Онцгой сорилын нэгэн дурсамж
Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн
нийт багш нар мэргэжлийн бүлийн хурлаа хийж 2017 оны 9 дүгээр сарын 21,
26-ны өдрийн сануулга ажил хаялтад оролцох эсэхээ олонхийн саналаараа
шийдэх өдөр юм. Олонхи зөвшөөрсөн тохиолдолд хурлын шийдвэрээ
захиралдаа мэдэгдэнэ. Тэгээд л тухайн өдрүүдэд "багшийн цалинг 1,6 саяд"
хүргэх шаардлагыг үл тоодог эрх мэдэлтэнд энэ шаардлагын дор эв
нэгдэлтэй, цул, бүхэл байгаагаа харуулж ажил хаялт, ажлын байранд суулт
хийх тэмцэлд өөрсдийнхөө төлөө өөрсдөө хувь нэмрээ оруулах түүхэн үйлсийн гэрч өөрсдөө болох юм.
Ийм онцгой сорилын өдрүүдэд би залуу насны нэгэн дурсамж, сургамжаа энэ сийрүүлж байна.
Би 1995 оны багшийн нарын цалин нэмүүлэх хөдөлгөөнийг дэмжиж УБИС (тэр
үеийн нэрээр)-д багш нарын ажилт хаялтад нэгдэх хурлыг зохион байгуулж
байлаа. Тэр үед юм энгийн байж. Би залуу байж.
Залуу байхад
тэмүүлэлтэй байдаг. Өглөө ажилдаа ирээд, цаас авч "Багш нарын ажил
хаялтанд бид оролцоно, ажлаа хаяхаа мэдэгдэж байна" гэсэн утга бүхий
зүйл бичээд, хичээл хийж байгаа багш нараар явж, дэмжих эсэхийг асууж
гарын үсгийг нь зуруулж захиралдаа өгч байсныг санаж байна.
Тэгэхэд цахим боломж бидэнд байсангүй. Сургуулийнхаа зохицуулагч хийж,
хоёр тийш нь мэдээлэл дамжуулж их гүйж байж билээ...Тэгэхэд тэнд миний
хийж буйд дуртай ч нь байсан, их дургүй ч нь бас байв. Хамгийн гол нь,
би энэ үйлийг бусдад таалагдах, бас үл таалагдах гэж хийгээгүй юм.
Зүгээр л сэтгэлийн дуудлагаар хийсэн юм.
Ингэж тэмцсэн 1995 оны
тэр тэмцлийн дүнд цалин ч нэмэгдэж ч гавьсангүй. Харин би УБИС-ийн
тэнхмийн эрхлэгч ажлаа "Би ингэж амьдрахгүй" гэсэн шүү юм хэлээд өөрөө
ажлаа өгч байж билээ.
Тэгээд барилгын нэгэн компанид тоосго өрж,
оройгоор англи хэл сурч, бас англи хэлний багш, математикийн сургалт
явуулах зэрэг янз бүрийн ажил хийж, амь зууж байв.
Ингэж
зүтгэсний эцэст Японы Засгийн газрын тэтгэлэг авч байж билээ. Эрсдэл
үгүйд өгөөж үгүй гэдгийг би амьдралаараа ингэж л мэдэрсэн юм.
Би
эрсдлээ одоо ч хийсээр л байна. 2017 оны багшийн нарын шударга ёсны
төлөө, багш мэргэжлээ олигархийн савраас салгах энэ тэмцлийг би багш
бэлтгэдэг сургуулийн багш болохынхоо хувьд ч, бас иргэн болохын ч хувьд
дэмжиж байна... Үүний төлөө эрсдэл үүрсээр л явна...Учир нь, би
"эрсдэлгүй өгөөж гэж байхгүй" гэдэгт итгэдэг юм.
Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
No comments:
Post a Comment