Wednesday, September 13, 2017

Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал

Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авах шаардлагыг багш нар 2 удаа эрх баригчдад хүргүүлсэнг бид ч бүгд мэдэж байгаа. Эрх баригч та нар бас мэдэж байгаа.

Шаардлагынхаа хариуг багш нар бид ч их хүлээж байна. Та нар ч бас хариуг бидэнд өгөхөөр тэсэн ядан хүлээж байгаа байх.

Багш нар эдгээр шаардлагаараа багшийн цалинг 1,6 сая төгрөг болгохыг л шаардсан шүү. Эрх баригчид үүнд л хариулах ёстой юм. Гэтэл тэд хадуурч, хаа хамаагүй зарчим, чиглэл ярьж эндүүрч, халуурч, андуурч байна. Тохуурхаж байна. Бидний шаардлага- асуултад хариул, асуудлыг шийд.

БСШУС-ын яамны тэр чиглэл, зарчим гэгч нь цагаа олоогүй, ажлаа хийдэггүй явж ирснээ тод харуулсан тэдний увайгүй нэгэн үйлдэл байна. Нөгөө талаас, энэ нь зүгээр л гол асуудлаас бултах гэсэн, багш нарын анхаарлыг сарниулах гэсэн, хуурах гэсэн эрх баригчдын бас нэг ээлжит тохуурхал, бас нэг ээлжит увайгүй үйлдэл байна.

Багш нар 27 жил зөөлнөөр хэлбэл, хууртсан, хатуугаар хэлбэл, доромжлуулсан.Дүнд нь эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН,АН-ын "дарга" анги та нараас өөр хэн ч хожоогүй. Харин боловсрол дампуурсан, багш ядуурсан, яам наманцараар дүүрсэн, нийгэм бурангуй ёс, мунхаглал, дэмийрлийн харанхуй мананд орж манарсан.

Нийгмийн сэхээтэн бүл; монголын ажилчин ангийн цөм болсон багш нарт одоо бодитод мэдрэмжид суурилсан үнэн ухаарал бий болчихсон байна. Тэд цалингаа нэмүүлэх, багш мэргэжлээ аврах энэ хөдөлгөөн, тэмцэлд өрний гинжнээс өөр алдах зүйл үгүй нөхцөлд байна. Багш нар цалингаа бодитой тоо хэлж, нэмэхийг шаардаж байна. Тэр нь 1,6 сая төгрөг юм.
Үүнийг л багш нар шаардаад байгаа юм. Зарчим, чиглэл гэгч ерөнхий ийм нэг цаасыг тэд харин шаардаагүй шүү. Ер нь иймэрхүү хэвлээд, хэлээд, хаядаг, мартдаг, хийрхлийн цаас хаа сайгүй л элбэг байдаг болсон шүү, хийрхлийн он жилүүдэд.

Эрх баригчид асуултанд хариулж асуудлыг шийдэхийн оронд хадуураад байна; эндүүрээд байна; дүлийрээд байна;тохуурхаад байна.

Багш нараар ингэж тохуурхаж байхын оронд тэдний шаардлагад хариу өг. Асуултад хариул. Асуудлыг шийд. Харин багш нараа хуурах гэсэн увайгүй, цагаа олоогүй зарчим, чиглэл ярьсан энэ тохуурхлаа зогсоо. Ажлаа ер нь цаг цагт нь үнэн хийж бай.

Тохуурхалд ч бас хязгаар бий. Тэвчээрт ч бас төгсгөл бий.

Эрх баригчид асуултад хариулж сур. Шаардлагад хариу өгч сур.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 14-ий өдөр

No comments:

Post a Comment