлзээнд урилаа. Энэ асуудалд нийтийг татан оролцуулахад чиглэсэн цөөнгүй тооны нийтлэл ч бичлээ.
Боловсролыг Kембрижчилэх ухралт мөн, харин урвалт уу? “Боловсрол соён гэгээрүүлэх их хүч чадалтай ч үндэстнийг ч үгүй болгож чадах чөтгөрийн мэт хорлонтой”. Тэр нийтлэл ийнхүү эхэлдэг. Энэ мэтээр “Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр”, “Хоёр Монголын эсрэг хэлний хоёр түрэмгийлэл” гэх зэрэг олон арван нийтлэл, бичвэрийг монгол төрийн оролцоотойгоор Монголын боловсролыг Kембрижчилэх хорон үйлийн эсрэг зориулжээ.
Харамсалтай нь, Монгол улсад Kембрижийн хөтөлбөр одоо албажиж авсан байна. Энэ нь институтчилагдсан гэсэн үг. Тэр одоо эрх зүйн үндэс нь болсон хуулийн заалттай; Их хуралд “Түүнийг хэрэгжүүлэх нь туйлын зөв” гэдгийг магтан дуулдаг лобби бүлэгтэй; “Түүнийг дэмжиж өргөжүүлнэ” гэсэн хөтөлбөр бүхий эрх баригч намтай; уралдаж хэрэгжүүлэхийг хүсэгч төрийн болон хувийн өмчийн сүрэг сургуультай болжээ.
Үүнийг Та нар одоо тэгээд яах юм!
Kембрижийн хөтөлбөрийг монгол төрийн оролцоотойгоор бодлого болгон ийнхүү хэрэгжүүлснээр энэ улсад боловсролын хоёр тогтолцоо бий болсон юм. Нэг улс хоёр тогтолцоо гэсэн үг.
Нэг улсыг боловсролын хоёр тогтолцоотой болгож байгаа Kембрижийн хөтөлбөр гэгч лобби тань нэгдмэл нэг энэ улсыг хоёр улс ч болгож мэднэ. Монгол ардын улс. Монгол ноёдын улс.
Нэгдмэл нэг улсыг сарнисан хоёр улс ч болгож мэт хорлонтой боловсролыг Kембрижчилэх энэхүү хорон лобби бодлогын тань цаана үнэндээ амин ашиг сонирхол нэг улс төр, бизнесийн бүлэглэл бий.
Kембрижийн хөтөлбөрийн эсрэг компанит үйлс өрнүүлэгч Ц.Лувсандорж
2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Төрийн ордон