Thursday, October 27, 2011

ТАС ХАР ҮЙЛСТЭН ГЭЖ ҮГҮЙ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 29-ны дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.

Өнгө нь тас хар хун гэж бий, харин үйлс нь тас хар хүн гэж үгүй.  Хурандаа Каддафийн үйлсийнх нь хар талыг НАТО болон Ливийн босогчид дэлхий нийтэд нотлон харуулж, мэдээж, чадах биз ээ. Харин тэрээр хүн л болохоор цагаан үйлстэй. Түүний үйлсийн цагаан бүхнийг үхсэн нэгнээ хараад  баясан баярлаж чадахуйц болгон  хүмүүсийг бойжуулан төлөвшүүлж буй тэр нийгмээс  нь бус, харин хүмүүн  заяаны амьтныхаас ялгагдах тэнгэрлэг шинж чанараас л илүү олж харах вий дээ.  
Хурандаа Каддафи мөргөлдөөн эд өрнөж байхад ард түмэн”-ний төлөөлөл гэж нэрийдэж буй  босогчидтэй хэлэлцэл хийх талаар энх тайванч  санал дэвшүүлж,  амьдралдаа нэгэн сайн үйлсийг бүтээсэн юм. Тэрээр “Бидэнд хэлэлцэл хийх орон зай бий” гэж хэлж байсан. Түүний энэ үгийг хэвлэл мэдээллийг хэрэгслэлээр дамжуулан дэлхийн олон сая хүн сонссон, уншсан байх. Каддафийн энэ энх тайванч санаачилгын дараа Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл болон НАТО-ийн удирдлагын хүрээнд “Бидний бай зөвхөн л Каддафи  уу” гэсэн асуулт хүртэл гарч, эргэлзээ үүсэж байсан гээч.  Хурандаа Каддафийн энэхүү энх тайванч санаачилгыг сөргөлдөгч тал, хэрэв хүлээн авсан бол хэдэн арав, хэдэн зуун эрдэнэт хүмүүний  амийг аварч  болох  алтан боломж байсан нь одоо нэгэнт илт болжээ.  Энх тайванч санаачлага гаргах нь лав л  хүний үйлсийн хар тал биш юм шүү.
Тэрээр доройтон ялзарч, хувалз мэт зон олноо зорж оршиж ирсэн  хаант засгийг цус гаргалгүй нөхдийн хамт түлхэн унаган засгийн эрхийг авсныхаа дараахан барууныхны эзэмшил болсон газрын тосны үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргаж, үүний дүнд Ливи зон олны эзэмших хувьцааны хэмжээг 50-70 хувьд хүргэж чадсан гавьяатай. Түүний эх орон элгэн нутгийнхаа төлөө хийсэн энэ гавьяагаар л Ливи зон  тэнхээжин өндийж, өнөөдрийн босогчид босох хэмжээнд хүрч, улс нь дэлхийн баян 50 орны тоонд оржээ. Энэ нь түүний эх орон элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй явсны нэгэн гэрч болж байна. Зон олны тусын тулд хийсэн хүний гавьяат үйлс лав л хар үйл биш.
 Тэрээр “баян нийгэм  (welfare state) гэсэн улс төрийн итгэл үнэмшилд дурласан, “нийтийн ардчилал (popular democracy)” -ыг хүндэтгэн үздэг, энэ бүхэнд тулгуурласан “ногоон ном” хэмээх алдарт тунхаг бичиг, номлолынхоо дагуу зон олноо 42 жилийн турш хөтлөн чиглүүсэн үзэл санааны сайн удирдагч байв. Энэ нь ч хүмүн заяаны нэгэн тэнгэрлэг шинж болох биз ээ.
Тэрээр өөрийн долоон хөвүүн, өрөөлийн нэг охиныг хайр дутаахгүй өсгөж, хүний зэрэгт хүргэж чадсан сайн эцэг, сайн өвөө, бас  хоёр ч бүсгүйн сайн хань. Тэр хайртай хөвүүд, хайртай ач хүү, охиноо энэ дайнд алдахдаа харуусан уйлж байсан нь дамжиггүй. Учир тэр тэнгэрлэг заяат хүн л шүү дээ.
Тэрээр “Ливийн ард түмнийхээ төлөө үхэх хүртлээ тэмцэнэ” гэж тангараглаад, энэ тангарагтаа хүрсэн нэгэн.  Хүний энэ л чанараараа тэрээр  монгол соёл, ахуйн  “эр хүн”,  оросын “мужик”, английн  real man”-амин сүнсийг  дэлхий нийтэд нэр нэртэйгээр харуулж чадсан нэгэн. Олон соёлын нэгэн ижил үнэлэмжээр тангарагтаа хүрэх нь хүний хар үйлс биш, харин сайн чанар ажмой.
Энэ мэтчилэн бодож, судлан бичээд байвал эцэст нь бид ер нь ямар дүгнэлтэд хүрэх юм бол оо. Энэ хорвоо дээр тас хар хун гэж бий. Харин тас хар үйлстэй хүн гэж байдаггүй. Үүнийг  ч  хурандаа Каддафи гэрчилсээр одлоо.

Ц.Лувсандорж

Wednesday, October 26, 2011

MONGOLIA'S MISERY

The world needs to wake up to the macabre reality of poverty in Mongolia, writes DAMIEN DAWSON.

For the past six months I have been filming a documentary covering human trafficking and poverty in Mongolia.
Last month, my cameraman and I walked into the Ger districts that are scattered across the hillsides of the capital city of Ulaanbaatar and that house more than 80 per cent of the capital's inhabitants.

The districts, named for the traditional Mongolian dwellings that are built with whatever the occupants can find or afford to use, have stood on the hills for so long that shops have sprung up among them in a manner like the shanties of Brazil and Indonesia.
In winter, the temperature falls to minus 25deg. These communities do not have running water or sanitation. Hundreds, perhaps thousands of people share pit toilets and wells. The infant mortality rate in this country of just over 2.6 million is 13%.
But among those struggling to live there and in many other places around the country, a terrible secret is being kept.

The hills around Ulan Bator are home to the poorest people in Mongolia and are also the sites of cemeteries, where the bodies of the young and old rest. But the dead are not at rest, nor are they being respected.

The cemeteries around Ulan Bator are being desecrated on such a large scale that the uniformity of the destruction, of almost every grave, makes the damage almost unnoticeable from a distance.

Graves lie open to the sun and the personal possessions and other keepsakes that were buried with the dead have been stolen and are being sold to tourists and foreign collectors on local market stalls and in antique shops. Bodies lie in pieces scattered around the cemeteries, dragged from their graves by robbers and animals, as buzzards circle the skies.

Desecrated graves appear to have lain open for as long as a decade, judging by the decay of the graves, the coffins and human remains.
In many cases the bodies are nowhere in sight and only a shred of the corpse or clothing is left in an empty coffin or by the grave.

The cemeteries are being used as refuse sites where medical and industrial waste is being dumped. Ger residents rummage through the gravesites in a horrific search for food and fuel, often using coffins as firewood.

During the rainy season of the summer months the water that runs off the hills, becomes contaminated with the waste and remains, and seeps into the wells used by these communities.

All this sits in sight of the national broadcasting station, with no sign of care or resolve from the state or the mass of international non-government organisations (NGOs) or national aid agencies based inside the country.

The Ikh Hural (Mongolian Parliament) enforces heavy taxes on the aid money given to the NGOs and independent aid agencies in Mongolia. Many of the NGO workers apply for positions in problem countries like Mongolia because of the high salaries offered. Few of these workers venture outside their offices without the comfort and security of their Land Cruiser and driver.

Some are said to be fuelling the problems that they have been sent there to prevent, with claims they are using sex workers and frequenting strip clubs when they are supposed to be fighting Aids.

A survey conducted by the Asia Foundation found that almost all street children, some as young as 10, were carrying a sexually transmitted disease. Many sex workers are victims of poverty and abuse in the home, thus adding fuel to an already serious problem.

Demonstrations against the current Health Minister are rife in Ulan Bator because of disputed mismanagement and corruption in the health service. The Mongolian Government recently secured $US300 million of aid money to fight poverty. But perhaps the question should be how a country of 2.6 million people can be suffering from social and political issues that are more common in war-torn African countries.

Mongolia does not suffer from the consequences of warring factions and tribal warfare, but its economy is becoming more unstable due to endemic corruption.

The country is mineral-rich with uranium, gold and copper and attracts huge interest from mining giants such as Ivanhoe Mines, Boro Gold, BHP and Rio Tinto and receives significant revenue from these activities. Yet more than 80% of the population reportedly lives in extreme poverty.
Mongolia has been a member of the United Nations for almost 50 years, yet violates the human rights of its own people in prisons and under the hand of local authorities. This is reflected in the standard of living its people endure.

The problem seems to be that no-one really cares about Mongolia, except to treat it as a commodity.
The outcome is the concrete evidence set before us, where girls as young as 11 are being forced into prostitution, and the spirit of a once-great people has been broken to the point where they would use the coffins of their ancestors as firewood.

* Damien Dawson is a British journalist who has been working in Mongolia for the past 18 months.
Friday, November 16, 2007

Монгол тарчлаан

"Өдрийн сонин", "Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 28-ны дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.


                                                          Орчуулагчийн өчил

Ур хийц, хэлбэр дизайн хувьд тааруу ч, утга агуулгын хувьд өнөөгийн монголчууд бидэнд  нэн бодууштай, сургамжит нэгэн өгүүллэгийг Англи хэлнээс Монгол хэлнээ чадан ядан буулгаж Уншигч авхай Танд барьж байна.
Англи улсын сэтгүүлч Дамиэн Давсон 2007 онд монголын өнөөгийн нийгэмд хүмүүс хэрхэн ядуурч доройтож байгааг, улмаар энэ доройдлоос үүдэн тэд хүмүний тэнгэрлэг заяаг хэрхэн  гутааж бузарлаж буйг харуулсан нэгэн нийтлэлийг бичиж дэлхийн сайтуудад тавьсан юм. Интернэтээр тэнүүлчлэн явахдаа олж мэдэн, энэ нийтлэлийг уншсан монгол хүмүн бивээр тухайн үедээ монголоо өмөөрөх сэтгэл төрж,  монголын талаар ийм зүйл бичээд байхдаа яахав хэмээн уцаарлангуй сэтгэгдэл төрж, бидний бузар, муухай байдлыг дэлхийд ингэж тараасан эл сэтгүүлчийг  “Хүний мууд дуртай золиг” хэмээн зэмлэн буруутгаж явснаа энд нуух хэрэг юун. Гэвч тэрбээр үнэнг, бас бодит байдлыг хэлсэнг бодох тусам, бас ухаарах тусам ойлгож, одоо түүнд ихэд баярлаж явна. Тэрбээр монгол хүн монголынхоо төлөө хийгээгүй зүйлийг хийсэн. Эрхэм  Дамиэн, таны хүмүний тэнгэрлэг заяаг өнгөлөг байлгахын төлөө хийсэн зүйлд, мөн монголын төлөө гаргасан сэтгэл, зүтгэлд тань баярлалаа.
Монгол тарчлаан
Англи улсын сэтгүүлч Дамиэн Давсон бивээр “Монгол ядуурлын нууцлаг агаад гутамшигт бодит байдлыг дэлхий нийт мэдээсэй”  хэмээн бодож, энэхүү нийтлэлийг тэрлэж байна.
Монгол улсад бодит үзэгдэл болж буй ядуурал, мөн хүний хулгайн тухайн баримтат кино хийхээр энэ улсад бивээр өнгөрсөн зургаан сарыг өнгөрөөв.
Нутаг буцахаасаа өмнөх нэгэн өдөр би өөрийн зураглаачийн хамт  Улаанбаатарын орчмын бүхий л уул толгодоор цацагдсан мэт тарж байрласан, энэ хотын нийт хүн амын 80 орчим хувь амьдардаг “Гэр” хэмээх хороололын оршин суугчдын ахуй амьдралыг ажиглахаар тэднийг зорьсон юм. Тэнд бид юу харж, юуг олж мэдсэн гээч.
Тухайн хүний олж чадах эсвэл худалдан авч болох тэр зүйл бүхнээр босгож болдог монголын уламжлалт оромжийн нэрээр нэрлэсэн энэ хорооллын  хаяа, хүрээ уул толгод дамнан өдрөөс өдөр тэлнэ. Уулс, толгод дамнан хаяа, хүрээгээ ийнхүү тэлж буй эл хорооллын гудамжны дагуу байрлах дэлгүүрүүд Бразил, Индонезэд л  олонтоо таардаг  “нураад уначихна уу гэмээр л овоохой-шантууд”-ыг санагдуулдаг.

