Гуйранч улс
Энэ дэлхийн ядуугийн туйл болсон Энэтхэг улсаас тэрбум долларын буцалтгүй тусламжийг баян Монголын засаг төр авч энэ дэлхийн эрүүл хүн бүрийг эргүү юм шиг болгож байсан нь саяхан. Энэтхэгийн тээр олон үгээгүй ядуучууд хүртэл "Баян Монголд ингэж туслахаасаа ядуу бидэндээ тусла, огцор" гэж хүртэл Ерөнхий сайдыгаа шүүмжилж байсан гээч. Гэтэл бид энэ улсаас ийм тусламжийг авсандаа санаа ерөөсөө зовдоггүй, ичдэг ч үгүй гуйсаар л явах. Гуйранчаараа л байх.
Хүний зовлон бэрхшээлийн дэлхийн туйл болсон Хятад улсаас манай улс 700 сая юаны буцалтгүй тусламжийг одоо бас л авч баян Монгол дэлхийг мөн л дахин алмааруулж, "Баян монгол гэх энэ улс яасан ч ядуу, залхуу, гуйлгач, гуйранч улс вэ дээ" гэж хэлүүлэн тэднийг бас ангайлгав, гасалгав.
Энэ улсын эрх баригчид гэх этгээдүүд өнгөрсөн 30 жилд баялаг бүтээх ганц ч том үйлдвэр барьсангүй. Харин гуйлгач сэтгэлгээ, гуйранч авираараа дэлхийгээс тусламж гуйж, өр зээл тавьсаар л. Нэмсээр л. Гуйранчилсаар л.
Дүнд нь гуйранч эрх баригчид нь өнөөдөр энгийн монгол хүн бүрийг 30 сая төгрөгийн өрөнд оруулсан байх. Улсаа ч их дорд болгож авсан байх.Гуйранч болгосон байх. Гуйранчлалыг хаа сайгүй амиллуулсан байх.
Гуйлгач авир, гуйранч сэтгэлгээтэй биднийг дэлхий нийт ажиад "Алтан дээр суусан гуйранчид" гэж шогжрон, гаслан шоолсоор л. Яасан ч гуйранч улс вэ дээ гэсээр!
"Ажил хий л дээ. Бага найрла л даа. Баялаг бүтээ л дээ. Мал хариулах, найрлахаас өөр ажлыг сайхан хийж сур л даа" гэж тэд бидэнд элдвээр л шивнээд, хэлээд, сануулаад заагаад байх шиг...
Гуйлгач авир, гуйранч сэтгэлгээгээр улс хөтөлнө гэдэг их хорлонтой. Яагаад? Учир нь тэд улсаа гуйранч болгодог.
Бусдаас гуйлга гуйсныгаа улсаа удирдаж байна гэвэл их андуурал болно. Энэ улсад гуйлгач, гуйранч сэтгэлгээтэй удирдагч биш, бас гуйлгачид биш, харин жинхэнэ ухаалаг, бүтээлч удирдагчид их хэрэгтэй.
Гуйранч сэтгэлгээтэн улсыг удирдаж чаддаггүй. Гуйранч сэтгэлгээтэй улс ч урагшилдаггүй. Хөгждөггүй. Харин гуйранч хэвээрээ л урууддаг.
Гуйранч улсын иргэд бид эхлээд иймд гуйлгач сэтгэлгээ, гуйранч авираасаа салья. Гуйранч этгээдээс бас хол байя.
Гагцхүү харин гуйхад биш, гуйранчилахад ч бүүр ч, харин өөрсдөө бүтээхэд нийтээрээ суралцья. Багаасаа суралцья.
Эс болбоос гуйранчилалтай хамт үеэс үед үлдэнэ, бас одно.
Ц.Лувсандорж
2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
No comments:
Post a Comment