Wednesday, July 31, 2019

Шинжлэх ухааны хичээлийг туршилттай болго. Бодитой болго. Сайд аа!

Шинжлэх ухааны хичээлийг туршилттай болго. Бодитой болго. Сайд аа!

Сарлагдах үзүүлбэрийн олон нийтийн тайлбарыг харж байхад ийм нэг бодол төрөөд байна.

Ерөнхий боловсролын сургуульд шинжлэх ухааны хичээл болох хими, физик, биологийг маш сайн ордог баймаар байна.

Маш сайн гэдэг нь туршилттай болгоно, туршилт хийдэг байна гэсэн үг.

Туршиж хийж үзэхгүй бол зөвхөн үглэснээр манайхны гэр бүл, довноосоо олж авсан суурь итгэл үнэмшил амархан өөрчлөгддөггүй.

Тэгээд л нэг нь зориудаар шахуу нээлтийн үед сарлага давхиулж, тэр нь хар массад тэнгэрээс ч юм уу, хаанаас юм бүү мэд хүүгээ бодон сарлаг гэнэт бууж ирж сарлагдаж байгаа мэт болж, үлдсэн хэсэг нь үүнийг яг байгаа цар, царайгаараа элдэвтэй хольж мунхаглан сүсэглэж байх нь энэ зууны хээв нэг байдаг л үзэгдэл, итгэл үнэмшил болж байх шив дээ, энэ улсад.

Мухар сүсгийн эхэнд биш харин аливааг яагаад гэж эхэлж асууж, дараа нь түүнийгээ шинжлэх ухаанчаар харах хандлагыг хойч үедээ өгөхөд л шинжлэх ухааны хичээлийн зорилго оршиж байдаг юм.

Гэтэл манай ЕБС-д шинжлэх ухааны хичээлээр мөнгө байхгүй тул туршилт хийгддэггүй, хамгийн сайндаа л гэхэд сайн үглэдэг болсноос хойш улсаараа энэ хичээлээр муу сурсаар, эцэстээ, нийтээрээ, наадмаараа хээв нэг сарлагдуулж суух шив дээ.

Шинжлэх ухааны хичээлийг иймд туршилттай болго. Бодитой болго. Сайд аа!.


Ц.Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр

Monday, July 29, 2019

Үнэн хүслээс тань ангид...

Үнэн хүслээс тань ангид

Үнэн хүслээс тань үл хамаарна. Энэ нь дөнгүүрт нь хүсэл нь хүртэл үнэн, үнэн нь бас хүсэл нь болж замаа олсон байж болох авч доогуурт нь харин хүсэл нь үнэнээс их хол, үнэн нь ч хүслээс нь бүр ангид байж замаа алдана гэсэн утга. Үүнийг харуулсан ганц хоёрхон энгийн бодит тохиолдлыг дор сийрүүлье.


Дэлхий хавтгай. Ингэж итгэдэг байсан, ийм байгаасаа гэж хүсдэг байсан цаг саяхан юм. Гэтэл дэлхий бөөрөнхий аж. Бөөрөнхий ч гэж дээ тэр үнэндээ, энгийнээр хэлбэл, бүх ертөнцийн таталцлын хуулийн дор байраа олж оршдог хотгор гүдгэртэй л нэгэн том чулуу юм. Энэ үнэн нь тэр цагийн хүмүүсийн хүсэлд нийцээгүй тул "Дэлхий хавтгай биш, харин бөөрөнхий" гэсэн үнэнг хэлснээ тэд шатаав. Ингэж шатааснаар, гэвч, тэдний хүслийн дагуу "Дэлхий хавтгай болсонгүй, харин бөөрөнхий л хэвээр байв". Тэдний хүслээр үнэн харин худал болсонгүй. Үнэн хэвээр л байв. 

Бүүр саяхан айхтар халдвартай нэг вирус гарч олны аминд хүрч эхлэв. "Ийм айхтар вирус бодитой оршиж байна. И-бола оршиж байна" гэж хэлэв. Гэтэл "Уугуул иргэд ийм вирус байхгүй, харин лус савдаг л хиллэгнэж, амийг нь авах ёстойгоос амийг нь авч байгаа юм" гэж хээв нэг үзэв. Гэвч тэдний итгэл, хүслээр болсонгүй, бараг тосгоноороо, хотоороо бүгд л амиа алдах, бүр дэлхийн хүн амийг устгах хүртэл эрсдлийг бий болгов. Дэлхий цэрэг цагдаадаа хүрч тэнд  хориг тогтоов. Гэсэн ч уугуул иргэд түүнийг байхгүй гэснээр. Гэвч тэдний хүссэнээр И-бола вирус байхгүй болсонгүй, харин оршсоор, тэд ч л одсоор л байв. И-бола оршиж байгаа нь уугуулийнханы хүслээс, итгэлээс үл хамаарах аж. Үнэн хүслээс ангид байдаг аж.


Хаан нүцгэн байв. Гэтэл "Нүцгэн хаанаа нүцгэн биш байна, харин бүүр яасан сайхан хувьцаслав" гэж харц ардууд шуугин шагшиж эхлэв. Харц ардын ингэж хүссэнээс болж хаан харин гэнэт тэр дороо хувцастай болсонгүй. Хаан нүцгэн л байв. Үнэн харц олны харснаар нь өөрчлөгддөг эд биш аж.

Эмэгтэй нь эмоцлог. Эрэгтэй нь эргэцүүлэлтэй. Гэтэл нэг улсад харин "Эмэгтэй нь эргэцүүлэлтэй, харин эрэгтэй нь эмоцлог" гэж шуугив, шагшив. Тэгээд ч боловсролоо, багшаа тэр эргэцүүлэлтэй гэх эмэгтэйгээр дүүргэв. Бүх эрэгтэй эм болж, бүх эм нь эр болж хувирахыг хүсэх. Бараг хүйсээ солиулах дөхөв. Гэлээ ч тэдний хүссэнээр эмэгтэй нь илүү эргэцүүлэлтэй болсонгүй харин эмоцтойгоо л үлдэв. Эрэгтэй нь бас илүү эмоцтой болсонгүй, тэд хөөрхий эргэцүүлэлтэйгээ л үлдэв. Үнэн нь соёлоос тань ангид байдаг аж.


Үнэн хүслээс тань ангид оршдог. Хүссэнээр тань  өөрчлөгддөг эд  биш. Үнэнийг ингэж эрт танивал үнэнийн жамыг дагаж, замаа л эрт олдог аж.

Ц.Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Friday, July 26, 2019

Сүрэг байх уу, хүн байх уу?


Сүрэг байх уу, хүн байх уу?

Хүн ухаалаг нь гэсэн утгаар харвал энэ дэлхийд 7 тэрбум хүн байхгүй харин 7 хуруунд багтах цөөхөн хэдэн хүн л бий. Бусад нь сүрэг.

Сүрэг сүрэглэж байдаг. Сүргийг эзэд нь харин сүрэглүүлж байдаг.

Сүрэг байх уу, хүн байх уу?

Үүнийг та өөрөө л шийднэ.

Ц.Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Багшийн нэр хүнд, ёс зүйг шавартаа бүү хутга


Багшийн нэр хүнд, ёс зүйг шавартай бүү хутга

Нийгмийн эмзэг бүлэгт нэмэр болох гэсэн 900 гаруй түрээсийн байрнаас багш 200-г авна гэж авирлан байгааг би буруу гэж үзнэ.

Багшийн цалин бага. Гэвч тэд эмзэг бүлэгт нийтээрээ арай ч орчихоогүй байна. Ер нь энэ улсад багш л баталгаатай ажилтай ганц бүл нь байдаг.

Тэгэхээр багш нар ядуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эх орондоо амин, цусан гавьяа байгуулан одогдсдын ар гэр гэх мэт нийгмийн эмзэг бүлэг, амьдралаа авч явж чадахааргүй болсон хэсэг арай биш ээ. Тэдэнд ямар ч байсан зарах мэдлэг, чадвар бий. Багш ямар ч байсан нийгмийн чадвартай хэсэг. Ёс зүйтэй бүл юм.

900 ядмагаасаа иймд багш нар 200 г нь авах гэж алийгаа алдах хэрэггүй ээ. Хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч хэмээх багш эмзэг бүлгээсээ боломжийг булааж авах гэж иймд тэмцэх хэрэггүй. Энэ бол багшийн үйлс биш.

Багш гэдэг нэрээр ийм ёс үгүй үйл бүү хий. Багш гэдэг үгийг ийм зохисгүй зүйлд бүү хэрэглэ. Харин иргэнийхээ хувьд л ядуурлын асуудлаа өөрсдөө шийдүүл. Гэхдээ багш гэдгээс өөр ондоо үг хэрэглэ.

Багшийн цалин бага байгаа ч гэсэн багш энэ улсад ажилтай байгаа ганц бүл нь юм.10 мянга багш орон сууцгүй байна. 200-300- г нь энэ түрээст оруулснаар багшийн бүлийн асуудал бүхэлдээ шийдэгдэхгүй. Энэ тэгэхээр уг асуудлыг шийдэх арга зам биш.

Багш нар их хурлаа хийгээд ирэх 5 жилд шийдэх асуудлаа тогтоол болгоод ажиллаж байна. Түүнд нэг чухал заалт бий.

"Багшийн цалинг өөрийн улсын дундаж цалингийн түвшинд хүргэнэ. Түүнийг төгрөгийн худалдан авах чадварын 1% -ийн уналтад бүрт 1,5%-иар өсгөж байна"

Багшийн цалин тань ийм болоход түрээсийн байранд орох гэж багш ингэж ёсоо алдан суухгүй харин түрээслэгчид багш нарт чиглэх болно. Багшид сонголт байх болно. Багш байраа худалдан авдаг болно.

Тэгэхээр багшийн цалинг нийгмийн дундаж цалинд хүргэхийн төлөө бүх түвшинд багш нар ажиллах ёстой. Багш бүр мэргэжлийнхээ төлөө энэ санааг хэлж түгээж байх ёстой. Үүнд дээр бүгд нэг болж нэгсэх ёстой. Сонгуулиар энэ нэгдмэл ашиг сонирхолоо сайн сануулж, саналаа өгөхдөө бүүр сайн асууж магадлаж байж өгөх хэрэгтэй.

Энэ бол харин багшийг тохитой орчин цагийн орон сууцад амьдруулах нэгэн арга зам мөн.
Багш бол хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч юм. Харин тэд ходоодныхоо төлөө нэгэн цагийн шавь нар болох эмзэг бүлгээс боломжийг булаах бүл биш.

Ядуу байна гэдэг ёс зүй, ёс суртахуунгүй байна гэсэн үг биш.

Багш гэдэг үгийг буруугаар хэрэглэж багшийн ядуурлаар улс төр бүү хий.
Ядуурлынхаа асуудлаа харин багш гэдэг үгийг хэрэглэхгүйгээр өөрсдөө өөрөөр шийд.
Ер нь тэр дунд тэнд яг хэдэн багш бодит байгаа юм.

Багшид мэргэжлийн ёс гэж бий. Багшид мэргэжлийн ёс зүйн зөрчилд хариуцлага тооцдог бүл гэж бас бий.

Тэдэнд дунд бодит багш байгаа юу? Байгаа бол хааных хэн гэгч багш байгаа юм. Хаанынх? Аль сургуулийнх юм?

Хүний амьдрал замыг гэрэлтүүлэгч гэсэн эрхэм утгыг язгууртай шингээсэн багш гэдэг энэ эрхэм алдрыг ходоодон сонирхолдоо та нар бүү буруугаар бүү ашигла.

Түүнийг шавартай бүү хутга.

Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Tuesday, July 23, 2019

Алтан парламентийг анх удаа босго

Алтан парламентийг анх удаа босго

Цахим нэгэн андын ажигласнаар нээрээ л эвгүйчүүд эх хууль үндсэн хуулийг нэг их өөрчилнө гээд нэг их яриад байх юм.

Уг нь нээрээ, эвгүйчүүд нь биш эвтэйчүүд нь энэ талаар илүү их яривал илүү утгатай юм шиг.
Яаж өөрсдийнхөө эвгүйг дарах вэ гэж биш харин яаж эх орноо өөд нь татах вэ гэж эд л эвтэйг нь илүү олж хэлж мэднэ.

Тээр үндсэн хуулийн тухайд бид тань өмнө дэлхийн улсын бүх холбогдох бүх зүйлийг хуулаад үхрийн бөөр шиг юм болчихсон харагддаг.

Ганцхан 2 танхимтай болох л дутаж байсан. Энэ нь тэр үед манайд Лорд үгүй байсантай нь холбоотой юм.

Одоо бид тань яаж хийгээд лордтой болсон тул Лордын танхим гээд хийрхэж эргэлдээд эхэлчихсэн байх.

Их хурал нь 40, засгийн газар 9 хүнтэй байхад авсаархан хангалттай юм.

Хаанаа хаана яваагаа нэгэнт мэдэхээсээ өнгөрсөн бид "Их хурал" хаантай улс болох хэрэгтэй.

Алтан харьцааг бүх хэмнэлдээ барьсан Их хурлаараа бүх зүйлийг шийдсэн өвөрмөц монгол улс байх ёстой.

Алтан парламентыг анх удаа дэлхийд ингэж бүтээ. Бүү хуул. Анхны нөхцлөө тооц.

Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Хотын төвөөр хог явдаггүй


Хотын төвд хог явдаггүй

Хотын төвд хогон машинтай явуулахгүй гэсэн утга агуулгатай шийдвэр гарсан гэж чих цохив.

Үнэн бол тэр уг нь их зөв шийдвэр мөн.Том хотууд ийм л байдаг.

Манайд 1990 оноос хойш бүх зүйл дорд болсон. Машины соёл ч дорд байдлаар нэвтэрсэн юм. Үүнийг засах ёстой.

Машины соёлын энэ дорд байдалд хот хичнээн муухай болов оо!

Хүн хичнээн хохирч үлдэв ээ!

Хотын төвд хог явдаггүй. Цоо шинэ нь явна. Ингэж байж хотоо чимнэ. Тэр нь мэдээж үнэтэй явна. Энэ нь жам юм.

Хогон машинтайгаа хотоор явдаггүй. Тэгээд ч дөнгүүр нь бас хог унадаггүй.

Ингэхээр эсвэл бренд шинэ машин унаж хотоо гоёж чимж яв.

Эсвэл нийтийн тээврээр зорчиж ухаалаг амьдар.

Энэ нь жам юм.

Хотын төвд хог явдаггүй ээ!

Үүнд бүү өрвөлз.

Ц.Лувсандорж

Saturday, July 20, 2019

"Үндсэн хууль"-ийг "Эх хууль" гэе

"Үндсэн хууль"-ийг "Эх хууль" гэе


Бидний үндсэн хууль гэх тогтолцоо нь энэ нийгмийн юм юмны эх үндсийг өөртөө агуулсан хөгжлийн үндсэн баримт бичиг, дэвшлийн үндсэн аксиоматик юм. Энэ нь эргээд хаангүй улс болох бүгд найрамдах улсыг хуулиар удирдах ухаан, бас урлаг болно.

Юм юмны эх үндсийг агуулж байдаг болохоор өнөөдрийн бидэн шиг түүнийг "ҮХ" гэж товчлон "Үндсэн хууль" (fundamental law) гэхээсээ "бүрдэл-constituent" гэсэн утгыг тодотгон Англи хэлнээ "Бүрдэл хууль (The Constitution)" гэдэг. 

Энэ язгуур утга санааг бодолцож "ҮХ" гэж товчлогдох "Үндсэн хууль" гэдгийг монгол хэлнээ "Эх хууль" гэж хэлбэл яасийм. Илүү зохистой биш үү!

Энэ нь бас эх хуулиас бусад хуулиуд нь их төрж байх гэсэн утгыг илүү тодотгож байгаагаараа аксиоматик шинжтэй иргэншилтэй болно. Бас "ҮХ" биш харин ээж гэсэн утгыг агуулж "ЭХ" гэж товчлогдоно. Гоё.

"ҮХ" гэхээсээ "ЭХ" гэх нь хавьгүй илүү биз дээ! Тийм үү?

Үндсэн хууль гэсэн модон моодон хэллэгийг энэ удаа иргэншилтэй, утгатай байдлаар нь харж "ЭХ ХУУЛЬ" гэж нэрлэ.

Тэгвэл хуулиар удирдах ухаан энэ улсад гууль болохгүй. Учир нь "ҮХ" биш "ЭХ" шүү дээ.

Ц. Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр