Thursday, September 28, 2017

Тэгэхээр би тэднийгээ их л өрөвддөг

Тэгэхээр би тэднийгээ их л өрөвддөг

Хувийн сургуулийн багш нараа би их өрөвддөг. Тэд маань ямар ч хамгаалал байдаггүй...Зүгээр л эзэн биш эздийн харц, зарц юм шиг харагддаг. Багш гэхийн нандин чанар тэнд алдагддаг... Тэд алддаг.

Багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар, багш мэргэжлээ аврахаар; салбараа шавраас гаргахаар; монголоо зөв хөгжилд хөтлөхөөр мэргэжил нэгт нөхөд багш нар нь язгуур эрх ашгийнхаа дор нэгдэн их эрсдэл хийж тэмцэж байхад тэд харин эзэндээ зүтгэж байх... Эрх чөлөөгөө тэд ингэж л гинжинд хүлсэн байх.Уяатай байх.

Ихэнхи хувийн сургуулийн эзэд нь Их хуралд байдаг. Тэд "багшийн цалин 1,6 сая болоход бүх хувийн сургууль багшгүй болно" гэдгийг их сайн мэдэж байгаа юм . Тэгэхээр тэд бол бидний энэ тэмцлийн хамтын том чөдөр мөн.

Финланд зэрэг олон оронд хувийн сургуулийг зөвшөөрдөггүй. Адил тэгш байдал, тэгш боломж, элдвээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга ёс гэдгийг цаасан дээр бичээд орхидоггүй юм, тэнд. Харин үйл л болгодог. Тэгэхээр тэд хүүхдийг эцэг эх нь мөнгөтэй, мөнгөгүйгээр нь төр ялгаж үзэхийг зөвшөөрдөггүй юм. Тэгш байдал, адил боломж, шударга ёс, үнэн ардчилал тэнд амь орсон байдаг болохоор тэр.

Манайд олигархийг төрүүлсэн 27 жилд зарчим л их алдагдав. Зарчим алдагдахад хувийн өмчийг хулгай, луйвар, худал, хулхидалт, хууралт, авилгал, олигаржилт зэрэг ёс зүйн их доройтлоор босгож ирсэн, бий болгосон. Тэд иймд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэхээсээ илүүтэйгээр нийгмийн бухамдалтыг их бий болгож байх. Хүн амын ядарсан 99 хувийн энэ их бухамдал нь нийгмийг их тэсрэлтэд хүргэчих гээд байна. Багш тэмцэж байна. Эмч тэмцэж байна. Иргэд өлсөж байна ....

Хувийн өмч гэдэг хулгайгаар бий болох ёсгүй. Худлаар ч төрөх ёсгүй. Хулхиар ч орших ёсгүй. Харин хөлсөөр, хөдөлмөрөөр бүтээгдэх жам бий.

Хувийн сургуульд хулхидуулж, гинжлэгдэж, уяагдаж буй мэргэжил нэг нөхдөө харахаар би их өрөвддөг. Учир нь багш гэдэг энэ үг гэрэл, гэгээтэй л илүү холбогддог юм шүү дээ. Пагши гэдэг араб үгнээс үүссэн багш гэсэн үг нь Финланд хэлэнд "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" гэсэн утгатай үг. Манай соёлд ч бас л ийм утгатай хэрэглэгддэг.

Багш гэдэг гэрэл, гэгээтэй л их холбогдоно оо. Бараантай хэзээ ч холбогдож үл болно. Үүнд л багш мэргэжлийн үнэн нандин чанар байдаг юм шүү дээ.

Тэгэхээр би тэднийгээ их л өрөвддөг.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

No comments:

Post a Comment