Өвөл энд хасах 25 хэм хүртэл хүйтэрнэ. Энэ хороололд оршин суугчдад эрүүл ахуйн  шаардлагыг хангасан ус уух  боломж огт  байдаггүй мэдэв.
 Хэдэн зуун, магад хэдэн мянган хүн нэг бохир худаг, нэг балайр жорлонг хамтдаа хэрэглэнэ, энд.  2.6 сая хүрэхгүй шахуу хүн амтай энэ улсад нялхасын эндэгдэл аль хэдийн 13 хувьд хүрчээ. Эл хороололд, цаашилбал, тус улсын иймэрхүү бусад газруудад амь зууж  буй хүмүүсийн дунд сонсоход аймаар, үзэхэд жигшмээр нэг нууц хадгалагдсаар байна.

Улаанбаатарын ойролцоох уул толгод  үхэгсдийн хувьд оршуулгын газар нь, ядуусын хувьд оргонох оромж нь болж байна. Хамгийн аймшигтай нь, энд үхэгсэд үл хүндэтгэгдэж, бүр тайван ч нойрсож  үл чадна.

Улаанбаатар хотын ойролцоох оршуулгын газрын бараг л бүх булш  холоос үл ажиглагдам байдлаар ихээхэн хэмжээгээр сэндчүүлэн  сүйтгэгдсэн байдаг. Энд ядуус одогчийн цогцосыг наранд ил гаргаж,  түүнтэй хамт булшилсан эд юмсыг тэр орчмоор нэг хөглөрүүлж, үнэт эдлэлийг нь хулгайлан зах дээр жуулчдад болон ховор эд цуглуулагчдад зардаг гээч. Тэнгэрт эргэлдэн нисэж үхсэн амьтны сэгийг энд тэндгүй таслан хаядаг махчин шувуу тас лугаа адил хулгайч, магад зарим амьтад одогчийг цогцсыг энд булшаас нь татан гаргаж, хэсэгчлэн хавь ойрд нь орхисон байх нь харахад аймаар, бодоход бүр жигшмээр.

Эвдэрсэн коффин (оршуулгын хайрцаг) болон үхэгсдийн тасдуулсан биеийн хэсгийн гэрч болсоор сэндчүүлсэн булшнууд наранд ил хэдэн арван жилээр ээгдэнэ. Үнэндээ, хөндөгдөөгүй цогцос  энд ховор бөгөөд ихэнхи тохиолдолд одогчийн биеийн хэсэг, хувцас хунар нь л хоосон хайрцаг эсвэл булшны эргэн тойронд хэвтэж байх нь олонтоо.

Монголд оршуулгын газрыг эмнэлэгийн болон үйлдвэрийн хог хаягдалын цэг мэт ашиглаж байна.  Гэрт оршин суугчид энэ хавиар  хоол олох, түлш  олох зорилгоор аймшиггүйгээр хэрэн тэнэнэ. Тэд оршуулгын коффиныг эвдэж, түүнийг ихэвчлэн галын түлш болгон хэрэглэдэг гээч.

Зуны саруудын борооны улиралд  уул толгодоос урссан борооны  ус булшны үлдэц, хог хаягдлаар бохирдож, улмаар хөрсөнд шингэн худагт нийлэх бөгөөд тэрхүү усаар нь гэрийн хорооллынхон ундаалж байна, энд.  

Одогсдын булшны хувь заяаны монгол дахь энэ жигшүүрт байдлыг үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэг биш удаа хөндсөн ч энэ талаар ажил хийж, арга хэмжээ авч буй нэг ч байгууллага энэ улсад өдий хүртэл алга даа. Төрийн ба төрийн бус  нь ч , олон улсын болон тусламжийнх ч, бүр цаашилбал,  хүний эрхийн байгууллага нь ч өдий хүртэл энэ талаар дүлий дүмбэ, таг чиг ажгуу.

Монгол улсын парламент болох  улсын их хурлаас  төрийн бус байгууллага болон бие даасан болоод дэмжлэг туслалцааны агентлагуудад олгодог тусламжийн мөнгөнд их хэмжээний татвар тогтоожээ.  Төрийн бус байгууллагад ажиллагсдын ихэнхи нь өндөр цалин амалсан, Монгол шиг асуудал тээсэн өөр улс орнуудад  ажиллах сонирхолтой байдаг юм. Найдвартай, тохилог ланд крузер машингүй, жолоочийн найдвартай байдал хангагдаагүй энэ улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагад ажиллагсдын маш цөөхөн нь эр зоригийг үзүүлж, эрсдлийг үүрч оффисоосоо гарч ажиллаж чадна.

Зон олныг ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд  биеэ үнэлэгч,  тайчих клубийнхийг ашиглах, улмаар тэднийг түүнтэй тэмцэнэ гэж итгэн үе үе тэдэнтэй уулзах төдийхнээр л түмний төлөөх энэ чухал үйл хэрэгт хандах  нь  “Дайран дээр давс нэмэх” мэт лугаа адил уг асуудлыг хурцатгаж, хүндрүүлж байх юм, энд.

Азийн сангаас хийсэн нэгэн судалгаагаар “гудамжны” гэгдэх бараг бүх хүүхэд, тухайлбал, 10 настай хүүхэд хүртэл бэлгийн замын халдварт өвчинтэй байгаа нь тогтоогджээ.  Биеэ үнэлэгчдийн ихэнхи нь ядуурлын золиос бологчид,  мөн гэр бүлдээ буруугаар ашиглагчид байдаг. Энэ байдал  нь  монгол тарчлаанд нэрмээс мөн болсоор.

Эрүүл мэндийн үйлчилгээнд оршиж буй авилгал, олиггүй удирдлага, уршиггүй менежментийн маргаан, мөн эрүүл мэндийн сайдаа эсэргүүцсэн жагсаал Улаанбаатарт болох нь элбэг. Монгол улсын  Засгийн газар тусламжийн 300 сая америк долларыг ядууралтай тэмцэхээр авчээ. Гэвч ядуурал, доройтол энд буурсангүй.  Монголд амь зууж буй хүмүүсийн ийм  тарчлааныг мэдэрсэн хүн бүр   “2.6-аахан сая хүн амтай энэ улс дайн дажины хөлд удаан хугацаанд нэрвэгдсэн Африкийн орнуудад л түгээмэл таардаг нийгэм-эдийн засгийн ийм асуудалтай яагаад ингэж тулгарав, бас энд хүмүүс яагаад ингэтлээ  зовж, тарчилж байна вэ” гэсэн  асуултыг тавих нь эргэлзээгүй  биз ээ.

Монголчууд үнэндээ он жилүүд дамнасан дайн дажин, овог, аймгуудын хоорондын тэмцлийн үр дагаварт нэрвэгдэн ингэж тарчлан зовж байгаа биш юм шүү, харин зөвхөн монголжсон авилгалаас улбаасан эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хүмүүс энд ингэж тарчилж, зовж байна даа.

Энэ орон уран, алт, зэс зэрэг байгалын баялагаар баян учир Айвонхуо Майнез, Боро голд, БХП болон Рио Тинто зэрэг уул уурхайн магнатуудыг анхаарлыг аль хэдий нээ татаад эхэлжээ. Тэднээс ч монголын  засгийн газар багагүй орлогыг аль хэдийн босгосон боловч  хүн амын 80 орчим хувь нь туйлын үгээгүй  байдлаар ядуу амь зуусаар.

Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болоод 50 жил өнгөрсөн боловч  энэ улсад хүний эрх шоронд ч,  албан тушаалтны гар дээрч зөрчигдсөөр. Энэ нь ч хүмүүсийнх нь амьдралын стандартад бодит тусгалаа олсныг бид харлаа.

Монголыг гэх хүн үгүй болж, харин эх оронг зарж болдог бараа бүтээгдэхүүн мэт үзэх хүмүүсийн тоо олширсон нь энэ улсын  өмнө тулгарч буй ноцтой нэгэн асуудал мэт санагдана. Монгол ийм л болсныг гэрчлэх баримт бидний өмнө ил дуурайн харагдана. Энд  хүмүүс ирээдүйн монгол үрсийн ээж болох 11 настай охиноо хүчээр биеэ үнэлүүлэгч болгох хүртлээ ядуурсан байна. Энд хүмүүс  өвөг дээдсийнхээ оршуулгын хайрцаг(коффин)-ыг галын түлээ болгон хэрэглэж амь зуух хүртлээ доройтож хүмүн заяаны тэнгэрлэг байдлыг гутаан, нэгэн цагийн их үндэстний амин сүнсийг бузарлаж байна. 

Монгол улсад өнгөрсөн 18 сарын турш ажиллаж амьдарсан                                                          Англи улсын сэтгүүлч Дамиэн Давсон
                                                                 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Баасан гариг


                                                           Англи хэлнээс Монгол хэлнээ буулгасан Ц.Лувсандорж

Sunday, October 23, 2011

Турк улсад 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж ихээхэн хохирол амсав

Өнгөрсөн Ням гаригт Турк улсын  Иран хилийн ойролцоох өмнөд хэсэгт 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болов.  Энхүү газрын хөдлөлтийн гүн 20 км, эпицентр (гол төв)  нь Ван нуурын ойролцоо орших Табанли тосгон юм.  Энэхүү газар хөдлөлтөд Битлис, Мус, Батман, Диярбакир болон Наккари зэрэг хот суурин өртөж,  одооогийн байдлаар 500-1000 орчим хүн амь үрэгдсэн байх магадлал байна. Мөн мөн хэдэн арван байшин барилга нуржээ.   Энэ газар хөдлөл нь 1999 оноос хойш Турк болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд энэ нь Израль улсад ч мэдрэгдэж байсан гэнэ.
Энэхүү байгалийн гамшигт өртсөн  Турк түмэнд дэлхийн улс орон, олон нийтийн байгууллага дэмжлэг, тулалцааг үзүүлэхээ илэрхийлж эхлээд байна.

Monday, October 17, 2011

ЦЭВДЭГ СЭТГЭЛ, ХҮЙТЭН ЗҮРХ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 19-ны дугаар хэвлэгдсэн.


Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Гуандонг мужийн Фошан хотын нэгэн гудамжны хяналтын камер 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан ийм нэгэн хэргийг бичиж үлдээжээ. Микро автобусны жолооч 2 настай хүүхдийг  дайрчихаад юу ч болоогүй юм шиг хохирогчийг орхиод яваад өгч байна. Машины зам дээр бэртэж, шарахдан цусаа гойжуулаад амь тэмцэн хэвтэж буй энэ бяцхан хүүхдийн дэргэдүүр 7 минутын туршид дугуйтай явж өнгөрч буй  мянга мянган хятад хүний хэн ч түүнд туслаагүй, зүгээр л юу ч болоогүй байгаа мэт өнгөрөөд байх юм.  Энэ хооронд нь тэр хүүхэд ачааны машинд 2 дахь удаа дайруулж байна. Эцэст нь нэгэн эмэгтэй тэр охиныг замын хажуу тал руу татаж гарган, ээжийнх өмнө тавьчихаад, яаран яаран арилаад өгч байгаа юм.  Хохирогч хүүхдэд тусалсан  цорын ганц энэ эмэгтэй эл хотын оршин суугч биш болох нь хожим бас нотлогджээ (Peйтер агентлаг, Михайл Мартины нийтлэлийг иш үндэс болгов).
Цэвдэг сэтгэлтнээр дүүрсэн эл хотын ийм нэгэн хэргийн видео бичлэгийг Хятадын нийтийн нэгэн сүлжээний сайтад байрлуулсан нь дэлхийн нийтийг “шоокон”-д оруулж байна. Дэлхийн эдийн засгийг хөтлөх, чиглүүлэх хэмжээнд материалаг болон оюуны хүч чадалтай болж тэнхээжин буй Хятад улсын энэ хотод хүмүүсийн  сэтгэл яагаад ингэтлээ цэвдэгжив, тэдний зүрх нь яагаад ингэтлээ хөрөв. Тэд тэс өөр гаригынх бус, харин хүмүн төрөлхтөн-бидний нэг хэсэг шүү дээ.
Ц.Лувсандорж

Wednesday, October 12, 2011

Машины соёлын бидний гуниг




Машины соёлын бидний гуниг

Хүний бүх зүйл соёллог.  Итгэл үнэмшил, хэл сэтгэлгээ, зан заншил, зан үйл, зан байдал, мэдлэг, чадвар, боловсрол, бодол, санаа, үйл хөдөлгөөн, нүдний харц , нүүрний хувирал ч соёллог.  Хүний оршихуйн ийнхүү соёллог байдал нь биологийн хувьд бараг л ав адилхан хүмүүсийг их л ялгаатай болгож харагдуулна. Энэ ялгаа нь  уг чанараараа  хэлбэрийн ч,  мөн чанарын юм шиг орших нь олонтой. 
Нүүдлийн соёлыг бүтээгч,  бас тээгчийн томоохон төлөөлөл болох монголчууд бидний нүүж, суух ахуй амьдрал морьтой л салшгүй холбоотой.  Ийм учраас амьдрал маань морь, морь маань амьдрал болох нүүдэлчний ахуйд морины соёл нэвт шингээстэй. Морь тэдний итгэл үнэмшил, тахил шүтээнд заларна. Морь тэдний зовлон жаргалын илэрхийлэл дуу, хуур, хөгжим, бүжигт нь илэрнэ.  “Морь”  гэсэн энэ долгион тэдний эелдэг, сайн харилцааны илэрхийлэл болно. “Морь сайн унах уу” гэж асуун эелдэгээр яриа өднө. “Морь харья” гэж эелдэгээр биеэ засах хүслээ  илэрхийлнэ. Монгол оршихуйд морины соёл нэвтрээгүй зүйлийг олоход, иймд, тун бэрх ажгуу.
Морины соёлт монгол ахуйд машины соёл нэвтэрч байна. Шинэ соёлд ороход хүмүн бид ижил төсөөтэй өмнөх төсөөллөөрөө түүнд эхлээд ханддаг нь танин мэдэхүйн жам ёс. Иймд морь, машин хоёр тээврийн хэрэгслэл болж байгаагаараа үүргийн хувьд адилхан тул монголчууд бид морины соёлоор машины соёлд хандаж, түүнд халдаж эхлэвэл гайхах зүйл огт үгүй биз.  Гэвч морь гэдэг хүмүний нэгэн адил зовлон, жаргалыг тээгч амьтан, түүний анд нөхөр бол харин машин цагт 200 км гаруй хурдалж чадах, 40-200 гаруй морины хүчтэй орчин цагийн  хүчирхэг нэгэн зэвсэг юм. Иймд  морины соёлтой тархиар машинтай харьцаж л, харин, үл болно.
Морины соёлт монгол машины соёлыг гутааж байна. Явган хүний гарцанд дээр машинд дайруулж алтан амиа алдсан хүн бүрийг түүний хөлийнх мөрөөр илэрхийлж дүрсэлсэн нэгэн зурагт хуудсыг эргэн нэг саная.  Зураг хуудсанд дүрслэгдсэн хүний мөр тоймгүй олон, тэдний дунд  жижигхээн хөл нь  маш олон, бас дэндүү өрөвдмөөр. Сард дундажаар 30-40 хүүхэд буюу өдөрт дундажаар 1-2 хүүхэд ногоон гэрлээр, гарцаар зам гарч явахдаа машинд  ширгүүлж дайруулан, улмаар  амиа алдаж, хүндээр гэмтэж байна.  Монголд маш олон хүн ногоон гэрлээр, гарцаар зам гарахаасаа айдаг, тэр нь тэдэнд сэтгэлийн дарамт, стресс үүсгэдэг, эцэст нь тэд өвчинд нэрвэгддэг болохыг тогтоосон судалгаа ч бас цөөнгүй байна. Ногоон гэрэл асахад хүн, машин хоёр нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан зам хөдөлгөөний ийм дүрэм  биднийх.  Жолооч болох хүн боловсролгүй, хүмүүжилгүй, төлөвшилгүй, хүний ёс зүйгүй, ёс суртахуунгүй, бичиг үсэггүй ч байж болохыг ч зөвшөөрдөг энэ  хууль мөн л морины их, харин машины бага соёлтой өнөөгийн монголынх. Мэргэжлийн багшгүй, мэргэжлийн стандарт, хөтөлбөргүй,  мэргэжлийн арга зүй  байхгүй, хамгийн гол нь мэргэжлийн бодит үнэлгээгүй, олон талын оролцоо, хяналтгүй, нээлттэй бус, хаалттай байдлаар жолооч бэлтгэх энэ сургалт бас л биднийх. Явган хүний гарц дээр өлгийтэй нялхас дайрчихаад хээв нэг зугтаад явчих жолоочийн энэ авир, төрх, ёс зүй  биднийх.  Морины  соёлт бидний  машины өнөөгийн соёл ийм л бага, тийм л гунигтай, бас гутамшигтай.
Морины соёлт жолоочийн өнөөгийн монгол төрх
Жолооч  мэргэжил “машин”  хэмээх хүчтэй, хурдтай зэвсгийг зөв, аюулгүй хэрэглэхийн арга, ухааныг энэ мэргэжлийн  ёс зүй, ёс суртахуун, соёлтой нь хамт нягт нямбай шингээн эзэмшихийг хувь хүнээс шаарддаг орчин цагийн нарийн мэргэжил юм. Хүн хүчтэй зэвсэгтэй болохоороо л түрэмгийлэгч, дарангуйлагч, хүчээр далаалгагч болж хувирах  магадлал өндөр байдаг тул соёлт хүмүн төрөлхтөн жолооч мэргэжлийг эзэмшигчдэд “номхорсон“ байх, тодруулан хэлбэл, дор хаяж бичиг үсэгт тайлагдсан байх, орчин цагийн нийгэмшил, иргэншлийн наад захын боловсролыг эзэмшсэн байх, дарангуйлал, түрэмгийллийн бус хүмүүнлэгийн ёс зүй, ёс суртахууны цагаан толгойд суралцсан байхыг шаардсаар иржээ. Энэ ч нь хүмүүнлэг ёсонд нийцнэ биз ээ.  Гэвч Монгол улсын “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиар  бол 18, түүнээс дээш настай, эрүүл бөгөөд жолоочийн курст хамрагдаж, шалгалтанд тэнцсэн хүн бүр л жолооч болчихоор байх юм. Энд жолооч болох хүсэлтэй хүний бичиг үсэгт тайлагдсан байдал болон түүний боловсролтой холбоотой заалт огт алга. Нэгэнд хуулиар жолоочоос ямарч түвшний боловсрол ч огт шаардахгүй байгаа тул бичиг үсэггүй хүн ч элдэв аргаар жолооч болох нээ, энэ улсад. Боловсролгүй жолоочийн болчимгүй авир, болхи төрх  морины их соёлтой монголын машины соёлыг багасгаж, гутааж байна.
Явган зорчигчийн гарцны цагаан шугаманд дээр  машинаа  зогсоочихоод, тамхи татаж, утсаар хээв нэг ярингаа машиныхаа цонхоороо хаяа хаяа хог хаяж цагийг нөхцөөн сууж буй нь  мунхаглалд манарсан цагийн монгол жолоочийн түгээмэл нэгэн болхи төрх.  Жолоочийн энэхүү болхи төрх  нь морин дээрээ тааваараа л яриа хөөрөө өрнүүлж, дуртай газраа  морь харан, хай саагүй хог новшоо хаяж болдог морины соёлын нэгэн хэсгийг санагдуулна.
Явган зорчигчийн гарцны шугам дээр машинаар хүн, хүүхэд, бүр өлгийтэй нялхас дайрчихаад зүгээр л яваад өгөх,  зугтах  нь шалдар булдар энэ цагийн монгол жолоочийн түгээмэл зэрлэг  араншин. Жолоочийн энэ зэрлэг араншин нь “4 настай хүүхдээр хурдны морь хүчээр унуулж чаддаг,  морь  сайн унасан хүүхдийг нь бус, харин түрүүлж ирсэн морио л хайлан магтан дуулдаг, эмнэг хангал сургаж байгаад бэртэхэд “морины хөл хөнгөнхөн, зүгээр гэж хэлж чаддаг”  морины соёл дахь хүмүүнлэг бус, амьтанлаг,  зэрлэг нэгэн бодит байдлыг  өөрийн эрхгүй бодогдуулна.
