Saturday, November 4, 2017

Монголоо гоёсон тэмцэл




Монголоо гоёсон тэмцэл

Монголын багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө хийсэн гурван сарын тэмцлээр манай нийгмийн ялзрал энд тэндгүй маш ихээр илрэв.

Гурван талт хэлэлцээр гэгчээр багш нарыг ядууруулж байсан нь лав илрэв. Хэрэв энэ гурван талт гэгч энэ гэрээ үнэн гэрээ, багшийн төлөө чинхүү байсан бол багш нар ядуурч ажиллахгүй, ажиллаж ядуурахгүй байв. Энэ тэмцэл гарах ч хэрэггүй байв, шаардлага ч үгүй байв.

Төрийн яамдын мэргэжилтнүүд багшийн төлөө, боловсролын төлөө, нийгмийн төлөө, монголын төлөө гэж сэтгэл, зүтгэл гаргаж чинхүү ажиллаж байсан бол багш ингэж ажиллаж ядуурч, ядуурч ажиллахгүй байв. Улс мэдээж ингэтлээ урвайхгүй л байв. Уруудахгүй л байв.

Монголын засаг төр багшийн төлөө, хүний төлөө, нийгмийн төлөө, монголынхоо төлөө чинхүү зүтгэж байсан бол багш ядуурч, нийгэм ядарч, хүн өрөнд баригдаж улс ингэтлээ уруудахгүй л байв.

Монголд, хэрэв, улс орноо гэсэн ганц ч болов улс төрийн хүчин өнгөрсөн 27 жилд байсан бол, гарсан бол нийгмийн тархи нь болсон боловсрол ингэтлээ доройтож, боловсролын зүрх нь болсон багш ингэтлээ ядрахгүй л байв. Улс орон дампуурах шахаж монгол маань дэлхийн улсуудын доог болохгүй л байв.

Монголд, хэрэв монголын төлөө өөрийгөө зориулж чадах ганц ч болов үнэн улс төрч өнгөрсөн олон жилүүдэд байсан бол, гарсан бол энэ улсын улс төр ингэтлээ дорд болохгүй, багш ядуурахгүй, боловсрол доройтохгүй, улс ингэтлээ арчаагаа алдахгүй л байв.

Монголд, хэрэв, ганц ч болов захирал, дарга багшийнхаа төлөө дуугарч байсан бол багшийн энэ хөдөлгөөн, тэмцэл гарах шаардлага огт байхгүй л байв.

Монголд, хэрэв, ганц ч болов байсан бол...багш их өөр, нийгэм их гэгээн монгол маань их л гоё сайн байх байв.

Манай нийгмийн тэнд эндгүй элбэгжсэн олон ялзрал, доройтол язгуур эрх ашгийнхаа төлөө нэг, цул, бүхэл болж тэмцсэн дөрвөн түмэн багшийн тэмцлээр иймэрхүү байдлаар их тодорч илрэв. Ялзрал үгүйрэхэд монгол гоё болно.

Багш бидний энэ тэмцэл, хөдөлгөөн, тэгэхээр, монголоо гоёсон тэмцэл байжээ. Монголоо гоёсон багш бидний тэмцэл улсаа мандуулахын төлөө; нийгмээ ялзрал, доройтлоос салгахын төлөө; монголоо хүний чадвар тулгуурт зөв, төв хөгжил хүргэхийн төлөө их үйлсийн өрнөлийн эхлэлийг тавьсан их тэмцэл байжээ.

Монголоо гэсэн тэмцэл монголоо гоёсон тэмцэл багш бидний тэмцэл.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр


No comments:

Post a Comment