Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол уу?
"Профессорынх нь нэг цагийн ажлын хөлс 3 хүрэхгүй доллар, багш, эмчийнх нь нэг цагийн мэргэжлийн ажлын хөлс нь 2 хүрэхгүй доллар байдаг улсад ажил олгогчид Та нар "Монголд ажилгүйдэл алга. Учир нь ажил хийх хүн олдохгүй байна аа" гэж маллах нь буруу. Монгол хүн боол биш. Боолчлол энэ дэлхийгээс одоод удаж байна.
Монголд улсаасаа хумсласан өнөөх 30 жилд хүний хөдөлмөрийн мөлжлөг л гаарсан байдаг. Бүүр түүнийг хамууд гааруулсан байдаг.
Ажил хийх нэрээр хөдөлмөрөө мөлжүүлж ерөөсөө л боол болсон байдаг нь энэ улсын хөдөлмөрийн хүний хувь заяа мэт болжээ. Бүүр боссоороо зодуулах, жанчуулах, богтлуулах нь хүртэл энэ улсад нийтэд ил, хэвийн болтлоо тод болсон байх.
Боол байхыг хэн ч хүсэхгүй. Гэвч хөдөлмөрчдийг боол болгохгүй байх үүсэлтэй, үүрэгтэй манай ҮЭ-үүд энэ үйлсээсээ хэдийнээ урвасан.
Улсаасаа хулгайлсан өнөөх 30 жилд Үйлдвэрчний Эвлэл гэгчийг буруугаар ашиглагчид тэд эрх баригчид, эзэдтэй нийлж хам царайлан хөдөлмөрчин хүний ганц зардаг хөдөлмөрийн цэнийг 10 дахин унагасан.
Манай ҮЭ-үүд гэгчид увайгүй энэ авираар хулгайлах бус харин мэргэжлийн хөдөлмөрөө зарж амьдрагч хөдөлмөрчинг энэ улсад боол болохоос өөр аргагүй байдалд оруулсан. Тэд харин хөдөлмөрчинд хэлэх хариу нэг ийм гоё үгтэй болсон. Тэр нь энэ.
"Гурван талт хэлцэл хийчихсэн. ... Цалинг үе шаттайгаар нэмнэ" (Энэ нь угтаа бол эсрэг нь. Цалинг үе шаттайгаар бууруулна гэсэн үг).
Энэ улсын ажил олгогчид гэгчид иймээс өөрсдөөсөө энэ нэг асуултыг хичээнгүйлэн асуу!
Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол хайгаад байна уу?
Ажилтан хайж байгаа бол утгатайгаар нэг цагийн мэргэжлийн хөдөлмөрт төлөх хөлснийхөө үнэ цэнийг хийх ажилтай нь тод бичиж бай. Түүгээр тань монголоос төдийгүй дэлхийгээс ажиллах хүн олдох нь хөдөлмөрийн зах зээлийн жам юм. Бас зам мөн.
Боол хайж байгаа бол тийм боол монголоос төдийгүй дэлхийгээс олдохгүй. Учир нь боолчлол энэ дэлхийгээс холдоод удаж байна.
Ц. Лувсандорж
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
No comments:
Post a Comment