Monday, July 23, 2012

АНХНЫ НӨХЦЛӨӨ Л ТООЦ, АЛДААГ ЭС ХҮСВЭЛ


АНХНЫ НӨХЦЛӨӨ Л ТООЦ, АЛДААГ  ЭС ХҮСВЭЛ

Анхны нөхцлөө л онож тооц. Ингэж чадваас  хоосон ярьж, хөөсөн  хөөрч байгаа бүхэн нь тань  утгажина, хөрсжинө, биежинэ. Эцэст нь улс  хөгжинө, хүн  баясана.  Энэ ухааныг анзаарч явбал их амжилт, харин мартаж гунхавал  том алдаа.  Алдааг эс хүсвээс, иймд, анхны нөхцлөө онож тооц.

“Дэлхийн нийтийн чиг хандлага, хөгжсөн улсын жишигт нийцүүлнэ” гээх  бодлого мөн ч олонтоо тааралдах. Бас ингэж багагүй л хоосон, хөөсөн цэцэрхэх.  “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ “ гэх зэрэг бодлого, хөтөлбөртэй  улс төрийн хүчин олон  байхад “Японд ийм, Америкт тийм, Англид ийн” гэх маягаар эхлээд хөөрч ярих, ингэж хөөрснийгөө  сүүлдээ, бүр үндэслэл, нотолгоо мэт итгэх, эцэстээ түүнийгээ бодлого, шийдвэр болгодог албан хаагч бас цөөнгүй байх. Монгол дэлхийн тасархай боловч дэлхий Монгол биш.   Тэгэхээр “ дэлхийн жишиг, хөгжсөн улсын жишиг”  гэх тэр нөхцөл бол монголынх огт биш . “Хүлэг бүхэн ялгаатай” гэдэг монгол  ухаан  энэ.  Иймд тэгэж хөөсөн хөөрцөглөж, хоосон ярьж, хорлонтой шийдвэр гаргаж яваа нь  их амжилтын эзэн биш, харин их алдааг гаргагч.  Энэ цагийн амьдралд ингэж алдсан нь үнэндээ олсноос их олоон, энэ улсад.  Алдааг эс хүсвээс, иймд, анхны нөхцлөө л онож  тооц.  “Дэлхийн нийтийн чиг хандлага, хөгжсөн улсын жишигт нийцүүлнэ” гэж хөөсөн хөөрцөглөж, хоосон ярих, хорлонтой шийдвэр гаргаж явахаас  илүүтэйгээр “Өөрийн орны өвөрмөц онцлогыг харгалзана, тооцно”-гэхийн амин чухлыг  бодиттойгоор нэг ухаар.

 “Эсвэл тийм, эсвэл үгүй” гэсэн өрнийн “галзуу” сэтгэлгээр өвчилж,  алдаж яваа нь олоон, энэ улсад.  Эсвэл буруу, эсвэл зөв. Социализм биш бол капитализм.   Капитализм биш бол социализм.   Хайргүй бол үзэн ядагч, үзэн ядагч биш хайртай.  Хар биш бол цагаан, цагаан биш бол хар.   Үүлтэй л бол бороотой. Бороотой л бол үүлтэй.  Төлөвлөсөн бол уулзана. Уулзсан бол төлөвлөсөн.  Ийнхүү л мунганан сэтгэж, бодож, үйлдэж явахдаа тэд амжилтыг бус харин алдааг их хийдэг. Тэд “буруу ч биш, зөв биш ч” байж болохыг ухаарахгүй нэг алдана.  Тэд “социалист ч биш, бас капиталист ч биш”  замыг олж харж чадахгүй  бас нэг алдана. Тэд “үзэн хядагч ч биш, хайртай ч биш”  харьцаа  хүмүний ертөнцөд байдгийг ухаардаггүй мэт л “эсвэл нөхөр, эсвэл дайсан” гэж  мөн алдана.  Тэд “хар ч биш, цагаан ч биш” өнгийг таньж мэддэггүй мэт алагчилж ахиад л алдана.  Тэд “үйлтэй ч бороогүй, бороотой ч үүлгүй” байж болохыг анзаарахгүй алдана. Тэд “төлөвлөсөн ч уулзахгүй, уулзсан ч төлөвлөөгүй” байж болохыг үл анзаарч алдана.  Монгол дэлхийн тасархай боловч өрнийнх биш, харин  дорны ухаан, соёлыг  тээсэн дорны улс юм, угтаа.  Дорныхонд гуравдахыг үгүйсгэдэггүй ухаан;  “эсвэл тийм, эсвэл худал, эсвэл “тийм ч биш, үгүй ч биш” гэх ухаан; “арга билгийн” гэх аугаа нэгэн ухаан  бий. Арга билгийн ухаанаар бодвол “ардчилсан гэх улс  төлөвлөрсөн эдийн засагтай байж болох; коммунист гэх улс захын зээлийн чөлөөт эдийн засагтай хөгжиж болох; ардчилсан гэх улс үндэсний соёл, уламжлал, зан заншлаа дээдэлсэн төр засагтай байж болох, ардчилсан гэх улс хаантай ч байж болно, харцтай байж болно, жендергүй ч хөгжиж болох. Бас “би чамд хайртай“ гэж уйдтал хашгирч, эцэст нь  үзэн ядалтаар ихэвчлэн дуусдаг өрнийн хайрын гэх зам байхад харин зүрх, сэтгэлдээ шингээж, оюундаа тунгааж, үйлс, үйлээрээ харуулж насан туршийн хамт амьдралаар чинхүү гэдгээ нотлодог дорны хайрын гэх жам байх.  Иймд “Өрнийн биш харин дорны улс” гэсэн анхны нөхцлөө онож тооц.  Өрнийн соёл иргэншлийн  гуравдахыг үгүйсгэдэг “эсвэл тийм, эсвэл үгүй” ухаанд мунганаж, өөрийгөө үгүйсгэж, өрөөлийг хуулан алдаж явахын оронд “дорны улс “ гэдгээ  санаж, гуравдахыг үгүйсгэдэггүй арга билгийн ухаанаараа аятайхан хөгжиж болох аугаа боломжийг олж нэг хар, бас энэ л ухаанаар өдрөөс өдөрт дэвжин яваа дорны андуудаа  нэг шинж.

Өөрийн биш, харин өрөөлийн хэл  гэхээр л гайхан биширч яваа нь цөөнгүй дээ, энэ улсад.  Эх хэл, соёлоо англичилна, кембрижчилнэ гэж  илт дөвчигнөнө. Бүр англи хэлийг албан ёсны хэлээ гэж андуурч дэлхийн доог болно. Төрсөн үр хүүхдээ хүртэл гадаадад  багаас нь сургаж, эх хэл, соёлоос нь аль болох эртнээс хөндийрүүлж мунхаглана.  Америк, Англи, Туркийн гэх сургуульд их хөлс  төлж хүүхдээ монголд нь монгол хэлгүй болгоно. Англи хэл, харийн хэлээр ганхрах гэж ийнхүү мунхагласаар, эцэстээ үр хүүхдээ гадаадад монгол хүн, монголд гадаад хүн болгож хохирооно, ер нь тэднийг хэн ч биш болгож золиослоно.  Өөрийн хэлийг өрөөлийнхээс дорд үздэг гаж нэгэн үзэгдэл өнөө цагийн энэ улсад ингэж л амилсан байх.  Монгол дэлхийн тасархай ч  өрөөлийн хэл эх хэл тань  биш.   “Монгол хэл л эхлэлийн тань  хэл” гэсэн  анхны нөхцлөө  л тооц. Өөрийн хэлийг өрөөлийнхээс дорд үзэх бус харин  монгол хүнийг монгол хэмээн тунхаглаж ирсэн  эх хэлээ л сайн сур, бас эх хэлээ дээдлэн,  түүгээр бахархаж яваа бусдын сайн жишээг харьцуулж нэг бод.

 “Жижиг, дунд үйлдвэрийг бариад л байя, хөгжүүлээд л байя”  гэж мөн ч ярих юм, энэ улсад.  300 сая хүнтэй  улсад  жижиг, дунд үйлдвэрийг бариад байвал хөгжөөд л, оршоод  л байх биз. Зах зээл нь байгаа учраас тэр л дээ. Харин  3 сая хүрэхгүй хүнтэй улсад жижиг, дунд үйлдвэрийг олноор нь бариад л байвал  дампуураад л байх юм. Зах зээлгүй учраас тэр. Ингэж хөөрцөглөх нь  “Хөнжлийнхээ  хэрээр  хөлөө жийнэ” гэсэн ухаанд огт үл нийцэх.   Иймд “Цөөхөн хүн амтай энэ улсад жижиг, дунд үйлдвэрийг олноор барина” гэж хөөрцөглөхийн оронд  анхны нөхцлөө  тооцон, “дэлхийн зах зээл рүү харсан тоймтой, томхон хэдхээн үйлдвэрийг улсаараа барьж, улсаараа хөтөлнө” гэхийн амин  чухлыг нэг эргэцүүл.

Төрмөл гэхээс илүү олдмол соёлыг тээгч олширч байна даа, энэ улсад.  Нэг хэсэг эрс нь барууны гэх ардчиллыг буруу, зөрүү   ярисаар  авилгач, архичин болно. Үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнөөр амьдарч,  шар өдөр бор хоногийг өнгөрөөнө.  Нэг хэсэг эмс нь мөнгөнд богтлогдоно. Нөгөө хэсэг нь үзэл сурталд хөтлөгдөн, жендер ярьж, нам байгуулж,  харь эрстэй ханьсаж, их хурал, даргын суудал мөрөөдөн монголыг эрстэй нь, бас соёлтой нь хамт муулчилж цагийг элээнэ.  Залуус нь энд тэндгүй баардаж, эх захгүй архидан “хар”-ийн соёлд нэрвэгдэн хип-хопдоно. Лам нь мөрөө дагахаа умардаж ламаа алдана. Нам нь ухамсар, ёс зүйгээ доройтуулж,  нийгмийг хөтлөн чиглүүлэх ч чадваргүй болж намаа алдана. Ном нь худал сургалт, хуурмаг боловсрол, хоосон онол гэсээр нийгмийн тархи, оюун байхаа больж номоо алдана.  Ийм алдааг л эс хүсвэл анхны нөхцлөө л онож тооц.  Энэ цагийн ардчиллаас огт дутахааргүй эрт цагийн төрт ёсны их уламжлал, эх соёлтойсондоо бид. Мориндоо мордож дэлхийг товхинуулж чадсан эрстэйсэндээ, бид.  Цаг цагт их хүмүүнийг төрүүлж өсгөсөн мэргэн цэцэн хатадтайсандаа, бид.  Түмнээ гэсэн сэтгэлтэй, итгэлтэй төрийн зүтгэлтэнтэй, мөрөө дагасан шиг дагасан гэгээнтэнтэй, номоо үзсэн шиг үзсэн  мэргэдтэйсэндээ, бид. Мөн монголын тал нутаг эгшиглэхэд мэгшин асаргаруулдаг  зүрх, сэтгэлтэйсэндээ, бид.   Олдмол соёлд нэрвэгдэн мунганаж, мунхаглаж явахын оронд анхны нөхцлөө тооцон, төрмөл, унаган соёлоо өвлөн хурааж, ухаарч явахын амин чухлыг ахин нэг сана.

Монгол дэлхийн тасархай боловч дэлхий Монгол биш. Тэр өөрийн гэсэн хэлтэй, өөрийн гэсэн сэтгэлгээтэй, өөрийн гэсэн соёлтой, цөөхөн хүнтэй, уудам нутагтай, жижигхэн зах зээлтэй, эрс тэс уур амьсгалтай, баялаг ихтэй, төр ёсны аль эртний уламжлалтай өвөрмөц нэг орон.  Энэ орны ийм гойд, өвөрмөц онцлогийг л илт үл тооцож, “тэнд тийм байна, энд ийм байна” гэж  хоосон ярьж, хөөсөн  хөөрөн,  өрөөлийг хуулж мунгинасаар  мөн ч их алдлаа даа.  Ингэж мунгинан мунхаглаж алдаж явахыг эс хүсвэл  анхны нөхцлөө л онож тооц.



Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр








Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр
























Tuesday, July 17, 2012

ХҮМҮНИЙГ АЛМАЙРУУЛСАН ТЭНГЭР АЯЛГУУ

ХҮМҮНИЙГ АЛМАЙРУУЛСАН ТЭНГЭР АЯЛГУУ

Тэнгэрээс ч дуугараад байгаа юм шиг, газраас ч гараад байгаа юм шиг ер бусын бөгөөд байгалийнхаас хэтэдсэн гэмээр аялгуу дэлхийн бүх тивийн янз бүрийн газар нутагт үндсэндээ нэг л янзаар сонсогдсоор, бүртгэгдсээр, судлагдсаар, хамгийн гол нь, хүмүнийг бүр алмайруулсаар.

Ер бусын энэ аялгууг гаргах эл үзэгдэл  2011 оны төгсгөлд анх бүртгэгдэж улмаар 2012 он гарснаас хойш бүр ч олонтоо тааралдах болов. Америк, Европ, Африк, Ази, болон Австрали тивийн янз бүрийн улс, газар нутагт энэ үзэгдлийн 144 тохиолдол  2011 оны 9 дүгээр сарын 9-ны өдрөөс  2012 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэгдэж, бичлэг нь нийтийн сүлжээ, сайтууд болон мэдээллийн бусад хэрэгслээр олны хүртээл болжээ.

Энэ үзэгдлийн уг чанар, учир шалтгааныг нэг мөр тайлж тайлбарласан онол, номлол  одоогоор алга. Иймд учраас энэ талаар олон янзын онол, таамаглал гарч, бас элдэв цуурхал ч дэгдсээр. Энэ чимээг  тэнгэрийн аялгуу, бурханы бүрээн аялгуу гэж нэрлэн,  “бурхан түүгээр дэлхийн энэ иргэншилд төгсгөл ирж буйг сануулж байгаа, мөн Исус Христос эргэн ирж буй цагийг сануулж байна”  гэж итгэх хэсэг байхад “энэ нь жам ёсоор үүсэж, тохиож буй байгалийн үзэгдэл мөн” гэж үзэж тайлбарлах  хэсэг  ч  байна.  Мөн цаашилбал, энэ үзэгдлийг Америкийн Нэгдсэн Улсаас санхүүжүүлж  хэрэгжүүлж буй “ХААPФ (HAARF)” хөтөлбөр болон харь гаригынхантай  холбон үзэх үзэл бодол ч бас  байх юм.

Гэрч яаж дүрслэв

Коста Рикад 2011 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр  энэ аялгууг сонссон   гэрч түүнийг  “Алс холд тэнгэр тодорхой хэмнэлтэйгээр дахин дахин   дугарах мэт”  хэмээн дүрсэлжээ. Харин Дани улсад  2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шөнө дунд сонсогдсон энэ аялгууг гэрч “Галт тэрэг хүнгэнэн хүнгэнэн дугарах мэт аялгуу гээд, гэхдээ энэ нь  нисдэг тэрэг, онгоц, галт тэрэг зэрэг механик хэрэгслэлээс гарах дуу, чимээ огт биш” хэмээн тодорхойлжээ. 

Украйн улсын Киев хотод 2011 оны зун, үдээс хойш, 5 цагийн үед сонсогдсон энэ аялгууг гэрч “ Маш хүчирхэг чимээ. Энэ чимээнээс болоод 5 давхарын цонх хүртэл чахран дугарч байсан” гэв.  Мөн оны 8 дугаар сард Белоруст сонсогдсон энэ аялгууг гэрч “Хархирах мэт чимээ. Тэнгэрээс сонсогдож байгаа мэт санагдсан” гэж дүрсэлж.

Канадын улсын Калкари хотод 2011 оны 9 дүгээр сарын дунд үед сонсогдсон энэ чимээг гэрч “бүрээн дуу” гэж тодорхойлов.  Мөн энэ улсын  Альберт мужид 2011 оны 10 дугаар сонсогдсон энэ аялгууг гэрч “эр зөгийн уурлах мэт чимээ” гэжээ. 

Грек улсын Афин хотод оюутнууд 2012 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр энэ аялгууг сонсож, түүнийг бас “бүрээн дуу”  гэж хэлэв. Америкийн Нэгдсэн улсын  Калифорни мужид 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сонсогдсон энэ аялгууг гэрч “том бөмбөрийн дуу” хэмээн тодорхойлжээ.

Японы улсын Токио хотод 2012 оны 3 дугаар сарын 15-ны шөнө сонсогдсон энэ аялгууг  гэрч  “доод өнгөөр тодорхой хэмнэлтэйгээр хум, хум, хум ...” (ухмм) гэж буй мэт чимээ” хэмээн дүрсэлжээ.  Энэ өдрийн өглөөний 6 цаг орчимд Австрали сонсогдсон энэ аялгууг гэрч “галт тэрэг, нисэх тэрэг, онгоц, эсвэл ачааны том машин тодорхой хэмнэлтэйгээр явж өнгөрөөд байгаа мэт чимээ” гэж дүрсэлжээ. 

Финланд, Чехославик, Шотланд, Орос, Бельги, Германи зэрэг дэлхийн олон оронд он гарснаас хойш сонсогдож буй энэ аялгууг  гэрчүүд мөн л “тэнгэрээс ч гарч буй мэт чимээ,  бүрээн аялгуу, бөмбөрийн чимээ, тэнгэр дугарах, эр зөгий хүнгэнэх, галт тэрэг, онгоц, ачааны том машин тодорхой хэмнэлтэйгээр явж өнгөрөөд байгаа мэт чимээ,  доод өнгөөр тодорхой хэмнэлтэйгээр хум хум хум ...гэж буй мэт чимээ” гэх зэргээр дүрслэн хэлсэн байна

Шинжлэх ухаан юуг гэж таамаглав

Ер бусын энэ аялгууны нууцад нэвтэрч, мөн чанарыг нэг мөр нээсэн шинжлэх ухаанч тайлбар,  туршилт одоогоор лав алга. Ийм ч учраас энэ талаар олон янзын таамаглал, онол, загвар зэрэгцэн гарсаар байна. Эдгээр онол,таамаглалын дотроос “энэ үзэгдлийг огторгуй хөдлөл (spacequakes) –ийн үр дагавар” гэж үзэх; бас  “дэлхийн цөмд болж буй өөрчлөлтийн үр дагавар” гэх таамаглал, тайлбарыг  нилээд үндэслэлтэй гэж үзэх хандлага байна.
“Энэ үзэгдэл огторгуй хөдлөл (spacequakes) –ийн л үр дагавар” гэсэн таамаглалын учир шалтгааны үндэслэлийг энд товч толиулья.  Нарнаас ялгарсан цэнэггүй, ионжсон хийн бөмбөлөг (плазам)-ийн урсгал дэлхийн соронзон оронд, зүйрлэн хэлбэл, газрын хөдлөлийнх мэт чичирхийллийг бий болгодог болохыг НАСА-ийн судлаачид 2007 онд тогтоож,  уг үзэгдлийг огторгуй хөдлөл хэмээн нэрлэх болжээ.  Огторгуй хөдлөхөд  5-6 баллын хүчтэйгээр газар хөдлөхөд бий болох эрчим (энерги)-тэй тэнцүү хэмжээний эрчим огторгуйд бий болдог аж.

Энэ үзэгдэл нь мөн дэлхийн янз бүрийн үзэгдэлд нөлөөлөх боломжтой юм. Тухайлбал, огторгуй хөдлөл нь дэлхийн туйлуудад  янз бүрийн өнгө бүхий гэрэл үүсгэхэд нөлөөлөх боломжтой болохыг  судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Үүнтэй нэгэн адилаар тэнгэрээс гарч буй гэх тэр ер бусын аялгууг ч огторгуй хөдлөлтэй холбоотой хэмээн бодож бас болох.

Тэнгэрээс гарч буй, тэр ер бусын тэр аялгуу нь огторгуй хөдлөлийн явцад үүссэн их энерги дэлхийн соронзон орон, бас агаар мандалд тархах явцад үүсэж байж мэдэх нээ. Энэ таамаглалаар бол тэнгэрийн гэх тэр ер бусын аялгуу тийм ч ер бусын биш харин огторгуй хөдлөлийн нэгэн үр дагавар л болох юм.

“Энэ үзэгдэл дэлхийн цөмд гарч буй энергийн өөрчлөлт, эрчимжилтийн үр дагавар” гэсэн таамаглалын   үндэслэлийг  энд бас товчлон танилцуулья.  Дэлхийн зүрх бол түүний  цөм юм. Энэ угтаа дэлхийн гүнд хуйлран эргэлдэж буй төмрийн халуун хайлмаг билээ. Дэлхийн зүрх мэт хэмээгдэх энэ цөмийн төлөв байдал, өөрчлөлт дэлхийн бүхэл л үзэгдэл, юмс, бүр түүний орших, эс оршихуйд нөлөөлж чадахуйц нь судалгаагаар тогтоогдсоор. Тухайлбал, эрдэмтэд ойролцоогоор 700 мянган жилийн өмнө  дэлхийн цөмд гарсан том өөрчлөлт-мутаци  нь дэлхийн соронзон оронг нөлөөлснөөр дэлхийд сүйрэл болж олон амьтад нийтээрээ үхэж, устаж үгүй болсонг тогтоосон байна.

Cүүлийн жилүүд дэлхийн цөм их идэвхижиж байгаа ажээ. Өнгөрсөн жилийн төгсгөлөөр гэхэд л дэлхийн цөмөөс их хэмжээний энерги ялгарсан нь тогтоогдов. “Энэ нь дэлхий цөмийн дотоод энерги нь идэвхижилтийнхээ өөр түвшинд шилжилж буйг харуулсан нэгэн шинж” хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Дэлхийн цөмийн энэхүү идэвхжилт нь дэлхийн гео-соронзон оронд нөлөөлж, тэр нь олон физик үйл явцын дүнд агаар мандалд хүнд сонсогдохуйц чимээ гаргаж байж мэдэх нээ.  Энэ таамаглалаар бол тэнгэрийн гэх тэр ер бусын аялгуу тийм ч ер бусын биш дэлхийн цөмийн идэвхижилтийн дэлхийн соронзон оронд нөлөөлж буй нэгэн үр дагавар л болох ажээ.

Тэнгэрийн гэх ер  бусын тэр аялгууны талаарх шинжлэх ухаанч гэмээр энэхүү 2 таамаглалын зэрэгцээ түүнийг  харь гаригынханы болон хүмүний бидний өөрийн үйл ажиллагаатай холбон үзэх үзэж тайлбарлах хандлага бас байна.  Харь гаригаас энэ дэлхий ирсэн үл таних биет (ЮФО)-ээс гарах дуу, чимээ гэж үзэх хэсэг байхад  энэ нь Америк Нэгдсэн Улсын  хэрэгжүүлж буй “ХААPФ (HAARF)” хөтөлбөрийн үр дүн, мөн ашиг олох зорилготой хийгдэж буй киноны сурталчилгаа гэх үзэл бодол ч байна.

Номлогч юу айлдав

Эртний  нэгэн алдарт шастир нэг болох  “Библи” судрын  25 дугаар зүйлийн 31 дүгээр зүйлд “ Чимээ дэлхийн төгсгөлд ирнэ (A noise shall come even to the ends of the earth Jeremiah 25:31)...”  гэж  тэмдэглэн үлдээжээ.

Библийн сургаалыг номлогчид энэ ишлэлийг иш үндэс болгон тэнгэрээс сонсогдох мэт тэр ер бусын аялгууг ийнхүү тайлбарлаж байна. “Энэ чимээ бол дэлхийн энэ иргэншилд төгсгөл ирж  буйг сануулж  байгаа бурханы чимээ, диваажины аялгуу юм.  Тэр бүрээ бол бурханы бүрээ....; Долоо анжел долоо бүрээ бэлтгэнэ....  гэжээ”  гээд л номлох ажээ.

Хамгийн сонирхолтой нь, нэгэн хөгжимчин дэлхийн янз бүрийн газарт сонсогдож, бичлэгээр баримтжисан тэр аялгуунуудыг нэгтгэн холбож нэг цогцос аялгуу болгожээ. Энэ аялгуу бол бөмбөртэй, бүрээтэй, “хум”-тай, ер нь янз янзын хөгжмийн зэмсгийн хөг орж найрсан гэмээр гайхам нэгэн найрлал хөгжим аж.  Бурханы буюу диваажины гэх энэ найрал хөгжмийг олж сонсоорой. Тэр үнэхээр гайхам, бас айхам.

Тэнгэрээс ч дуугараад байгаа юм шиг, газраас ч гараад байгаа юм шиг; бүрээ үлээгээд, бөмбөр тоглоод ч байгаа юм шиг; алсад холд тэнгэр тодорхой хэмнэлтэйгээр дугараад ч байгаа юм шиг; мөн галт тэрэг, онгоц, ачааны машин тодорхой хэмнэлээр явж өнгөрөөд ч байгаа юм шиг; бас эр зөгий хүнгэнээд байгаа юм шиг; мөн доод өнгөөр тодорхой хэмнэлтэйгээр   “ХУМ... ХУМ... ХУМ ...”  гээд ч байгаа юм шиг сонсогдох энэ ер бусын өвөрмөц, хүчирхэг чимээ-аялгуу дэлхий энд, тэд сонсогдcоор л. Тэнгэрийн энэ аялгуунд хүмүн бас алмайрсаар л.

 Дэлхийг ийнхүү алмайруулсан тэнгэрийн энэ аялгуу монгол нутагт ер нь сонсогдов уу, бас бүртгэгдэв үү.


Ц.Лувсандорж
2012 оны 7 дугаар сар 18-ны өдөр



Monday, July 9, 2012

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ: ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ Арван хоёр оны сонгууль ялагч үгүй байв.   Их хурлын 76 суудлын 38-аас олонг дангаар авч...

ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ


ЯЛАГЧ ҮГҮЙ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРИН Ч ИХИЙГ ХҮҮРНЭНЭ

Арван хоёр оны сонгууль ялагч үгүй байв.  Их хурлын 76 суудлын 38-аас олонг дангаар авч, монгол сонгуулийн ялагч болж тодрон гарч чадах улс төрийн хүчин одоогоор энэ улсад лав алга.  Яахав жагсаалтанд орж, эхэнд, бас төгсгөлд бичигдэх  нь байх. Зүйрлэн хэлбэл, далан чавганц уралдахад нэг нь л төрүүлнэ. Энэ бол байдаг л зүйл. Гэвч ялагч үгүй энэ сонгууль чухамдаа харин тун ихийг хүүрнэнэ, бас сургана.

Сонгуульд оролцохгүй,  саналаа өгөхгүй. Ардчилсан гэгдэх улсад аяандаа л гарч ирдэг түгээмэл эл үзэгдэл энэ улсад аль хэдий нээ бодиттой болж, улмаар газар авч эхэлснийг  арван хоёр оны энэ сонгууль айхтар нэг нотлов.  Нийт сонгогчид болох 1,8 сая хүний  33 хувь буюу ойролцоогоор 600 мянга орчим хүн, бүр тодруулбал, гурван хүний нэг нь сонгуульд оролцсонгүй, саналаа өгсөнгүй. Тэдэнд энэ улсад ардчилсан сонгуулийн дүнгээр төр засгийг байгуулж чадах эсэх нь тийм ч чухал биш аж.  Гурван хүний нэг нь ийм бодол тээж явж байж мэдэх нээ, энэ улсад.  Энэ хувийг дэлхийн жишигтэй харьцуулбал нилээд муу үзүүлэлт юм шүү. 20 жилд бий болсон энэ хандлага цаашид үргэлжилбэл нэн удахгүй гурван хүний 2 нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй болчихсон байж мэдэх нээ.  “Сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй” гэсэн хүмүүс нь “сонгуульд оролцоно, саналаа өгнө” гэдэг хэсгээсээ олон болчихвол энэ сонгууль ардчилсан  мөн  уу.  Тэр төр, засаг угтаа ардчилсан  мөн үү. Арван хоёр оны энэ сонгууль ардчилсан сонгууль,  ардчилсан засаглалын уг мөн чанарыг ингэж тод нэг хөндөв.  Чанарын энэ ухаарлыг бодууштай, санууштай.

Тоо нь олширсон ч, тулхтай нь даанч үгүй. 2,7 сая хүнтэй энэ улсад 20 гаруй улс төрийн намтай. Цаашдаа ч нэмэгдэх шинжтэй. Нэг намд оногдох хүний тоогоороо дэлхийд тэргүүлэх энэ улсад ардчиллын зарчмаар олонхийн төр, засгаа байгуулахад харин асуудалтай болж. Сонгуульд олноороо оровч ялж чаддаг нь харин алга.  Нэгээрээ ялж үл чадна, нилээд ч  бас ялж  үл чадна. Дүнд нь олонхи, цөөнхөө ялгаж таних ч чадваргүй “ардчилсан” гэгдэх их хуралтай, “эвслийнх” гэх засагтай л үлдэх аж.  Их хурал, засаг ингэж байгуулагдахад ардчилал, шударга ёс бус, харин мөнгөчилөл, алагчилал л амилдаг нь жам юм. Тэнд ухаалаг үндэслэл, хэлэлцүүлэг, шүүмжлэл  хэрэггүй. Тэнд их эрх ашиг үгүй. Тэнд ухаарал, хайр, энэрэл үгүй. Тэнд нэр хүнд, эрхэм нандин чанар үгүй. Харин бүлгийн эрх ашиг, байхын эрх ашиг л чухал.  Ардчиллын зарчмаар засаглаж  чадах улс төрийн хүчин ийнхүү төлөвшиж амжаагүй энэ улсад ардчилал, шударга ёс угтаа амилж чадах болов уу. Арван хоёр оны энэ  сонгууль борооны дараах мөөг мэт  олширсон улс төрийн намын төлөвшил, чанарт  мөн чанарын дүнг ингэж нэг тавив.  Чанарын энэ дүнг тэд бас л ухаарууштай, эргэцүүлүүшүүтэй.

Олонхи цөөнхи мэт, цөөнхи олонхи мэт болж тунхаглагдана. Эцэстээ ардчиллын мөн чанар утгаа алдагдана.  Арван хоёр оны сонгуульд сонгогчдын гуравны нэг нь оролцсонгүй. Сонгуульд оролцсон гуравны хоёрынх нь 51 хувийн саналыг цуглуулж чадсан нам, эвсэл алга. Нийлүүлэн хэлбэл, нийт сонгогчдын гуравны хоёроос  ч илүү  олон хүн  одоо байгаа намуудын алийг ч дэмжээгүй гэсэн үг. Эндээс аль ч нам, эвсэл, тухайлбал, саналын  жагсаалтыг тэргүүлэх нам хүртэл олонхийг төлөөлж үл чадна.  Түүнийг дэмжсэн сонгогчдын тоо нийт сонгогчдын гуравны нэгээс бага, түүнийг дэмжээгүй байж болох иргэдийн тоо нийт сонгогчдын гуравны хоёроос цөөнгүй юм.  Олонхийн төлөөлөлгүй намууд эвсэж их хурал, их эвслийн засаг байгуулаад ч энэ олонхийн засаг бус харин цөөнхийн л  юм. Магадгүй цөөнхийн цөөнхийнх ч байж мэдэх.  Их хурал, засаг ингэж байгуулагдахад олонхи нь цөөн болж, цөөнх нь олонхи болж тунхаглагдана. Энэ нь эцэстээ ардчилалын амин сүнсийн бузарлана. Дүнд нь ардчилалд итгэгсдийн тоо цөөрч, “сонгууль оролцохгүй, саналаа өгөхгүй” гэгчдийн тоо нэмэгдэх ажээ. Арван хоёр оны сонгууль ингэж энэ улсын ардчилалын мөн чанарт аюул учирч буйг ахин нэг сануулав.  Энэ сануулгыг хүн бүр л бодууштай, эргэцүүлүүштэй.

Арван хоёр оны сонгууль ялагч үгүй байлаа. Гэвч  ухааралтай, сургамжтай, их эргэцүүлэлтэй сонгууль байв. Энэ сонгууль  “сонгуульд оролцохгүй,  саналаа өгөхгүй” гэдэг хүмүүс давхарга болон тэлж  байгааг ухааруулав.  Энэ сонгууль улс төрийн намын тоо нь жилээс жилд олширсон ч, зон олны итгэлийг даах тулхтай нь харин үгүй болж буй нэг дахин илтгэв. Энэ сонгууль   олонхийг  цөөн, цөөнхийг  олонхи мэт болгон тунхаглагласаар, цөөнхийн төлөөллөөр олонхийн гэгдэх засаг, төрийг байгуулсаар явбал ардчилал, шударга ёсны уг мөн чанар угтаа алдагдаж, түүнд аюул учруулж болохыг онцгойлон нэг сануулав.  Ялагч үгүй энэ оны сонгууль харин ч ихийг хүрнэнэ, бас ихийг сургана.



Ц.Лувсандорж

2012 оны 7 дугаар сар 9-ны өдөр






Tuesday, June 19, 2012





АТГААЛЖИН ХАР МАНГАСЫГ  Л БҮҮ СОНГО
Атгаалжин хар мангас аа гэж.  Амин үзлийн уут, хулгай, худлын үүд, хүсэл шуналын үүр, харгис хэрцгийн уурхай, ер нь хүмүн заяаны бүх л мууг өөртөө шингээсэн  үлгэрийн баатар нь  энэ атгаалжин хар мангас.  Эрт цагт үлгэр байсан атгаалжин  хар мангас энэ цагт үнэн болж амилсаар л, бүр олширсоор л.   
Байгаль ертөнцийн хууль гэнэт өөрчлөгдөөд л гэгээн заяат, хүчит оюунт хүмүн  атгаалжин хар мангас болчихсонгүй ээ. Харин хүмүний зохиосон хууль, тэдний хийсэн сонголт л хүн заяаг мангасынх шиг болгочих юм даа. Үнэндээ, эрдэнэ хүмүн  мангас болох гэж, мангас шиг амьдрах гэж ирдэггүй.    Гэлээ ч “хуваах бус харин хураах” гэж мангас шиг сонголт хийсээр байгаад нэг мэдэх нээ эрдэнэ хүмүн  мангас болчихсон байх.  Иймд  сонголтоо л болгоомжтой хий, атгаалжин хар мангасыг бол бүр ч бүү сонго.
Амин хувиа хичээгчийг л бүү сонго. Амин хувиа хичээгч “би л болж байвал чи хамаагүй ээ”, “Чи үгүйгээр би оршиж чадна аа”, “Энэ дэлхий сөнөж байг, харин би л ...”  гэдэг хуурмаг санаа, бодлоор  амьдарч, энэ л үзлээр “өөрийгөө л” гэсэн  сонголт хийнэ, “өөрийгөө л” гэсэн шийдвэр гаргана. Аминч үзлийг амиллуулсны дүнд дэлхийн амын 1  хувь нийт өмчийн 99 хувийг эзэмшдэг болж. Дэлхий 200 гаруй улсын 20-иодхон л хөгжиж,  баян болж.Үлдсэн нь хөгжсөнгүй,баяжсангүй, харин доройтсоор л.  Ядуу ядуурсаар  л, баян баяжаар л.  Амин хувиа хичээгч  эхлээд ингэж өрөөлийг хохирооно, зовооно, эцэстээ атгаалжин хар мангас  болж өөрийгөө  бас зовооно.  Энэ бол амин хувиа хичээгчийн  хийх үйл, туулах  ёстой  тавилан нь аж. Иймд амин хувиа хичээгчийг  л бүү сонго. Мангас болчихно.
Шуналчийг бүү сонго.  Шуналын дон тусчихна. Хаусгүй байхдаа хаустай болох гэж тэмүүлнэ.  Нэг хаустай болчихсний дараа хоёр дахь хаустай болох гэж шунана. Нэг уурхайг эзэмшсний дараа бүгдийг нь эзэмдэх гэж саналгалзана.   Хаан болсныхоо дараа хаадын хаан болох гэж шунана.  Голыг ширгээж шунана, далайг буцалгаж шунана, дэлхийг түвээж шунана, алтыг овоолж шунана.  Бүхнийг хуваах гэж бус хураах гэж шунана. Шуналын донтон биш ч их эд хөрөнгө, их эрх мэдлийг эзэн явсан Их Александар хаан үхэхдээ бараа бологчдоосоо “Хоёр гарын алгыг минь дээш харуулаад оршуулаач” гэж их л хичээнгүйлэн захижээ. Үүгээрээ тэрээр “Нүцгэн ирээд нүцгэн л буцдаг”, “Хурааснаа үхэхдээ үүрээд буцаж болдоггүй”  хүмүн заяаны жам ёсыг дахин сануулжээ. Хуваахыг тас  мартаад зөвхөн хурааж явахдаа шуналтан эхлээд өрөөлийг хохирооно, эцэстээ  мангас болж өөрийгөө бас тарчлаана. Иймд  шуналчийг л бүү сонго. Мангас болчихно.
Хулгайчийг бүү сонго. Хулгайч болчихно.  Хөлс дулсуулахгүй амьдрах. Энэ бол хулгайчийн бодол ухаан, үзэл санаа, үндсэн номлол.  “Хулгайчийг бариараа” гэж хумсална. Хууль хийж  хулгайлна.  Хувьцааг гаргуулж хөрөнгөтэй болно. Лиценз зарж уурхайтай болно.  Газар олгож хаустай болно.  Тогтоол гаргуулж зээлээс чөлөөлөгдөнө.  Менежментийн хувьчлал нэрээр сургууль авна. Эх хэл, соёлоо харьчилж хөлжинө.  Хулгайч ингэж авлигаар ажиллаж амьдарна. Хөлс дуслаагүй хөрөнгөтэй болчих нь хөлс дуслуулж амьдарч яваадаа их хортой.  Хулгайч ингэж л өрөөлийг хорлоно, зовооно. Хөлс дуслуулж биш, харин авилга цэцэглүүлж явахдаа тэд эхлээд ингэж өрөөлийг хорлоно, тарчлаана, эцэстээ тэд мангас болж өөрийгөө бас зовооно. “Тариснаа л хураадаг” жамтай тул энэ насандаа хар гэрт оччих вий дээ гэж эмээж явна, тэд.  Бас ирэх насандаа там уначих вий дээ гэж айж амьдарна, тэд.   Хулгайчийн замнал ийм л тул  хулгайчийг  бүү сонго. Мангас болчихно.
Худалчийг л бүү сонго. Худал ч болчихно.  Худалч хашгирч нэг хуурна. Хошгоруулж нэг хуурна.  Уриалж нэг хуурна. Мунхаглаж нэг хуурна.  Хуурсаар хуурсаар л тэр мангас болчихно.  Энэ мангас юуг ч амална, юунд ч уриална.  Саяыг амална, цалин амална.  “Ядуусыг саятан болгоно” гэж амална. “Хүн биш оршихуйг хүртэл хүн болгож амьдруулна” гэж амална. “Ялгаатай бүхэнд тэгш боломжийг олгоно” гэж амална. “40 жилд үйлдвэржээгүй улсыг  4 жилд үйлдвэржүүлчихнэ” гэж амална. Гэвч түүний уриалсан, амалсан бүхэн амилдаггүй ээ, худалч хэлсэн болохоор тэр шүү дээ. Худалч ингэж хоосон, хөөсөн үг, хуурмаг утгатай уриагаар эхлээд өрөөлийг хуурч зовооно, эцэстээ тэд амаа асуулгаж, амлалт нэхүүлж өөрийгөө бас зовоодог. Ингэж зовох нь чухамдаа худалчийн замнал юм. Иймд худалчийг бүү сонго, Мангас болчихно.



Харгис хэрцгийг бүү сонго. Хайр, энэрэл үгүй болчихно. 20 жилд 2 сая хүүхдийг хоморголон абортлуулчихаад, хөгжил цэцэглэл ярьж хөөрнө. Малыг тал талаар өсгүүлж, жилд дундажаар 19 тонн махыг таваг тавагаар идүүлэх, эцэст нь эмнэлэг эмнэлэгээр өвдүүлэх харгислал, мунхаглалыг л дэвэргэсэн бодлого ярьж тоглоно. Тэсгэм өвлийн хүйтнээр морь уралдуулж, морийг ч, үрийг ч царцааж цэнгэнэ. Чоныг сүрэглэн хядаж түмэнд дэлгэн амьтны амиар тохуурхаж наадна. Энэрэл, хайрлалын сэтгэл үгүй болоход харгислал, хэрцгийлэл л ингэж дэвэрнэ. Харгис хэрцгий эхлээд өрөөлийг тарчлаана эцэстээ өгч авахын хуулиар өөрийгөө бас хэмлэнэ. Харгис, хэрцгийн замнал ийм л тул харгис хэрцгий л бүү сонго. Мангас болчихно.


Сонголтоо л болгоомжтой хий. Шуналыг сонговол шуналын дон туссан мангас болчихно. Хувиа хичээгчийг сонговол амин үзлийг амиллуулсан мангас болчихно. Хулгайчийг сонговол авлига цэцэглүүлсэн мангас болчихно. Худалчийг сонговол хууран мэхлэлтийг мандуулсан мангас болчихно.  Харгис хэрцгийг сонговол хайр, энэрлийг бус харин харгислал, хэрцгийллийг дэвэргэсэн мангас болчихно. Энэ бүгдийг хамт сонговол шуналын донтой, аминч үзэлтэй, хулгайч авиртай, худалч зантай харгис хэрцгий атгаалжин хар мангас болчихно.   Иймд сонголтоо онож хий. Атгаалжин хар мангасыг бол бүр ч бүү сонго.

Ц.Лувсандорж
2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Tuesday, June 12, 2012

ГОЁ УРИАНЫ ХУУРМАГ УТГА


ГОЁ  УРИАНЫ  ХУУРМАГ УТГА

Сонгуулийн үед уриа л их олшрох юм. Хэлэхэд амархан уриа гэж байхад бас харахад гоё уриа гэж байна. Гэвч ингэж бүтээгдсэн  уриа ихэнхдээ бодит бус харин хуурмаг утгатай байх. Энэ нь ч жам ч байж мэдэх.  Гоё уриа хуурмаг утга тээсэн эсэхийг таньж мэдэхэд үнэндээ тийм хэцүү биш л дээ. Олон арга бий.Түгээмэл нэг нь үл хууртах ухаан буюу диконструктив сэтгэлгээ юм.

 Аливаа бичвэр (текст)-ийг цор ганц утгатайгаар бүтээж үл чадна. Энэ бол диконструктив ухааны суурь зарчим, тулгын чулуу нь юм. Энэ л ухаанаар  “том” гэгдэх улс төрийн хүчний сонгуулийн уриа (мотто)- г  нэг харья, шинжье.

Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс. Энэ бол МАН-ын энэ сонгуулийн  уриа, мотто  юм.  Хэлэхэд амар, сонсоход аятай, харахад гоё. Гэвч утга нь харин  төгс үү, аль эсвэл хуурмаг уу?  Энэ хэллэг дэх  “тэгш боломж (equal opportunity)” гэсэн холбоос үгэнд эхлээд анхаарлаа хандуулья.  Хүмүүс хоорондоо адил ч биш, ижил ч биш, тэгш ч  биш, харин эрс ялгаатай юм шүү дээ.  Тэд бие, хэл, тархи, сэтгэлгээ, зүрх, сэтгэлээрээ ялгаатай. Бас орчин нөхцөл, ахуй байдал, нийгэмд эзэлж буй байр суурь, боломж, бололцоогоороо хүртэл ялгаатай. Ийм их ялгаатай хоёр хүнд,бүр цаашилбал, 2,7 сая хүнд  тэгш боломжийг олгоно гэвэл  их хэцүү,  ер нь  боломжгүй зүйл юм л даа. Тэгэхээр “амьдралд биежсэн байх” гэсэн утгаас харвал ийм боломж бодиттой бус, хуурмаг юм. Үүнийг жаахан тодруулья.

Ялгаатай байсаар байтал  адил, тэгш боломжийг бодлогоор хүчлэн олговол энэ нь эргээд иргэдэд тэгш биш боломжийг зохиомлоор бий болгодог. Үүнийг энгийнчлэн хэлбэл, 2 өөр өвчтөнд яг адил эмчилгээ сувилгаа хийвэл дүн нь адил  бус,  харин  ялгаатай гарна гэдэгтэй л утга нэг аж.  Ийм тэгш бус боломжийг олгосон  үйлдэл-бодлогын дүнд  иргэдийн дунд ялгарал явагдана. Нэг хэсэг нь энэ боломжийг хүртэж ялгарна. Нөгөө хэсэгт энэ боломжийг алдаж ялгарна.  Ялгаварлыг ингэж гаргадаг “тэгш” гэх тэгш бус боломжийн бодит жишээ бас цөөнгүй.   

 “Төрөөс тараасан хувьцааг цуглуулж түүгээрээ улсын буюу өрөөлийн гэгдэх үйлдвэр, аж ахуйн газрыг өөрийн болгох”  адил тэгш боломжийг иргэдэд олговол хувьцаагаар мэргэшсэн, энэ талаар мэдээллийг эртнээс авсан хэсэг нь энэ боломжийг хүртэнэ. Харин үлдсэн нь энэ боломжийг алдана. Мөн “иргэн бүрт тодорхой хэмжээний газрыг үнэгүй өмчүүлэх” тэгш боломжийг олговол энэ нь эрх мэдэл, мэдээлэлтэй хэсэгт нь олз болж, харин үлдсэнд нь бас  гарз болно.  Мөн “алт, мөнгө, хүрэл зэс, нүүрс, уран, байгалийн ховор элемент бүхий газрыг эзэмших” боломжийг иргэдэд олговол  энэ нь  мөн л нэг хэсэгт нь бодит, нөгөө хэсэгт  хуурмаг байх.  Цаашилбал,  “дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлж чанарыг нь сайжруулсан цэцэрлэг, мөн  Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлсэн ерөнхий боловсролын сургуульд суралцах” тэгш боломжийг хүүхдүүд олговол хожим Кембрижид суралцах бололцоотой хүүхэд энэ нь олз, харин бололцоогүйд нь харин гарз болоод үлдэх нь бас жам аж.

Иймд ялгаатай иргэдэд тэгш боломж олгочихвол түүнийг хүртэх боломж тэгш биш байх нь илт болов. “Иргэдэд тэгш боломж олгоно” гэдгийг энэ утгаар хэрэглэвэл үнэндээ алагчлалд хөтлөх  аюултай аж. Тэгэхээр ялгаатай иргэдэд тэгш биш харин ялгаатай боломжийг олгож байж гэмээн боломжийг хүртэх боломж нь  адил тэгш болж мэдэх. Гэвч 2,7 сая хүний ялгаатай байдлыг харгалзан  ялгаатай боломжийг олгох замаар адил тэгш байдлыг хангана гэвэл энэ нь бас л бодит амьдрал дээр амаргүй, ер нь бодиттой бус, хуурмаг аж.  

Ингэхээр  “иргэдэд тэгш боломж...” гэдэг энэ  гоё уриа бодит амьдрал дээр бодиттой хэрэгжих бодит утгыг өөртөө тээгээгүй байж мэдэх нээ.

Хүн шиг амьдарья, улс шиг хөгжүүлье.  Энэ бол АН-ын энэ сонгуулийн уриа, мотто юм.   Энэ урианы “хүн шиг амьдарья” гэсэн холбоос үгэнд эхлээд анхаарлаа хандуулья.  Утга зүйн хувьд “хүн шиг амьдрах, бас хүн шиг биш амьдрах” гэсэн дор хаяж 2 боломж байна. 

Хүн шиг амьдарч ирсэн нэгэнд “хүн шиг амьдарья”  гэж уриалах нь ач холбогдол багатай, ер нь утгагүй.  Ийм хүмүүст ингэж хэлбэл тэднийг басамжласан, бас дорд үзсэн, ер нь тохуурхсан хэрэг болж мэдэх.  Бас хүний нэр төрд халдсан, за тэгээд хүний эрх, эрх чөлөө энэ тэр гээд яваад өгч болох. Хамгийн гол нь  ёс зүй, ёс суртахуунгүй хэрэг болох нь мэдээж.  Тэгэхээр ардчилалаар овоглосон нам  маань “хүн шиг амьдарья...” гэсэн уриагаа хүн шиг амьдарч яваа хүн л лав зориулж хийгээгүй мэдээж болох нь.

 Тэгэхээр энэ уриа хүн мөртлөө “хүн шиг биш”  амьдарч яваа нэгэнд л илүү ихээр зориулагджээ гэж ойлгогдохоор байна.  Сонгогчдын дүнд ийм хүн  хэр олон байдаг юм бол оо. Ажиглахад ихэнхи нь хүн  шиг амьдарч явах шиг. Яахав,  хиртэй хувцастай, халтар нүүртэй, ядмаг царайтай явж харагдах нэгэн байх. Ядмаг харагдавч  тэд хүн шиг зовж, хүн шиг өлсөж, хүн шиг амьдарч явах шиг.  Иймд хүн шиг биш амьдарч яваа хүн энэ улсад байхгүй бололтой. Тэгэхээр “хүн шиг амьдарья ... “ гэсэн энэ уриа хүнд хандаагүй харин хүн биш оршихгүйд хандаж байх шиг.  

Хүн биш оршихгүйд уриалж хандах  нь энэ сонгуульд нэг их хамаатай зүйл биш тул “хүн шиг амьдарья ... “  гэсэн эл гоё уриа өөртөө төгс, бодит утгыг бас л тээгүй  бололтой. Яахав, гоё сонсогдож, амар хэлэгдэх юм.

Энэ мэтчилэн “уриа төгс утга тээж байна уу” гэдгийг  үл хууртах ухаанаар шинжин утгыг нь хялбархан бариад байж болох нээ. Хуурмаг утгатай  бол хэрэгжилт үгүй, худлаа гэсэн үг шүү дээ. Бас уриаг  бүтээж байхдаа энэ  ухааныг  хэрэглэвэл бүр сайн. Бүтээсэн уриагаа энэ ухаанаар дахин дахин шинжин шинжсээр гоё ч, бас хамгийн гол нь утгатай уриаг бүтээчихнэ.  Дан ганц гоё биш, харин гоё ч, бас утгатай уриа л угтаа их хүчтэй байдаг.   



Ц.Лувсандорж

2012 оны 6 дугаарын 12-ны өдөр



  










Thursday, June 7, 2012