Saturday, May 5, 2018

Сэргээд хар, цэргээс сал.

Сэргээд хар, цэргээс сал

Цэргээс сал. Сэрээд хар. Батлан хамгаалах ухаан, урлаг маш хурднаар өөрчлөгдөж байна.
Цэрэг монголд мэргэжлийн байх ёстой. Өөрөөр хэлбэл, төлбөртэй, мэргэжлийн ажил байх ёстой. Ихэнхи улс ийм л байна. Ардчилсан гэх Америкт ийм л байна. Хувьсгалын өлгий гэх Францад бас ийм л байна.

Цэрэг татах гэдэг тайван цагт дампуу зүйл. Улсад ч, нийгэмд ч, хүнд ч ач холбогдол, ач тус байхгүй.Залуу хүний цаг барьсан, эдийн засгийн хувьд үрэлгэн үйл. Энэ хоцрогдлоосоо болоод үгээр бол манай улсад мөн л олон цэрэгтэй болов. Оюутан цэрэг, иргэн цэрэг, цалинтай цэрэг, ажилтай цэрэг, хөлсний цэрэг, өртэй цэрэг.....гээд л явна. Боль л доо. Цэргээс сал. Сэрээд хар.
Цэрэг мэргэжлийн алба болох ёстой.Хөлсний ажил байх ёстой. Цөөхөн чанартай, үр ашигтай байх ёстой...Технологижсон байх ёстой. Гэрээжсэн байх ёстой...

Буу барьсан цэргээр улсаа хамгаална гэдэг үе аль хэдийн өнгөрчихсөн зүйл. Цэргийн түүх уншихад харин түүнтэй таарч юун магад. Тэгээд ч улсаараа цэрэг боллоо гэхэд бид тань 3 сая цэрэгтэй, сайндаа нэг үеэ өнгөрөөсөн буун зэвсэгтэй, байлдах ямар ч чадваргүй арми болох биз дээ. Бодитой хар. Болиод хар. Сэрээд хар.

Батлах хамгаалах ухаан, урлаг одоо их өөр болж хөгжив.Тэр цэргээс аль хэдийн халив.
Дрончин бэлдээч. Хакерчин бэлтгээч. Дрон шиг ялаа, ялаа шиг дрон хийгээд дайсныхаа ширээн дээр буулгачих гээд байгаа ч. Ийм чадвартай гээд үзүүлчихээч. Оюутан цэрэг биш оюуны хүчээ ашиглаач.

Энэ мэтээр сэрж сэтгэ, сэтгэж сэр... Ингэж сэтгэвэл батлан хамгаалахад одоо том, жижиг гэхийн ялгаа байхгүй болсныг мэдэрнэ. Жижиг ч том, том ч жижигхэн болж харагдах болсныг бодоод олчихно.

Батлан хамгааллын үзэл, сургаалаа манай улс маш яаралтай, эрс ихээр өөрчлөх хэрэгтэй. Хоцроод байна. Ходоодон байна. Батлан хамгаалах сэтгэлгээ дорой байна. Цаана чинь цэргээр биш харин оюунаар, технологи, дэвшлээр эх орноо,эрх ашгаа, эрх чөлөөгөө хамгаалдаг болчихоод байна. Ийм болоод удаж байна, цаана чинь.

Сэргээд хар, цэргээс сал.

Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

No comments:

Post a Comment