Wednesday, November 1, 2017

Багш нарын тэмцлийн амжилтын нууцыг багшаас л хай

Багш нарын тэмцлийн амжилтын нууцыг багшаас л хай

Багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцлийн эрч, хурд, хүчний нууцыг энд тэндээс олох гэж хайж байгаа хувь хүн ч олон байна. Улс төрийн хүчин ч элбэг байна. Хийрхэгчид, зөнчид ч цөөнгүй байна.

Багш гэдэг аугаа хүч юм. Багшийн бүл нийгмийг өөрчлөгч аугаа хүч мөн. Тэд үүнийгээ цагаа олсон энэ цаг дор нэг удаа мэдрүүлж байгаа юм.

Багшийн энэ тэмцлийн ололт, амжилтийн нууцыг багшийн тэр аугаа хүчээс л иймд эрж хай. Энэ мэргэжил эх, их мэргэжил байдгийнх нь мөн чанараас нь олж хар. Зөвхөн багшийн мэргэжлийн бүл л нэг, цул, бүхэл болж нэгсэн нэгдэж чаддаг тэр чанараас олж мэдэр.

Монголын багш нарын тэмцлийн амжилтын нууцыг улсаа дампууртал удирдсан улс төрийн хүчнүүдээс бол бүр бүү хай. Багшаас нь, өөрөөс нь л хай. Багш бусаас бүү эр.

Багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцлийн нууцыг сэхээтний мэдрэмжээс хай.Сэхээтний мэдлэгээс хай. Сэхээтний чадвараас хай. Үүнээс өөр бусдаас бүү хай. Хувилдаан, хулхидалт, хууран мэхлэлт, шуналын дон, шулмын хүсэл зэрэг муу муухайгаас бол бүр бүү хай.

Багш нарын тэмцлийн цахим мэт хурдтай, хас мэт эрчтэй ахиц, ололтын нууцыг багшийн ертөнцийн мөн чанараас олж хар.

Пагши гэдэг үгнээс үүсэлтэй "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" гэсэн утгатай багш мэргэжлийн хүний төлөөх гэгээн үйлсээс урсах гэгээн үрээс тэдний тэмцлийн амжилтын нууцыг олж ухаар, барьж тань.

Үйлс ариун байхад үр гэгээн байдаг жам ёсноос түүнийг хай.

Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

No comments:

Post a Comment