Tuesday, September 19, 2017

Багш нарын тэмцлийн тушаа

Багш нарын тэмцлийн тушаа

Багш нарын цалин нэмүүлэх үйлс, хөдөлгөөн, тэмцэлд чөдөр олон бий. Энэ чөдрийн  бодит нэгэн тушаа нь эзэн биш, засаг биш, харин шар үйлдвэрчний эвлэл юм.

Яг ажиллах гэхээр түүнд бүтэц ч байхгүй. Яг ажиллах гэхээр тэр үүрэг ч хүлээдэггүй. Харин "хууль бус" гэх мэтээр ядарсан багш нарыг янз бүрээр айлгадаг, гурван талт хэлэлцээ гэгчээр эзэд, ноёдтой хувилддаг,хулхиддаг, сөрөг мэдээлэл явуулдаг. Энэ бүхнийг одоо өрнөж буй үйлсийн хэсэг болж буй олон багшийн бодит тохиолдол, гомдлоор гэрчилж болно. Энэ цагийн багшийн их ядуурал, өрний гинж өөрөө бас үүнийг гэрчилнэ.

Ингэж их шарласан атлаа багшийн татвараар тэр 100 жил болгочихсон байх. Энэ хугацаанд багш нар тун их ядуурч, боловсрол туйлдаа хүрч дампуурсан, улс буруу хөгжлийн золиос болсон байх. Гэтэл тэр харин ой бүрээр багш биш харин бөх, дарга баярлуулж, багшийг шагналд донтуулах үйлсэд хувь нэмэр оруулсаар гунхаж явах. Ийм үйлдвэрчнийг түүхэнд шар эвлэл гэдэг.

Монголын багш нарт одоо ийм шар эвлэл биш, багшийн тэмцлийн тушаа бүр биш, харин тэдний язгуур эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг, багшдаа үнэн үйлчилдэг нэгдэл хэрэгтэй болжээ. Багшийн төлөө ажилдаг, багшаа баярлуулдаг, багшдаа тусалдаг, багшаа хайрладаг үлгэр нэгэн нэгдэл л хэрэгтэй болжээ.

Цэцэрлэг, сургуулийн 35 мянган багшийн үнэн ийм нэгдлээр бид монголоо эхлээд зөв, төв засна.Дараа нь бид дэлхий зөв, төв дэвжихэд нэмэр болж чадна.

Багшийн тэмцлийн чөдөр чөтгөр, тушаа шулам бүхнээс салж, эгэл эрхэм, эрхэм эгэл багшаар хүн бүрийн замыг гэрэлтүүлэх үйлсээрээ Монголоо гоёьё. Монголоо аваръя.

Монголын гоёл  эх үүсвэр нь их тодорхойгүй олон давхар барилга биш; хулгай, луйвар биш; хөлсөөрөө олоогүй хөрөнгө биш; олигархи төр засаг биш харин нүдэндээ галтай,нүүрэндээ цогтой, сэтгэлдээ хөгтэй, дуундаа өнгөтэй, биедээ жавхаатай монгол хүн мөн.

Ийм монгол хүнийг гагцхүү багшаар бүтээнэ.

Багш нарын цалингаа нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн язгуур утга ч  чухамдаа үүнд л оршиж байгаа юм.

Ийм гүн утгатай багшийн энэ тэмцлийн чөдөр, тушаа бүхэн одог. Харин түүнийг дэмжигч, хувь нэмэр бологч, хөтлөгч, хөглөгч бүхэн оршиг.

Ц. Лувсандорж
2017 оны 9 дүгээр 20-ны өдөр

No comments:

Post a Comment