Sunday, September 6, 2020

“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГ

“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГ

 

Kембрижийн хөтөлбөрөөр хичээл, сургалт явуулдаг түм гаруй сургууль, 160 гаруй улс орон дэлхийд бий. Харин Kембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр нь оролцдог улс дэлхийд ганц л байна. Тэр нь Монгол улс, манай улс юм.

 

Kембрижийн хөтөлбөрийн эсрэг, тодруулж хэлбэл, төрийн оролцоотойгоор Kембрижийн хөтөлбөрийг үндэсний түвшинд уралдуулж хэрэгжүүлж байгаа манай төр засгийн энэхүү хандлага, түүний авилгажсан мэт авирын эсрэг би 10 гаруй жил компанит үйлс өрнүүллээ.

 

Монгол төрийн оролцоотойгоор Kембрижийн хөтөлбөрийг үндэсний мэт үнэтэй, цэнэтэй болгох гэсэн энэхүү лобби бодлогын эсрэг өрнүүлсэн энэхүү компанит үйлсэд их ч цаг зарлаа. Боловсролын сайд бүрийг энэ талаар мэтгэлзээнд урилаа. Энэ асуудалд нийтийг татан оролцуулахад чиглэсэн цөөнгүй тооны нийтлэл ч бичлээ.

 

Боловсролыг Kембрижчилэх ухралт мөн, харин урвалт уу? “Боловсрол соён гэгээрүүлэх их хүч чадалтай ч үндэстнийг ч үгүй болгож чадах чөтгөрийн мэт хорлонтой”. Тэр нийтлэл ийнхүү эхэлдэг. Энэ мэтээр “Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр”, “Хоёр Монголын эсрэг хэлний хоёр түрэмгийлэл” гэх зэрэг олон арван нийтлэл, бичвэрийг монгол төрийн оролцоотойгоор Монголын боловсролыг Kембрижчилэх хорон үйлийн эсрэг зориулжээ.

 

Харамсалтай нь, Монгол улсад Kембрижийн хөтөлбөр одоо албажиж авсан байна. Энэ нь институтчилагдсан гэсэн үг. Тэр одоо эрх зүйн үндэс нь болсон хуулийн заалттай; Их хуралд “Түүнийг хэрэгжүүлэх нь туйлын зөв” гэдгийг магтан дуулдаг лобби бүлэгтэй; “Түүнийг дэмжиж өргөжүүлнэ” гэсэн хөтөлбөр бүхий эрх баригч намтай; уралдаж хэрэгжүүлэхийг хүсэгч төрийн болон хувийн өмчийн сүрэг сургуультай болжээ.

 

Үүнийг Та нар одоо тэгээд яах юм!

 

Kембрижийн хөтөлбөрийг монгол төрийн оролцоотойгоор бодлого болгон ийнхүү хэрэгжүүлснээр энэ улсад боловсролын хоёр тогтолцоо бий болсон юм. Нэг улс хоёр тогтолцоо гэсэн үг.

 

Нэг улсыг боловсролын хоёр тогтолцоотой болгож байгаа Kембрижийн хөтөлбөр гэгч лобби тань нэгдмэл нэг энэ улсыг хоёр улс ч болгож мэднэ. Монгол ардын улс. Монгол ноёдын улс.

 

Нэгдмэл нэг улсыг сарнисан хоёр улс ч болгож мэт хорлонтой боловсролыг Kембрижчилэх энэхүү хорон лобби бодлогын тань цаана үнэндээ амин ашиг сонирхол нэг улс төр, бизнесийн бүлэглэл бий.

 

Kембрижийн хөтөлбөрийн эсрэг компанит үйлс өрнүүлэгч Ц.Лувсандорж

 

2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Төрийн ордон

 

Tuesday, September 1, 2020

Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол уу?

 

Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол уу?
 
"Профессорынх нь нэг цагийн ажлын хөлс 3 хүрэхгүй доллар, багш, эмчийнх нь нэг цагийн мэргэжлийн ажлын хөлс нь 2 хүрэхгүй доллар байдаг улсад ажил олгогчид Та нар "Монголд ажилгүйдэл алга. Учир нь ажил хийх хүн олдохгүй байна аа" гэж маллах нь буруу. Монгол хүн боол биш. Боолчлол энэ дэлхийгээс одоод удаж байна. 
 
Монголд улсаасаа хумсласан өнөөх 30 жилд хүний хөдөлмөрийн мөлжлөг л гаарсан байдаг. Бүүр түүнийг хамууд гааруулсан байдаг. 
 
Ажил хийх нэрээр хөдөлмөрөө мөлжүүлж ерөөсөө л боол болсон байдаг нь энэ улсын хөдөлмөрийн хүний хувь заяа мэт болжээ. Бүүр боссоороо зодуулах, жанчуулах, богтлуулах нь хүртэл энэ улсад нийтэд ил, хэвийн болтлоо тод болсон байх. 
 
Боол байхыг хэн ч хүсэхгүй. Гэвч хөдөлмөрчдийг боол болгохгүй байх үүсэлтэй, үүрэгтэй манай ҮЭ-үүд энэ үйлсээсээ хэдийнээ урвасан. 
 
Улсаасаа хулгайлсан өнөөх 30 жилд Үйлдвэрчний Эвлэл гэгчийг буруугаар ашиглагчид тэд эрх баригчид, эзэдтэй нийлж хам царайлан хөдөлмөрчин хүний ганц зардаг хөдөлмөрийн цэнийг 10 дахин унагасан. 
 
Манай ҮЭ-үүд гэгчид увайгүй энэ авираар хулгайлах бус харин мэргэжлийн хөдөлмөрөө зарж амьдрагч хөдөлмөрчинг энэ улсад боол болохоос өөр аргагүй байдалд оруулсан. Тэд харин хөдөлмөрчинд хэлэх хариу нэг ийм гоё үгтэй болсон. Тэр нь энэ. 
 
"Гурван талт хэлцэл хийчихсэн. ... Цалинг үе шаттайгаар нэмнэ" (Энэ нь угтаа бол эсрэг нь. Цалинг үе шаттайгаар бууруулна гэсэн үг).
 
Энэ улсын ажил олгогчид гэгчид иймээс өөрсдөөсөө энэ нэг асуултыг хичээнгүйлэн асуу!
Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол хайгаад байна уу?
 
Ажилтан хайж байгаа бол утгатайгаар нэг цагийн мэргэжлийн хөдөлмөрт төлөх хөлснийхөө үнэ цэнийг хийх ажилтай нь тод бичиж бай. Түүгээр тань монголоос төдийгүй дэлхийгээс ажиллах хүн олдох нь хөдөлмөрийн зах зээлийн жам юм. Бас зам мөн. 
 
Боол хайж байгаа бол тийм боол монголоос төдийгүй дэлхийгээс олдохгүй. Учир нь боолчлол энэ дэлхийгээс холдоод удаж байна. 
 
Ц. Лувсандорж 
 
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Saturday, August 29, 2020

Хоёр Монголын эсрэг Хэлний Хоёр Түрэмгийлэл

 Хоёр Монголын эсрэг Хэлний Хоёр Түрэмгийлэл

Түрэмгийлэл, колончилол олон хэлбэртэй. Эдгээрээс хамгийн адтай, чөтгөрийн гэмээр хорлонтой нь хэлний түрэмгийлэл, соёлын колончилол байдаг. Хэлний түрэмгийлэл, соёлын колончлол цагаас цагт явагдсаар л. Олон үндэстэн ястан үеэс үед үндсэндээ хэлгүй, соёлгүй болсоор л. Тэгээд үгүй болсоор л.
 
Яг энэ цаг дор хоёр Монголд хэлний хоёр түрэмгийлэл, соёлын хоёр колончлол үүдээ нээж үрээ цацаж байна.
 
Өвөр монголд хичээл, сургалтыг Монгол хэлээр явуулахгүй байх Хятад Улсын бодлого байхад Ар монголд нь ерөнхий боловсролыг Kембрижийн хөтөлбөрөөр явуулах лобби бүлэг "их дээр" бий болж, эрх баригч нам нь үүнийг хэрэгжүүлэхээр зорьж байх.
 
Хөөрхий хоёр Монголд үүдээ нээж үрээ цацаж байгаа хэлний энэ хоёр түрэмгийлэл, соёлын энэ хоёр колончилолд мөн чанарын ялгаагүй байхгүй. Харин хоёуланд нь монголыг эх хэлнээс нь салгаж эх сэтгэлгээгүй мангардуу амьтад болгох ёрын санаа л нуугдана. Энэ хоёрт ийм л ганц утга, ижил зорилго бий.
 
Харин Өвөр монголыг эх хэлгүй болгох нь шууд утгатай учраас чимээтэй байхад Ар монголынх нь олон улсын хөтөлбөрөөр далдалж нуусан хуулийн заалттай, их хуралд лобби бүлэгтэй, боловсролоор мөнгө хүүлэгч бизнесийн бүлэгтэй, “дэмжин хэрэгжүүлнэ” гэсэн эрх баригч намтай байгаагаараа ялгаатай. Бүүр аюултай.
 
Иймд Ар монголынх нь маш хурдан хэрэгжих, бүрэн хэрэгжих, бүгдийг Англичилах бүрэн үндэстэй бол Өвөр монголынх нь чимээтэй учраас дэлхийн соёлт нийгэм, бүлгүүдээр өмгөөлөгдөх боломжтой. Магадгүй тэр нь хамгаалагдана.
 
Орчлон дээр олон үндэстэн, ястанг ганц ч буу дуугаралгүй, нэг ч дайн хийлгүйгээр үгүй болгож авахын нууц, шид нь өнөөгийн хөөрхий хоёр Монголд маань тулгаж буй, тулгарч буй хэлний хоёр түрэмгийлэл, соёлын хоёр колончлол мөн.
 
Өвөрийнх нь их чимээтэй учраас их учиртай. Харин Арынх чимээгүй, далдлагдсан, алгуур учраас их аюултай.
 
Ц.Лувсандорж
 
2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Monday, August 17, 2020

Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр

 Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр

Стандартад суурилсан нээлттэй хөтөлбөрийг бодлого хэрэгжүүлэх бүхий л эрхзүйн үндэслэлийг Батболдын даргын үед бид хийж билээ.Тэр дарга тэгсхийгээд тэтгэвэрт гарч, тэр цэрэг нь харин тэтгэлгээр тэгээд Австралид сурахаар зорив.

Эргээд хартал монголоо гэж хийсэн бүхнийг маань нураагаад Kембрижийн хөтөлбөрөөр явна гэж хийрхсэн мэт боловч цаанаа эзэнтэй, санаатай бодлогыг улаан нүүрэнд дээр хийж, сүрэг нь сүрэглэж байв. Гайхав.

Энэ сүрэглэл ид байх тэр үе бол миний Австралиас эргэж ирсэн 2010 юм.

Яаж байна та нар гэж хэлээд тэр үеийн боловсролын сайд Отгонбаяр гэгчийн үүдэнд дээр цаг авах гэж долоо хонож, уулзаж учирлах гэж 7 хоноод эцэст нь нарийн бичигт нь "Танай сайдтай би хэвлэлээр уулзана аа, удахгүй" гээд гарч байж билээ.

Тэгээд хамт ажиллаж байсан нэгэн нөхөртэйгээ ихэд ярилцаж хамтарч "Боловсролыг кембрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу" гэсэн нийтлэлийг бичиж тэр үеийн ерөнхий сайд Батболд, боловсролын сайд Отгонбаярыг нарыг мэтгэлзээнд урьж байв.

Олигархижсан хэвлэл мэдээлэлд нийтдээ үүний төлөө сая төгрөг төлөв. Төлбөр бол яахав дээ. Харин мэтгэлзээн бол өөр хэрэг. Тэр нь үйлсийнхээ үнэн зөвийг үзэхийн төлөө өрнүүлсэн бидний зүтгэл, хүсэл тэмүүлэл минь байсан юм.

Мэтгэлзээнд тэд ирээгүй. Тэд ирвэл амархан ялагдана. Ирээгүй ч бас ялгагдана гэдгээ сайн мэдэж байсан юм. Учир нь бидний хэлэх үндэслэл худал биш харин үнэн байв. Хулгай биш харин монголын төлөө гэсэн үйл байв.

Гэвч тэд боловсролын хуульд ийм нэгэн хулгайн заалт оруулж хулгайгаа хуульчилж авсан байдаг юм. Энэ нь одоогийн боловсролын хуулийн 3.1.13 гэдэг алдаатай заалт болох алдаргүй бизнес юм.

"Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБС гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг хэлнэ"

Тэр үед ийм сургууль зөвхөн ганц байв. Түүнд тэдний хүүхэд явдаг байсан юм.

"Олон улсын хөтөлбөр" гэдэг нь Kембрижийн хөтөлбөр, Kембрижийн шалгалтыг хэлж байгаа юм ш дээ.

Бодлогын хулгайн нэгэн үлгэр болсон энэ заалтаар одоогийн гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй, гар хөл бологчидтой гэх хувийн бүх ерөнхий боловсролын сургууль, за, дарга нарын хүүхдийнх гэх төрийн зарим сургууль тун их шоуддаг байдаг юм.

Үндсэндээ ердийн гэж гологдсон манай сургууль, олон улсын гэж цоллогдсон тэдний сургуулийн хооронд агуулгын, чанарын ялгаагүй байхгүй. Харин олон улсын ЕБС гэдэг нь ерөөсөө утгагүй бол нөгөө нь харин ядаж л утгатай байдаг. Учир нь ерөнхий боловсролоор монгол хүнийг бүтээдэг учиртай.Түүгээр дэлхийд монгол иргэнийг бэлтгэдэггүй юм. Түүнд л ерөнхий боловсролын гэх тодотголын утга нь байдаг. Үүнд л татварын төлөгчийн мөнгөөр ерөнхий боловсролыг олох төлбөрийг төрөөс дааж, төлж байдгийн утга учир оршиж байдаг юм.

Тэд олон улсын гэхийн цаана нуугдсан кембрижийн хөтөлбөр, шалгалтаар хийх шоу бизнесээ татвар төлөгчийн мөнгөөр нэг хүүхдийн хувьсах зардал энэ тэр нэрээр цаагуураа тэрбум тэрбумаар авч, ихэнхийг нь Англи улсын нэгэн төрийн бус байгууллагад элдэв нэрээр өгч байдаг юм. Гадныхантай нийлж улсаасаа хумсалж, улсаа худалдаж авч байдаг өнөөх 30 жилд бий болсон үлгэр аргын бас нэгэн тод жишээ нь энэ мөн.

Энэ бодлогын хулгай, хулгайн хөтөлбөрийн дүнд нь ердийн сургууль, ердийн бус kембрижийн хөтөлбөртэй сургууль гэж хоёр өөр сургууль, хоёр өөр тогтолцоотой энэ нэг улс дэлхийд бий болов. Нэг улс хоёр тогтолцоо гэсэн үг.

Нэртэйгээр нь Та нар монгол ардын хүүхэд сурдаг сургууль, монгол ноёдын хүүхэд сурдаг сургууль гээд нэрлэчихээч! Ингээд манарчихаач!

Бидний нэгтгэж байж мэдэх ганц үнэт зүйл болох Үндсэн хуульд тань уг нь эцэг эхийнх нь баян тарган, туранхайгаар ялган сургана гэсэн утга агуулга бүхий заалт байхгүй л баймаар юм. Тийм үү?

Гэвч боловсролын хуульд бол харин тийм утга агуулгатай хулгайн гэмээр хулхи заалт бол бүр илээр цагаан дээр тод хараар бичээстэй байдаг юм.

Ц.Лувсандорж

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Tuesday, July 14, 2020

Бусдын зовлонгоор бага цэнгэ

Бусдын зовлонгоор бага цэнгэ
Морь унаж түүнийг мэхийн ёслуулж байгаа маягийн нэгэн зураг өнөөгийн наадамсаг монголчууд бидний самсайг айхтар ихээр шажигнуулаад байгаа юм шиг байна даа, цаана тань.
Хөдөө малтай тоглож өссөн, тэднийг мэдэрч торнисон хүний хувьд тэр зургийг харахаар гуниг их төрж нулимс ихээр урсаж байна.
Малыг ингэж хүнд мэхийн ёслуулж сургахад түүнийг ямар ихээр жанчуулдагийг хэр мэдэх юм дээ, та нар!
Морийг ингэж бүү тамалж бай.Бусдын зовлонгоор ер нь бага цэнгэж бай. Ер нь бага наадаж бай.Бага найрлаж бай. Нийтээр бага архидаж бай. Халуун зунаар бүлээн махаар бага хуушуурдаж бай.
Дэлхий нийтийн цэнгэх хандлага одоо их өөр болжээ. Ногоо, цагаан, гэгээн болжээ. Эртний монгол ёсон нийцжээ.
Корона вирус ч бас хүн бусдын зовлонгоор ингэж цэнгэх ёсгүйг үглэн ухааруулж биш харин нийтээр нь мэдрүүлж хүн оршихуй бидэнд үнэн хичээлийг гашуунаар зааж байна, цаана чинь.
Амьтны зовлонгоор цэнгэхгүйгээр ухамсар хүмүүн уг нь энэ цагт наадаж, цэнгэж болно. Болдог юм.
Ц. Лувсандорж
2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Friday, July 10, 2020

Намын арын эгнээнийхэн

Намын арын эгнээнийхэн


Намын хоёрдугаар ээлжийнхэн, арын эгнээнийхэн гэж. Намын эгнээ гэж. Тэдэнд эгнээний дугаараас үл хамаарсан нэг ерөнхий шинж байдаг юм. Тэр нь энэ.

Арын эгнээнийхэн нь өмнөх эгнээнийхэндээ их хайртай юм шиг атлаа үнэндээ их халтай байдаг. Тэд наанаа тэднийг л гэж байгаа юм шиг дүр эсгэн ихэд дагаж шогшин пялдагдан авирладаг атлаа цаанаа эе нь л олдвол өмнөхөө өшиглөн унахад ямагт бэлэн байдаг. Түүнд л өмнөх үеэсээ ихэд суралцсан байх.

Өмнөх нь сөхөрч унахад ард нь баярлаж байдаг гэсэн үг л дээ.

Өмнөхөө заавал өшиглөн урд гардаг заяатай намын арын эгнээнийхэн туршлага, мэдлэг таруухан байдаг тул тэд нялхасын өвчинд их өртөмтгий.

Арын эгнээнийхэн урд эгнээнд гарч ирэн сайд хийж сурах гэж, ажлын туршлага цуглуулах гэж муу саад биш харин сайн сайд гэж түүхэнд үлдэн хананд зургаа өлгүүлэх гэж ядсаар өнгөрөөх тэр 4 жил тэр улсад, тэр салбарт хий хоосон, үр дүнгүй хөөрч, хийрхэж, хийсэж өнгөрсөн он жилүүд болж үлдсэн нь түүхэнд олонтой. Түүх юм. Энэ нь намын арын эгнээнийхний улсад нийгэмд үлдээдэг том гавьяа нь биш харин том гай нь байдаг. Эрсдэл нь болдог.

Бэлэн бэлтгэгдчихсэн боловсон хүчин энэ улсад уг нь хаа сайгүй олоон байх. Гэвч тэд даанч нам, ман, ан биш. Тэд тэднийг уулаасаа ч тоодоггүй. Тэднээс үнэт зүйлийнхээ хувьд их зайтай болохоор тэр л дээ.

Энэ улс уг нь зөвхөн намын биш монгол түмэн олны улс юм байгаа юм ш дээ.

Яая даа, тэр улсыг, энэ намыг.

Ц.Лувсандорж

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Tuesday, July 7, 2020

Томорч болдоггүй хүүхэд


Томорч болдоггүй хүүхэд
 
Хурдан морио эргэж очсон морины эзэндээ хандан уяач: "Энэ муу одоо бие нь томроод моринд гологдоод байгаа юм" гэж пялдагдсан өнгөөр хэлэнгээ ихэд бялдгүй харцаар түүн рүү харахад босс эргэж харангаа "Тэр тэгээд хэдтэй юм бэ" гэж ихэд эгдүүцсэн янзтай асуув.
 
Уяач "Насаараа бол тэр аль хэдийнээ 17-18 гарчихсан л даа" гээд 11-12 насны хүүхдийн дайтай давжаа биетэй ядуухан, барлагдуу царайлсан хүүхэд" руу заахад "Тэр хүү том болж өссөндөө өөрийгөө ихэд буруутгасан янзтайгаар "Эндээс яваад яаж хоолоо олох вэ дээ, намайг эндээс л бүү явуул, бүү хөөгөөч" гэж гуйсан авиртайгаар зог тусан тэдний өмнө гулдаан зогсов.
 
Энэ зуурт эзэн "Өөрийнхөө 16-17 насны хүүхэддээ өдөр бүр өндөр болоорой, том болоорой гээд витаминаар борддог" тухайгаа нэг эргэцүүлснээ "Морины хүүхэд бол томроод яахав вэ дээ. Тэгэх гэж яараад ч яахав дээ" гэж уяачид хандан уцаарлангуйдуу үглэнгээ "Түүнийг морины хүүхэд болгон сонгон авч өдий болтол нь сургаж авахад гарсан бүхий л зардал, төлсөн мөнгө, гэрээ хэлцлээ эргэж бодонгоо уяанаас ихэд урамгүйхан холдон явах.
 
Уяанаас ийнхүү холдох эзнийхээ араас уяач дагаж шогшингоо "Хоол, тэжээлийг нь бол аль болох өсгөхгүй байх талаас нь нөгөө ярьснаараа л зохицуулж л байсан л даа" гэж пялдагдана.
Өсөж, томрох нь хүртэл буруутай байдаг морины хөөрхий тэр хүү тэдний араас барлаг харцаа шилжүүлж, цээжин биеэ чиглүүлэнгээ гулдаасан хэвээрээ л навсгар хувцсаа нэвсийлгэн зогсож уяачийг эргэн ирж хэрхэхийг хүлээнэ.
 
Ц.Лувсандорж
2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
 
Жич: Морины хөөрхий хүүхэд нийтлэлээ "том боллоо чи"  гэж загнуулж яваа хөөрхий тэр хүүхдүүд зориулав.
"Морины хөөрхий хүүхэд"

 https://www.facebook.com/luvsandorjtsogdov/