Monday, July 19, 2021

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

 

БШУ сайд аа, МУК-д өрөөлд өргөх газар байхгүй

ШУТИС-ийн газраас авч, маш жижигхээн, гэхдээ ямар ч хэрэггүй, зөвхөн ЭЕШ-ээр 7 хоногт хэдэн тэрбумыг босгодогоороо манан намынханд алдартай, төгсөгчдөд бол их түвэгтэй, тун ядаргаатай БҮТ-ийн байрыг барих гэж гэнэт ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үсрэн хүчлэн дайрч үзсэн БШУ сайдынхан тэдний багш нарын цохилтод нам орж, эргэн ухаан орж босоод наадмын гэх 9 хоногийн амралтын өмнө МУК-ийн газар руу 30 жил хэрэглэсэн “шөнөөр” гэх аргаар, муу зангаараа дайрч эхэлсэн байдаг юм. МУК-ийн ихэнх багш нар амарч байгаа тул ШУТИС-ийнхэн шиг босож чадахгүй, эсэргүүцэж чадахгүй, тэгээд сурсан зангаараа барилгаа бариад нэг тоосго хаячихад өмч хамгаалдаг Үндсэн хууль ёсоор “тэднийх” болчихно гэж тооцоолсон бололтой “Нутгийн буян” гэгч барилгын компаниар шууд хашаа татуулж газрыг ухуулж барилгаа эхлэх гэж үзсэн байгаа юм. Харин бүхий л утгатай амьдралынхаа эгшин бүрийг Монголын хөгжмийн төлөө зориулсан хэдхэн багш нар амралтаа хойш тавьж “МУК-д БҮТ-д өгөх газар байхгүй” ,” МУК-д өрөөлд өргөх газар байхгүй” гэж зоригтой хэлж мананынхан наадамгүй үед 2,5 тэрбумаар найрсан наргиж байхад 10 гаруй хоног тэд газраа манаж гадаа хонож байна.
Наадмын гэх 9 хоногийн урт амралт нэг дуусахад бөмбөр нүдэж жагсаал болж байж МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхонтой БШУ сайд түр уулзахаар болжээ. Уулзаж ээ. Уулзалтын дараа уулзалтын нэг тал болох түр хорооны төлөөлөлгүйгээр БШУ сайдын хэвлэлийнхэнд эрх мэдлээ урвуулан ашиглан энэ талаар өгсөн 2 өгүүлбэр дотор лав л 20 гаруй утга зүйн хийгээд хууль эрх зүй, ёс зүй, суртахууны алдаа, зөрчил шууд уншигдаж байх юм. Үүнийг гүйлгэгч БШУ сайдын тэр ярилцлагыг олж үзээд ер нь энэ хэн гэгч БШУ-ны сайд болсныг олж уншина биз ээ! Би энд түүний тэр хэвлэлийнхэнд хэлсэн хоёр үгэнд гурван алдаа, нэг ёсгүй байгааг энд тод дурдана.
1. “МУК газрын эзэмшигч нь, БШУЯ харин МУК-ийн газрын өмчлөгч” гэж тэр хэлэв. Монгол улсын газар нутаг бүхэлдээ түүнийг авч үлдэхийн төлөө цусаа урсгаж, хөлсөө гаргасан тээр цагийн эгэл хүмүүсийн энэ цагийн үргэлжлэл болох нийт ард түмний өмч биш шүү! Тэгэхээр МУК-ийн газартай холбоотой үүсэх харилцааг манаас томилогдсон БШУ-ны сайд өөрийн өмч мэт үзэж шийдэх биш ядаж л Монголын ард түмний бага төлөөлөл болсон их хурал мэдэж, тэр шийдэх нь утгатай биш шүү! Төрийн өмчийн бүх их сургуулийн биеийн тамирын талбай, газар, өмч хөрөнгө, үйлдвэр нь манаас томилогдсон сайдын үед манын даргынх болоод байдаг нь өнөөгийн энэ сайдын өмнөхөөсөө уламжилж авсан мэт “МУК бол газрыг эзэмшигч, сайд би бол түүний өмчлөгч” гээд итгэн андуурч зараад байсантай холбоотой юм биш үү! Авилгатай тэмцэнэ гээд байгаа билүү. Тэгвэл эдний энэ үйлдлийг нэг эргэцүүлээд, эргэлдүүлээд, тэмцээд өгөөч!
2. “МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхныг тэрээр гадны хүмүүс гээд бусдыгаа турхирч байгаа юм” гэж хээв нэг инээж хэлэв. Үүнийг харсан МУК-ийн газрыг хамгаалах түр хорооны гишүүд өөрсдийгөө МУК-ийн багш нар гэдгээ нотолж лайв хийж, түүнийг үзсэн олон эцэг эх, бусад багш, шавь, төгсөгч нь “Хүүе ээ, энэ хүн МУК-ийн багш мөн” гэдгийг баталж олон коммент бичиж үлдээсэн байх юм. МУК-ийн газрыг хамгаалах түр хорооныхон БШУ сайдын хэвлэлд зориудаар ташаа мэдээлэл тараасан шиг гадны хүн, бусдыгаа турхирч байгаа улс биш харин МУК-ийн багш, тэр тусмаа “МУК-ийн газрыг бусдаас хамгаална, МУК-ийн газрыг зориулалтаар нь хэрэглэнэ” гэж зөвийн төлөө чанга дуугарч байгаа шилдэг, шилмэл хэсэг нь юм биш шүү. Сайд хүн ингэж хэвлэл мэдээллээр бусдыг, тэр тусмаа өөрийнхөө төлөө бус харин өрөөлийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэж нийгмийнхээ үйл хэрэгт оролцож байгаа нэгнийгээ ингэж гутааж болдог юм уу? Ийм ёс зүй, ёс суртахуунтай хүн сайд байгаад байж болох уу? Шударга ёс ярьж байгаа гэв үү! Тэгвэл ийм хүн сайд байх нь шударга ёс, удирдах ёс энэ тэрд тань хэр таарч тохирч байгааг нэг эргэцүүлээд, эргэлдүүлээд өгөөч!
3. “15 тэрбум төгрөгөөр МУК-ийн газар дээр бүүр эрт БҮТ болон бусад байгууллагыг бараг барихаар шийдсэн байсан юм” гэсэн шүү юм тэрээр хээв нэг ярив. Энэ худлаа. Наадмаас өмнө наад БҮТ-ийн байрыг тань ШУТИС-ийн харьяа газар дээр барина гээд бас одоо өрнөж байгаа шиг юм өрнөж байсан биз дээ. Түүнийг тань харуулах баримт хангалттай байгаа ш дээ. Тэгээр сайд хүн ингээд барин тавин худлаа яриад байж болдог болчихсон юм уу? Үүнийг бас эргэлдүүлээд, эргэцүүлээд, тайлбарлаад өгөөч!

МУК-ийг газрыг хамгаалах түр хорооныхонтой хийсэн уулзалтын дараа БШУ сайд тэдний төлөөлөлгүйгээр хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн явцдаа тэрээр ямар ч гэмшилгүй байж төгсгөлд нь инээд баясалтай биеийн хэлэмжийг бахдалтайгаар харуулж байгаа юм. Дэлхийг хамарсан цар тахлаар энэ улсад гэхэд л олон хүн одож, хичээл сургалт 2 жил үндсэндээ зогсож, 40 мянган төгсөгч ЭЕШ-ийн гайгаар замаа олоогүй замхарч байгаа энд цагт өөрийнх нь буруу бусармаг шийдлийнх нь гороор өөрсдийгөө ковидоос сэргийлж, амарч байх ёстой МУК-ийн багш нар газраа манаж гадаа 10 гаруй хонож байгаа ийм үед тэднийгээ гадны хүн, бусдыгаа турхиж байгаа гэж хээв гүтгэнгээ биедээ баясалтай хөөртэй хэлэмжийг тээж явдаг хүн хамгийн энэрэнгүй, хүнлэг, шинжлэх ухаанч байх ёстой энэ салбарыг тэргүүүлж байх нь хэр ёс зүй, ёс суртахуунтай, хүнлэг хэрэг эсэхийг хэлэлцээд өгөөч!

Хүнийг бүтэн хөглөж хөгжүүлэх цор ганц арга зам нь болох хөгжим, хэмнэлийн цагаан толгойг таниулж, хэмнэлийн бичигт үсэгт суралцуулах гэж бага насны хүүхдээ түүгээр чирч явсан эцэг хүний хувьд, мөн хүнийг бүтэн хөглөх увдистай хөг онолыг бүтээсэн МУК-ийн нэг багшийг удирдаж эрдмийн зэрэг хамгаалуулсан удирдагч багшийн хувьд, бас сэтгэлийг минь хөглөх ганц боловч эгшгийг аз байвал олоод хүртчих юмсан гэсэн тэмүүллээр энэ сургуулийн сурагч, оюутны нээлттэй тоглолтыг тасралтгүй үздэг сонсогчийн хувьд, мөн боловсролын яамны энэ чиглэлийн бодлого, чиглэлийг босгож явсан нэгэн цагийн муугүй мэргэжилтэн, шилдэг шинжээч болохын хувьд монголоороо нийтээрээ сайн мэддэг Хөгжим бүжгийн коллеж болох одоогийн МУК буюу Монголын Хөгжмийн Дээд сургуулийн талаар ажигласан ажиглалт, эргэлдүүлсэн эргэцүүлэл, харсан харамсал, хүрсэн дүгнэлтэд үндэслэн БШУ сайдад ганц зүйлийг тод, товч, тодорхой хэлье. Тэр нь энэ юм.
“МУК-д өрөөлд өргөх газар байхгүй юм байна лаа”

Ингэж хэлэхийн учир ийм юм. Үүнд.

Нэг. МУК-д яаралтай бага сургууль барих газар хэрэгтэй байна. МУК-ийн ЕБС-ийн бага ангийнхан нурж унах гэж байгаа дотуур байрандаа одоо хүртэл хичээллэж байгаа ш дээ. Үүнийг БШУ сайд Та мэдэх үү? Мэдэхгүй бол үүнийг Та очиж үзээч ээ! Амьдралтай бай л даа, сайд аа! Ажлаа хий л дээ!

Тээр цагт сум хийгээд бригадын төвийн бага анги дотуур байрандаа хичээллэдэг тохиолдол бол байсан байсааан. Гэвч тэр түүх болжээ. Гэтэл Таны одоо хариуцаж байгаа салбарын нэг хэсэг, хүний хөгжилд онцгой байр суурьтай ганц онцгой байгууллага болох нийслэлийн төвд орших МУК-д тань бага ангийн хүүхэд 4 баллын газар хөдлөхөд нураад унах нь тодорхой навсгар дотуур байранд суралцаж, амьдарч байна ш дээ. Гэтэл Та МУК-ийн газар дээр БҮТ-ийн барилга барина аа гээд байх юм. Бод доо! МУК-д бага сургууль барих газар хэрэгтэй байна.
Хоёр. МУК-д концертийн заал барих газар хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг, шилмэл концертийн танхимыг ургуулж бодонгоо, эсвэл зургийг олж барингаа МУК-ийн концертийн зааланд БШУ сайд Та нэг морилж очооч. Тээр цагийн сумын улаан буланлархуу юм л угтана ш дээ. Гэтэл Та МУК-ийн газар дээр Боловсролын хүрээлэнгийн барилга барина гээд байх юм. МУК-д дэлхийн стандартад нийцсэн концертийн танхим хэрэгтэй. Түүнийг барихад МУК-д газар л хэрэгтэй. Бод л доо!
Гурав. МУК-д театр барих газар хэрэгтэй байна. Дэлхийн шилмэл театрын зураг харангаа Та МУК-д морилонгоо театрчилсан хичээл, сургалт явуулдаг анги танхимыг нэг сонирхоод үзээч. Түүнийг хараад тэрбумтан сайд маань ер нь яах бол. МУК-ийн дэргэд нь, яг замынх нь нөгөө талд байгаа өөрсдийнхөө, хувийнхаа Орчлон сургуулийнхтайгаа жишээд нэг хар даа. Гэтэл Та МУК-ийн газар дээр БСШУЯ-ын дэргэдэх “IT” албаны байр барина гээд байх юм. Эргэцүүл л дээ! МУК-д теарт барих газар хэрэгтэй байна.

Дөрөв. МУК-д ЕБС-ийн нурах гэж байгаа барилгыг нь нурааж шинээр барилга барихад газар л хэрэгтэй байна. Одоогийн ЕБС-ийн барилга дээр Та нэг морилж очооч. Тэгэж очихдоо Та тархи, толгойгоо хамгаалах малгай, бас хамгаалалтаа дагуулсан байх нь ер нь дээр байх шүү. МУК-ийн ЕБС-ийн барилгын насыг тооцоод төсвийг төсөвлөөд барилгыг яаралтай барьж өгөх нь БШУ сайд таны ажил, үндсэн үүрэгт тань юм шүү дээ. Үндсэн хуулиараа хүлээсэн төрийн ч үүрэг, хийх ажил юм байгаа юм. Гэтэл та МУК-ийн газар дээр Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн байрыг барина гээд хээв нэг хэвлэлийнхэнд хэлэх юм. Ухаар л даа! МУК-д орчин цагийн ЕБС барихад газар л хэрэгтэй байна.

Тав. МУК-ийг цаашид цогцолбороор цогцоор хөгжүүлж, суралцагчийг нь баруун зүүн тархины жигд хөгжилтэй хөгшсөн бүтэн хүн болохын тулд тэнд биеийн тамирын талбай хэрэгтэй байна. Гэтэл Та тэр талбай дээр нь БҮТ хийгээд бусдын барилга барина гээд байх юм. Эргэлдүүл л дээ! Эргэж ир л дээ. МУК-д цогц хөгжил хэрэгтэй, түүнд нь биеийн тамирын талбай, ногоон байгууламж хэрэгтэй байна.

Монгол улсад хүний хөгжилд суурилсан нийгмийг дэвшлийг авчрахад амин чухал нийгмийн үүрэг, хариуцлагыг хүлээдэг, өнөөгийн монгол сүрэг оркуудыг иргэншсэн хөгшсөн иргэд болгодог Монголын хөгжмийн дээд сургууль болох МУК-ийг цогцоор хөгжүүлэхэд түүнд газар л их хэрэгтэй байна.

МУК-д, иймд, өрөөлд өргөх газар байхгүй, БШУ сайд аа!

Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Монголын багш нарын холбооны бүлгэмийн админ

 

Thursday, July 15, 2021

Манан кастаараа байхад манай төр цэвэрлэгдэхгүй

Манан кастаараа байхад манай төр цэвэрлэгдэхгүй
 
МАНАН 3-4 үеэрээ л төрийн албанд морилон сууж байна. Дарга кастийг бий болгож байна. Тэр нь цусан холбоогоор сүлжээлсэн байдаг.
Аав нь сайдуудын сайд, хүү нь гадаад хэргийн сайд, ач нь төрийн нарийн бичгийн дарга, гуч нь газрын дарга, хүүхдүүд нь мэргэжилтэн гэх жишээтэй юм. Энд ихэд ерөнхий бичив. Үүнийг харин, тодорхой, бүр нэрээр нь ийм форматаар дор сайхан бичиж ч болно.
Өвөө нь тэр дарга гуай. Тэр ерөнхийлөгч.
Аав нь энэ дарга гуай. Тэр ерөнхий сайд.
Ээж нь тэр мисс дарга. Тэр гадаад сайд.
Хүү нь тэр сайд гуай. Тэр дотоод сайд.
Ач нь тэр дэд сайд гуай. Тэр гадаад төгсөгч.
Гуч нь тэр төрийн нарийн бичгийн дарга. Харвард төгсөгч.
Ойрын хамаатнууд, амрагууд, эхнэрүүд нь газрын дарга, хэлтсийн дарга, тэгээд мэргэжилтнүүд, элчингүүд, адаглаад л их хурлын гишүүд.
Тэгээд тэд бүр төрийн албыг бие биедээ худалдана, зарна, бэлэглэнэ, хоорондох гэрлэлтээрээ кастаа бэхжүүлнэ.
Хууль гэж тэдний хувьд зүгээр л энэ бүхний хийх аймшигт хэрэгсэл нь болсон байдаг. Товчоор гууль болсон байдаг.
Ингэх хууль байхгүй байна гэж нэг шударга тэдний урдаас хэлбэл, тэд "Үүнийг тань маргааш 7 минутын дотор хууль болгоод ирнэ ээ, тэгээд, чи мөрдөнө, эсэргүүцвэл тэр дор нь торонд илгээж, чамайг амьтан болгоно оо, за" гэж хэлнэ.
Монгол төрийн алба ингэж мананжиж, дарга кастыг бэхжүүлж байна. Ийм байхад энэ улс угтаа утгагүй, тэгээд ч удахгүй дээ. Энэ л аймшиг юм.
МАНАН кастаараа манарч байхад манай төрийн алба хэзээ ч үнэн бодитой иймд цэвэрлэгдэхгүй. Тэгэх ч үндэс байхгүй.
Яахав, төрийг цэвэрлэнэ гэж тэдний нэг нь ажил хийсэн дүр эсгэж хий дэмий ярьж ард ядуу, хар массыг хөөргөх бол байдаг л зүйл. Тэд уулаасаа ард ядууг тэгэж хуурч, одоо л төр маань түвшин болох нь гэж горьдоод юм.
Ганц үнэт зүйл болох төрөө манангаас салгах ганц л арга бий. Түүнийг одоо, харин эргэцүүлдэг хүн бүр бараг л гадарладаг болсон доо.
Тэр ганц аргаар энэ нийгэм дарга кастгүй, манангүй л болно гэсэн үг ш дээ.
Чингэвээс, жинхэнэ оролцоогоор урагшилдаг, хүнийг ялгаварлан гадуурхдаггүй, хүүхдийг эцэг эхийн орлогын байдлаар нь ялгаварлан үзэж боловсрол, эмнэлэг, төрийн үйлчилгээг ялгаатай үзүүлдэггүй, баян хоосноороо ялгарч хороололдоггүй, уул уулыг ам амаар нь, орой оройгоор нь зөвхөн манан кастынхан өмчилдөггүй, нийт баялагийн 99,99 хувьд хүн амын 0,01 хувь болох манан кастынхан эзэн суудаггүй, монголын нийт баялаг, өмчийн 0,01 хувь дээр хүн амын ард ядуу, ядуу ард болох 99,99 хувь нь аж төрөх гэж үзэлцдэггүй, зөвхөн манан кастынх л боловсролын зээлээр гадаадад сурч, гадаадад эмчлүүлэнгээ гадаадад аж төрж, энэ улсыг зөвхөн мөнгө хүүлэх зорилгоор ашигладаггүй, харин хүн бүрийг хүн заяагаар нь ижил тэгш үздэг, тэдэнд боломжийг хүртэх боломжийг тэгш байлгадаг, шударга ёсыг хоосон үг биш харин үнэн үйлс болгосон иргэншсэн нийгэм бүтээгдэнэ.
Хөгжил тэгэхэд өөрөө ирнэ. Яагаад, гэвэл ийм нийгэмд авилга байдаггүй. Шударга ёс гэж хоосон орилолдоггүй. Тийм нийгэмд иргэд нь амьдрахын тулд эх орноосоо гадаадад ажил хийх, хайх нэрээр хавтгай дүрвэдэггүй, харин хүн бүр зөвхөн хөлс дуслуулсан хөдөлмөрөөрөө эх орондоо хувь нэмэртэй байж, аятай, тухтай, хөөртэй, хөгтэй, түүхтэй амьдардаг юм.
Манан каст манай төр, манай нийгмийн хөгжлийн чөдөр мөн. Энэ чөдрийг булталж байж л хөгжил, дэвшилд хүрнэ.
Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

 

Monday, July 5, 2021

Эмч, сувилагчийн цалинг эхний ээлжинд 2 дахин нэмэх шаардлагыг бүрэн дэмжиж байна

 

Эмч, сувилагчийн цалинг эхний ээлжинд 2 дахин нэмэх шаардлагыг бүрэн дэмжиж байна

Одоогоос 3-4 жилийн өмнө Монголын багш нар яг ийм шаардлагыг тавьж онц их хурлаа хийж 1990 оноос хойш талбайг манангийн оролцоогүйгээр дахин нэг дүүргэж зөвийн төлөө тэмцлийн түүх бүтээсэн юм.
Багш, эмчийн цалин намрын хэнз 65 хурган төлөгний цэнэтэй байдаг. Багш, эмчийн мэргэжлийн хөдөлмөрийн энэ үнэ цэнэ 1990 оноос өмнө ч ийм л байсан. Дэлхийн жишиг нь тийм л байдаг юм.
Гэтэл Монголын газар, газар дээрх баялаг, газар доорх баялаг, банканд хуримтлуулсан мөнгөн хөрөнгө, ер нь монголын бүх биет болон биет бус бүх баялагийг зөвхөн МАН,АН-ын хэдхээн хүн бүгдийг нь хуу хамсан өнөөх гамшгийн 30 жилд мэргэжлийн хөдөлмөрөөр мэдлэг, чадвар заран аж төрдөг, зөв нийгмийн бол төв болж байдаг багш ,эмч нарыг МАНАН 10 дахин ядууруулсан юм. Тэгэхэд багш, эмч 10 дахин ядуу ард болж, эмнэлэгийн болон боловсролын үйлчилгээ 10 дахин дорд болсон.
Тэгэхэд хоосон тархи, хөөрсөн зүрх, сүржин төрхүүд нийгмээр дүүрэв. Тэгэхэд тал нутгаар хоосрол, хөөсрөл, сүрчигнэл тэнэж явдаг болов.
Ийм учраас 30 жил үүнийг хэлж бичиж 3 жилийн тэртээх багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөн тэмцлийг хөгжөөж явсан хүний хувьд тэр цагт багш нарыг эрх баригчидтай нийлж гоочилж байсан эмч нарынхаа гооч авирыг түр мартаад "Цалингаа 2 дахин нэмүүлье" гэж энэ цагт тэмцэж, багш бидний тээр сургамжаас суралцан "Эмчийн цалинг нэмүүлэх түр хороо"-гоо байгуулж яваа үнэн бодит эмч нар Та бүхэнтэйгээ үзэл санаа, үйлс нэг байгаагаа үүгээр илэрхийлж, тэмцэж явахад тань тэвэнгээр туслахад бэлэнг байгаагаа илэрхийлж байна.
Ийм тэмцлийн ард МАН, АН элдэв аргаар доншлон элдэвтнээ илгээж дотроос нь задалж заримыг шагнаж, заримыг худалдан аваад сарниулах ажиллагааг сурамгай явуулдаг болохыг урьдчилан сануулж, тэдний муухай авираас эртнээс болгоомжилж, гэнэт орж ирэн микрофон буцаалдаад эхлэх хүн гэнэт гарч ирвэл болгоомжилж байгаагаарай гэж захъя. МАН, АН худалдагдсан Үйлдвэрчний эвлэлээс бол бүүүүүүүүр хол байх хэрэгтэй. Тэд 30 жил эрх баригчтай хуйвилдсан баячуууд л байдаг юм.

Монголын эмч нарын цалинг 2 дахин биш, харин 10 дахин нэмэх ёстой. Энэ нь тэдний бодит цалин төгрөгийн 3 жилийн өмнөх ханшаар 5,2-6 сая төгрөг гэсэн үг.
Эмчийн цалинг 10 дахин нэмэхэд эмнэлэгийн гадаа хүн үхдэггүй болно.
Эмчийн цалин 5,2-6 сая болоход эмнэлэг, энэ салбар манангийн гар хөл бологчоос ангижирна. Эрүүл мэндийн салбараас их наятан төрдөггүй болно.

Эмчийг хөдөлмөрийн 10 дахин их мөлжлөгөөс салгаж түүний ажлыг үйл ажиллагаагаар өртөгжүүлэх аргачлалаар бодож бодит цалинжуулахад монгол хүн одоогоос 10 дахин их эрүүл болно.
Ийм учраас хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч багш гэдэг энэ мэргэжлийг эзэмшиж түүнийг манан цагт өөд татах амаргүй үйлсийн төлөө манантай тэмцэж яваа багш хүний хувьд эмчийн цалинг эхний ээлжинд ядаж 2 дахин нэмэхийг шаардаж буй зөв үйлсэд нэгдэж байна.

Өнөөгийн манан нийгэмд бугшсан муухай манарсан үйлдэл бүхэн сөнөж сайн үйлс бүхэн дэлгэрч байг.

Багшийн цалин нэмэх хөдөлгөөнийг үүсгэгч, Багшийн цалин нэмүүлэх түр хороог санаачлагч, Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийг байгуулагч, Монголын багшийн нарын холбоо, цахим бүлгийн админ, профессор Ц.Лувсандорж

2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Saturday, July 3, 2021

Өнгөрсөн 30 жилд монгол төр ажлаа үндсэндээ хийсэнгүй

 

Өнгөрсөн 30 жилд монгол төр ажлаа үндсэндээ хийсэнгүй
 
Өнгөрсөн 30 жилд эрх баригчид болох МАНАН энэ улсаар мөнгө л угаалаа. Дүнд нь төрөөс төрсөн тэрбумтан, их наятнууд л олшров. Мөн шагналд донтсон ядуу ардууд элбэгшив. Утгагүй олон хөшөө л багширав.
Улсаараа гадныхантай нийлж мөнгөхүүлдэг төсөл, хөтөлбөр, хөшөө, тендерийн эсрэг залуу хөгшингүй үр хойчоо гэж, ирээдүйгээ бодон нэг тэмцэх хэрэгтэй.
Хүний төр ер нь юу хийдэг юм бэ?
Хүний төр ийм дөрвөн зүйл хийх ёстой юм.
Төр ер нь дор дурдсан 4 салбарыг бүрэн хариуцах ёстой. Үүнд:
1. Нийтийн аюулгүй байдал. Гэвч өнгөрсөн 30 жилд нийтийн аюулгүй байдал аюултай болсон. Одоо гудамжинд хүн үхэж байна гээд бод. Нийтээрээ баталгаагүй вакцин шахуулчихаад нийтээрээ яана аа гээд чимээгүй сууж байна. Яана аа. Улс нь дэлхийд өртэй, хүн ард нь банканд барьцаатай, уяатай. Яана даа. Энэ хугацаанд батлан хамгааллыг махан цэргээр төсөөлдөг өнгөрсөн зууны хандлагаасаа нь салгасангүй. Дрон суурилсан батлан хамгаалал хөгжсөнгүй. Энэ ажлаа иймд манай төр олигтой хийсэнгүй. Бичиг мэдэхгүй цэрэг, цэргээ тамладаг, алдаг офицертой, ардын гэх армитай л ард хоцров.
2. Нийтийн эрүүл мэнд. Эмчийн цалинг 10 дахин багасгаж тэднийг зориуд гэмээр ихэд ядууруулснаас болж эмнэлгийн үйлчилгээ 10 дахин дорд болов. Одоо өвчин туссан хүн гудамжинд үхэж байна. Эрх мэдэлтэн МАНАН дарга харин өвдөхөөр гадаадыг л зорьдог нь жишиг болов. МАНАН дарга биш нь хөөрхий тэгэсхийгээд өнгөрдөг болж. Нийтийн эрүүл мэндийн боловсрол тэг болж нийтээрээ махаа л их идэж байна. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд манай манарсан төр энэ ажлаа хийгээгүй. Харин эрүүл мэндийн тендерээр төрөөс их наядтан л олон төрөв.
3. Нийтийн боловсрол. Багшийн цалинг 10 дахин багасгаж багшийг ихэд ядууруулж, гавьяа шагналд донтуулсны горийг нийтээр амсав. Ерөнхий боловсролын чанар, үйлчилгээний цэнэ 10 дахин дорд болов. Шилдэг нь эзэмшдэг багш мэргэжлийг шилмэл муу нь тунаж эзэмшдэг болов. Дүнд нь унших, бичих, ярих, бодоход тайлагдаагүй нөхөд төрийг удирддаг болов. Цэрэгт ирдэг болов. Төрийн албанд багширдаг болов. Мөн боловсролын салбарын тендерээр, сургуулийн барилгын ажлаар төрөөс олон тэрбумтанд төрж, ерөнхий боловсролд дэлхийн бараг бүх улсын хувийн сургууль бий болж, тэд татвар болох хувьсах зардлаар тэтгүүлж энэ салбарт тэд алагчлал, ялгаварлалыг мандуулав. Тэгэхээр энэ төр өнгөрсөн 30 жилд нийтийг соён гэгээрүүлэх ажлаа хийсэнгүй дээ.
4. Нийтийн тээвэр. Нийтийн автобус нь жорлон лугаа бохир, нийслэлийн зам түнхэр, данхар, овон довон нүхтэй, нөхөөстэй болтлоо дорд болов. Нийтийн автобус жорлон лугаа бохир заваан болсон тул түүгээр зорчигч цөөрөв. Метро биш юм аа гэхэд ядаж ил "train"-ыг бүтээсэнгүй. Гэвч энэ салбарт гэмт хэрэг гаарч, зам тээврийн салбар хөгжсөнгүй. Тэгэхээр өнөөх манан төр энэ ажлаа өнгөрсөн 30 жилд хийсэнгүй.
Гэтэл энэ улсад төрөөс төрсөн тэрбумтан, их наятнууд л өдрөөс өдөрт багширч байх. Хүн амын 0,01 хувь боловч нийтийн өмчийн 99,99 хувийг эзэмшдэг МАНАН бүлэглэл уул уулыг ам амаар хашсан тосгондоо тарвалзаж, бодлогыг өөрсдөдөө зориулж, ковидыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглан суух.
Бидний ганц үнэт зүйл болж үлдсэн байж магадгүй төрөө иймд ийм байдлаар биш дээрх дөрвөн үйлийг хариуцан сайн гүйцэтгэгч болгон хөгжүүлж манан төр шиг биш харин хүний төр шиг авч явах ёстой.
Манай улс, манай төр зөвхөн МАНАН-ынхныг 3-4 үеэр тэтгэж, тэжээх гэж байгаа юм биш ээ. Тэр монгол хүн бүрийн үнэт зүйл, үнэт өмч нь юм. Иймд монгол төрд монголчууд шилмэл муухайчуудыг биш шилдэг сайнаа ажиллуулахаар илгээдэг байх ёстой. Тийм тогтолцоо, механизмыг бүтээх ёстой.
Иймд бид монгол төрөө байх ёстой байранд байлгаж зөв, төв авч явахын төлөө том үйлсийг өрнүүлбэл ононо.
Эс чадваас бид МАНАН-хны 4-7 үеийг үргэлжлүүлж тэжээн тэтгэнэ. Тэгэхэд энэ улсад харин түмэн олных гэж үлдэх зүйл бараг байхгүй болсон байх биз ээ.
Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Wednesday, June 23, 2021

Үндэсний эмгэнэл МАНАН

 

Үндэсний эмгэнэл МАНАН 
 
Цаана тань тээр цагийн ядуу ард цагаан дээлт Дамдин гуай шиг ядуурсан, ажилгүй, халамж, гар харагч нөгөө сүрэг тань үндэсний гуниг, үндэсний эмгэнэл АН, эсвэл МАН гээд хоёр хуваагдана хоорондоо үзэлцэж байна.
Үндэсний эмгэнэл, гунигийг өнгөрсөн 100 жилд манай улсыг ард нийгэм болгон буруу, урвуугаар удирдсан намуудтай холбон эргэцүүлж эрэл хайлт хийж буй нь тун зөв юм.
Хүн амьдрахад аятай тухтайгаараа Швейцарийн дараа хоёрт ордог нарлаг сайхан уур амьсгалтай, инээмсэглэсэн сайн олонтой Австрали улсад 3 жил болоод ирэнгүүтээ нийслэл хотынхоо дундуур явахад "Бараан хувцастай, баргар царайтай, нүдэндээ гунигтай, мөнгөнд бодлогоширсон өлөндүү, ширүүн, хэзээ ч хэрэлдэж нөгөө алдарт орос хараалаа урсгахад бэлэн ууртай харцтай олныг харангаа засмал нэртэй нүхтэй, нөхөөстэй түнхэр данхар, овон довон довоор явж байхад энэ улс тань яасан олон жил дайны хөлд нэрвэгдэж дарагдсан юм дээ" гэж халагламаар л сэтгэгдэл төрөн "Яана даа" гэсэн бодол зурвасхийн орж ирж билээ. Хотоосоо гарч ирээд хотоо эргэж харж, улсаа шинжихээр ийм л гунигтай харагддаг юм даа. Бидэнд ер нь юу дутав аа?
Эх орондоо их бодолтой эргэж ирээд аж төрөх гэхэд багшийн нэг цагийн хөлс нь 2 долларт хүрдэггүйг мэдрэхэд гунигтай.
Хүний хөдөлмөрийн хөлс энд түрүү бөх, соёолон морины хөлснөөс цэнэгүй байхыг харахаар халагламаар.
Мэргэжлийн хөдөлмөр нь ийм л цэнэгүй байхад хөдөлмөрөөрөө яаж амьдраад байдаг юм бол оо гээд харахаар "Нөгөө л авилгал, хээл хахууль, жалга, довны үзэл, танил ах, эгч, бөх тэх, нам мам лам, тендер, зээл" байх. Үүнийг мэдрэхэд ч мөн ч, тун ч гунигтай даа.
Мэдлэг цэнэгүй улсад мэдлэгээр амьдрах гэж зориход бас бэрхшээлтэй дээ. Тийм ээ.
Ийм учраас мэдлэг, чадвартай хэд нь, хулгайгаар биш, хуйвалдаанаар биш, авилгалгаар биш, хадгаламж банк дампууруулж ашиг олж амьдрагч биш хэд нь эх орноосоо үнэндээ хавтгай дүрвэж байна.
Тэр тусмаа өмнөх үеэсээ зөвхөн шинэ мэдлэгээр ялгарч тэднийг давж гарч байдаг жамтай хойч үе ийм байхад яах уу?
Тэд шууд л өнгөрсөн үе болох уу?
Залуухан хөгшид байх уу?
Эсвэл нийтээрээ малчид, уяачид, бөх, дуучин, хошин шогч, жүжигчин, гавьяат, дарга, намчин болох уу?
Яах уу?
Улс нь дэлхийн өрөнд уяатай. Хүн нь дотоод нэртэй гадаад эзэдтэй банканд хэрэглээний зээлэнхэн төдийхөнд уяатайгаар энэ улсын иргэдийн увайгүй ядуу ард 99.99 хувь улсынхаа нийт баялагийн 0,01 хувь дээр хөлс урсган үзэлцэн шар өдөр бор хоногийг тээр цагийн ядуу ард цагаан дээлт Дамдин гуай шиг энэ цагт, 21 дүгээр зуунд өнгөрөөцгөөж байхыг харахад нь бас гунигтай, их эмгэнэлтэй. Харин улсын өмчийн 99,99 хувийг өмч хувьчлал, газрын наймаа, лиценц, банк дампууруулалт, засгийн газрын бонд, элдэв сан, хорлонт алдарт 20 дугаар тогтоол гэх мэт хорон бодлогоор иргэдээс булаан авч баялаг хийгээд соёл, бодлогын эзэн болсон хүн амын 0,01 хувь болох баячууд нэртэй улс төр бизнесийн МАНАН бүлэглэл (олигархи) нь уул уулыг ам амаар хашсан тосгондоо тарвалзан дарвалзан суухыг харахад л бас гунигтай. Мөн эмгэнэлтэй. Учир нь тэр жаргал биш. Тэд ч жаргалтай биш.
Энэ байдлыг ч дэлхийн олон нийт олж хараад "Хамгийн өрөвдөлтэй хүмүүс" гэх мэтээр хэлж бичсэн нь олонтоо. Гэвч даанч түүнийг олж хардаг ард нь цөөхөн.
Үндэсний эмгэнэл, гуниг тэгэхээр ганц АН биш. Ганц бас МАН ч биш.
Харин МАН+АН=МАНАН юм. Тэдний нийтээр нь ард байлгах өөрсдөө бүх баялагийн эзэд байх язгуур сонирхол ижил тул тэд угтаа нэг юм. Намууд гэгчдийн тэр нэрийнх тэр "ард"-ыг хар л даа. Энэ нь тэд ялгаагүй, ардыг үржүүлнэ ээ, олноор нь ард болгож ядууруулна аа гэсэн үг. Хамжигч, хамтрагч, хамууд гэсэн үг. Яг л саяын сонгуулийнх шиг хамжигч, хамтрагч, хамууд гэсэн үг л дээ.
Энэ МАНАН цус ургасан хувьсгалаар хаант засаглалыг халж хаангүй засаглалыг олж авсан дэлхийн олон сая хүний үнэт зүйл болох олноороо засаглаж, цөөнхөө хүндэтгэн хамтаар аятайхан амьдрах эх ухаан ардчиллыг феодал, ноёдын цусанд байдаг урвалт, тохиролцоо нэрээр хуйвалдаан, наймаа, бараа бүтээгдэхүүн шиг бүүр дорд болгон хувирган маш муухайгаар буруугаар урвуулан өөрсдөдөө л ашигтайгаар ашигласнаараа манай улс, хойч үеийг соёлт хүмүн төрөлхтний өмнө маш муухайгаар харагдуулж ирлээ. Трамп нэг удаа "Монголын сонгууль шиг юм бол оо" гэж хэлж байсан гээд бод доо.
Манай улс иймд энэ МАНАН-гаас салж байж мандана.
Үүнийг хэдий эрт олноороо ухаарна төдий эрт энэ улс манарсан чөдрөөсөө бултарч дэвшил хөгжлийн замд эргэлт буцалтгүй орно.
Өөрсдөө огт ард биш атлаа өрөөлийг болгохоор ард болгоно, ард болгоно, ард байгаагийн тань төлөө шагнана гэдэг энэ ард МАН-АН-тайгаа хэдий чинээ их зууралдаж халамж горьдож гар харагч байж ядуу ард байна төдий чинээ Та нар соёл хүмүүний ард хоцорч тээр цагийн цагаан дээлт ядуу ард Дамдин гуай шиг ирээдүйд ч ядуу ард, ард ядуу байх болно.
Үндэсний гуниг, үндэсний эмгэнэл болсон энэ МАНАН-аас манай улс эргэлдэх сонгууль бүрээр цагаан сонголтыг олноороо бүүр нийтээрээ хийж байж цусгүй хувьсгал цагаан хувьсгалаар салах юм. Өөр цусгүй, тайван зам гэж үгүй.
Ц.Лувсандорж
2021 оны 6 дугаар сарын 22-ний өдөр

Monday, March 1, 2021

Цэцэг өргөх яахав вэ? Харин 100 жилээ үнэн бодитой дүгнэ

 

Цэцэг өргөх яахав вэ? Харин 100 жилээ үнэн бодитой дүгнэ

Эх орончид гээд л байх. Гэтэл бас маш олон эх орончид гэх нь түүхэнд түүх болж хэлмэгдэн одсон байдаг. Аль нь яг эх орончид юм бэ?
Тээр жилүүдэд өрнөсөн ардын хувьсгал гэгчийн үед маш олон хүн хэлмэгдсэн гэдэг. Хэлмэгдсэдийн хөшөө хүртэл босгосон нь саяхан бил үү!
Өнгөрсөн 30 жилд манан биш бүх монгол хүн хохирогч болсон байх. Одоо төрөх гэж байгаа урагаас яг одох гэж байгаа хөгшид хүртэлх манан бус бүх хүн манарсан бодлогын золиос болсон.
Улс нь ч мөн ялгаагүй түүний золиос юм. Энэ хугацаанд манай улс 30 тэрбум долларын гадаад өрөнд унасан байна. Энэ нийгэмд ядуурал, ажилгүйдэл, авилгал, архидалт энэ хугацаанд гаарсан байна. Хүний хөгжилд суурилсан нийгмийн бол төвд нь байдаг эмч, багш нарын нэг цагийн ажлын хөлс 2 долларт хүрэхгүй болтлоо хөдөлмөрийн мөлжлөг дор хөлслөгддөг болсон байна.
1921 оноос 2021 он хүртэл энэ зуун жилийн энэ улсын түүхийг яг үнэн бодитой яаж цэгнэх вэ?
Энэ 100 жилд энэ улсад лав л хоёр ардын хувьсгал болжээ. Энэ хоёр хувьсгалд нэг л инвариант байдаг юм. Тэр нь энэ.
Захад байсан нь төвд, төвд байсан нь захад гардаг. Энгийнээр хэлбэл, түрүүний бөөс толгойнд хүрдэг.
Ардын хувьсгал гэгчээр өмч хураамж, мал нийгэмчилж байсан тэр цагт юмсанж. Сумын төвд дарханы ажил хийдэг эр нөхрөө эргэж нэгэн эмэгтэй хоёр хүүгийн хамт иржээ. Нөхөр нь дархан мужааны дэргэд байдаг хоолны газраас пял таваган ганц хуушуур авч ирэв. Дөрвүүлээ идээд, идээд тэр пял хуушуурыг идэж барсангүй. Үлдсэнг нь гэртээ аваад эхнэр нь буцаж байсан гэдэг. Энэ бодит болсон явдал юм.
Тэр нь ийм учиртай ажээ. Нэгдлийн гишүүн, ардын намын гишүүн гэж хөөрцөглөсөн ард ядуус, өмнө үеийн ажилгүй боолууд "Хөдөлмөрөөр хөлжсөн баячуудаас хураан авсан хонин сүргийн дотроос хамгийн тарган, хамгийн томыг шилж аван гуанзалж, бусдын өмчөөр хуушуурдаж цадаж байсан нь тэр юмсанж. Үүнийг нэгэн шийд "Нэгэн ардын хувьсгалч эр өмнөх эзнийхээ зэлэнд дээр согтуу давхиж ирээд ардын засгийн буянд жаргаж яваагаа гайхуулж байдгаар үлдээсэн байдаг.
1991 оны ардчилсан хувьсгал гэгч, үнэндээ бол хулхиар хөрөнгөжих гэсэн өөрчлөлтөөр өмч хувьчлал, хувьцаа, банк дампууруулах нэрээр өмч хувааж авч байсан үе юмсанж. Ардын л юм, гэхдээ ардчилсан гэх хувьсгал хийгчидтэй их ойр байдаг нэгэн нягтлан бодогч байгууллагынхаа хүн бүрийг зээл ав, зээл ав, жижиг дунд үйлдвэр барина гээд ганц хуудас төсөл шүү юм бичээд өг гээд байдаг байсан аж. Насаараа л хөлсөөрөө амь зууж ирсэн, бас нийгмийнхээ дунд, төвд яваад болоод байгаа эмч, багш нар "За, юухэв, тэгэж өрөнд унаж, шоронд ороод яахав..." гэхчилэн хэлж зээл авсангүйд тэр нягтлан бодогч "Яасан тэнэгүүд вэ" гэж хэлж суусан гэдэг.
Гэтэл алдарт 20 дугаар тогтоол гарч насаараа л нябо байсан нэг нь нэг шөнийн дотор тэрбумтан болж, түүнээс дээгүүр явсан нь нэг шөнийн дотор түүнд зүтгэх боол болж хувирав. Яг л тээр пял хуушуурын түүх шиг юм болов.
Ардаар овоглосон хувьсгалуудад иймэрхүү л инвариант байдаг юм.
Хувьсгалт өөрчлөлтийг бус харин хөгжил дэвшлийг жамаар нь замаар нь үргэлжлүүлэхийн үндэс нь болдог хөгжлийн гэмээр ганцхан инвариант хүний нийгмийн хөгжилд бий. Тэр нь харин их чухал инвариант юм. Тэр нь энэ.
Хөдөлмөрөөрөө амьдардаг хэсэг нь аль ч үед хөдөлмөрөөр л амьдарсаар байдаг явдал юм.
Тээр цагийн ардын хувьсгалын пял таваган бодит явдлын эерэг гол дүр дархан мужаан шиг, наахан цагийн ардчилсан гэхийнхийн зээл авч түүнийгээ төрөөс төлүүлэх бодол тархинд ч ордоггүй, сэтгэлд тань нь ч буудаггүй ажиллаж явдаг багш, эмч нар шиг мэргэжлийн, зөв, төв хэдхээн хэд нь аль ч цагт аль ч үед ямар хувьсгалд мэргэжлийн ажлаа мэрийн хийсээр л улс орондоо татвар төлсөөр л хэдэн арван жилээр хувь нэмэр оруулж шинжлэх ухаан, технологийн дэвшлийг өөрсдөдөө тээж үйлсээрээ түгээсээр хөгжлийг чимээгүйхэн бүтээж байдаг юм. Үнэндээ улс орны гэгээн үйлсийн түүх ийм л хүмүүсийн л түүх байдаг. Энэ хүмүүс харин хэзээ ч хөшсөн хөшөөнд хөөрч цэцэг өргөдөггүй. Тэнд уйлдаггүй юм.
100 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд өндийж дэвжсэн улс олон байдаг.
Манай улс өнгөрсөн 100 жилд яг ямар түүхийг, ямар дэвшлийг бүтээв вэ?
Цэцэг өргөх ч яахав вэ? Уйлалдах бас яахав. Яг юуг бүтээв вэ? Хувьсгалын нөгөө инвариант нь бол байна аа, байна аа!
Яг юу бүтээв гэснээ үнэн бодитой цэгнэж чадвал энэ улс цаашид үнэн бодитой дэвших замдаа орж чадна.
Цэцэг өргөх яахав вэ? Харин 100 жилээ үнэн бодитой дүгнэ.
Ц.Лувсандорж
2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

Sunday, February 28, 2021

Англи хэлийг албан ёсны хэл болгоно гэв үү?

 

Англи хэлийг албан ёсны хэл болгоно гэв үү? 
 
"Англи хэлийг албан ёсны хэл болгоно"
 
Манай нэг том томоо индрээс ингэж их л чанга хэлснийг надаас өөр нэг ч хүн энэ улсад огт сонсоогүй юм байх даа. Тийм л юм шиг их чимээгүй байх юм.
Энэ улсад тань уг нь надаас илүүтэйгээр эх орон, ард түмэн, шударга ёс, ардчилал, хүний эрх, эх хэл, эх соёл, хужаа мужаа, колончилол энэ тэр гэж орилолцгоосон улс их л элбэг байдаг санагдах юм. Эсвэл тэд хэлсэн шигээ тийм эх оронч, шударга мударга биш юм болов уу?
Эсвэл би ганцаараа тэр том хүний тод хэлснийг урвуугаар нь буруугаар барьж сонсоод байна уу?
Англи хэлний талаар энэ улсад ер нь юу болоод байна аа? Англи хэлний гадаад багш нар хүртэл бөөгнөрч нэг л ихээр энэ улсад хайртай болсноо илэрхийлэн "халуун элгэн нутаг минь" гэж ч дуулалцгааж байх юм. Хэзээ л тэд тэгдэг байлаа. Хэдийдээ монгол нутаг тэдний халуун элгэн нутаг болчихов. Үнэр авсан юм болов уу?
Англи хэлийг албан ёсны хэл болгоно гэж тэр томын яг хэлснийг надаас өөр сонссон хүн энд байна уу?
Лав л нэг байгаа. Хүн хэлснээ сонсож байдаг тул ингэж хэлснийг надаас өөр ядаж нэг хүн яг сонссон байх тул би "Тэр гуай үүнийг ам нь халтираад хадуураад, халуураад хэлчихсэн байх" гэж найдаж байгаагаа эхлээд энд тэмдэглэж байна.
Харин тэр гуайн ам халтираагүй, бүүр албан ёсоор үүнийг хэлсэн бол тэр гуайд биш, харин нийт Монголчуудад хандан "Англи хэлийг албан ёсны хэл болгоно" гэсэн соёлын колончлолын бодлогын эсрэг монгол хүн бүр дуу хоолойгоо нэгтгэж үзэл бодлоо илэрхийлэхийг үүгээр уриалж байна.
"Англи хэлийг албан ёсны хэл болгоно гэдэг нь эрх баригч нэг намынхан их хурлын гишүүдээрээ кноп даруулаад шийдчих хэмжээний асуудал биш. Харин муруй ч гэсэн өнөөгийн Монголчууд бидний ганц үнэт зүйл болсон Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын дайтай нүсэр, эх хэлээ үгүйсгэж үрэхийн үртэй хорон, хэдэн үеэрээ эргүү тэнэг юм шиг бодлын колончлолд орохын уршигтай ТООООО...М асуудал тул хэрэв иймдээ хүрвэл, энэ ТООООО...М асуудлыг нэг жижгээн этгээдийг хэлснээр биш, харин бүх ард түмний "ТООО...М" санал хураалт (referendum)-аар шийдвэрлэх шаардлагатай болно. Энэ нь угтаа энэ цагийн увайгүй бид хойч үеийнхнийхээ хувь заяагаар өөрсдөө сайн дураараа тохиурхаж буй ТОО...М тэнэглэл бас яах аргагүй мөн.
Ийм учраас жижигхээн том гуайн "Англи хэлийг албан ёсны хэл болгоно" гэснийг тэр гуайн ам халтираагүй, миний чих буруу сонсоогүй бол би яг энэ мөчөөс "Англи хэлийг албан ёсны хэл болгохын эсрэг компани үйлсийг өрнүүлнэ.
Эхлэн өрнүүлж буй энэ компани үйлсийнхээ эхэнд дор дурдсан мессежийг түмэнд хүргэж байна. Үүнд:
  1. Монгол Улсын одоогийн засгийн газраас "Англи хэлийг албан ёсны хэл болгоно" гэсэн бодлогыг яг баримталж байгаа эсэхээ хэвлэл мэдээллийг хэрэгслэлээр нэн даруй тод болгон нийтэд чангаар мэдээлэхийг бүх түвшинд бүх хэлбэрээр шаардах,
  2. "Англи хэл сургалтын нэгдүгээр гадаад хэл мөн" гэсэн одоогийн баримталж буй энэ бодлогыг цаашид үргэлжлүүлж, сургалтыг бодитой чанаржуулахыг шаардах,
  3. Хэрэв ийм хорон бодлогыг эрх баригч намаас баримталж байгаа бол "Англи хэлийг албан ёсны хэл болгох" эсэхийг бүх ард түмний санал хураалтын дүнгээр шийдвэрлэхийг шаардах.
Монгол хэл гэдэг монгол ард түмний ганц эх хэл, хамгийн цэнэт үнэт зүйл тул энэ хэл л бидний дан ганц албан ёсны хэл байх ёстой. Түүнээс өөр ямар ч хэл бидний албаны ёсны хэл болох ёсгүй. Боломжгүй.
Англи хэлийг албан ёсны хэлээ болгосон улс байж л байна ш дээ. Сүртэй ш дээ, чи гэж үү? Аан, тийн, тэгэж мэтгэлцэж болно оо! Тэгвэл ийм юм.
Тийм ээ. Тийм улс байгаа. Гэвч тэд Англи хэл эх хэл нь байсан улсын колоничилол дор колони улсаар олон жил явсан байдаг юм.
Тийм биш гэж үү (Is not it so)?
Ц.Лувсандорж
2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр