Monday, November 6, 2017

Хэлэлцээрийн ажлын хэсгийн хурлаас төрсөн миний сэтгэгдэл

Хэлэлцээрийн ажлын хэсгийн хурлаас төрсөн миний сэтгэгдэл

Хэлэлцээрийн ажлын хэсгийн 2 дахь удаагаа ажлын уулзалтад хэлэлцээрийн ахлагчийнхаа хувьд оролцож төрсөн сэтгэгдлээ багш нартаа ийнхүү хуваалцаж байна.

Манай түр хорооны ажлын хэсгийнхэн их эрт ирсэн, их хүлээлтэй байлаа. Сангийн яамны "том" дарга 50 минут хоцорч их л хүнд сурталтайгаар ирж сангийн яамныхны өнөөгийн соёл, ёс зүйг багш нарт том сурталчилав. Бас "том" тэр дарга асуудлынхаа талаар тун их жижиг байсныг энд тэмдэглэж байна. Тэр том дарга том уулзалтад их оролцож байдаг байж мэдэх биз. Гэвч багшийн төлөөллийг жижиг гэж бүү бод. Тэр язгуураараа том гэж бодсноос тань их том юм. Багшийг жижиг гэж бодвол том даргад мэдээж сайн биш. Дөрвөн түмэн багш гэдэг олон хүн шүү дээ. Ардчилал шүү дээ. 

Ажлын хэсгийн ахлагч БСШУС-ын яамны төрийн бичгийн дарга ажлын хэсгийн хурлыг аятайхан, аядуухан удирдаж сурах хэрэгтэй. Үглээ үйл нь хэтэрч байв. Зандрал нь олдож байв.
Ерөнхий боловсролын газрын даргын мэдээлэл муугүй ч бидэнд хэт ерөнхий байв. Багш нар бидний шаардлага их тодорхой, их тод юм шүү дээ.

Би түр хорооны ажлын хэсгийн өмнөөс тавьж буй шаардлагыг дахин сануулж давтаж хэлэв. Багш бидний шаардлага энгийн, тодорхой ийм л юм.

- 2017 онд цалинг 50 хувь нэмэх,
-2018 онд мөн 50 хувь нэмэх,
-2019 оноос "багшийн цалин=үндсэн цалин +ажилласан жилийн нэмэгдэл" гэсэн бүрдэлтэйгээр шинэ шатлал, сүлжээгээр явах.
Хэлэлцээрээс гарах бичигт онц их хурлын тогтоолыг хамтран хэрэгжүүлнэ гэж тусгах.

Үүнийгээ л давтан хэлээд гарав.

Яамдын тал их тааруу ажилласан байлаа. Нэн ялангуяа, хөдөлмөр хийгээд сангийн яамны төлөөлөл гэгчид их том гэхдээ их ядмаг байв. Үл тоосон, бие тоосон шинжтэй байх. Энэ ч яахав МАН-АН-аар дамжиж төр шурагдсан өнөөгийн төрийн албан хаагчийн ерөнхий дүр зураг шүү дээ. Утсаа маажаад хээв нэг сууж байх. Гэтэл урд талд нь 3 сар тэмцсэн дөрвөн түмэн багшийг төлөөлж сууж байх.

МҮЭ төлөөлөл тэнд их илүүц байв. Бас эрхэмсэг байв...

2 талт хэлэлцээр ерөнхийдөө огт үр дүнгүй биш. Дээрх 4 шаардлагын сүүлийн гурав дээр хэлэлцэл эерэг байгаа, талууд ойлголцолтой, эерэг хандлагатай байгаа юм. Үйл явцдаа байна.
Харин 2017 оных дээр нөгөө тал үл тоосон шинжтэй байгаа тул түр хорооны түр завсарлага авсан байна лаа. Энэ нь бас зөв.

Их хүлээлтэй байгаа тул их үр дүнтэй хэлэлцээр байгаасай. Хэлэлцээр үргэлжлээсэй. Үр дүнд хүрээсэй. Учир нь эсрэг харин их муу үр дагавартай юм шүү дээ.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүн

Багшийн энэ тэмцэл ...

Багшийн энэ тэмцэл ...

Багшийн энэ тэмцэл энэ нийгмээс үгүйрсэн шударга ёсыг нэхэж байна.

Багшийн энэ тэмцэл энэ нийгмийн их ялзралыг илрүүлж байна.

Багшийн энэ нэгдэл өмчийн нийгмийн өмчгүйн их мөлжлөгийн эсрэг зогсож байна.

Багшийн энэ тэмцэл нийтийн өмчийн хулгайн эсрэг зогсож байна.

Багшийн энэ нэгдэл байгалийн баялагийн хулгайн эсрэг босож байна.

Багшийн энэ тэмцэл худал хуурмаг, хулгай, хулхидалтын эсрэг чиглэж байна.

Багшийн энэ тэмцэл нийтийн их ядуурлын эсрэг сөрж байна.

Багшийн энэ нэгдэл нураасан монголоо босгохын төлөө босож байна.

Багшийн энэ тэмцэл эвдэрсэн элсэн цаг шиг эвгүйрсэн энэ нийгмээ эрүүлжүүлж ишгүй лонх шиг алтан харьцаатай, аятай, хөгтэй болохын төлөө эгшиглэж байна.

Багшийн энэ тэмцэл энэ засгийн утгагүй бүхний эсрэг зогсож байна.

Багшийн энэ нэгдэл энэ улсын утгатай бүхнийг булшлахгүйн төлөө гэгээн ирээдүйг зөгнөж байна.

Багш нарыг дорд үзэх тусам энэ нэгдлийн үл эвлэрэл их шаналгаатай.

Багш нарт их томрох тусам энэ тэмцлийн өрнөл их урт хугацаатай.

Монголоо хүний чадварт түшиглэсэн зөв, төв хөгжлийн төлөө багшийн энэ тэмцэл, тэгэхээр, монголын төлөө, монгол хүний төлөө бүх нийтийн тэмцэл болж өрнөх том нигууртай.

Багшийн энэ тэмцэл, багшийг ингэж их дорд үзбэл, их уртад өрнөх өнгө, аястай.

Багшийн энэ тэмцэл ...

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр 7-ны өдөр

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн

Sunday, November 5, 2017

Багш бидний очтой, одтой тэмцэл

Багш бидний очтой, одтой тэмцэл

Бороотой намрын тэртээд эхэлсэн багш нар бидний тэмцэл буурал өвлийн будрах цастай золгож ирлээ.

Гурван сар гудамжинд ч, ордонд ч бид хамтдаа, хурдтай, эрчтэй, нэгсэлтэй, одтой, очтой тэмцлээ. Шантраагүй, урваагүй, шарваагүй, ухраагүй, гагцхүү урагшаа довтолж очтой, одтой байлаа. Багшийн төлөө их зүйл амжууллаа. Монголын багш нарын онц их хурлыг онцгой хурдтай хийж онцгой шийдэл гаргаж чадлаа. Багшийн нэг, цул, бүхэл болсон хас мэт эрчтэй, цахим мэт хурдтай тэмцэл, нэгдэл нийгмийг яаж доргиодог, засгийг яаж дуулгавартай, ажил хэрэгч болдогийг үгээр ч, үйлээр ч нотлон харуулж чадлаа. Монголоо сэрээж чадлаа. Бидний энэ тэмцлээр манай нийгмийн олон ч ялзрал энд тэнд их ил гарлаа.

Багш нар бид тэмцэл, хөдөлгөөнийг яаж хийж чаддагийг дэргэдээ ч харууллаа, дэлхийд ч үзүүллээ. "Багш мэргэжил бүрийн эх. Багш мэргэжил бүрээс их" гэдгийг үгээр ч, үйлдлээр ч нотолж үзүүллээ. "Багш бүр манлайлагч. Багш бүр уран илтгэгч. Багш бүр лидер" гэдгийг бас дахин нотолж харууллаа. "Багш ядуурахад нийгэм эцэстээ их ядарна" гэдгийг сонсгож мэдүүлж, мэдүүлж мэдрүүлж чадлаа. Багш "нартад ганцхан нандин мэргэжил" гэдгийг мартсанд нь мартахааргүйгээр сануулж чадлаа.

"Нартад ганцхан нандин багш мэргэжлээ шавартаа хутгахгүй" гэж дөрвөн түмэн багшийн язгуур эрх ашгийн төлөө нэг, цул, бүхэл болж тэмцсэн энэ тэмцэл эвдэрсэн элсэн цаг шиг нийгмээ эрүүлжүүлж ишгүй лонхон шиг зөв, төв бүтэцтэй, алтан хэмнэлтэй, аятай, хөгтэй нийгмийг бүтээхийн төлөө их тэмцлийн эхлэл, их үйлсийн өрнөлийн очийг цацраасан монголоо гоёсон, очтой, одтой тэмцэл байж чадлаа.

Уйлагнах бороо шиг асгарсан, будрах цас шиг малгайлсан багш бидний энэ тэмцэл борооны дусал шиг нулимстай, цасны ширхэг шиг бэхжилтэй, ухааралтай, уйлаантай, эхлэлтэй, өрнөлтэй, үр дүнтэй, өгөөжтэй, очтой, одтой байлаа.

Буурал өвлийн будрах цастай энэ нэгэн өдөр багш бидний хувьд буурал мэргэжлээ булшлалаас салгасан түүхэн өдөр болж түүх болж үлдэнэ ээ.

Хас мэт эрчтэй, цахим мэт хурдтай, нэгсэлтэй, нэгсэлтэй багш нар бидний энэ тэмцэл одтой, очтой байлаа.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 6-ний өдөр

Saturday, November 4, 2017

Монголоо гоёсон тэмцэл




Монголоо гоёсон тэмцэл

Монголын багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө хийсэн гурван сарын тэмцлээр манай нийгмийн ялзрал энд тэндгүй маш ихээр илрэв.

Гурван талт хэлэлцээр гэгчээр багш нарыг ядууруулж байсан нь лав илрэв. Хэрэв энэ гурван талт гэгч энэ гэрээ үнэн гэрээ, багшийн төлөө чинхүү байсан бол багш нар ядуурч ажиллахгүй, ажиллаж ядуурахгүй байв. Энэ тэмцэл гарах ч хэрэггүй байв, шаардлага ч үгүй байв.

Төрийн яамдын мэргэжилтнүүд багшийн төлөө, боловсролын төлөө, нийгмийн төлөө, монголын төлөө гэж сэтгэл, зүтгэл гаргаж чинхүү ажиллаж байсан бол багш ингэж ажиллаж ядуурч, ядуурч ажиллахгүй байв. Улс мэдээж ингэтлээ урвайхгүй л байв. Уруудахгүй л байв.

Монголын засаг төр багшийн төлөө, хүний төлөө, нийгмийн төлөө, монголынхоо төлөө чинхүү зүтгэж байсан бол багш ядуурч, нийгэм ядарч, хүн өрөнд баригдаж улс ингэтлээ уруудахгүй л байв.

Монголд, хэрэв, улс орноо гэсэн ганц ч болов улс төрийн хүчин өнгөрсөн 27 жилд байсан бол, гарсан бол нийгмийн тархи нь болсон боловсрол ингэтлээ доройтож, боловсролын зүрх нь болсон багш ингэтлээ ядрахгүй л байв. Улс орон дампуурах шахаж монгол маань дэлхийн улсуудын доог болохгүй л байв.

Монголд, хэрэв монголын төлөө өөрийгөө зориулж чадах ганц ч болов үнэн улс төрч өнгөрсөн олон жилүүдэд байсан бол, гарсан бол энэ улсын улс төр ингэтлээ дорд болохгүй, багш ядуурахгүй, боловсрол доройтохгүй, улс ингэтлээ арчаагаа алдахгүй л байв.

Монголд, хэрэв, ганц ч болов захирал, дарга багшийнхаа төлөө дуугарч байсан бол багшийн энэ хөдөлгөөн, тэмцэл гарах шаардлага огт байхгүй л байв.

Монголд, хэрэв, ганц ч болов байсан бол...багш их өөр, нийгэм их гэгээн монгол маань их л гоё сайн байх байв.

Манай нийгмийн тэнд эндгүй элбэгжсэн олон ялзрал, доройтол язгуур эрх ашгийнхаа төлөө нэг, цул, бүхэл болж тэмцсэн дөрвөн түмэн багшийн тэмцлээр иймэрхүү байдлаар их тодорч илрэв. Ялзрал үгүйрэхэд монгол гоё болно.

Багш бидний энэ тэмцэл, хөдөлгөөн, тэгэхээр, монголоо гоёсон тэмцэл байжээ. Монголоо гоёсон багш бидний тэмцэл улсаа мандуулахын төлөө; нийгмээ ялзрал, доройтлоос салгахын төлөө; монголоо хүний чадвар тулгуурт зөв, төв хөгжил хүргэхийн төлөө их үйлсийн өрнөлийн эхлэлийг тавьсан их тэмцэл байжээ.

Монголоо гэсэн тэмцэл монголоо гоёсон тэмцэл багш бидний тэмцэл.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр


Wednesday, November 1, 2017

Багш нарын тэмцлийн амжилтын нууцыг багшаас л хай

Багш нарын тэмцлийн амжилтын нууцыг багшаас л хай

Багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцлийн эрч, хурд, хүчний нууцыг энд тэндээс олох гэж хайж байгаа хувь хүн ч олон байна. Улс төрийн хүчин ч элбэг байна. Хийрхэгчид, зөнчид ч цөөнгүй байна.

Багш гэдэг аугаа хүч юм. Багшийн бүл нийгмийг өөрчлөгч аугаа хүч мөн. Тэд үүнийгээ цагаа олсон энэ цаг дор нэг удаа мэдрүүлж байгаа юм.

Багшийн энэ тэмцлийн ололт, амжилтийн нууцыг багшийн тэр аугаа хүчээс л иймд эрж хай. Энэ мэргэжил эх, их мэргэжил байдгийнх нь мөн чанараас нь олж хар. Зөвхөн багшийн мэргэжлийн бүл л нэг, цул, бүхэл болж нэгсэн нэгдэж чаддаг тэр чанараас олж мэдэр.

Монголын багш нарын тэмцлийн амжилтын нууцыг улсаа дампууртал удирдсан улс төрийн хүчнүүдээс бол бүр бүү хай. Багшаас нь, өөрөөс нь л хай. Багш бусаас бүү эр.

Багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцлийн нууцыг сэхээтний мэдрэмжээс хай.Сэхээтний мэдлэгээс хай. Сэхээтний чадвараас хай. Үүнээс өөр бусдаас бүү хай. Хувилдаан, хулхидалт, хууран мэхлэлт, шуналын дон, шулмын хүсэл зэрэг муу муухайгаас бол бүр бүү хай.

Багш нарын тэмцлийн цахим мэт хурдтай, хас мэт эрчтэй ахиц, ололтын нууцыг багшийн ертөнцийн мөн чанараас олж хар.

Пагши гэдэг үгнээс үүсэлтэй "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" гэсэн утгатай багш мэргэжлийн хүний төлөөх гэгээн үйлсээс урсах гэгээн үрээс тэдний тэмцлийн амжилтын нууцыг олж ухаар, барьж тань.

Үйлс ариун байхад үр гэгээн байдаг жам ёсноос түүнийг хай.

Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Багш нар "хонины ганц хээр" биш.

Багш нар  "хонины ганц хээр" биш.  

Багшийн цалин нэмүүлэх түр хороо зарласан ажил хаялтаа түр зогсоогоод засгийн төлөөлөлтэй багшийн цалинг үе шаттайгаар 2017 оны сүүлийн улирлаас нэмүүлэхээр хэлэлцээрт орчихоод байдаг. Гэтэл МҮЭ маань зэрэгцээд ажил хаялт зарлаад байх юм.

Багшийн цалин нэмүүлэх хэлэлцээрт орлоо гээд зарлаад байгаа юм уу?

Аль эсвэл багшаас өөр хүмүүсийн цалинг нэмүүлэхийн төлөө багшийг буруугаар ашиглах гээд орилоод байна уу?

Тэд маань нэг л байгаа олохгүй байх шиг.

Багшийн ҮЭ үү, бусдын ҮЭ үү?

Бүх хонь шар халзан биш шүү дээ, андууд минь.

Багш нар өдөр бүр, хүн бүр юм бүхэнд тальхиж байдаг "хонины ганц хээр" бас биш шүү дээ.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр