Tuesday, September 5, 2017

Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!



Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш мэргэжлээ аврах энэ тэмцэл хөдөлгөөн бүр нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтлоос аврах; улс, төрөө авилгалын хар манангаас салгах, Монголоо зөв хөгжилд хөтлөх сэхээтний хувьсгалын очийг үсэргэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш нар олон жил тэслээ, тэвчлээ. Тэд их дарлагдлаа. Дорд үзэгдлээ. Тэвчээр алдагдлаа. Тэд ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авахаар хөдөлж эхэллээ. Тэмцэж эхэллээ. Олигархиуд тэдний багш мэргэжлээ аврах энэ тэмцлийг харин их тохуурсан янзтай харж байна. Тохуурхан ярьж байна. Тохуурхлыг өрөвч зөөлнөөр бус харин хатуухан хатуурхлаар хариулах хэрэгтэй. Эрх зүйн орчингоо сайн бүрдүүл. Тэгээд нэг мэдрүүлсэн шиг мэдрүүл. Ухааруулах гэж одоо цаг алдах хэрэгггүй. Харин зүгээр л мэдрүүл.


Энэ тэмцэл нь салбараа доройтлын хар ангалаас, улсаа дампуурлын хар нүхнээс татаж гаргах их үйлсийн эхлэл мөн.  "Цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ингэж нэгдэж эхлүүлсэн энэ цагийн 35000 багшийн энэ үйлс Монголын зөв хөгжлийн эхлэл байсан" гэж түүхэнд бичигдэх нь харин гарцаагүй.


Энэ тэмцэл үр дүнгүй болбол энэ улс багшгүй нийгэм болно. Ийм нийгэмд баар олширч номын санг эзгүйрч, соёл иргэншил үгүйрсэн байдаг. Энэ нь улс сөхөрч сөнөхийн язгуур шинж мөн.


Сөхрөх үү, Босох уу? Сөнөх үү, Сэхэх үү?


Ийм байдалд энэ улс ирчихээд байгаа нь багш, сэхээтний энэ ядуурлаас их харагдана. Авилгалаас илт ажиглагдана. Мулгуй, тэнэглэл газар авснаас тод нотлогдоно.


Улс нийгмийг уруудуулж учруулсан энэ аюулыг сэхээрсэн, мэдэрсэн багш сэхээтний энэ өндийлт манай улсыг зөв хөгжилд хүргэх маш чухал эгшин мөн. Энэ нь улс,нийгмээ бурангуйн хар дэглэмээс ангижруулах их үйлсийн эхлэл, сэхээтний хувьсгалын оч болж байна.


Иймд энэ эгшинг их гамнаж хэрэгтэй. Энэ мөчийг зөв залж ашиглах хэрэгтэй. Үүний төлөө нэг, цул, бүхэл болох хэрэгтэй.


Ингэж бүхэлжиж чадвал энэ тэмцлийг дийлэх хүч үгүй. Үүнийг хүн төрөлхтний түмэн түүх харуулдаг, хувьсгалын буман үүх нотолдог.

Багш нарын “багш мэргэжлээ аврах” гэсэн энэ хөдөлгөөн, тэмцэл улс нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтол, дампуурлаас салгах сэхээтний хувьсгалын оч болж үсрэх вий дээ. Тэсрэх вий дээ.


Ц.Лувсандорж


2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

No comments:

Post a Comment