Sunday, September 29, 2019

Сургуулийн хүүхдийн автобус


Сургуулийн хүүхдийн автобус

Нийтийн тээврийн автобусанд нийтийн соёл харагдана. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, чансаагаар нийгмийн хөгжлийн өнгө, хөг илэрхийлэгдэнэ.

Манай улсын нийтийн тээврийн автобусны чанар чансаа оноос онд харьцангуй сайжирч ирэв. Харин түүгээр зорчигч болох нийт олны ерөнхий соёл ядуурал, архидалт, ажилгүйлдэл, найрлалтаас болж харьцангуй муужирч унав.
Тэнд нусаа нур хийтэл нийж, шүлсээ нул хийтэл хаях нь тэдэнд энүүхэнд. Тэнд хөл дээрээ тогтож чадахааргүй архичин явах нь хэвийн бол хажууд нь суух бүү хэл зогсож ч үл болимоор тамхичин, хирчин хээв нэг явах нь бас л энүүхэнд. Ам хамраа дарж найтах, ханиалгах зорчигчийг тэндээс олж харна гэдэг өдрийн одыг олж харагдах лугаа тун ховор. Тэнд хүүхэд л бол суудалд сууж үл болно. Хиргүй тунгалаг, хэрүүлгүй өнгөлөг, сурталчилгаагүй тайван, хүнлэг энэрэнгүй авир хандлагыг тэндээс олж үзэх гэдэг мөн л тийм л ховор. Манай улсын нийслэлийн нийтийн тээврийн автобусны нийтлэг төрх байдлыг ч, түүгээр зорчигчийн нийтлэг өнгө төрхийг ч ганц үгээр илэрхийлбэл бохир.

Энэ “бохирт” ирэх цагийн нийгмийн өнгө төрхийг тээгч, бүтээгч болох хүүхдийг одооноос дасгаж хутгавал ирэх цагийнхан нь бас бохир болно. Тэгэхээр өнөө цагийн бид ирэх цагийнхан болох, нийтийн тээврийн шинэ тунгалаг соёлыг тээгч, бүтээгч болох энэ цагийн хүүхдүүддээ зориулж “сургуулийн хүүхдийн автобус” гэсэн нэгэн шинэлэг үйлчилгээг бий болгоё. Сургуулийн хүүхдийн автобусыг ирэх цагийн эзэд болох энэ цагийханд нийтлэг шинэ соёл, нийтийн тунгалаг соёл, нийтийн тээврийн эрүүл үйлчилгээг үзүүлэхээр явуулъя. Энэ нь ирээдүйдээ үзүүлж буй их хүндэтгэл юм. Бас том хөрөнгө оруулалт мөн. Энэ мөн хүүхдээ гэдэг нийгмийн нийтлэг өнгө төрх юм.

Сургуулийн хүүхдийн автобусыг чиглэл бүрт тодорхой цагийн хуваариар явуулснаар дээр хэлснээс гадна дор дурдсан пратик ач тус байна. Үүнд:

- Зургаа настай хүүхдийн алхам нийтийн автобусны гишгүүрт үл нийцэх тул тэд одоо ихэвчлэн автобусанд мөлхөж орж байна. Гар нь хөл болж байна гэсэн үг. Ийм энэрэнгүй бус байдлыг сургуулийн хүүхдийн автобусыг стандартын дагуу явуулснаар арилгаж чадна.
- Өндрийнхөө хагасаас илүүтэй урт, том, хүнд цүнх үүрсэн хүүхэд нийтийн автобусанд суудалгүй (бохир томчууд тунгалаг хүүхэд автобусанд сууж байвал элдвээр загнаж байгаад суудлыг булаан авдаг нь монгол жишиг) зогсож хол явснаар эцэстээ сөхөрч унаж байна. Ургаж томорч байх ёстой тэд маань тэнд ингэж л жижигэрч уруудаж байна гэсэн үг. Ийм бурангуй байдлыг сургуулийн хүүхдийн автобусыг явуулж эхэлснээр л үгүй болгож чадна.
- Чонон орчинд өссөн хүний хүүхэд чоно болдог. Бохир нийтийн автобусанд бохир нийтийн дунд дорд үзэгдэж өссөн хүүхэд том болохоороо бас л “бохир” болно, “бохир”-ыг тээгч, түгээгч л болно. Тэгэхээр гэгээн ирээдүйн эзэд энэ цагийн нялхас хүүхдээ бид хайр, халамжинд өсгөвөл ононо. Хүүхдээ гэсэн ийм хайр, халамжийн нэгэн чухал илрэл бол хүүхдэд зориулсан сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээ яах ч аргагүй л мөн. 
Сургуулийн хүүхдийн тунгалаг автобусаар зорчиж өссөн хүүхэд ирэх цагийн нийтийн тунгалаг соёлыг эзэд болно. Манай улсын нийтийн тээврийн үйлчилгээ тэр цагт бохир биш тунгалаг зорчигчтой болно. Үүнд л сургуулийн хүүхдийн автобусыг үнэгүй явуулахын үнэн цэнэ нь оршино.

Ц.Лувсандорж
2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Жич. Сургуулийн хүүхдийн автобусанд өнгө хийгээд чанарын стандарт байдгийг анхаарч үзвэл зохино.

Saturday, September 28, 2019

Багшийн өдөр багширч архиддаг баяр биш


Багшийн өдөр багширч архиддаг баяр биш

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ILO), Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (UNESCO) 1966 онд багш (teacher)-ийн статусын талаарх зөвлөмжийг баталсан юм. Багшийн статусыг ингэж тогтоож баталсны ойг тэмдэглэх утгаар 1994 оноос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багшийн өдөр буюу Олон Улсын багшийн өдөр болгон дэлхий нийтээр архидаж биш харин ажиллаж тэмдэглэж ирж.

Энэ өдөр дэлхийн багш нар, багшийн дэлхийн байгууллагууд юу хийж, юу ярьдаг гээч!

Энэ өдөр дэлхийн багш нар багшийн статусын талаарх гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг ямар байгааг ярина.

Энэ нь угтаа уламжлалаараа дараах асуудлаар нэгдэж ярилцана, нийлж хэлэлцэнэ гэсэн үг. Үүнд:

-Багшийн үүрэг, хариуцлагад тавигдах шаардлага, хэмжүүр, стандартын найдвар, тохирцыг сайжруулах асуудал,
-Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, түүний тасралтгүй хөгжилд тавигдах шаардлага, хэмжүүр, стандартын найдвар, тохирцыг сайжруулах асуудал,
-Багшийн ажлын үнэлэмж, цалин хөлс, ажлын байрны нөхцөл байдал, түүнд тавигдах шаардлага, хэмжүүр, стандартын найдвар, тохирцыг сайжруулах асуудал,
-Багшийн ажил эрхлэлт, багшийг ажилд авах, ажлаас халах нөхцөл, болзлын таарц, нийцлийг сайжруулах асуудал,
-Сурах, багшлах ажилд тавигдах нөхцөл, болзлын таарц, нийцлийг сайжруулах асуудал.
-Багшийн мэргэжил, түүний хөгжилд нийгмийн дэвшил, ирээдүйн чиг хандлагаас урган гарч дэвшигдэж буй бэрхшээлийг хэрхэн даван туулах асуудал зэрэг болно.

Одоо бол харин дэлхийн багш нар “2030 он гэхэд хүрэх тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд багш бол үндсэн чухал үүрэгтэй” гэдгийг олж таньсныг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар л ярьж байна. Үүнтэй уялдуулан дэлхийн улс бүхэн дэлхийн багш нарын өдрийг тодорхой нэг сэдвийн дор утга агуулгатай зохион байгуулж тэмдэглэж ирлээ. Гэтэл монголын багш нар бид яаж байна! Яаж тэмдэглээд байна!

Ингэж л тэмдэглэж байна. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс баярын өдөр болгон хуульчилж түүний үнэ цэнийг нь “нэг сарнай, нэг вино”-ий цэнэтэй болтол нь утгыг алдагдуулан бүр сүрэглэж архиддаг найрын өдөр болгосон шиг Дэлхийн багшийн өдөр гэдэг гэгээн энэ үйлс энд мөн л тиймэрхий тийшээгээ хандаж байна. Энэ өдөр монголын багш нарын нэг хэсэг нь хөдөө гарч оюутан, сурагчийн хөлсөөр багширч архидана. Нөгөө хэсэг нь өндөр үнэтэй ресторанд мөн л оюутан, сурагчийн мөнгөөр сүрэглэж архидана. Ингэхдээ элдэв утгагүй шагналд эргүүтэдлээ солиорно. Дэлхийн багшийн өдөр энэ улсад ингэж найрын өдөр, баярын өдөр, утгагүй шагналын өдөр болж байх. Нэн харамсалтай. Энэ өдөр тань уг нь багширч ингэж архиддаг баярынх биш харин багшийн өдөр шүү дээ, нөхөд өө!

Дэлхийн багшийн өдөр олон олон улсын багш нар багшийн статусын талаарх зөвлөмж тухайн улсад хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцэж, асуудал ярьж байгаагаас суралцаж монголын багш нар бид энэ өдрийг бүр угтаж, бас тэмдэглэж багширч архиддаг байдлаа зогсоон ядаж ядуурлаасаа хэрхэн салах, хоёроос бага долларын цэнэтэй багшийн нэг цагийн ажлын хөлсөө яаж бодитой цэнэлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгөөс яаж салах, багш мэргэжлийн ажлаа хэрхэн чанартай хийх, үндсэн хичээлээрээ улсаараа муу сурч байгаагаас бүгдээрээ, улсаараа ичиж яаж хүүхдийг онож хөгжүүлэх, хичээл яаж сайн заах тухайгаа хэлэлцэх, ядуурал, лоббийг ардаа нууж тээсэн 23 хичээлийг яаж үндсэн 10 хичээлд багтааж ихийг гүехэн биш харин багыг гүн судлуулдаг болгох вэ, хүүхдээ яаж энэ олон хичээлийн дарамтаас салгах, эрүүл сургах вэ, сурахыг яаж баясал болгох зэрэг асуудлаа ярьдаг болбол үгүй мөн их сайн хэрэг, мөн их хөгжил дэвшил, үлгэр дуурайл болохоор байна даа, монгол багш нараа! Хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч гэгээн үйлстнүүд ээ!

Багшийн өдрөөр багширч архиддаг биш харин багш мэргэжлийн төлөө, хүүхдийн төлөө, хүний төлөө, улсынхаа төлөө нэгдэж, нэгсэж, нийлж тэмцдэг, хэлэлцдэг өдөр болговол ер нь яасийм. Ингэх нь гэгээн биш үү, зөв, төв биш үү?
Ц.Лувсандорж
2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Tuesday, September 17, 2019

Даварсан хувийн сургуулийн даварсан мөнгө хүүлэлт

Даварсан хувийн сургуулийн даварсан мөнгө хүүлэлт

Манай улсад ерөнхий боловсролын хувийн сургууль мөнгө хүүлэх хэрэгсэл болсон. Товчхондоо даварсан байгаа.

Энэ даварааг зогсох ёстой. Татвар төлөхгүй, төрөөс хувьсах зардал авдаг, мулгуудуу эцэг эхээсээ дэлхийн том их сургуулиас илүү төлбөр авдаг...Хувьдаа цамхаг босгодог ч багшаа харин хөдөлмөрийн мөлжлөг дор байлгадаг...Даварсан.

Энд тэгш байдал, үл алагчлал гэх мэт үндсэн хуулийн үзэл санаа энд хамаагүй болсон.
Зүгээр л мөнгө хүүлдэг. Боловсролын бодлогоор дэмжигддэг ийм мөнгө хүүлэлт энд л бий, харин дэлхийд байхгүй. Даварсан.

Яг л чоно борооноор гэдэг шиг улс нь ядарч түмэн гундаж байхад хүүхдийн нь сурах хүслээр мөнгө хүүлж эцэст нь хэн ч биш болгож орхидог болтлоо даварсан "давараанууд" эндээс өөр хаана ч байхгүй.

Дэлхийгээс монголоор бодлогоор дэмжүүлж мөнгө хүүлж байгаа энэ даварсан этгээдүүдийн даварсан үйл, гаж байдлыг хамтаар бид засах ёстой.

"Ерөнхий боловсролын хувийн сургуулиа ажиллуулмаар байвал ажиллуул. Гэхдээ төлбөр авахгүй. Манай хууль, манай үзэл, манай зарчим ийм л юм" гээд хэлчихдэг төрийн хар хүн шиг түшмэлтэй бас болох ёстой,бид.

Мөн монгол хүүхдийг мөнгө хүүлэлтийн ийм золиос болж эцэстээ хэн ч биш болохоос аврах ёстой, бид.

Даварсан хувийн сургуулийн даварсан мөнгө хүүлэлтийг зогсоох ёстой, бид.

Ц.Лувсандорж

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Tuesday, September 3, 2019

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МУБИС-ийн багш, оюутантай хийсэн уулзалтын үеэр илэрхийлэхээр бэлтгэсэн хүсэлт зөвлөмж

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МУБИС-ийн багш, оюутантай хийсэн уулзалтын үеэр илэрхийлэхээр бэлтгэсэн хүсэлт зөвлөмж
 
 
“Боловсролын шинэчлэл” гэж бид үндсэндээ 30 жил ярилаа. Одоо ч ярьж байна. Нэг л онож өгөхгүй байна. Энэ удаа Та бүхний ярьж байгаа боловсролын шинэчлэл нэг оноосой гэж хүсэн, “1 сая 200 мянга, 23, 97, 36” гэсэн 4 тоогоор товчилсон 4 хүсэлт зөвлөмж, зөвлөмж хүсэлтийг Танд уламжилж байна.
Нэг. “1 сая 200 мянга”-ын тухайд
Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг байгаа. ЕБС-ийн багшийн нэг цагийн ажлын хөлс 2 $-т хүрдэггүй, профессорын нэг цагийн ажлын хөлс 4$-оос бага буюу дэлхийн үе тэнгийхнийхээ цалингийн дундажаас 10 дахин байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан ажиллаж ядуураад, ядуурч ажиллаад байгаа юм. Тэгэхээр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зах зээлийнх нь бодит үнэ, цэнэ, үнэлэмж, үнэлгээнд шилжүүлэх хэрэгтэй. Одоогийн үнэлэмж нь байх ёстойгоос 8-10 дахин бага байдаг. Иймд багш, эмчийн цалинг дор хаяж улсынхаа дундаж цалингийн жишиг хүргэмээр байна. Энэ нь одоогийнхоор 1 сая 200 мянга гэсэн үг. Үүнийг хуульчилж өгөөч. Энэ улс эцэстээ саруул, эрүүл хүнээр л хөгжинө шүү дээ.
Хоёр. “23”-ын тухайд
Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд энэ хичээлийн жилээс нийт 23 хичээл үздэг болох нээ. Баатарбилэг сайд маань 22 хичээлийг цөөлнө гэж анх ярьж цахимд нилээд шуугиулсан. Үүгээрээ олон ч багшид танил болж, олон ч эцэг эхээр лайк даруулсан байх. Гэтэл 22 хичээл цөөрсөнгүй, харин “хүмүүжил, ёс суртахуун” гэдэг нэг шинэ хичээл нэмэгдэж, одоо тэгээд 23 хичээлтэй боллоо. Энд бүх хичээлээрээ бүх түвшинд улсаараа муу сурч байдаг гэдгийг санах хэрэгтэй. Статистик бий. Хичээл ингэж олширсны цаана нь ер нь лобби, ядуурал байдаг. Тэгэхээр ихийг гүехэн биш, харин багыг гүн судалдаг жам ёсыг бодож ЕБС-д үзэх хичээлийн тоог 10-д багтаан хуульчилж өгөөч. Ихийг гүехэн биш харин багыг л гүн судалж байж хүн чадварждаг юм шүү дээ.
Гурав. “97”-ын тухайд
Манай улсад хэтэрхий олон их дээд сургууль байна аа. Одоо 97 байгаа биз. Түүний 47 нь багш бэлтгэж байна. Тэгэхээр багш тоон утгаараа, энэ улсад илүүдчихээд байна. Гэвч чанарын утгаараа, багш энэ улсад хангалттай биш байна. Эмч мөн л адил даа. Иймд багш, эмч бэлтгэх асуудлыг онцгой анхаарч хуульчилж өгөөч. Багшийг зөвхөн МУБИС-иар, эмчийг зөвхөн Эрүүл мэндийн их сургуулиар бэлтгэж,бүх оюутанг тэтгэлгээр сургадаг, тэгээд бас хасдаг байхаар шийдвэрлэж өгмөөр байна.
Дөрөв. “36”-ын тухайд
Энд байгаа багш нар хэн бэ? Төрийн өмчийн их сургуульд ажиллаж байгаа профессор багш нар ер нь хэн бэ?Тэдний статус их тодорхойгүй байна. Сонгогдох эрхээ эдлэх гэхээр тэд төрийн албан хаагч,төрийн үйлчилгээний албан хаагч болж 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлаасаа бүр гарсан байх ёстой болдог. Гэтэл тэтгэвэрт гарах болохоор тэд төрийн албан хаагч биш болчихдог. Тэдэнд тэгээд яамны мэргэжилтэн, дарга, Ерөнхий боловсролын багш нарт олгодог 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгогддоггүй. Ер нь энэ нь их маргаан болоод явчихдаг. Тэгэхээр төрийн өмчийн их сургуулийн багшийн статусыг хуулиар тов тодорхой болгож өгөөч. Яаралтай тусмаа сайн байна. Профессор багш бид нарт статус нь тодорхой байх нь чухал болохоос төрийн албан хаагч үзэгдэх нь тийм ч чухал биш байх аа. Төрийн албан хаагч биш гэж үзбэл, жишээ, би Монголын Профессорын холбоогоор дамжуулан профессоруудыг 2020 оны сонгуулиар их хурлын гишүүнд дэвшүүлж өрсөлдүүлэхээр ажиллана. Шавь нар нь монгол даяар байх тул тэд том тойргоор том гарна биз ээ. Тэгээд ч тэргүүний сэхээтнээ улс орноо удирдахад оролцуулж, тэдний эрдэм ухааныг ашиглаж байж л бид урагшилна шүү дээ.
“1 сая 200 мянга, 23, 97, 36” гэсэн ийм дөрвөн тоогоор Танд товчлон хүргэж буй энэ дөрвөн хүсэлт, зөвлөмжийг анхааран ажиллана гэдэгт найдаж байна. Энэ нь ч 30 жил ярьсан атлаа өдий хүртэл оноогүй боловсролын шинэчлэлийг зөв, төв болгоход хөтөлж мэднэ.
Ц.Лувсандорж, профессор
2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Жич: Хэлэлцүүлэг гэж зарлагдсан боловч үхрийн бөөр бүтэцтэй, үеэ өнгөрөөсөн агуулгатай лекц л уншив. Цаашдаа уулзалтын нэрийг хаа хаанаа зөв онож өгч байх хэрэгтэй. Оюутнууд маань хэлэлцүүлгийг лекц гээд андуурчих вий дээ. Лекц байсан юм бол профессор тэнд юу хийж суухав дээ. Хайран цаг. Ярьж байгаа нь хийж байгаатайгаа л их зөрж харагдана лаа. Тэгээд ч дэлхий монгол биш, монгол дэлхий биш гэдгийг анхаарч, анхны нөхцлөө онож тооцож яривал илүү онох юм. Бас багш, оюутнаа хүндэтгэж сурах хэрэгтэй. Багш, оюутангүй дээд боловсролын шинэчлэл гэж юу байхав дээ.
Хэлэлцүүлэг хийнэ гэсэн тань яасан бэ гэсэн хэлц хүртэл энд төрөв.

Хэлэлцүүлэг хийнэ гэсэн тань яасан бэ?

Saturday, August 31, 2019

Сүржин эхлэлтэй даржин төгсгөл

Сүржин эхлэлтэй даржин төгсгөл


Манай улс хичээлийн жилийг нэг л их сүржин эхлэх юм. Баяр гэх шиг. Ерөнхийлөгч хичээл заана ч гэх. Их хурлын гишүүд нээлтэд нь оролцоно гэх шиг. Цэцэг, навч ч гэх шиг. Нэг л сүржигнэсэн, хийрхсэн улс байх. Нэг л сүржин эхлэлтэй байх юм.

Ингэж сүржин эхлэсэн хичээлийн жил цаашид бас л олимпиад, тэмцээн, дуу хуур баяр цэнгэл уралдаан, уралцаан болж өрнөнө. Багш нар нь "Ямар ч хичээлийг хэнд ч хэн ч яаж ч зааж болно" гэдгийг ерөнхийлөгчдийнхөө хичээлүүдээс гүн ухаарч авсан юм болов уу гэлтэй гурилдаж өрнүүлнэ. 

Сүржин эхлэлтэй мэргэжлийн бус өрнөлтэй ийм хичээл, сургалтын төгсгөл нэн их даржин.

Бүх хичээлээрээ бүх түвшинд улсаараа муу сурдаг. Ерөнхий боловсролын сургуулийн төгсгөлийн шалгалтын дүн хуурмаг. Цэнхэр, хар баллаар баллуурдаж засдагийг үл тооцвол хичээлүүдээр хүүхэд дундажаар 10-30 хувийн гүйцэтгэлтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтын улсын дундаж математик, байгалийн ухааны хичээлээр бас л 10-30 хувьтай. Их дээд сургуулиуд муу сурлагатанг урилгаар уралдаж элсүүлж уралдаж онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд болгож залуусаа хорлодог. Багш нь ядууруулах хорон бодлогын золиос, ядуу, хүүхэд нь тэнэглэл, мунхаглалын золиос, хөөрхий.

Хичээлийн жил ийнхүү сүржин эхлэлтэй ядмаг өрнөлтэй, даржин төгсгөлтэй байна, энэ улсад.
Зүй ийм юм. Хичээл ажил, тэр тусмаа багш биш ерөнхийлөгчийн хийчих ажил бүр биш харин дөнгүүр нь 4 жил хичээнгүйлэн сурч эзэмшдэг нарийн мэргэжил тул хичээлийн жилийн эхний өдөр хийрхлээр биш харин зүгээр л хичээлээ хийж даруухан эхэлнэ. Тэгээд тэр жилийн турш хүүхдийг сургахад чиглэсэн мэргэжлийн өрнөлтэй байна. Тэгэхэд хичээлийн жил шижгэр амжилтаар дүүрсэн төгсгөлтэй байх болно.

Хичээлийн жил манай улсад даруухан эхлэлтэй, мэргэжлийн өрнөлтэй, шижгэр төгсгөлтэй байг.

Ц.Лувсандорж

2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр (Ням гариг)

Thursday, August 29, 2019

Багш бүрт цалингийн алдагдлыг нь байраар нөхөн төл

Багш бүрт цалингийн алдагдлыг нь байраар нөхөн төл
1990 оноос өмнө. Тэр цагт монголд багш л хамгийн өндөр цалинтай байж. Энэ нь хүний хөгжлөөр л улс хөгсөнө гэсэн итгэлтэй нь холбоотой юм. Энэ нь ч зөв. Хөгжсөн улс бүгд л хүнээр өндийссөн байдаг.
Гэтэл 1990 оноос хойшхи өнгөрсөн 30 жилд багш, эмч хоёр л хамгийн их хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хамгийн их ядуурсан байдаг юм. Хүнийг нь хөгжүүлэхгүй байвал улс уруудана гэдэг айхтар технологитой энэ нь бас холбоотой биз. Энэ бол буруу юм. Буруу бодлогоор явсан улс бүхэн ардчилал гэж хашгиралдаад, авилга хөгжүүлээд, ажилгүйдэл өрнүүлээд, архидалтыг мандуулаад, тасралтгүй донтож найрлаад өдрөөс өдөрт дордсоор зүгээр л сүрэг болдог нь жам юм.
Ийм сүрэглүүлэх технологиор явсан өнгөрсөн 30 жилд багш, эмч нарыг хэр ядууруулсанг маш амархан тооцоолж болно.
1990 оны өмнө. Тэр цагийн шинэ багшийн цалин гэхэд 600 төгрөг байв. Энэ нь тэр цагийн хаврын хурга болох намрын 60 төлөгний цэнэтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шинэ багш гэхэд сар бүр 60 тоо толгой бүхий бэсрэг төлөгөн сүргээр цалинждаг байжээ. Төлөг төлөгөөрөө байгааг хараад, нэг төлөгний одоогийн хар зах дээрх ханш 80-100 мянга төгрөг байгааг санаад шударга ёс хийгээд намын төлөө биш харин хүний төлөө үнэн ҮЭ монголд байсан гэж үзбэл одоогийн багшийн цалин 4,8-6 сая төгрөг байх юм. Гэвч одоогийн багш цалинг дээшлүүлж бодоход, тооцоог хялбарчилж дундажлан харахад 600 мянган төгрөг байгаа олж харьцуулбал багшийн цалингийн үнэн цэнэ, ханш өмнөхөөсөө 8-10 дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл, 1990 оны үеийн багшаас одоогийн багш 8-10 дахин ядуурсан гэсэн үг. Багш энэ хугацаанд ийм л ядуурсан байна. Боловсрол ийм дахин муужирсан байна. Хүүхэд ийм дахин хохирсон байна.
Нарийн тооцоход багшийн бодит цалин 5,2-6 сая байх юм байна лаа. Үүнийг ч манай шударга шүүгчдийн цалин харуулж байгаа биз. Шүүгчийн цалинг ингэж тогтоосон их хурал ч бас үүнийг зөвшөөрч байгаа хэрэг биз.
Багшийг ажлыг 1990 оноос 2020 он хүртэл хийж байгаа багш хүний цалингийн өнгөрсөн он жилүүдийн алдагдлыг тэгэхээр одоо амархан тооцоолж болно.
Бас тооцоог хялбарчилж, багшийн цалингийн нэг сарын алдагдал дундажаар 5,4 сая гэж байна. Бусад жилүүдийг тухайн үеийн төгрөгийн худалдан авах чадварын индекстэй уялдуулж тооцоолох гаргах боломжтой. Ингээд 30 жилээр биш зөвхөн 30 сараар л бодвол 162 сая төгрөг болно. (Үүнийг нарийвчлан тооцвол үүнээс их тоо, маш их тоо гарна).
Багш бүр иймд нөгөө багшийн төлөө ажиллана гээд уралдаад, уралцаад байдаг багшийн болон боловсролын ҮЭ-үүдээр дамжуулж, шаардуулж цалингийн алдагдлаа 30 сараар биш харин бүр 30 жилээр нөхөн авах нь шударга ёс юм. Ардчилал юм. Тэгш байдал мөн.
Мэдээж бэлэн мөнгөөр өгвөл зөвхөн 30 сарын нөхөн төлбөр болох 162 сая төгрөгөөр хотын төвд 2-3 өрөө байр авч болно. Эсвэл бэлэн мөнгөөр төлж чадахгүй бол төр тэдэнд байр олгож төлж болно. Олон өрөө байр авч байж л тэнцэх юм байна лаа. Бодит өртгөөр л бодит ажил хийгддэг зах зээл, капиталист нийгэм шүү дээ, энэ.
Бас нэмээд энд өмч хувьчлалаар багш нар л өмчгүй үлдсэн ганц бүл болохыг бас байнга, байнга санаж, сануулж байх хэрэгтэй.
Багш шударга ажилласны төлөө шударга цалин авч байх ёстой. Энэ нь хүнээр улс хөгжих зөв бодлогын эх болно.
Тэгэхээр цалингийн 30 жилийн алдагдлаа нөхөн төлбөрөөр эргүүлэн олж авах асуудлыг тавьж шийдвэрлүүлэхийг татвараа өгч байдаг ҮЭ-нүүдээ байнга шаард, Багш нараа!
Багш бүрийг байртай болгочих бололцоотой нийтийн ийм том эрх ашгийн төлөө ажиллуул, Тэднийг!
Эсвэл татвараа тэдэнд төлөхөө больчих!. Зүгээр тэжээгээд юухэв, тэднийг!
Ц.Лувсандорж
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Sunday, August 25, 2019

Өөрийгөө "хэн бэ" гэдгээ хайгчдийн утгагүй тэмцэл


Өөрийгөө "хэн бэ" гэдгээ хайгчдийн утгагүй тэмцэл

Хятад төрхтэй, Англи тархитай Конконгчууд яаж ч тэмцээд Англи төрхтэй, Хятад тархитай болохгүй. Энэ л тэдний хамгийн том асуудал юм.

Манай улс Англи хэл, Кембриж гэж хийрхсэн энэ хийрхлээ зогсоохгүй бол удахгүй өнөөгийн Конконгчуудад тулгарч буй "Хэн бэ" гэдгээ хайсан утгагүй, гэхдээ дуусахгүй том тэмцлийн талбар болж мэднэ. Нэг хэсэг нь хэн бэ гэдгээ мэдэхээ байчихсан байна гэсэн үг л дээ.

Англи тархитай, монгол төрхтэй хүүхэд Англи хүн гэж андуурч монгол төрхөө тэдэнд Англи гэж харуулах гэсэн тэнэглэл дэлхийгээр эхлээд тэнэнэ. Доог болно. Дараа нь монгол төрхтэй Англи тархитай тэд Английн туг барьж, хатан хааны төрсөн өдрөөр уйлж явснаа монголоо Англи болгоно гэж тэнэглэнэ, тэгээд тэмцэж үзнэ.

Боловсрол ийм аюултай зэвсэг юм.

Ардын боловсролыг ард орхиж, боловсрол бизнес болоход учраа мэдэхгүй гэнэт л баяжсан монголын баячууд гэгчдийн хүүхэд Англи тархитай болох тэнэглэлд хамгийн эхэнд хамгийн их золиослогдож байна. Тэд бол эхний хамгийн том золиос юм. Тэд эцэстээ хэн ч биш болсон байдаг. Тэднээр Англи яахав дээ. Бас монгол тэднээр бас дутахгүй.

Тэд хэн ч биш болдог. Тэгээд л хэн бэ гэдгээ хайсан тэмцлийг хийж эхэлдэг. Тэглээ ч тэд хэн ч биш л байдаг. Хөөрхийс.

Хөөрхий тэр монголчууд тэгээд одоогийн Конконгчууд шиг л өөрийгөө "хэн бэ" гэдгээ хайсан утгагүй, дуусдаггүй тэмцлийг өрнүүлж эхэлнэ. Тэгээд өөрсдөө л хохирч үлдэнэ. Яагаад? Хэн ч биш болтлоо золиослогдсон болохоор тэр.

Өөрийгөө хэн гэдгээ мэддэг нь эх орондоо хэн нэгэн байдаг. Өөрийгөө хэн ч гэдгээ мэдэхгүй болтлоо золиослогчид харин хаана ч яаж ч тэмцлээ ч хэн ч биш хэвээр л үлддэг.

Тэгэхээр яаж ч боловсролоо гэлээ ч ядаж хэн нэгэн л бай л даа.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр