Thursday, May 24, 2018

Архидуулах хорон бодлогын горийг ухаараач


Архидуулах хорон бодлогын горийг ухаараач

Өнөөх 30 жилд архийг хэд хэдэн чингэлгээр нь уулгах, үйлдвэр үйлдвэрээр уулгах хорон бодлого хэрэгжүүлснээр эр эмгүй ийм байдалд хөдөө, хотгүй оров.

Архидуулах энэ хорон бодлого, архидалтыг соёл болгох энэ аюулыг өнөөдрөөс эхлэн хүн бүр ихээр тунгааж бодож, яг одооноос архийг үндэсний дайснаа гэж үзбэл зохино. Эсрэгт нь архидалт, ажилгүйдэл, авилгажилт энэ улсын иргэдийг эд нар шиг болгочих зам нь зураастай байна.

Ийм хорон бодлогыг хэрэгжүүлж эрдэнэт хүнийг ийм болгосон харамсалтай, гунигтай тохиолдол, туршлага, болсон явдал дэлхийгээр л дүүрэн элбэг байх.

Америкт уугуул улаан арьстнуудыг сөхрүүлэн яг дор харуулсанг шиг болгож авсан.

Австралид уугуулийг суугуул нь бас энэ л аргаар нийгмийн шаар болгож үлдээсэн.

Орост хөөрхий хойгуурх хэсэг нь яг ийм байдалд байна.

Канадын уугуул болох эскимосчууд яг энэ бодлогын золиос болсон.

Африкчуудын хувьд энэ талаар яриад ч юухэв.

Мехсикчүүдийн хувьд мөн л тэр талаар дурдаад ч яахав.

"Үгүй, та нар мөн эрх чөлөөгүй байна аа. Эрх чөлөөгөө эдлэ" гэхэд нь "... за, гээд л эрх чөлөөгөө ингэж эдлэж эхэлсэн нь их байсан байсан. Ихэнхи нь харин эрх чөлөөгүй болсон. Түүнийгээ тэд уучихсан юм. Хог шаар болсон юм. ... Тэд ингэж эрх чөлөөгүй шаар, хог болон ууж суух зуурт нь, тэдний хөөрхий заяагдмал хийгээд олдмол бүх өмч хөрөнгө нь харин хорон бодлогын эздийн гарт нь, карманд нь орчихсон байдаг. Яахав, эд нар шиг үнэгүй архи ууж, үнэгүй хоол идэж, нийтийн унаанд үнэгүй зорчих гэх мэт халамж хороор угжуулж, иймэрхүү горийг амсаж, тээж явах нь түгээмэл байх.

Архидуулахыг ингэж соёл болгох хорон бодлогын горийг ч, хорийг ч хаа хаана аа нэг барьж ухаараач. Мөн ч хорлож харуулдаг эд шүү дээ.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

https://www.facebook.com/DMNNkorea/videos/1969232720014111/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODczMTQyNTI2MDY4NDQ4/

Цалингийн чөтгөрийн тойргоос салгах ганц гарц


Цалингийн чөтгөрийн тойргоос салгах ганц гарц

Төрийн албан хаагчдын цалинг бүгдэд нь хэд хувиар ч, хэд дахин ч нэмээд үнэндээ нэмэргүй байдаг. Учир нь, ийм нэмэлтээр төрийн албан хаагчийн цалин инфляцийн чөтгөрийн тойргоос хэзээ ч гарч үл чадна.

МБН, МБҮЭ, харин, энэ тойргоос гаргах ганц гарцыг зааж, түүнийг амиллуулахын төлөө тэмцлээ үргэлжлүүлж байна.

Тэр нь багшийн цалингийн тусгай, тусдаа сүлжээ, шатлалттай болох явдал юм. Түүнийг ТСМА гэж хэлээд байгаа юм. Энэ нь тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан гэсэн үг.

Энэ ангиллыг шинээр төрийн албанд бий болгохын төлөө бид байна.

ТСМА-ийн цалингийн шатлал, сүлжээ тусдаа, тусгай байна. Тэр нь зөвхөн багшийнх байх юм.

