Thursday, September 14, 2017

Хоёр сорилын нэг өдөр

Хоёр сорилын нэг өдөр

Өнөөдөр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр юм. Энэ өдрийг орчлонгийн хүрдээр харвал нар мандаж, сар жаргасан он цагийн байдаг л нэг эргэлт, байдаг л нэг мөч юм. Гэвч энэ өдрийг, харин, ганцхан багшийн цалин нэмүүлэх тухай ганцхан постоор бүх багш нар түүхэнд анх удаа нэг цул, нэг бүхэл болж нэгдэж өндийсөн монголын багш нарын язгуур эрх ашгаа хамгаалах, багш мэргэжлээ олигархийн савраас салгах хөдөлгөөн, тэмцлийн эхлэлээс тоолбол 1 сар, 5 хоногийн босго мөч, бага хугацаа, их ажил, бодит ололт юм.

Энэ өдөр эрх баригчдаас бид багш мэргэжлийг шавар шавхаатай хутгахгүйгээр тээж явж, ажиллаж амьдрахад шаардагдах амжиргааны наад захын хэрэгцээг хангах төдийд л хэрэгтэй 1,6 сая төгрөгийг ажлын хөлс, цалин болгон нэхсэн шударга шаардлагынхаа хариуг эрх баригчдаас авах өдөр юм.

Энэ өдөр, ийм учраас, эрх баригч, тэр тусмаа БСШУС-ын яам салбарынхаа цөм болсон багшаа цаасан малгайг өмсгөж хөөргөдөг, хуурдаг, доромжилдог, шагналд донтуулдаг бусармаг авир, бохир хандлага, буруу бодлого орхисноо хариулж, харин багшийнхаа язгуур их эрх ашиг, язгуур сонирхлыг эрхэмлэн хүндэтгэдэг болсноо; багшгүй нийгмийн аймаарыг гүн ухаарснаа; багшийн төлөө "за" гэж хэлдэг чаддаг болсноо; тэдний төлөө ажилладаг болж өөрчлөгдснөө нийт багш нарт, нийгмийн бүлгүүдэд бодит үйл, бодит тоо, шийдлээр таниулж чадах эсэхийн сорилын өдөр юм.

Энэ  сорил нь, эцэстээ, эрх баригчдын хувьд монголын багш, сэхээтнийг дарлах, доройтуулах, дордуулах, ард болгох олигархи бодлого зогсоож, монголыг зөв хөгжилд хөтлөж чадах эсэхээ түмэнд тод хариулах  том сорил, хүнд сорил болох нь мэдээж.

Энэ өдөр мөн багш бидний хувьд мөн цалингаа дор хаяж 1,6 сая төгрөг болгох, цаашилбал, 3500$ болгох шударга шаардлагынхаа төлөө багш нар нэг, цул, бүхэл болж хөдөлсөн, тэмцсэн энэ тэмцэл, хөдөлгөөнд улам гүн нягтарч "нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө" байж, онцгой асуудлыг онц их хурлаараа онцгой цохилт, онцгой хурд, онцгой зохион байгуулалт, онцгой алхмаар шийдэж, шийдвэрээ улс орон даяараа "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" гэсэн зарчмаар онцгой хэрэгжүүлэх, улмаар тэмцлээ эрчимжүүлэхийн төлөөх цул болж нэгснээ бодит үйлээр тод, онцгой харуулах  сорилын өдөр бас мөн.

Хоёр сорилын энэ нэг өдөр, иймд, бас түүхэн өдөр, цэнэтэй мөч мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

No comments:

Post a Comment