Тансаг, том машинтай болохын хүслэнг бүтээсэн; үнэтэй шатахууныг үнэгүй хэрэглэхийн төлөө хэрүүл өдөөсөн;  хотод  машинаараа “явж байгаа ч биш, явахгүй байгаа ч биш”  байдалтай холхин зогсож, орилдон чарлалдах чадварыг эзэмшсэн; мөн хөдөөд машинаараа малаа хариулах бодлыг ч бас өвөрлөсөн энэ тархи худал, хуурмагт дарлагдсан, эмх замбараагүйд хөтлөгдсөн энэ нийгмийн эдүгээ цагийн монгол жолоочийнх.  Монгол жолоочийн тархины ийм шинж чанар  “сайн морийг зөвхөн сайн тээврийн хэрэгслэл болгон ашиглах төдийгүй, мөн түүнийг өөрийнхөө нийгэмд эзлэх байрыг суурийг тодорхойлох нэгэн хэрэгсэл болгон ашигладаг, өөрөөр хэлбэл, “сайн морь унаж, эзэмших нь чухал, харин ямар үнэтэй авах нь чухал бус, тэр тусмаа энэ  үйлдэл зон олон, нийгэмд ямар хор нөлөөтэй байх нь бүр ч чухал биш  гэсэн бодол, санаа нь хөдөлшгүй, хөндөшгүй итгэл үнэмшил байдаг  морины соёлд нэрвэгдсэн хүмүний тархины зарим шинжийг өөрийн эрхгүй санагдуулам.
Замын хөдөлгөөнд сайн морьтойгоо л явж  байгаа  мэт оролцох жолоочид  замын цагдаа, эсвэл хувь хүн зохих шаардлага тавихад тэд гэмшсэн царай огт  үгүй, харин урдаас нь элдэв байдлаар, тухайлбал,  “Чи хэн бэ, чамайг алаад өгнө” гээд л бандгар машинаас мантгар залуу бууж ирээд л хавийн ойрын хүнийг айлган зандаргах; аль эсвэл, ивээлд нь байдаг дарга, албан тушаалтан руу утас цохиж  “Нэг муу новш (шаардлага тавьсан цагдаа болон хувь хүнийг ихэнхдээ тэгэж дуудна) зогсоогоод,  шаардлага тавиад байна, түүнийг ажлаас нь халаад өг” гэх маягтайгаар эрхлэнгүй хов хүргэх, эсвэл, шууд л  зодолдох зэргээр аяаглах нь  хээль хахуул, авилга, танил талын хар хүчинд манаран хордсон энэ цагийн жолоочийн монгол авир, монгол давралт.  Монгол жолоочийн энэ авир, давралт нь морины соёл нэвт шингэсэн монгол ахуйд амь бөхтэй хэрэглэгдсээр л байгаа “нохойтой наадвал хормойгүй, ноёнтой оролдвол толгойгүй” гэсэн зүйрлэлийн утгыг дахин нэг бодуулна.
Эхнэр нь аюулгүйн бүсээ зүүгээгүй, хүүхдүүд нь машины цонхоор толгой, гараа гарган тоглож байхад хээв нэг л хурдалж  явах нь “хууль нь гууль” болсон энэ нийгмийн монгол жолоочийн түгээмэл нэгэн хэнэггүй зан. Монгол жолоочийн энэ хэнэггүй зан “4 настай балчирыг морь унуулж хонь хариулуулдаг, бага насны хөвүүнийг эмнэг хангалын нуруун дээр өргөж тавиад орхичдог,  морийг тахин шүтэхийн ухааныг түүнийг махлан идэх урлагтай нь хамт нэгэн зэрэг уламжлуулж чаддаг” морины соёлын зөрчилтэй, бас эрсдэлтэй ертөнцийг дахин бодогдуулна.
Морины соёлтой монголд жолооч ийнхүү авирлаж сурахад жолооч  бэлтгэх сургалт (курс)-ийн өнөөгий байдал  ихэд муугаар нөлөөлж байна.
Морины соёлт монголын машины соёлгүй жолооны сургалт
Мэргэжил олгох сургалт бол мэргэжлийн нарийн үйл ажиллагаа, тасралтгүй сайжирч байх үйл явц юм. Сургалтын үйл явц, үйл ажиллагааны мэргэжлийн байдал нь  мэргэжлийн стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй эсэх, сургалтын зохих орчин бүрдүүлсэн эсэх,  мэргэжлийн багш, сургагчтай эсэх, хамгийн гол нь мэргэжлийн удирдлага, менежмент байгаа эсэх зэрэг үзүүлэлтээр илрэн хэмжигдэх бол түүний үр дүнгийн чанар, чансаа нь  хөдлөнгийн, бодит, мэргэжлийн үнэлгээгээр илүү харагддаг.  Мэргэжлийн байх буюу сайн сургалт ямагт олон талт оролцоо, хяналтыг дэмжсэн, хаалттай бус, харин нээлттэй зарчимд тулгуурласан байдаг билээ.  Монгол улсад жолооч бэлтгэж буй сургалтын өнөөгийн байдлыг сайн сургалтын зарим шинжээр доор шинжин үзье.
Жолооч бэлтгэх сургалт мэргэжлийн бус байна даа, монголд. Жолоочийн бэлтгэх сургалт-курс мэргэжлийн багшгүй байна. Энд зүгээр л туршлагатай жолооч, эсвэл эмч хичээл сургалтыг удирдан явуулж буй нь багш мэргэжлийг гутааж байна. Энд мөн жолоочийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр алга. Дүрмийн багш “Замын хөдөлгөөний дүрэм”-ээ хичээлийн хөтөлбөр гэж бодох юм энд. Жолооны дадлагын багш зодож чичэх, харааж загнахаа сургалтын арга, арга зүй гэж ойлгосоор байх юм, энд.  Энд “жолоочийн курс бүхэн  45 хоногт бүх суралцагчийнхаа 80 хувийг амжилттай төгсгөх ёстой, эс тохиолдолд уг курсийг хаана” гэсэн  мэргэжлийн бус, харин захиргааны болхи зарчим ноёрхож байна. Энэ нь уг чанараараа  “хүн бүр адилгүй, хөлөг бүр жороогүй” гэсэн эртний нэгэн сургах ухааныг улиндаа гишгэж, ямар ч хүнийг ямар ч  аргаар хамаагүй жолооч болгох үйлд  хүчээр хөтөлж байна.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж 300 гаруй курсийн 20000 гаруй төгсөгчдөөс зөвхөн зургаанхан хүн  л бүх шалтгалтыг авдаг гажиг энд бас оршиж байна.  Ийм л байгаа учраас монголд машины соёлыг тээсэн жолооч бэлтгэгдэж чадахгүй байна даа.
Жолооч бэлтгэх сургалт нээлттэй бус хаалттай байна даа, монголд.  Жолооч бэлтгэхтэй холбоотой бүхий л эрх мэдэл зөвхөн Замын цагдаагийн газарт төвлөрчээ. Жолооч бэлтгэх курсийг ажиллуулах эрхийг  олгох “хүндэттэй, ашигтай” нэгэн үүрэг энэ л газарт  олгогдож. Жолооч бэлтгэх сургалтын үйл явц, үр дүнг хянах, шалгах эрх зөвхөн энэ л газарт  бас байна. Жолоочийн курсийг төгсөгчөөс шалгалт авч тэнцүүлэх, үл тэнцүүлэхийг энэ л газар мэднэ. Жолоочийг хянан шалгаж, торгох эрх бас эл газарт. Ингэж нэг байгууллагад жолооч бэлтгэх бүхий л эрх мэдлийг төвлөрүүлснээр энд нээлтэй бус, хаалттай байдал бий болжээ. Энэ нь  эргээд  нөгөө л танил тал, авилга, хээл хахууль   цэцэглэхийн үндсийн үндсийг энд бүрдүүлж байж болзошгүй байна.
Жолооч бэлтгэх сургалтыг мэргэжлийн болгож, түүний үйл явц, үр дүнгийн үнэлгээнд хаалттай бус нээлтэй зарчмыг нэвтрүүлэхсэн. Жолооч бэлтгэх сургалтын ажлыг мэргэжлийн байгууллага, өөрөөр хэлбэл, боловсрол, сургалт хариуцсан төрийн захиргааны төв  байгууллага-Боловсролын яам хариуцуулдаг байвал зохистой мэт санагдана. Замын цагдаагийн газар, харин, энэ сургалтын үр дүнг хянах, шалгах ажлыг  хариуцдаг байвал оновчтой мэт.  Ингэж зохицуулалт хийснээр  жолооч бэлтгэх ажилд олон талын оролцоо буй болж, төвлөрөл саарч,  авилга, танил талын “ хар” нөлөөлөл буурч, улмаар жолоочийг  зөвхөн мэргэжил, мэргэшлийн хүчээр  л сайн бэлтгэх  бодит нэгэн нөхцлийг бүрдүүлж болох мэт бодогдоно.

Морины соёлт монголын машины соёлгүй хууль, дүрэм
Хууль, дүрэм, зохицуулалт гэдэг шинэ соёл, шинэ харилцааг түгээх хүсэл, тэмүүллийн илэрхийлэл, бас түүнийг хэрэгжүүлэх хэрэгслэл юм. Энэ ч утгаараа, Монголын улсын “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль бол бидний машины соёлын өнөөгийн өнгө, төрх болох буй зээ.  Машины соёлын бидний мэдрэмжийн хэмжээг тодорхойлсон энэ хуульд машины соёлгүй нилээд зүйл байна.
Машинтай нийцүүлж дүрмээ хийх үү, аль эсвэл дүрмэндээ нийцүүлж машины импортлох уу? Энэ асуудлыг одоогийн мөрдөж буй хууль, дүрэм, бодлогоор шийдвэрлэсэнгүй. Замын хөдөлгөөнд баруун гарын дүрмээр оролцдог манай улсад  зүүн гарын дүрэмтэй улсад зориулсан машин чөлөөтэй явж, хөдөлгөөнд үндсэндээ дүрэмгүй оролцож байна. Ийм машин хөдөлгөөнд оролцоход баруун гарын дүрэмтэй бидэнд багагүй түвэг учруулж, иргэд аваар осол орохын  бодит олон шалтгаан бий болдог.  Жолоочийн ярьж заншсанаар зөв биш талдаа жолоо (pуль)-тэй машин шөнийн цагт эсрэг урсгалд яваа жолоочийг гялбуулж аваарт оруулдаг.  Мөн баруун гарын дүрмийг баримтлан урд явж буй машиныг гүйцэж төрүүлэхэд энэ нь их бэрхшээл учруулах төдийгүй, мөргөлдөх, шүргэлдэхийн эх шалтгаан болдог. Хамгийн гол нь, энэ нь зорчигчийг машины гол урсгал явж буй тал руу буулгах байдалд жолоочийг хүчээр оруулснаар хүнийг ахиад л  осол аваарт өртүүлэх бодит нэгэн нөхцөлийг бий болгож өгдөг. 
 Ногоон гэрлээр хүн, машин хоёрыг нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцуулж, улмаар тэднийг гарцан дээр мөргөлдүүлэхээр зохицуулж өгсөн хууль, дүрмийн заалт бас байх юм. Явган зорчигч ногоон гэрлээр, гарцаар зорчиж эхлэхэд машин мөн  л ногоон гэрлээр зүүн гар тал руу эргэх хөдөлгөөн хийхээр, эцэст нь хүн, машин хоёрыг гарцанд дээр уулзуулж, мөргөлдүүлдэг замын хөдөлгөөний дүрмийн энэ заалт  зөвхөн машины соёлгүй төдийгүй хүмүүнлэг бус, хүний амар амгалан явах эрхийг үл хүндэтгэсэн, цаашилбал, хүмүн төрөлхтний соёл иргэншил, ухаарал, үнэ цэнийн эсрэг чиглэсэн үйлдэл мэт санагдаж байна.  Дүрмийн энэ болхи заалтыг  “ногоон гэрэл, цагаан шугам” гэсэн аянтай  нийлүүлж  авч үзбэл “хүүхдүүд ихэвчлэн л гарцанд  дээр  машинд шүргүүлж, дайруулаад байгаагийн  цаана далд нэгэн шалтгаан байгаа юм биш үү”  гэж хардах сэтгэл бас төрнө.
Замын хөдөлгөөний хууль, дүрмийг  зөрчиж, хүний эрүүл мэндийг ноцтой хохироох, цаашилбал, амь насыг нь хүртэл егөөтгөсөн этгээд мөнгө төлөөд хэргээс мултарчихаж болох хуулийн ийм зохицуулалт бас байх юм. Эрүүгийн хуулийн 215 дугаар заалтаар бол мөнгөтэй хүн, баян хүн замын хөдөлгөөний зөрчил гаргаж, хэрэг үйлдэн, хүн дайрч алахад ч шоронд суухгүй байж болох нээ, энэ улсад. Цаашилбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээ нь хэт бага, хамгийн ихтэй 50000 төгрөгөөс хэтрэхгүй байна. Ийм торгууль нь монгол жолоочийг замын хөдөлгөөнд зөрчил үүсгэхгүй оролцох, хэрэг гаргахгүй байх, хүн дайрахгүй байх  эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй байна.
Морины их соёлт монголын машины өнөөгийн соёлын өнгө, төрхийг харуулж буй замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх сургалт, түүний зохицуулж буй нийтийн албыг машины эх соёлд нийцүүлэн шинэчилье, сайжруулья, өөрчилье. Ногоон гэрлээр хүн, машин хоёрыг уулзуулж буйг больж  дүрмээ өөрчилье.  Хүн дайрсан жолооч мөнгө төлж хэргээс мултарж буйг хальж  хуулиа шинэчилье.  Жолооч бэлтгэх ажлыг нээлттэй, мэргэжлийн болгож  нийтийн албаа шинэчилье. Машины хөдөлгөөнд морины соёлоороо оролцож буй мэт авирладаг жолоочийг машины соёлтой болгон сэнхрүүлэн сэхээрүүлж сургалтаа шинэчилье. Морины их соёлт монголд машины эх соёлыг зөв түгээж болохгүй бүхнийг өөрчилье.         

                        
Ц.Лувсандорж

2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр