Wednesday, September 20, 2017

Энэ ажил хаялтын үнэн хохирогч нь хэн бэ?

Энэ ажил хаялтын үнэн хохирогч нь хэн бэ?

Энэ ажил хаялтын хохирогч нь багшийг ядууруулах он удаан жилийн харалган бодлогыг санаатай явуулсан эрх баригчид лав л биш.

Мөн "багшийг хөдөлмөрийн нөхцлөөр хангаж амжиргаанд нь хүрэлцэх цалин өгнө" гэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан захирал мэдээж бас хохирогч биш. Мөн МҮЭ бас биш.

Харин 2 өдрийн сурах боломжоо алдсан сурагч үнэн хохирогч мөн.

Бас 2 өдөр цалингүй ажлын байранд түр суулт хийхдээ түмэн дарамтыг тээж үлдсэн багш бас нэгэн үнэн хохирогч нь мөн.

Тэгэхээр хэн нь эхэлж шүүхэд хандвал онох вэ?

Хохирогч нь уу, Хохируулагч нь уу?

Юманд учир, суманд занги байдаг.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Tuesday, September 19, 2017

Багш нарын тэмцлийн тушаа

Багш нарын тэмцлийн тушаа

Багш нарын цалин нэмүүлэх үйлс, хөдөлгөөн, тэмцэлд чөдөр олон бий. Энэ чөдрийн  бодит нэгэн тушаа нь эзэн биш, засаг биш, харин шар үйлдвэрчний эвлэл юм.

Яг ажиллах гэхээр түүнд бүтэц ч байхгүй. Яг ажиллах гэхээр тэр үүрэг ч хүлээдэггүй. Харин "хууль бус" гэх мэтээр ядарсан багш нарыг янз бүрээр айлгадаг, гурван талт хэлэлцээ гэгчээр эзэд, ноёдтой хувилддаг,хулхиддаг, сөрөг мэдээлэл явуулдаг. Энэ бүхнийг одоо өрнөж буй үйлсийн хэсэг болж буй олон багшийн бодит тохиолдол, гомдлоор гэрчилж болно. Энэ цагийн багшийн их ядуурал, өрний гинж өөрөө бас үүнийг гэрчилнэ.

Ингэж их шарласан атлаа багшийн татвараар тэр 100 жил болгочихсон байх. Энэ хугацаанд багш нар тун их ядуурч, боловсрол туйлдаа хүрч дампуурсан, улс буруу хөгжлийн золиос болсон байх. Гэтэл тэр харин ой бүрээр багш биш харин бөх, дарга баярлуулж, багшийг шагналд донтуулах үйлсэд хувь нэмэр оруулсаар гунхаж явах. Ийм үйлдвэрчнийг түүхэнд шар эвлэл гэдэг.

Монголын багш нарт одоо ийм шар эвлэл биш, багшийн тэмцлийн тушаа бүр биш, харин тэдний язгуур эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг, багшдаа үнэн үйлчилдэг нэгдэл хэрэгтэй болжээ. Багшийн төлөө ажилдаг, багшаа баярлуулдаг, багшдаа тусалдаг, багшаа хайрладаг үлгэр нэгэн нэгдэл л хэрэгтэй болжээ.

Цэцэрлэг, сургуулийн 35 мянган багшийн үнэн ийм нэгдлээр бид монголоо эхлээд зөв, төв засна.Дараа нь бид дэлхий зөв, төв дэвжихэд нэмэр болж чадна.

Багшийн тэмцлийн чөдөр чөтгөр, тушаа шулам бүхнээс салж, эгэл эрхэм, эрхэм эгэл багшаар хүн бүрийн замыг гэрэлтүүлэх үйлсээрээ Монголоо гоёьё. Монголоо аваръя.

Монголын гоёл  эх үүсвэр нь их тодорхойгүй олон давхар барилга биш; хулгай, луйвар биш; хөлсөөрөө олоогүй хөрөнгө биш; олигархи төр засаг биш харин нүдэндээ галтай,нүүрэндээ цогтой, сэтгэлдээ хөгтэй, дуундаа өнгөтэй, биедээ жавхаатай монгол хүн мөн.

Ийм монгол хүнийг гагцхүү багшаар бүтээнэ.

Багш нарын цалингаа нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн язгуур утга ч  чухамдаа үүнд л оршиж байгаа юм.

Ийм гүн утгатай багшийн энэ тэмцлийн чөдөр, тушаа бүхэн одог. Харин түүнийг дэмжигч, хувь нэмэр бологч, хөтлөгч, хөглөгч бүхэн оршиг.

Ц. Лувсандорж
2017 оны 9 дүгээр 20-ны өдөр

Monday, September 18, 2017

Багш нарын ажлын хаялт жам ёсны үйл мөн

Багш нарын ажлын хаялт жам ёсны үйл мөн


Багш нар язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцэж байна. Энэ тэмцлийг хууль бус гэж хийрхийн оронд монголоор дүүрэн болсон жам ёсны бус зүйлийнхээ хууль бусыг нь шинжвэл яасийм.

Төрийн албыг тэрбумжуулсан бичлэг хууль ёсных бус уу?

Татвараас зайлсхийж эх орондоо биш харь улсад их хэмжээний мөнгө хадгалагддаг нь хууль ёсных бус уу?

Багш нарын сонгогдох эрхийг хорьсон хуулийн зохицуулалт нь хууль ёсных бус уу?

Авилга хууль ёсных бус уу?

Намчирхал хууль ёсных бус уу?

Түмэн олныг ард болгох, ядуу болгох бодлого жам ёсных бус уу?

Өөрийн биш харин өрөөлийг хүүхдээр өвлийн хүйтэнд нүдийг нь царцаатал хурдан морь унуулдаг нь жам ёсных бус уу?

Хүний үрийг архичин Шаалуу болгодог архины үйлдвэржилт жам ёсных бус уу?

Энэ мэт монголоор дүүрэн жам ёсны бус зүйл байна ш дээ. Энэ бүхний дэргэд шударга ёс, амжиргааныхаа баталгаа болсон цалингаа нэмүүлэх жам ёсны шаардлагыг үл тоосон эрх баригчдад "багш мэргэжил нийгэмд ийм л хэрэгтэй" гэснийг мэдрүүлж буй багш нарын ажил хаялт, түр суулт нь харин ч жам ёсны үйл мөн.

Тэвчээрт хязгаар байдаг. Багш нарын энэ шударга ёсны тэмцэл үүнийг дахин нотолж байна.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Sunday, September 17, 2017

Онцгой сорилын нэгэн дурсамж

Онцгой сорилын нэгэн дурсамж

Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн нийт багш нар мэргэжлийн бүлийн хурлаа хийж 2017 оны 9 дүгээр сарын 21, 26-ны өдрийн сануулга ажил хаялтад оролцох эсэхээ олонхийн саналаараа шийдэх өдөр юм. Олонхи зөвшөөрсөн тохиолдолд хурлын шийдвэрээ захиралдаа мэдэгдэнэ. Тэгээд л тухайн өдрүүдэд "багшийн цалинг 1,6 саяд" хүргэх шаардлагыг үл тоодог эрх мэдэлтэнд энэ шаардлагын дор эв нэгдэлтэй, цул, бүхэл байгаагаа харуулж ажил хаялт, ажлын байранд суулт хийх тэмцэлд өөрсдийнхөө төлөө өөрсдөө хувь нэмрээ оруулах түүхэн үйлсийн гэрч өөрсдөө болох юм. 

Ийм онцгой сорилын өдрүүдэд би залуу насны нэгэн дурсамж, сургамжаа энэ сийрүүлж байна.
Би 1995 оны багшийн нарын цалин нэмүүлэх хөдөлгөөнийг дэмжиж УБИС (тэр үеийн нэрээр)-д багш нарын ажилт хаялтад нэгдэх хурлыг зохион байгуулж байлаа. Тэр үед юм энгийн байж. Би залуу байж.

Залуу байхад тэмүүлэлтэй байдаг. Өглөө ажилдаа ирээд, цаас авч "Багш нарын ажил хаялтанд бид оролцоно, ажлаа хаяхаа мэдэгдэж байна" гэсэн утга бүхий зүйл бичээд, хичээл хийж байгаа багш нараар явж, дэмжих эсэхийг асууж гарын үсгийг нь зуруулж захиралдаа өгч байсныг санаж байна.

Тэгэхэд цахим боломж бидэнд байсангүй. Сургуулийнхаа зохицуулагч хийж, хоёр тийш нь мэдээлэл дамжуулж их гүйж байж билээ...Тэгэхэд тэнд миний хийж буйд дуртай ч нь байсан, их дургүй ч нь бас байв. Хамгийн гол нь, би энэ үйлийг бусдад таалагдах, бас үл таалагдах гэж хийгээгүй юм. Зүгээр л сэтгэлийн дуудлагаар хийсэн юм.

Ингэж тэмцсэн 1995 оны тэр тэмцлийн дүнд цалин ч нэмэгдэж ч гавьсангүй. Харин би УБИС-ийн тэнхмийн эрхлэгч ажлаа "Би ингэж амьдрахгүй" гэсэн шүү юм хэлээд өөрөө ажлаа өгч байж билээ.

Тэгээд барилгын нэгэн компанид тоосго өрж, оройгоор англи хэл сурч, бас англи хэлний багш, математикийн сургалт явуулах зэрэг янз бүрийн ажил хийж, амь зууж байв.

Ингэж зүтгэсний эцэст Японы Засгийн газрын тэтгэлэг авч байж билээ. Эрсдэл үгүйд өгөөж үгүй гэдгийг би амьдралаараа ингэж л мэдэрсэн юм.

Би эрсдлээ одоо ч хийсээр л байна. 2017 оны багшийн нарын шударга ёсны төлөө, багш мэргэжлээ олигархийн савраас салгах энэ тэмцлийг би багш бэлтгэдэг сургуулийн багш болохынхоо хувьд ч, бас иргэн болохын ч хувьд дэмжиж байна... Үүний төлөө эрсдэл үүрсээр л явна...Учир нь, би "эрсдэлгүй өгөөж гэж байхгүй" гэдэгт итгэдэг юм.

Ц.Лувсандорж


2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 

Friday, September 15, 2017

Том эрсдэл том өгөөж

Том эрсдэл том өгөөж

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Пүрэв гариг, мөн энэ оны 9 дүгээр 26-ны өдрийн Мягмар гаригт хийх ажилт хаялт бол "багшгүй байвал нийгэм ямар байна даа" гэдгийг сануулах төдий л үйл, их үйлсийн өрнөлийн эхлэл төдий л зүйл.

Сануулга авахгүй бол хугацаагүй болно. Дүнд нь энэ улс багшгүй улс болно. Багш үгүйрсэн нийгэмд товчхон хэлбэл, харанхуй, бурангуй л байдаг. Харанхуй, бурангуй бол нийгмийн аймшиг, засгийн гутамшиг, түмний гуниг.

Ийм учраас дайн дажинтай улс орон хүртэл багшаа ядууруулдаггүй. Учир нь, багш ядуурахад нийгэм эцэстээ их ядардаг.

Үүнийг ухаантай нь мэдэрдэг, уршиггүй нь харин мартдаг. Уршиггүйд хэлээр биш харин ажилт хаялтаар...

Ажилт хаялт том эрсдэл. Гэвч эрсдэл үгүйд өгөөж үгүй.

Том эрсдэл иймд том өгөөж мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Энэ МҮОНТ, ер нь, байгаа юу?

Энэ МҮОНТ, ер нь, байгаа юу?

Хэрэв тэр байгаа бол түүний өнөөгийн удирдлагад "багш нар цагаан цаас биш" гэдгийг хүргэмээр байна. Багш "цагаан цаас" биш шүү.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ихэд талархснаа ингэж хэлжээ.

"Монголын багш нарын үнэн бодит мэдээллийг эхэлсэн цагаас нь дэмжиж ирсэн мэдээ мн сайтын хамт олон болон сайхан сэтгэлт сэтгүүлч дүүдээ ажлын өндөр амжилт хүсье.Мөн багш бидэнд харамгүй сайхан сэтгэлээр хандаж байгаа ТВ-9 тв,МОНГОЛ HD тв,ETB болон бусад тв сайтын хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлэхийн ялдамд багшаар заалгаж явснаа мартаагүй,багш мэргэжлийг хүндэтгэсэн эрхэм сэтгүүлч дүү нартаа үргэлж үнэний талд зогсож цагаан замтай бардам өөдрөг явахыг 40 гаруй мянган багш нар болон тэдний гэр бүл ах дүү шавь нарынх нь өмнөөс талархан ерөөж, та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.Сайн үйлс бүхэн дэлгэрч сайхан бүхэн нэгдэн нийлж монголын ард түмэн бид эх орондоо аз жаргалтай сайхан амьдрах цаг айсуй.БИД ХАМТДАА УЛАМ ОЛУУЛАА БОЛЖ БАЙНА.АМЖИЛТ БҮХЭН ОЙРХОН ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ. 2017-09-15"

Гэтэл түүний энэ талархалд МҮОНТ, ерөөсөө, дурдагдаагүй байх юм. МҮОНТ гэх энэ телевиз ер нь ажиллаж байгаа юу? Байгаа юу?

Түмний татвар, төсвөөр ажиллаж байдаг түмэн олны гэх энэ мэдээллийн хэрэгслэл уг нь багш нарын шударга шаардлагыг нууж дардаггүй, харин "ТВ-9 тв,МОНГОЛ HD тв,ETB болон бусад тв сайт"-ээс илүү ихээр дэмжиж мэдээллийг олон нийтэд нээлттэй, бодитой хүргэж баймаарсан, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй, ардчилсан монголд.

Гэтэл МҮОНТ үндэсний хэмжээнд өрнөж буй багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнийг лав л сар гаруй хугацаанд огт мэдэрсэнгүй, ерөөсөө, мэдээлсэнгүй. Хэрэв байгаа бол энэ байгууллагын өнөөгийн цагийн удирдлагууд үзэгчдээсээ ич.Хаалтын гэрээ хийчихсэн бол түүнээсээ бас ич. Бусад хэвлэл мэдээллийнхнээсээ бол бүр ч их ич.

МҮОНТ-ын өнөөгийн удирдлага "ард түмэн цагаан цаас" гэж долдойдож байдаг шигээ багш нарыг "цагаан цаас" гэж бодож байгаа бол их эндүүрэл шүү.

Сэхээтэн баас ч биш. Сэхээтэн "цагаан цаас" ч биш.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Thursday, September 14, 2017

Хоёр сорилын нэг өдөр

Хоёр сорилын нэг өдөр

Өнөөдөр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр юм. Энэ өдрийг орчлонгийн хүрдээр харвал нар мандаж, сар жаргасан он цагийн байдаг л нэг эргэлт, байдаг л нэг мөч юм. Гэвч энэ өдрийг, харин, ганцхан багшийн цалин нэмүүлэх тухай ганцхан постоор бүх багш нар түүхэнд анх удаа нэг цул, нэг бүхэл болж нэгдэж өндийсөн монголын багш нарын язгуур эрх ашгаа хамгаалах, багш мэргэжлээ олигархийн савраас салгах хөдөлгөөн, тэмцлийн эхлэлээс тоолбол 1 сар, 5 хоногийн босго мөч, бага хугацаа, их ажил, бодит ололт юм.

Энэ өдөр эрх баригчдаас бид багш мэргэжлийг шавар шавхаатай хутгахгүйгээр тээж явж, ажиллаж амьдрахад шаардагдах амжиргааны наад захын хэрэгцээг хангах төдийд л хэрэгтэй 1,6 сая төгрөгийг ажлын хөлс, цалин болгон нэхсэн шударга шаардлагынхаа хариуг эрх баригчдаас авах өдөр юм.

Энэ өдөр, ийм учраас, эрх баригч, тэр тусмаа БСШУС-ын яам салбарынхаа цөм болсон багшаа цаасан малгайг өмсгөж хөөргөдөг, хуурдаг, доромжилдог, шагналд донтуулдаг бусармаг авир, бохир хандлага, буруу бодлого орхисноо хариулж, харин багшийнхаа язгуур их эрх ашиг, язгуур сонирхлыг эрхэмлэн хүндэтгэдэг болсноо; багшгүй нийгмийн аймаарыг гүн ухаарснаа; багшийн төлөө "за" гэж хэлдэг чаддаг болсноо; тэдний төлөө ажилладаг болж өөрчлөгдснөө нийт багш нарт, нийгмийн бүлгүүдэд бодит үйл, бодит тоо, шийдлээр таниулж чадах эсэхийн сорилын өдөр юм.

Энэ  сорил нь, эцэстээ, эрх баригчдын хувьд монголын багш, сэхээтнийг дарлах, доройтуулах, дордуулах, ард болгох олигархи бодлого зогсоож, монголыг зөв хөгжилд хөтлөж чадах эсэхээ түмэнд тод хариулах  том сорил, хүнд сорил болох нь мэдээж.

Энэ өдөр мөн багш бидний хувьд мөн цалингаа дор хаяж 1,6 сая төгрөг болгох, цаашилбал, 3500$ болгох шударга шаардлагынхаа төлөө багш нар нэг, цул, бүхэл болж хөдөлсөн, тэмцсэн энэ тэмцэл, хөдөлгөөнд улам гүн нягтарч "нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө" байж, онцгой асуудлыг онц их хурлаараа онцгой цохилт, онцгой хурд, онцгой зохион байгуулалт, онцгой алхмаар шийдэж, шийдвэрээ улс орон даяараа "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" гэсэн зарчмаар онцгой хэрэгжүүлэх, улмаар тэмцлээ эрчимжүүлэхийн төлөөх цул болж нэгснээ бодит үйлээр тод, онцгой харуулах  сорилын өдөр бас мөн.

Хоёр сорилын энэ нэг өдөр, иймд, бас түүхэн өдөр, цэнэтэй мөч мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр