Sunday, October 18, 2020

Цэрэг боол биш

 

Цэрэг боол биш
 
Манайхан одоо “Цэрэг дансандаа 8-11 сая төгрөгтэй халагдаж байна. Гайхамшиг” гэж ид хөөрч хийрхэж байна. Гэвч би “Цэрэг боол биш” хэлж байна.
 
Цэрэг гэдэг нэрээр төмөр зам тавихад зүтгэсэн цэрэг гэгчид үнэндээ хөдөлмөрийн мөлжлөг дор нэг жил болсон байна. Тооцоод үзье. Тоо худлаа хэлдэггүй юм.
 
Нэг жилд 12 сар, нэг сард 30 хоног, өдөр дор хаяж 8 цаг ажилладаг, хөлслөгддөг гэвэл цэрэг гэгч тэр төмөр замчин нэг жилийн хугацаанд дор хаяж 2880 цаг ажилласан байна. Цэрэг төмөр замчин халагдахтай дундажаар 8-11 сая төгрөгийг дансандаа авсан гэвэл тэрээр цагт дундаж 0,99-1,36 доллароор хөлслөгддөг байх нээ. Энэ мөлжлөг биш үү! Бод доо!
 
Цэрэг нэрээр, “мэдлээ, гүйцэтгэе” гэсэн хандлагаар хүний нэг цагийн хөдөлмөрийг ийнхүү хөлсөлж байгааг соёлт дэлхийд дуулгаад энэ нь хөдөлмөрийн мөлжлөг мөн эсэхийг лавлаад асуучих улс төрчөөгүй байгууллага энэ улсад одоо байна уу?
 
Хүний хөдөлмөрийг л бодитой цэнэлүүлэхийн төлөө байдаг Үнэнч ҮЭ-үүд энэ нийгэм одоо байна уу?
 
Хүний эрх гэж 30 жил хөөрцөглөсөн нөгөө айхтар хүний эрхээр овоглосон байгууллагад энэ улсад амьд уу?
 
Цэрэг гэдэг ажилчин биш, төмөр замчин бүүрч биш гэдгийг хэлээд “цэрэг боол биш” гэдгийг сургаж “цэрэг эх орноо цахим зуунд хэрхэн хамгаалах, түүнд тэрээр алба хааж байхдаа хэрхэн суралцах ёстой” талаар номноод өгөх генералиуд, цэрэг судлаачид энэ улсад мөн байна уу?
 
Угтаа бол цэрэг мэргэжлийн байх ёстой болжээ. Тэр цахилах ёстой болж байна. Дрон хийхэд нэг хэсэг нь суралцмаар бол нөгөө хэсэг цахим тулалдаанд бэлдмээр юм шиг. Гуравдах хэсэг вирусын тулалдааныг сөрмөөр байх шиг. Махан цэрэг буу бариад бие биеэ шүржиж байдаг он цаг түүх болж үлдэж байна.
 
Энэ нь дурын нэг дундаж, дурын нэг малчинг цэрэг болгох огт хэрэггүй гэсэн үг шүү дээ.
 
Цэрэг боол биш. Цэрэг цахим зуунд боолоос их том юм.
 
Ц.Лувсандорж
 
2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Thursday, September 17, 2020

Албандаа жижигдсэн томчууд

 

Албандаа жижигдсэн томчууд
 
Манай томчууд ядаж л дипломат ёсонд жаахан ч гэсэн суралцмаар юм даа. Нэг л ядмаг, ядруухан харагдаад байна. Мөргөж ч байх, залбирч ч байх шиг. Юу болж байна, та нар маань. Аан!
Том албаны жижиг томууд маань ядаж л диплом тайзнаа мэндчилэх аргаа хүртэл эхлээд мэдчих хэрэгтэй юм. 
 
Товчхондоо зөвлөвөл, тэнд илүү үйлдэл хэрэггүй байдаг. Сэтгэл хөдлөлийг илүүдүүлж гаргах хэрэггүй. Чадвал онож гаргана. Эсвэл бүү гарга. Тэнэг байж үл болно. Тэгэхэд их ухаан, сургамж, чадвар, дадлага хэрэгтэй байдаг.
 
Ер нь тэгээд манай томчууд энэ талаар Хойд Солонгосын Ерөнхийлөгч залуугаас жаахан ч гэсэн суралцвал яасан юм дээ. Суралцмаар зүйл түүнд байна. 
 
Трамптай тэр хэрхэн зэрэгцэж байсныг хар даа. Төрийн хоёр том хүн, хоёр улсын хоёр ерөнхийлөгч эн тэнцүүхэн харагдахын тулд биеийн хэлээр тэд дэлхийтэй яаж ярьж байгаагаа сайн шинж. Ойлгохгүй бол дахин дахин хар, шинж, суралц. Дадлагажих. 
 
Дипломат тайз гэдэг спортын дэвжээ биш. Шоуных бас биш.
 
Иймд тэнд илүү үйлдэл хэрэггүй байдаг. Ядаж л зүгээр л жамаа дагахад л замаа олсон байхыг эрхэмлэ.
 
Ерөнхийлөгч нь улсын ерөнхийлөгч шигээ бай. ЕС нь ЕС шигээ л бай.
 
Жижиг, том улс гэж энэ дэлхийд одоо байхгүй. Харин жижигхэн боддог, том сэтгэдэг хүн, улс төрч л гэж бол бий. 
 
Манай томууд иймд ядаж л дипломат ёсонд жаахан ч гэсэн суралцмаар байх шиг. Тэр ёс уг нь тун энгийн ийм юм. Илүү үйлдэлгүй бай. 
 
Энэ энгийн ёсонд суралцаж чадахгүй, бас тийм байж чадмааргүй бол тэгэж сурах хүртлээ албаа өгчих хэрэгтэй юм. Учир нь сайхан том албыг муухай жижигхэн харагдуулж үл болно. 
 
Яахав, түүнд суралцахчихаад л буцаад эх орон, шударга ёс, монгол ялна гэх мэт хэлээд зээлээ тэглээд хүрээд ирэх бол манайд тийм хэцүү биш ш дээ. Тийм ээ! 
 
Суралцах бол харин амаргүй. Цаг орно, хичээл зүтгэл, хөлс урсана. 
 
Ер нь томчууд том албандаа жижигдэх биш харин тэр том алба тань түүнд жижигдэхээр өөрсдийгөө сайн бэлд. Сайн бэлтгэ.
Ц.Лувсандорж
2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Wednesday, September 16, 2020

Гуйранч улс

 

Гуйранч улс 
 
Энэ дэлхийн ядуугийн туйл болсон Энэтхэг улсаас тэрбум долларын буцалтгүй тусламжийг баян Монголын засаг төр авч энэ дэлхийн эрүүл хүн бүрийг эргүү юм шиг болгож байсан нь саяхан. Энэтхэгийн тээр олон үгээгүй ядуучууд хүртэл "Баян Монголд ингэж туслахаасаа ядуу бидэндээ тусла, огцор" гэж хүртэл Ерөнхий сайдыгаа шүүмжилж байсан гээч. Гэтэл бид энэ улсаас ийм тусламжийг авсандаа санаа ерөөсөө зовдоггүй, ичдэг ч үгүй гуйсаар л явах. Гуйранчаараа л байх.
 
Хүний зовлон бэрхшээлийн дэлхийн туйл болсон Хятад улсаас манай улс 700  сая юаны буцалтгүй тусламжийг одоо бас л авч баян Монгол дэлхийг мөн л дахин алмааруулж, "Баян монгол гэх энэ улс яасан ч ядуу, залхуу, гуйлгач, гуйранч улс вэ дээ" гэж хэлүүлэн тэднийг бас ангайлгав, гасалгав.
 
Энэ улсын эрх баригчид гэх этгээдүүд өнгөрсөн 30 жилд баялаг бүтээх ганц ч том үйлдвэр барьсангүй. Харин гуйлгач сэтгэлгээ, гуйранч авираараа дэлхийгээс тусламж гуйж, өр зээл тавьсаар л. Нэмсээр л. Гуйранчилсаар л.
 
Дүнд нь гуйранч эрх баригчид нь өнөөдөр энгийн монгол хүн бүрийг 30 сая төгрөгийн өрөнд оруулсан байх. Улсаа ч их дорд болгож авсан байх.Гуйранч болгосон байх. Гуйранчлалыг хаа сайгүй амиллуулсан байх. 
 
Гуйлгач авир, гуйранч сэтгэлгээтэй биднийг дэлхий нийт ажиад "Алтан дээр суусан гуйранчид" гэж шогжрон, гаслан шоолсоор л. Яасан ч гуйранч улс вэ дээ гэсээр! 
 
"Ажил хий л дээ. Бага найрла л даа. Баялаг бүтээ л дээ. Мал хариулах, найрлахаас өөр ажлыг сайхан хийж сур л даа" гэж тэд бидэнд элдвээр л шивнээд, хэлээд, сануулаад заагаад байх шиг...
Гуйлгач авир, гуйранч сэтгэлгээгээр улс хөтөлнө гэдэг их хорлонтой. Яагаад? Учир нь тэд улсаа гуйранч болгодог. 
 
Бусдаас гуйлга гуйсныгаа улсаа удирдаж байна гэвэл их андуурал болно. Энэ улсад гуйлгач, гуйранч сэтгэлгээтэй удирдагч биш, бас гуйлгачид биш, харин жинхэнэ ухаалаг, бүтээлч удирдагчид их хэрэгтэй. 
 
Гуйранч сэтгэлгээтэн улсыг удирдаж чаддаггүй. Гуйранч сэтгэлгээтэй улс ч урагшилдаггүй. Хөгждөггүй. Харин гуйранч хэвээрээ л урууддаг.
 
Гуйранч улсын иргэд бид эхлээд иймд гуйлгач сэтгэлгээ, гуйранч авираасаа салья. Гуйранч этгээдээс бас хол байя. 
 
Гагцхүү харин гуйхад биш, гуйранчилахад ч бүүр ч, харин өөрсдөө бүтээхэд нийтээрээ суралцья. Багаасаа суралцья.
 
Эс болбоос гуйранчилалтай хамт үеэс үед үлдэнэ, бас одно. 
 
Ц.Лувсандорж
2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Sunday, September 6, 2020

“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГ

“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХЭЛСЭН ҮГ

 

Kембрижийн хөтөлбөрөөр хичээл, сургалт явуулдаг түм гаруй сургууль, 160 гаруй улс орон дэлхийд бий. Харин Kембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр нь оролцдог улс дэлхийд ганц л байна. Тэр нь Монгол улс, манай улс юм.

 

Kембрижийн хөтөлбөрийн эсрэг, тодруулж хэлбэл, төрийн оролцоотойгоор Kембрижийн хөтөлбөрийг үндэсний түвшинд уралдуулж хэрэгжүүлж байгаа манай төр засгийн энэхүү хандлага, түүний авилгажсан мэт авирын эсрэг би 10 гаруй жил компанит үйлс өрнүүллээ.

 

Монгол төрийн оролцоотойгоор Kембрижийн хөтөлбөрийг үндэсний мэт үнэтэй, цэнэтэй болгох гэсэн энэхүү лобби бодлогын эсрэг өрнүүлсэн энэхүү компанит үйлсэд их ч цаг зарлаа. Боловсролын сайд бүрийг энэ талаар мэтгэлзээнд урилаа. Энэ асуудалд нийтийг татан оролцуулахад чиглэсэн цөөнгүй тооны нийтлэл ч бичлээ.

 

Боловсролыг Kембрижчилэх ухралт мөн, харин урвалт уу? “Боловсрол соён гэгээрүүлэх их хүч чадалтай ч үндэстнийг ч үгүй болгож чадах чөтгөрийн мэт хорлонтой”. Тэр нийтлэл ийнхүү эхэлдэг. Энэ мэтээр “Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр”, “Хоёр Монголын эсрэг хэлний хоёр түрэмгийлэл” гэх зэрэг олон арван нийтлэл, бичвэрийг монгол төрийн оролцоотойгоор Монголын боловсролыг Kембрижчилэх хорон үйлийн эсрэг зориулжээ.

 

Харамсалтай нь, Монгол улсад Kембрижийн хөтөлбөр одоо албажиж авсан байна. Энэ нь институтчилагдсан гэсэн үг. Тэр одоо эрх зүйн үндэс нь болсон хуулийн заалттай; Их хуралд “Түүнийг хэрэгжүүлэх нь туйлын зөв” гэдгийг магтан дуулдаг лобби бүлэгтэй; “Түүнийг дэмжиж өргөжүүлнэ” гэсэн хөтөлбөр бүхий эрх баригч намтай; уралдаж хэрэгжүүлэхийг хүсэгч төрийн болон хувийн өмчийн сүрэг сургуультай болжээ.

 

Үүнийг Та нар одоо тэгээд яах юм!

 

Kембрижийн хөтөлбөрийг монгол төрийн оролцоотойгоор бодлого болгон ийнхүү хэрэгжүүлснээр энэ улсад боловсролын хоёр тогтолцоо бий болсон юм. Нэг улс хоёр тогтолцоо гэсэн үг.

 

Нэг улсыг боловсролын хоёр тогтолцоотой болгож байгаа Kембрижийн хөтөлбөр гэгч лобби тань нэгдмэл нэг энэ улсыг хоёр улс ч болгож мэднэ. Монгол ардын улс. Монгол ноёдын улс.

 

Нэгдмэл нэг улсыг сарнисан хоёр улс ч болгож мэт хорлонтой боловсролыг Kембрижчилэх энэхүү хорон лобби бодлогын тань цаана үнэндээ амин ашиг сонирхол нэг улс төр, бизнесийн бүлэглэл бий.

 

Kембрижийн хөтөлбөрийн эсрэг компанит үйлс өрнүүлэгч Ц.Лувсандорж

 

2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Төрийн ордон

 

Tuesday, September 1, 2020

Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол уу?

 

Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол уу?
 
"Профессорынх нь нэг цагийн ажлын хөлс 3 хүрэхгүй доллар, багш, эмчийнх нь нэг цагийн мэргэжлийн ажлын хөлс нь 2 хүрэхгүй доллар байдаг улсад ажил олгогчид Та нар "Монголд ажилгүйдэл алга. Учир нь ажил хийх хүн олдохгүй байна аа" гэж маллах нь буруу. Монгол хүн боол биш. Боолчлол энэ дэлхийгээс одоод удаж байна. 
 
Монголд улсаасаа хумсласан өнөөх 30 жилд хүний хөдөлмөрийн мөлжлөг л гаарсан байдаг. Бүүр түүнийг хамууд гааруулсан байдаг. 
 
Ажил хийх нэрээр хөдөлмөрөө мөлжүүлж ерөөсөө л боол болсон байдаг нь энэ улсын хөдөлмөрийн хүний хувь заяа мэт болжээ. Бүүр боссоороо зодуулах, жанчуулах, богтлуулах нь хүртэл энэ улсад нийтэд ил, хэвийн болтлоо тод болсон байх. 
 
Боол байхыг хэн ч хүсэхгүй. Гэвч хөдөлмөрчдийг боол болгохгүй байх үүсэлтэй, үүрэгтэй манай ҮЭ-үүд энэ үйлсээсээ хэдийнээ урвасан. 
 
Улсаасаа хулгайлсан өнөөх 30 жилд Үйлдвэрчний Эвлэл гэгчийг буруугаар ашиглагчид тэд эрх баригчид, эзэдтэй нийлж хам царайлан хөдөлмөрчин хүний ганц зардаг хөдөлмөрийн цэнийг 10 дахин унагасан. 
 
Манай ҮЭ-үүд гэгчид увайгүй энэ авираар хулгайлах бус харин мэргэжлийн хөдөлмөрөө зарж амьдрагч хөдөлмөрчинг энэ улсад боол болохоос өөр аргагүй байдалд оруулсан. Тэд харин хөдөлмөрчинд хэлэх хариу нэг ийм гоё үгтэй болсон. Тэр нь энэ. 
 
"Гурван талт хэлцэл хийчихсэн. ... Цалинг үе шаттайгаар нэмнэ" (Энэ нь угтаа бол эсрэг нь. Цалинг үе шаттайгаар бууруулна гэсэн үг).
 
Энэ улсын ажил олгогчид гэгчид иймээс өөрсдөөсөө энэ нэг асуултыг хичээнгүйлэн асуу!
Ажилтан хайгаад байна уу, эсвэл боол хайгаад байна уу?
 
Ажилтан хайж байгаа бол утгатайгаар нэг цагийн мэргэжлийн хөдөлмөрт төлөх хөлснийхөө үнэ цэнийг хийх ажилтай нь тод бичиж бай. Түүгээр тань монголоос төдийгүй дэлхийгээс ажиллах хүн олдох нь хөдөлмөрийн зах зээлийн жам юм. Бас зам мөн. 
 
Боол хайж байгаа бол тийм боол монголоос төдийгүй дэлхийгээс олдохгүй. Учир нь боолчлол энэ дэлхийгээс холдоод удаж байна. 
 
Ц. Лувсандорж 
 
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Saturday, August 29, 2020

Хоёр Монголын эсрэг Хэлний Хоёр Түрэмгийлэл

 Хоёр Монголын эсрэг Хэлний Хоёр Түрэмгийлэл

Түрэмгийлэл, колончилол олон хэлбэртэй. Эдгээрээс хамгийн адтай, чөтгөрийн гэмээр хорлонтой нь хэлний түрэмгийлэл, соёлын колончилол байдаг. Хэлний түрэмгийлэл, соёлын колончлол цагаас цагт явагдсаар л. Олон үндэстэн ястан үеэс үед үндсэндээ хэлгүй, соёлгүй болсоор л. Тэгээд үгүй болсоор л.
 
Яг энэ цаг дор хоёр Монголд хэлний хоёр түрэмгийлэл, соёлын хоёр колончлол үүдээ нээж үрээ цацаж байна.
 
Өвөр монголд хичээл, сургалтыг Монгол хэлээр явуулахгүй байх Хятад Улсын бодлого байхад Ар монголд нь ерөнхий боловсролыг Kембрижийн хөтөлбөрөөр явуулах лобби бүлэг "их дээр" бий болж, эрх баригч нам нь үүнийг хэрэгжүүлэхээр зорьж байх.
 
Хөөрхий хоёр Монголд үүдээ нээж үрээ цацаж байгаа хэлний энэ хоёр түрэмгийлэл, соёлын энэ хоёр колончилолд мөн чанарын ялгаагүй байхгүй. Харин хоёуланд нь монголыг эх хэлнээс нь салгаж эх сэтгэлгээгүй мангардуу амьтад болгох ёрын санаа л нуугдана. Энэ хоёрт ийм л ганц утга, ижил зорилго бий.
 
Харин Өвөр монголыг эх хэлгүй болгох нь шууд утгатай учраас чимээтэй байхад Ар монголынх нь олон улсын хөтөлбөрөөр далдалж нуусан хуулийн заалттай, их хуралд лобби бүлэгтэй, боловсролоор мөнгө хүүлэгч бизнесийн бүлэгтэй, “дэмжин хэрэгжүүлнэ” гэсэн эрх баригч намтай байгаагаараа ялгаатай. Бүүр аюултай.
 
Иймд Ар монголынх нь маш хурдан хэрэгжих, бүрэн хэрэгжих, бүгдийг Англичилах бүрэн үндэстэй бол Өвөр монголынх нь чимээтэй учраас дэлхийн соёлт нийгэм, бүлгүүдээр өмгөөлөгдөх боломжтой. Магадгүй тэр нь хамгаалагдана.
 
Орчлон дээр олон үндэстэн, ястанг ганц ч буу дуугаралгүй, нэг ч дайн хийлгүйгээр үгүй болгож авахын нууц, шид нь өнөөгийн хөөрхий хоёр Монголд маань тулгаж буй, тулгарч буй хэлний хоёр түрэмгийлэл, соёлын хоёр колончлол мөн.
 
Өвөрийнх нь их чимээтэй учраас их учиртай. Харин Арынх чимээгүй, далдлагдсан, алгуур учраас их аюултай.
 
Ц.Лувсандорж
 
2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Monday, August 17, 2020

Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр

 Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр

Стандартад суурилсан нээлттэй хөтөлбөрийг бодлого хэрэгжүүлэх бүхий л эрхзүйн үндэслэлийг Батболдын даргын үед бид хийж билээ.Тэр дарга тэгсхийгээд тэтгэвэрт гарч, тэр цэрэг нь харин тэтгэлгээр тэгээд Австралид сурахаар зорив.

Эргээд хартал монголоо гэж хийсэн бүхнийг маань нураагаад Kембрижийн хөтөлбөрөөр явна гэж хийрхсэн мэт боловч цаанаа эзэнтэй, санаатай бодлогыг улаан нүүрэнд дээр хийж, сүрэг нь сүрэглэж байв. Гайхав.

Энэ сүрэглэл ид байх тэр үе бол миний Австралиас эргэж ирсэн 2010 юм.

Яаж байна та нар гэж хэлээд тэр үеийн боловсролын сайд Отгонбаяр гэгчийн үүдэнд дээр цаг авах гэж долоо хонож, уулзаж учирлах гэж 7 хоноод эцэст нь нарийн бичигт нь "Танай сайдтай би хэвлэлээр уулзана аа, удахгүй" гээд гарч байж билээ.

Тэгээд хамт ажиллаж байсан нэгэн нөхөртэйгээ ихэд ярилцаж хамтарч "Боловсролыг кембрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу" гэсэн нийтлэлийг бичиж тэр үеийн ерөнхий сайд Батболд, боловсролын сайд Отгонбаярыг нарыг мэтгэлзээнд урьж байв.

Олигархижсан хэвлэл мэдээлэлд нийтдээ үүний төлөө сая төгрөг төлөв. Төлбөр бол яахав дээ. Харин мэтгэлзээн бол өөр хэрэг. Тэр нь үйлсийнхээ үнэн зөвийг үзэхийн төлөө өрнүүлсэн бидний зүтгэл, хүсэл тэмүүлэл минь байсан юм.

Мэтгэлзээнд тэд ирээгүй. Тэд ирвэл амархан ялагдана. Ирээгүй ч бас ялгагдана гэдгээ сайн мэдэж байсан юм. Учир нь бидний хэлэх үндэслэл худал биш харин үнэн байв. Хулгай биш харин монголын төлөө гэсэн үйл байв.

Гэвч тэд боловсролын хуульд ийм нэгэн хулгайн заалт оруулж хулгайгаа хуульчилж авсан байдаг юм. Энэ нь одоогийн боловсролын хуулийн 3.1.13 гэдэг алдаатай заалт болох алдаргүй бизнес юм.

"Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБС гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг хэлнэ"

Тэр үед ийм сургууль зөвхөн ганц байв. Түүнд тэдний хүүхэд явдаг байсан юм.

"Олон улсын хөтөлбөр" гэдэг нь Kембрижийн хөтөлбөр, Kембрижийн шалгалтыг хэлж байгаа юм ш дээ.

Бодлогын хулгайн нэгэн үлгэр болсон энэ заалтаар одоогийн гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй, гар хөл бологчидтой гэх хувийн бүх ерөнхий боловсролын сургууль, за, дарга нарын хүүхдийнх гэх төрийн зарим сургууль тун их шоуддаг байдаг юм.

Үндсэндээ ердийн гэж гологдсон манай сургууль, олон улсын гэж цоллогдсон тэдний сургуулийн хооронд агуулгын, чанарын ялгаагүй байхгүй. Харин олон улсын ЕБС гэдэг нь ерөөсөө утгагүй бол нөгөө нь харин ядаж л утгатай байдаг. Учир нь ерөнхий боловсролоор монгол хүнийг бүтээдэг учиртай.Түүгээр дэлхийд монгол иргэнийг бэлтгэдэггүй юм. Түүнд л ерөнхий боловсролын гэх тодотголын утга нь байдаг. Үүнд л татварын төлөгчийн мөнгөөр ерөнхий боловсролыг олох төлбөрийг төрөөс дааж, төлж байдгийн утга учир оршиж байдаг юм.

Тэд олон улсын гэхийн цаана нуугдсан кембрижийн хөтөлбөр, шалгалтаар хийх шоу бизнесээ татвар төлөгчийн мөнгөөр нэг хүүхдийн хувьсах зардал энэ тэр нэрээр цаагуураа тэрбум тэрбумаар авч, ихэнхийг нь Англи улсын нэгэн төрийн бус байгууллагад элдэв нэрээр өгч байдаг юм. Гадныхантай нийлж улсаасаа хумсалж, улсаа худалдаж авч байдаг өнөөх 30 жилд бий болсон үлгэр аргын бас нэгэн тод жишээ нь энэ мөн.

Энэ бодлогын хулгай, хулгайн хөтөлбөрийн дүнд нь ердийн сургууль, ердийн бус kембрижийн хөтөлбөртэй сургууль гэж хоёр өөр сургууль, хоёр өөр тогтолцоотой энэ нэг улс дэлхийд бий болов. Нэг улс хоёр тогтолцоо гэсэн үг.

Нэртэйгээр нь Та нар монгол ардын хүүхэд сурдаг сургууль, монгол ноёдын хүүхэд сурдаг сургууль гээд нэрлэчихээч! Ингээд манарчихаач!

Бидний нэгтгэж байж мэдэх ганц үнэт зүйл болох Үндсэн хуульд тань уг нь эцэг эхийнх нь баян тарган, туранхайгаар ялган сургана гэсэн утга агуулга бүхий заалт байхгүй л баймаар юм. Тийм үү?

Гэвч боловсролын хуульд бол харин тийм утга агуулгатай хулгайн гэмээр хулхи заалт бол бүр илээр цагаан дээр тод хараар бичээстэй байдаг юм.

Ц.Лувсандорж

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр