Tuesday, September 26, 2017

Бүү сөр. Ходоодон бодлогоо зогсоож багш нарын шааардлагыг хүлээж ав. Бүү зөр

           
 Бүү сөр. Ходоодон бодлогоо зогсоож багш нарын шааардлагыг хүлээж ав. Бүү зөр

Багш нараараа бахархлаа. Бид энэ хоёр өдрийн сануулах ажилт хаялтаараа эрх баригчдад нэг үнэт зүйлийг үнэн мэдрүүлж чадлаа. Багш бид нар язгуур эрх ашиг, сонирхлынхоо дор нэг, цул, бүхэл болж нэгдэж чадснаа бодит үйлээрээ монгол даяар бодитой нотлон харуулж чадлаа. Бид эрх ашгийнхаа дор нэг, цул, бүхэл болж зогсож чадлаа. Энэ одоо үг биш. Энэ, харин, одоо үнэн бодит байдал юм. Үүнийг монгол даяараа ажлаа, харлаа, үнэмшлээ. Бидний энэ үнэн бодит нэгдэл бидний хүч мөн. Энэ хүч дийлдэшгүй. Энэ дийлдэшгүй хүч биднийх, бидний нэг болж нэгсэж чадсных. Бид одоо хүчтэй. Бид одоо эрчтэй. Бид одоо хурдтай.

Энэ дийлдэшгүй хүчээрээ; энэ дуусашгүй эрчмээрээ; хасын мэт цахим хурдаараа бид цалингаа 1,6 саяд хүргэж чадна. Бид багш мэргэжлийнхээ үнэ цэнэ, үнэлэмжийг бодитой болгож чадна. Бид багш мэргэжлээ олигархийн савраас салгаж чадна. Бид монголоо зөв хөгжлийн замд хөтөлж чадна. Бид чадна. Бид хамтдаа. Бид урвахгүй. Бид шантрахгүй.

Бидний  хүч, эрч, хурдыг  Монгол харлаа. Манай нийгэм мэдэрлээ. Тэгэхээр эрх мэдэлтэн, эрх баригчид "Өө, багш нарыг  ядууруулсан. Тэд эвлэлдэн нэгдэж,одоо, чадахааргүй болсон. Өө, багш нарыг дарласан. Тэд үзэл бодлоо, одоо, илэрхийлж чадахааргүй болсон. Өө, багш  нарыг доройтуулсан. Тэд,одоо,  ажил  хаяж чадахааргүйгээр гинжлэгдсэн..." гэж 27 жилийн турш багшийг ядууруулах, дарлах, доройтуулах, өрөнд гинжлэхээр явуулж ирсэн  бурангуй ёс, харалган үзэл, олигархи бодлого, ходоодон бодлоо үргэлжүүлэхээ, одоо, зогсоо.

Эрх баригчид Та нар, одоо, өөрчлөгдөх хэрэгтэй. Олигархи бодол, ходоодон бодлогоо зогсоож багш нарыг шаардлагыг хүлээж ав. Үүнээс өөр зам үгүй. Эсрэгээс нь,  харин,  хэн ч хожихгүй. Энэ тэмцэл, хөдөлгөөн үүнээс эсрэгээр өрнөхөд, Монгол эхлээд багшгүй улс болно. Манай нийгэм, тэгээд, багшгүйн ёс бурангуйн ёсонд хөтлөгдөнө, живнэ.  Мунхаглал, тэнэглэлийн үүд нээгдсэн  тэр нийгэм соёл иргэншилгүй сүрэг болдог. Тэр, тэгээд, соёлт хүмүүний доог, тохуу болдог.

Иймд эрх баригчид, одоо, "боловсрол нийгмийн тархи; багш боловсролын зүрх" гэдгийг нэг ухаарч, энэ тэмцлийн "хэн ч хожихгүй " хувилбараас татгалз. Бүү сөр. Бүү зөр.

Багш нар одоо их ухаажиж байна.  Багш бид нар, одоо, эрх баригчдын хорон бодлого, хорсол хууралтад хууртахгүйгээр болсон.  Багш бид нар,одоо,2017 оны багш нарын тэмцлийн өдрийг алдагдсан эрхээ сэргээх; дарлагдсан байдлаас гаргах;  Хойд Солонгосынх шиг иргэдээ хоосон шагналд донтуулах эрх баригчдын хорон санааг зогсоох; багшийг ядуурлаас гаргах, цалингаа 1,6 саяд хүргэх, багш мэргэжлээ олигархийн савраас салгах тэмцлийн түүхэн өдөр болгохоор зэхэж байна. Энэ өдөр бид өмнөхөөсөө их илүүтэйгээр төв талбайг дүүргэж язгуур эрх ашгаа хамгаалахад эв нэгдэлтэй, эрч хүчтэй, их хурдтай байгаагаа дахин илэрхийлэхээр зэхэж байна. Багш бид нар, одоо,онц их хурлаа хийж олон жилийн олигархи бодлого, ходоодон бодол, сэтгэлгээний хорон үр болж хуримтлагдсан олон асуудлаа олноороо хэлэлцэж, онцгой шийдвэрийг гаргаж, багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар зэхэж байна. 

Бидний нэгийг өвтгөсөн үйл бүр бид бүхнийг өвтгөдөг. Учир нь бид тийм нэг, тийм цул, ийм бүхэл юм. Энэ бүхлийн зарчим юм. Энэ зарчим бидний тэмцлийн зарчим мөн. Бидний зарчмыг багштай харьцдаг хүн бүр хүндэтгэж үз, эргэцүүлж бод. Бидний зарчмыг захирал бүр, эрх мэдэлтэн бүр анхаарч сонс. Нэг ч багшийг бүү өвтгө. Нэг ч багшийг бүү өд. Бүү тэмцэлд. Бүү сөр. Бүү зөр.

Бид хүчтэй.
Бид эрчтэй.
Бид хурдтай.

Бидний хүч нэгдэлдээ. Бидний эрч нэгсэлдээ. Бидний хурд цахимдаа.

Бид хүчтэй.
Бид эрчтэй.
Бид хурдтай.

Багш нараараа бахархлаа.Та нартаа баярлалаа.
 
Жич: Үг сарниж үсэг үлддэг. Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор орон даяар өрнөсөн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ажил хаялтын нэгдсэн хаалт Сүхбаатарын талбайн лайв болон, мөн 9 дүгээр сарын 26-ны өдрийн сануулах ажил хаялтын хаалтын лайв-д хэлсэн үгээ сарнихаас нь өмнө үсэг болгон ийнхүү хураангуйлав.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

No comments:

Post a Comment