Thursday, November 9, 2017

Ойрын орлогодоо ч, холын зорилгодоо ч холч л бай л даа

Ойрын орлогодоо ч, холын зорилгодоо ч холч л бай л даа
Хэлэлцээр гэдэг нь хоёр тал хоёр тийш хараад хөшиж зогсохыг хэлэхгүй. Харин талууд санал, үндэслэлээ хэлж, байгаа бодит байдлаа үнэн бодитой үнэлж харилцан буулт хийж зөвшилцөл, тохиролцоонд хүрэхийг л хэлэлцээр гэнэ.
Багш нарын цалин нэмүүлэх түр хороо удирдаж чиглүүлж ирсэн хугацаагүй ажил хаялтаа зогсоож засгийн газрын төлөөлөл болсон гурван яамтай хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн үр дүнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичиг гардаг. Ингэснээр хэлэлцээр өндөрлөдөг юм.
Ийм бичигт хүрэхийн тулд талууд ажилласаар л, ярилцсаар л, уулзсаар л, уурлалцаар л, уралцсаар л байна. Харилцан буулт хийх дээр түр хороо ч дотроо түнтэлцэх явдал хааяа хааяа гарч ч байна. Ойлголцлол, зөвшилцөл ч хүрэх уг нь их амархан. Гэвч бас их амаргүй. Учир нь давагдашгүй хүчин зүйл байдаг шиг тооцох үзэх ёстой хүчин зүйл, нөхцөл байдал гэж бас байна аа.
Багшийн цалин нэмүүлэх түр хороо багш бидэнд тулгарч буй бүх асуудлыг биш харин бүх асуудлын шийдлийн язгуур үндэс болсон дор дурдсан дөрвөн зүйл шаардлагыг л тавьж дөрвөн түмэн багшийнхаа нэгдэлд тулгуурлаж гурван сар гудамжинд ч, ордон ч тэмцэж ирлээ.
1. 2017 онд багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмэх,
2. 2018 онд багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмэх,
3. 2019 онд нэмэгдсэн цалинг үндсэн цалин болгосон багшийн цалингийн шинэ шатлал, сүлжээг хэрэгжүүлэх (Ингэснээр багшийн үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая зургаан зуун мянган (1.6 сая) төгрөгт хүрсэн байх юм)
4. 2017 оны 10 дугаарс сарын 5-ны өдөр хуралдсан Монголын багш нарын онц их хурлын тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
Талуудын төлөөлөл бүхий хэлэлцээрийн ажлын хэсэг өнгөрсөн арав гаруй хоногт маш сайн ажиллаж хэлэлцээрээс гарах баримт бичгийн үндэслэлийг гаргасан байна. Энэ үндэслэлд үндэслэн хэлэлцээрийн баримт бичиг гарах юм.
Энэ үндэслэлээс харахад хэлэлцээрийн баримт бичигт түр хорооны тавьж буй дээрх дөрвөн шаардлагын гурав нь үндсэндээ зохих байдлаар туссан байгаа юм. "Зохих" гэдэг нь нөхцөл байдлыг тооцсон гэсэн үг юм. Жишээ нь үндсэн цалин гэсэн үг хэллэгийн оронд бодит орлогыг урамшуулал хэлбэрээр хүн бүр олгох гэсэн утга санаагаар 2018 оных нь тусгагдсан байна. 2019 оны хувьд талууд санал нэг байгаа.
Харин 2017 онд багшийн цалинг 50 хувь нэмэх асуудал дээр талууд зөвшилцөл, тохиролцоонд хүрэхэд бэрхшээлтэй байв.
Хэлэлцээрийн утга агуулга, зарчмаар түр хороо олон дахин олон хэлбэрийн буулт хийв.
"2017 онд үндсэн цалинг 50 хувиар нэмнэ" гэдгээ "урамшуулал" хэлбэрээр багшийн бодит орлогыг 50 хувь нэмэх" болгож нэг буулт хийж үзэв. Дараа нь мөн 50 хувь гэдгээ 45 хувь болгож бас нэгэн буулт хийв.
Түр хорооны зүгээс ийм буулт хийж байгааг нөгөө тал маань анхаарч үзэж, өнөөдөр бидэнд 45 биш харин 36 хувь нэмэх санал, үндэслэлийг танилцуулав.
Энэ саналыг тавьсан талуудын уулзалтад түр хорооны ажлын хэсэг бүгд л байлцаж харилцан нилээд ярилцав.
2017 онд багшийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэсэн буултад буулт хийсэн нөгөө талын саналыг хүлээн авах нь зүйтэй гэсэн мэдрэмж надад төрсөн. Ийм мэдрэмж ерөнхий зохицуулагчдад бас төрсөн юм байна лаа. Үүний учир шалтгаан ийм л юм.
1. Бидэнд 2017 оны талаар хэлэлцээрээ үргэлжлүүлээд л байх хугацаа их байгаа юм. Үлдсэн хоёр сард хэлэлцээр хийж суугаад хоосон хоцорч болохоор л байна. Яг 8,9,10 сар ч шиг. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны "хайчинд" хүссэн хүсээгүй орж байна. Эцэстээ бид цаг хугацаанд захирагдахгүй гээд хаа холдов вэ дээ?
2. 216000+300000=516 000. Улирлын эцэст авах урамшуулал+1-2%+300 000 төгрөг гэсэн шийдэл шүү дээ. Бас "багш бүрт олгоно" гэсэн нөхцөлтэй. Энэ сайн зүйл юм.
Улирлын эцэст авдаг л урамшууллаа зөвхөн 1-2-иар нэмэхийн төлөө тэмцээгүй гээд "сөрөг" хандлага, шүүмжлэл түгээх нь бий. 300 000 төгрөг тэртээ тэргүй бүх төрийн албан хаагчид өгч байна гэж шүүмжлээд суух нь ч бий. Тэмцлийн урд нь гарч бүх эрсдлийг улаан нүүрээрээ үүрч яваа удирдагч руугаа энэ талаараа чичлэгчид бас бий.
1-2 хувь ч, 300 000 төгрөг ч багш бидний хамтын тэмцлийн л үр мөн.
Дахиад хэлэхэд, 300 000 төгрөг энэ тэмцлийн үр юм. Түүнийг бүх төрийн албан хаагч мэднэ. Бас удирдагчаа шүүмжлээд чичлээд байгаа журмын зарим нөхөд маань ч мэднэ. Бас тэд бүх багш нарт баярлаж байгаа ч мэдэрнэ.
Хэлэлцээр маань энд хэлснээр баримт болж гарвал 2017 онд багш нарын бодит орлого хагас сая төгрөгөөр бодитой нэмэгдэхээр л байна. Энэ бас тийм муу зүйл үү? Энэ нь мөнгө биш үү?
27 жил татварыг тань авсан МҮЭ 2017 оны багш нарын бодит орлогын төлөө бус харин бидний хэлэлцээрээ шийдэгдэж байгаа 2018 оны тэр шаардлагын төлөө ажил хаяхыг та нарт уриалж байгаа биз. Ингэж уриалж байгаа атлаа хэлэлцээрт бас сууж байгаа биз... Уг нь хэлэлцээрт орж байгаа бол ажил хаялтын бүхий л үйл ажиллагаа зогсмоор л юм....
Монголын багш нарын язгуур эрх ашгаа хамгаалахаар нэгдэж тэмцсэн өнгөрсөн өдрүүдийн мөч бүр үнэ цэнэтэй байлаа. Бид хамтдаа их ч ажил амжууллаа. Бас их ч хөлс урсгалаа.
Монголын нийгэм өнөөдөр "багш" үгээр түлхүүрлэж байна. Монголын нийгэм одоо багшийн тэмцлээр сэрж байна.
Багшийн энэ тэмцэл өнөөдөр эвдэрсэн элсэн цаг шиг энэ нийгмээс үгүйрсэн шударга ёсыг нэхэж байна.
Багшийн энэ нэгдэл одоо боловсролын зүрх нь болсон багшийг ядуурлаас салгаж, боловсролыг доройтлоос гаргахын төлөө зогсож байна.
Их үйлсийн төлөө зорьж буй багш нарын энэ тэмцлийн үр гарсаар байгаа, цаашид их гарна....Энэ бүхэнд багш нар маань ойрын орлогодоо ч, холын зорилгодоо ч их холч байх хэрэгтэй.
Хэрэв хэлэлцээр дээрх нөхцлөөр үргэлжилж хэлэлцээрийн баримт бичиг баталгаажилбал 27 жилийн турш МҮЭ -д татвараа төлж, оронд нь гурван тал хэлэлцээрээ "хүүхэд шиг" хууртсаар бүр ядуурч, "үнсэнд хаягдсан шалз лугаа" орхигдож нийгмийн ёроолд орсон багш нар маань эрх биш баярлах байлгүй дээ. Эсвэл үгүй юм уу?
Тэмцлийн ард нь биш харин урд нь гарч улаан нүүрээрээ учирч болох их эрдслийг үүрч яваа удирдагч, ерөнхий зохицуулагч руугаа чичлэх бус "баярлалаа" гэж дахин нэг хэлэх байлгүй дээ. Эсвэл үгүй юм уу?
Багш бидний энэ бүх амжилт манлайлагчгүйгээр, удирдагчгүйгээр, санаачлагчгүйгээр, эрсдэлгүйгээр, эхлэлгүйгээр өөрөө гэнэт бий болчихоогүй юм. Тэгэхээр удирдагч руугаа бүү нулим. Харин түүнд эрх олго. Хийж буй хэлэлцээрийг нь дэмж, итгэ. Чадвал гамна.
Баг ахлаж хэлэлцээрт орж буй удирдагчдаа тусла, дага. Түүнд бас эрх олго. Харин ходоодон сэтгэлгээ, хандлага гарч ганцаарчилсан тоглолт бүү хий, андуудаа.
Учир нь, хэлэлцээр гэдэг хөшиж зогсохын нэр биш. Харин хэлэлцэж зохицох, буулт хийж зөвшилцөхийн үйл юм.
Багш нар маань иймд ойрын орлогодоо ч, холын зорилгодоо холч л бай л даа.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүн

No comments:

Post a Comment