Tuesday, September 5, 2017

Багшийн нарын тэмцлийн өдөр

Багшийн нарын тэмцлийн өдөр


Бидний "Багш нарын баярын өдөр" гээд хийрхээд байдаг өдөр угтаа "Багшийн нарын тэмцлийн өдөр" юм шүү дээ. "Багш нарыг өөрсдийнхөө төлөө, мэргэжлийн төлөө тэмцэхчих вий дээ" гэсэн шиг энэ өдрийг "тэмцлийн биш" харин "шагнал"-ын өдөр болгоод удав.

Мянга мянгаар шагнаж, уралдуулаад л. Энгэрт нь медаль зүүж өгөөд л. Бид хөөрөөд л. Гэтэл үнэндээ, тэр шагналд багшийн ахуй амьдралд нөлөө, дэм болоод байгаа зүйл огт байхгүй байдаг. Ер нь, шагнал авах, өгөхөд учир бас бий. Нэгэн болсон явдлыг жишээ болгон та бүхэнд хуваалцаж байна.

Тээр жил би ханаараа дүүрэн одон медальтай атлаа сургуулийнхаа хажуугийн жижиг байрыг хөлслөн ядуу тарчигхан амьдарч буй нэг багш найзындаа очиж билээ. Нэг ангийн юм болохоор дэмий жаахан хөөрч байгаад түүнд шууд ингэж хэлэв.

"За, найз минь одоо энэ шагналаа боль. Энэ шагнал тань бүхэл бүтэн хана дүүрсэн байна ш дээ. Энэ солиорол шүү. Үүнийгээ боль. Найз минь, амьдралыг хөрөнгөний нийгмийнх нь утгаар бодитой хар. Хөрөнгөтөн нийгэмд энэ медаль, шагнал, хавтас чамд ерөөсөө туслахгүй, за. Харин цалин тань л нэмэр болно... Найз минь, яг одооноос, шагнуулж хууртахаас боль. Ухаар. Шагналын донгоо зогсоо...."

Ингэж хэлэхэд найз маань надад нилээд дургүйцэж "Чи шагнуулаагүй болохоор л ингэж байгаа юм" гээд авч өгч байж билээ. Энэ яриа тэгэсхийгээд өндөрлөв.

Харин дараа уулзахад надад тэр найз маань "Их баярласнаа" хэлээд "Би хууртаж, бусдад ашиглагдаж явсан байна лаа" гээд "Байртай болсон, машинтай болсноо" хэлэв. Түүний ийнхүү ярьж байхад нүдэнд нь нулимс хурсан байж билээ.(Тэр гэхдээ багшийн цалингаар биш, харин сургалтын бизнесээр хөлжичихсэн байв).

Багшийн нарын тэмцлийн өдрийг яг Хойд Солонгосын удирдлагууд шиг "баяр, шагналын өдөр" болгон хуурсан энэ хууртал, хулхидалтыг миний муу тэр найз шиг одоо нэг ухаарч, ухаж үзэхэд илүүдэхгүй мэт санагдана, багш нараа. Ер нь эргэцүүлээч, багш нараа. Яахав, шагнал өгнө гээд байвал авна л биз.

Гэхдээ энэ удаагийн багшийн нарын тэмцлийн өдрийг жинхэнэ утгаар нь багшийн цалинг нэмүүлэх тэмцлийн өдөр болгох нь "хэдэн зуун одон, медалаар шагнуулахаас" илүү утга төгөлдөр хэрэг мөн.

Багш нар маань дор дороо үүнийг нэг тунгаан эргэцүүлнэ биз ээ.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

No comments:

Post a Comment