Албандаа жижигдсэн томчууд
Манай томчууд ядаж л дипломат ёсонд жаахан ч гэсэн суралцмаар юм даа. Нэг л ядмаг, ядруухан харагдаад байна. Мөргөж ч байх, залбирч ч байх шиг. Юу болж байна, та нар маань. Аан!
Том албаны жижиг томууд маань ядаж л диплом тайзнаа мэндчилэх аргаа хүртэл эхлээд мэдчих хэрэгтэй юм.
Товчхондоо зөвлөвөл, тэнд илүү үйлдэл хэрэггүй байдаг. Сэтгэл хөдлөлийг илүүдүүлж гаргах хэрэггүй. Чадвал онож гаргана. Эсвэл бүү гарга. Тэнэг байж үл болно. Тэгэхэд их ухаан, сургамж, чадвар, дадлага хэрэгтэй байдаг.
Ер нь тэгээд манай томчууд энэ талаар Хойд Солонгосын Ерөнхийлөгч залуугаас жаахан ч гэсэн суралцвал яасан юм дээ. Суралцмаар зүйл түүнд байна.
Трамптай тэр хэрхэн зэрэгцэж байсныг хар даа. Төрийн хоёр том хүн, хоёр улсын хоёр ерөнхийлөгч эн тэнцүүхэн харагдахын тулд биеийн хэлээр тэд дэлхийтэй яаж ярьж байгаагаа сайн шинж. Ойлгохгүй бол дахин дахин хар, шинж, суралц. Дадлагажих.
Дипломат тайз гэдэг спортын дэвжээ биш. Шоуных бас биш.
Иймд тэнд илүү үйлдэл хэрэггүй байдаг. Ядаж л зүгээр л жамаа дагахад л замаа олсон байхыг эрхэмлэ.
Ерөнхийлөгч нь улсын ерөнхийлөгч шигээ бай. ЕС нь ЕС шигээ л бай.
Жижиг, том улс гэж энэ дэлхийд одоо байхгүй. Харин жижигхэн боддог, том сэтгэдэг хүн, улс төрч л гэж бол бий.
Манай томууд иймд ядаж л дипломат ёсонд жаахан ч гэсэн суралцмаар байх шиг. Тэр ёс уг нь тун энгийн ийм юм. Илүү үйлдэлгүй бай.
Энэ энгийн ёсонд суралцаж чадахгүй, бас тийм байж чадмааргүй бол тэгэж сурах хүртлээ албаа өгчих хэрэгтэй юм. Учир нь сайхан том албыг муухай жижигхэн харагдуулж үл болно.
Яахав, түүнд суралцахчихаад л буцаад эх орон, шударга ёс, монгол ялна гэх мэт хэлээд зээлээ тэглээд хүрээд ирэх бол манайд тийм хэцүү биш ш дээ. Тийм ээ!
Суралцах бол харин амаргүй. Цаг орно, хичээл зүтгэл, хөлс урсана.
Ер нь томчууд том албандаа жижигдэх биш харин тэр том алба тань түүнд жижигдэхээр өөрсдийгөө сайн бэлд. Сайн бэлтгэ.
Ц.Лувсандорж
2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
No comments:
Post a Comment