Багшийн цалингийн тусгай, тусдаа сүлжээ нь эргээд, манай улс хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн язгуур үндэс болно.

Үүнд л МНБ, МБҮЭ -ийн багшийн төлөөх тэмцлийн нөгөөхөөс ялгагдах гол ялгаа нь байгаа юм.

Үүнд л төрийн бүх албан хаагчид ижил биш, харин өөр хоорондоо ялгаатай гэж танисны утга учир байгаа юм.

Үүгээр бас бидний тэмцэл бусдынхаас сэтгэлгээний хийгээд хандлагын ялгаатай нь харагдаад байгаа юм.

Бүх хонь шар халзан биш. Тийм ээ!

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Sunday, May 20, 2018

Хоёр дахь нь байх уу, эсвэл нэг ч үгүй байх уу?

Хоёр дахь нь байх уу, эсвэл нэг ч үгүй байх уу?

Хоёр эхнэртэй байх асуудал нэг их шинэ юм шиг нэг л их сүртэй яригдах болж. Уг нь энэ нь манай уламжлал юм. Дөнгүүр нь "ихтэй", бас "багатай" байдаг нь манай түүх бус уу! Баримт бус уу! Уламжлал бус уу!

Хоёр эхнэртэй байхыг өнөө цагийн энэ эрэгтэйчүүд их дэмжиж байна гэсэн тархи угаалт их байх. Үнэндээ бол үгүй л байх даа.

Хоёр эхнэртэй байхыг одоогийн эрсээс илүүтэйгээр, харин, энэ цагийн эмэгтэйчүүд яг цаг дээрээ илүү ихээр дэмжиж байгаа байхдаа. Яагаад?

Нэг эрэгтэй нэг эхнэртэй байхаар ихэнхи эмэгтэйчүүдэд олигтой нь авсаар олдоггүй юм. Энэ нь эмэгтэйн хувьд нэн аюултай. Сонголтгүй, тэгж байгаад олдсонтой нь орооцолдоно. Удам уруудана.Өнгө гандана. Тийм ээ?

Хоёр эхнэртэй байх бодлого хууль болбол "Эр хоёр арслан хүч үзэн тулалдана. Эрсийн энэ тулалдааныг эмс нь их анхааралтай ажиглана. Энэ  их тулалдаанд ялсныг эмс нь даган одно. Ялагдсан нь харин газарт гийнж үлдэнэ" гэж "Эрсээ гамна"-д бичсэн тэр дүр амь орно. Тэгэхээр алийгаа алдсан арчаагүй эрийг тоож суух эм олдохгүй юм. Тийм ээ?

Энэ хоёр "тийм ээ" -г нэгсэж бодвол "хоёр эхнэртэй байх"-ыг "архидалт, ажилгүйдэл,авилгажилт" гэсэн гурван "а"-д их өртсөн өнөө цагийн эрсээс илүүтэйгээр феминизм гэж хийрхэн мандаж яваа манай эмэгтэйчүүд үнэн голоосоо их дэмжиж байгаа нь харагдана. Яагаад?

Хоёр дахь байх уу, нэг ч үгүй байх?

Тэд нь нэгдэхийг илүү үзнэ. Энэ нь жам бөлгөө.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Thursday, May 17, 2018

Манаруулагчийг үл тоохын учир


Манаруулагчийг үл тоохын учир

МАН, АН та хоёр нөгөө тийм их өр тавьж улсаа доройтуулахад мөн их ан, ман байв аа. Багшийг ядууруулж, боловсролыг сэхээнд оруулахад та хоёр бас л мөн их ан, ман байсан даа. Эмч нарыг амьдрахын аргагүй, эмчлэхийн тэнхээгүй болтол сөхрүүлэхэд та хоёр мөн их л ан, ман байв аа. Монгол төр, манай нийгэм, эх орон, элгэн түмэн, багш, эмч нар тийнхүү дордож, доройтуулсан өнөөгийн энэ манарсан байдлыг та хоёр тэгэхээр ан, ман бүтээжээ.

Гэтэл та хоёрт нэг ийм гажиг авир ил байх юм.

Нэг нь төр авахаар л нөгөөгөө нэг их муулж нэг их гоморхсон дүр эсгэх юм. Энэ чинь үнэхээр мангар юм.

Нэг нь төр аваагүй байхаар нөгөөгөө нэг их шүүмжилж, төр авбал ёстой хийгээд өгнө гэж хийрхэх юм. Энэ чинь ангар юм.

Энэ бүх ман, ан, мангар, ангар,манан тань чухамдаа та хоёрыг монгол түмэн үл тоохын үнэн утга учир болой.

Үүнийг өндийн сэрж ухаарч өөрчлөгд. Түүнийг өөрсдийгөө өөрчилж мэдэр.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Tuesday, May 15, 2018

Онцчууд онц хэвээрээ л яваа...



Онцчууд онц хэвээрээ л яваа...

Улсын өмчийг үнэгүйдүүлж хувьчилах нэрээр өөрийн болгож байсан муухай эвгүй үед нэг үеийнхэн нэг газар цуглаж билээ. Шуугилдаж, хөөрөлдөв...

Тэгсэн, харин, нэг муу сурлагатан над руу их том дуугарч байж билээ... Хэлхэх гэж оролдох үгний утга нь энэ юм. "Чи 10 жил онц сурч алтан медальтай төгссөн биз дээ. Одоо чи нэг муу их сургуулийн багш л байна ....Онц сурсны хэрэг гэж юу байна аа, аан ..."

Ингэж хийрхсэн нөгөө мууг өндийж харвал "Хөөрхий болж байна, гэдэс цатгалан, хувцас өнгөлөг харагдах...Муу сурлагатан байсан тэр маань ийм яваа нь, хөөрхий болж байна.... " гэсэн бодол төрж, бас инээд их хүрч байсансан.

Муу сурлагатнууд онцчуудад хийрхэж байхад онцчууд муу сурлагтангууд хэлэх үг бас хааяа хааяа байх юм. Энэ нь уг нь илүүц юм л даа. Гэхдээ энэ цагийн аясыг хараад байхад нэг удаа ч болов тэр муучуудад ийм нэг үг даймаар санагдаад байдаг юм.

"Онцчууд онц хэвээрээ л яваа.... Муучууд бас л хэвээр л яваа байх. Үүнд л онц, муугийн ялгаа нь байгаа юм"

Тэд маань бас нөгөө л хэвээр байж мэдэх тул дээр хэлсэндээ жаахан нэмэлт хийхгүй бол горьгүй биз дээ.

"Онцчууд онц биш замаар явдаггүй юм. Тэд буруу замаар цамнадаггүй, замнадаггүй. Тэд боддог юм, үгээ шинждэг. Үйлээ л бол бүр их цэнэдэг юм, онцчууд. Учир нь тэд "та мөнх" гэдгийг мэдэрсэн байдаг. Илүү уншдаг, илүү эргэцүүлдэг учраас тэр л дээ. Энэ л тэр хоёрын үнэн ялгаа нь юм. Одоогийн халтар хэдийн ялгаа, за яах вэ, яахав дээ. Үүрээд очдоггүй юм, түүнийг...Тэр мөнх биш. Бас тэр төлөх төлөөс ч болж мэднэ. Үйлээ их шинжин цэгнэж явах нь харин онц чухал юм"

Тэгэхээр онцчууд онц л хэвээрээ л. Тэд хулгай, худал, хуурмаг, авилгажилт, мунхаглалын мананд манараагүй л; хийрхэлд хийсээгүй л; мунхаглалд уусаагүй л; элийрэлд балаараагүй л; дэмийрэлд балараагүй л явна. Онц хэвээрээ л явна. Энэ, харин, их онц хэрэг шүү.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Thursday, May 10, 2018

Хулхи ҮЭ-ээс хурдан сал

Хулхи ҮЭ-ээс хурдан сал

Манай улсын 100 жилийн түүхтэй гэх өнөөх МҮЭ чинь нэг л хөрөнгөжсөн, ордонжсон, буудалжсан том корпораци шиг байх юм. Үнэн ҮЭ-д уг нь ордон биш харин үнэн үйлс л их хэрэгттэй байдаг юмсан.

Манай улсад ҮЭ анхаасаа номоор бус намаар үүсчихсний горыг монголын хөдөлмөрийн хүмүүс тун их амсаж байна. Өмчгүй нь хөдөлмөрийн мөлжлөгт ордог капитализм ирсэн өнөө цагт монголд яах аргагүй л ҮЭ нам бус харин номон байдлаар дахин байгуулагдаж эхлэхээс өөр зам байхгүй болоод байгаа юм. 

Хөдөлмөрийн хүний амьдрал түүх капитализм-д нэг ийм л байдаг юм. Өмчгүй нь зөвхөн хөдөлмөрөөр зарж амьдардаг. Амь зуухынх нь үндсэн ганц эх үүсвэр болсон тэр хөдөлмөрийг нь цэнэтэй байлгах, улмаар хөдөлмөрийн хүнийг эрүүл саруул амьд байлгах нь үнэн ҮЭ-ийн үнэн чухал зорилго, амбиц байдаг. Яагаад, хөдөлмөрийн хүнд капитализмд эзэнд хөдөлмөрөө зарахаас өөр зарах зүйл байдаггүй юм.

Харин гунигт гурван талт хэлэлцээрийг 30 жил байгуулсан нэрээр хөдөлмөрийн хүний нэг цагийн хөлсийг хагас долларын цэнэтэй болгож, үнэндээ тэдний "алж", хорлож шарлах нь хулхи ҮЭ-д байдаг худал үйлс юм.

Хөдөлмөрийн хүмүүс манай улсын 100 жилийн хулхи ҮЭ-ээс маш хурдан салах хэрэгтэй. Тэгэж байж зардаг ганц бараа -хөдөлмөр тань цэнэтэй болно. За!

Ц.Лувсандорж
2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 

“Боловсролоо сэхээнээс аварья, Багшаа ядуурлаас салгая” цуглаанд хэлсэн үг


“Боловсролоо сэхээнээс аварья, Багшаа ядуурлаас салгая” цуглаанд хэлсэн үг

Манай сургуулийн багш нар ядууралд дарлуулж байна. Манай боловсрол сэхээнд тарчилж байна. Манай нийгэм, монгол маань, тэгэхээр, мунхаглал, бурангуйлал, тэнэглэл, дэмийрэл, архидалт, авилгажилт, ажилгүйдэлд ихээр нэрвэгдэж байна. Үүнийг багш нар бид мэдэрч байна. Мэдэж байна. Эсэргүүцэж байна. Ийм учраас үүний эсрэг бид энд нэгдэж тэмцэж байна.

Монгол хүн эх орондоо ариун цагаан хөдөлмөрөөрөө авилгалгүй, довжилгүй намчирхалгүйгээр, түүнийг гагцхүү номоор нь үнэн бодитой цэнүүлэн ажиллаж амьдрах, амьдарч ажиллах бодит нөхцөл энэ улсад улам ихээр үгүйрч байна. Монгол хүн ажиллаж ядуураад байна. Ядуурч ажиллаад байна. Багш нар ч ийм ядуурлын эхний эгнээд нь явж байна, ядуурч байна, ядарч байна. Тэд нийтээрээ үнэндээ өлсөж байна. Тэд нийтээрээ их өртэй байна. Тэд зээлийн барьцаанд хатуу уяатай байна. Үүнийг багш нар бид мэдэж байна. Мэдэрч байна. Эсэргүүцэж байна. Ийм учраас энэ бүхний эсрэг бид энд тэмцэж байна. 
Багшийн нэг цагийн ажлын хөлс манай улсад үнэн мангар бага байна. Багшийн ажлын нэг цагийн хөлс 1$-т хүрэхгүй байна. Нэг евро-д бол бүр ч хүрэхгүй. Австрали улсын мэргэжлийн биш цэвэрлэгчийн ажлаас тэдний нэг цагийн хөлс 16 дахин лав бага байна. Мэргэжил нэг нөхдийнхөөсөө; дэлхийн жишиг хэмжээнээсээ тэр хэдэн арван дахин бага байна. 
Энэ бол багшийг ядууруулж, өөрийнхөө хувийн сургуулийг цэцэглүүлэх гэсэн зорилготой олигархиудын боловсролыг өмчлөх хорон бодлогын гор мөн. Энэ хорлолын дүнд дөрвөн түмэн багшийн 90 орчим хувь зээлэнд уяатай, өрөнд өтөөстэй болов. Энэ хорлолын дүнд арван багшийн ес нь эмэгтэй болов. Хортой энэ бодлогын дүнд тэрхүү 9 багшийн 40 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэй болжээ. 
Багшийг ядууруулах энэ хорлолын дүнд ЕБС нь сургалтын хувийн төвүүдээр л бүслэгддэг болов. Энэ хорлолын дүнд 3 сая хүнтэй улсад 100 гаруй их дээд сургууль бий болов. Энэ хорлолын дүнд дэлхийн шилдэг их сургуулийн төлбөрөөс хол илүү үнэтэй хүүхэд эрдэмтний гэх хувийн дунд сургуулиуд энэ нийслэлийг бүчиж авав. Энэ хорлолын дүнд улсаараа бүх хичээлээр муу сурдаг болов. Энэ хорлолын дүнд их дээд сургуульд муу сурлагатан урилгаар элсдэг болов. Энэ хорлолын дүнд их дээд сургууль ажилгүйчүүд бэлтгэдэг үйлдвэр болж хувирав. 
Энэ хорлолын дүнд мунхаглал, бурангуйлал, тэнэглэл, дэмийрэл, авилга, ажилгүйдэл, нутаг довны үзэл энэ улсад амилан газар авав. 
Багшийг ядууруулах нь нийгэмд ийм л гайтай, хортой, аюултай. Ийм учраас улс орноо гэсэн улс төрч, улс төрийн нам, эрх мэдэлтэн бол багшаа ядууруулдаггүй юм. Багшаа ядууруулах бодлогын эсрэг тэр тууштай байдаг юм. Учир нь тэр багш ядуурахад нийгэм эцэстээ их ядардагийг мэддэг юм. Учир нь тэр багшаас харамласан мөнгийг шоронд хожмоо үрнэ гэдгийг сайн мэддэг юм. 
Багшийн цалин 5.2-6.5 сая төгрөг байх ёстой. Энэ бол өсөөч үгүй, бас уруудаач үгүй бодит үнэлэмж, бодит тоо. Энэ бол өнөөх 65 төлөгний цэнэ. Энэ бол дэлхийн нийтийн багшийн дундаж цалин юм. Гэвч ядуурсан багш нар одоо үүнээс арав хол дахин бага цалин авч байна. Багшийн цалин иймд наанадаж 1,6 сая, цаанадаж 6,5 сая төгрөгт хүргэх ёстой. Энэ үлгэр биш. Энэ бол хийрхэл биш. Энэ бол үнэн бодит юм. Өнгөрсөнд ийм л байсан. Ирээдүйд ийм л байх болно. Бид багшийн цалинг ийм болгож нэмэгдүүлэхийн төлөө байна. Үүний төлөө зүтгэж байна. Үүний төлөө бид энд нэгдэж байна. Тэмцэж байна. 
Багшийн цалинг ийм болгохын тулд төрийн албан хаагчдын цалингийн инфляцийн чөтгөрийн тойргоос түүнийг салгах ёстой. Багш бол онцгой ажилтан. Нарийн мэргэжлийн ажилтан. Тэр тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан. Иймд багшийн цалин тогтвортой нэмэгдэж байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрийн албанд тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан (ТСМА) гэсэн ангиллыг бий болгож, багшийн цалингийн тусгай шатлал, сүлжээг шинээр бүтээх ёстой юм. Үүнийг бид шаардаж байна. Үүний төлөө багш нар бид энд цуглан тэмцэж байна. Энэ тэмцэл мэдээж урт, бас шаналгаатай үргэлжлэх болно.
Ингэж байж багш төрийн албан хаагчийн цалингийн инфляцийн чөтгөрийн тойргоос сална. Тэгэж байж багш нар нарийн мэргэжлийн ажлаа стандартын дагуу чанартай хийдэг болно. Ингэж байж багш ядуурлаас салж боловсрол сэхээнээс гарна. Ингэж байж манай улс хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн зам орно.
Багшийг ядуурлаас салгая. Боловсролоо сэхээнээс гаргая. Үүний төлөө багш бид хамтдаа. Үүний төлөө багш бид нэг. Цул, Бүхэл. Хамтдаа.

Ц.Лувсандорж
МБН-ийн удирдах зөвлөлийн дарга
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Сүхбаатарын талбай

Saturday, May 5, 2018

Сэргээд хар, цэргээс сал.

Сэргээд хар, цэргээс сал

Цэргээс сал. Сэрээд хар. Батлан хамгаалах ухаан, урлаг маш хурднаар өөрчлөгдөж байна.
Цэрэг монголд мэргэжлийн байх ёстой. Өөрөөр хэлбэл, төлбөртэй, мэргэжлийн ажил байх ёстой. Ихэнхи улс ийм л байна. Ардчилсан гэх Америкт ийм л байна. Хувьсгалын өлгий гэх Францад бас ийм л байна.

Цэрэг татах гэдэг тайван цагт дампуу зүйл. Улсад ч, нийгэмд ч, хүнд ч ач холбогдол, ач тус байхгүй.Залуу хүний цаг барьсан, эдийн засгийн хувьд үрэлгэн үйл. Энэ хоцрогдлоосоо болоод үгээр бол манай улсад мөн л олон цэрэгтэй болов. Оюутан цэрэг, иргэн цэрэг, цалинтай цэрэг, ажилтай цэрэг, хөлсний цэрэг, өртэй цэрэг.....гээд л явна. Боль л доо. Цэргээс сал. Сэрээд хар.
Цэрэг мэргэжлийн алба болох ёстой.Хөлсний ажил байх ёстой. Цөөхөн чанартай, үр ашигтай байх ёстой...Технологижсон байх ёстой. Гэрээжсэн байх ёстой...

Буу барьсан цэргээр улсаа хамгаална гэдэг үе аль хэдийн өнгөрчихсөн зүйл. Цэргийн түүх уншихад харин түүнтэй таарч юун магад. Тэгээд ч улсаараа цэрэг боллоо гэхэд бид тань 3 сая цэрэгтэй, сайндаа нэг үеэ өнгөрөөсөн буун зэвсэгтэй, байлдах ямар ч чадваргүй арми болох биз дээ. Бодитой хар. Болиод хар. Сэрээд хар.

Батлах хамгаалах ухаан, урлаг одоо их өөр болж хөгжив.Тэр цэргээс аль хэдийн халив.
Дрончин бэлдээч. Хакерчин бэлтгээч. Дрон шиг ялаа, ялаа шиг дрон хийгээд дайсныхаа ширээн дээр буулгачих гээд байгаа ч. Ийм чадвартай гээд үзүүлчихээч. Оюутан цэрэг биш оюуны хүчээ ашиглаач.

Энэ мэтээр сэрж сэтгэ, сэтгэж сэр... Ингэж сэтгэвэл батлан хамгаалахад одоо том, жижиг гэхийн ялгаа байхгүй болсныг мэдэрнэ. Жижиг ч том, том ч жижигхэн болж харагдах болсныг бодоод олчихно.

Батлан хамгааллын үзэл, сургаалаа манай улс маш яаралтай, эрс ихээр өөрчлөх хэрэгтэй. Хоцроод байна. Ходоодон байна. Батлан хамгаалах сэтгэлгээ дорой байна. Цаана чинь цэргээр биш харин оюунаар, технологи, дэвшлээр эх орноо,эрх ашгаа, эрх чөлөөгөө хамгаалдаг болчихоод байна. Ийм болоод удаж байна, цаана чинь.

Сэргээд хар, цэргээс сал.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр