Wednesday, November 29, 2017

Шударга ёс, ухаалаг нийгмийг бүтээх үнэн зам

Шударга ёс, ухаалаг нийгмийг бүтээх үнэн зам

Математикийг математикийн ихэнх багш нар хүүхдэд хүнд хичээл болгож авсан байдаг. Өөрөө тэгээд хүнд хичээлийн хүндэттэй багш болсон байх нь хаа сайгүй элбэг. Дүнд нь хүүхэд математикийг мангас, математикийн багшийг мангар гэж хэлэх нь энд тэнд их түгээмэл болж. Уг математик ийм биш. Багш ч тийм биш юм.

Математик шинжлэх ухаан биш харин түүнээс хэтэдсэн жам ёсны сургаал тул гайхам. Энэ гайхмын багшлах ухаан, багшлах урлагийг эзэмшсэн багш тэгэхээр үнэхээр гайхам сайхан.

Математикаар хичээллэсэн хүн ухаалаг, даруу төлөв, өөртөө итгэлтэй, шударга болж төлөвшдөг. Үүнд л хүн бүр математикаар бага залуудаа хичээллэхийн үнэн үнэ цэнэ оршдог юм. Дэлхийн ихэнх улс энэ үнэн, үнэ цэнийг их эртнээс таньж барьсан байх.

Математик гайхам, математикийн багш сайхан. Математикийн гайхмыг, математикийн багшийн сайхныг хамтатган бүхэл нийгмээрээ бүхлээр нь бүтэн мэдэх хэрэгтэй, бас мэдрэх шаардлагатай. Ингэсэн цагт тэр улсад шударга ёс гэж орилолдох огт хэрэггүй. Учир нь тэнд иргэдэд математик хэл, бас сэтгэлгээ, мөн арга болсон байдаг. Ухаалаг иргэдтэй шударга нийгэм "шударга байцгаая, шударга байцгааяа" гэж элдэвлэж хийрхэгдэж бус харин математикаар үйл явцаараа хийгдэж бүтээгддэг юм. Энэ нь жам ёс мөн.

Математик үгүйрсэн газар харин мангарууд л байдаг. Тийм улсыг математик биш мангар удирдана. Хамгийн аймаар нь тэнд мангар бүр үнэ цэнэ болдог гээч.

Нийгэмд шударга ёсыг үнэ цэнэ, соёл болгоё гэвэл тэнд мангарыг бус харин математикийг хэл, сэтгэлгээ, арга, үнэ цэнэ, соёл болох хэрэгтэй юм. Шударга ёс, ухаалаг нийгмийг бүтээхийн үнэн нь ийм л юм. Зам нь энэ л мөн.

Жич: Энэ талаар энэхүү ярилцлага нийтэд ойлгомжтой байдлаар хэлэх гэж оролдсон юм.

http://mglradio.com/home/mglradiocontent/301561

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

No comments:

Post a Comment