Онцчууд онц хэвээрээ л яваа...
Улсын өмчийг үнэгүйдүүлж хувьчилах нэрээр өөрийн болгож байсан муухай эвгүй үед нэг үеийнхэн нэг газар цуглаж билээ. Шуугилдаж, хөөрөлдөв...
Тэгсэн, харин, нэг муу сурлагатан над руу их том дуугарч байж билээ... Хэлхэх гэж оролдох үгний утга нь энэ юм. "Чи 10 жил онц сурч алтан медальтай төгссөн биз дээ. Одоо чи нэг муу их сургуулийн багш л байна ....Онц сурсны хэрэг гэж юу байна аа, аан ..."
Ингэж хийрхсэн нөгөө мууг өндийж харвал "Хөөрхий болж байна, гэдэс цатгалан, хувцас өнгөлөг харагдах...Муу сурлагатан байсан тэр маань ийм яваа нь, хөөрхий болж байна.... " гэсэн бодол төрж, бас инээд их хүрч байсансан.
Муу сурлагатнууд онцчуудад хийрхэж байхад онцчууд муу сурлагтангууд хэлэх үг бас хааяа хааяа байх юм. Энэ нь уг нь илүүц юм л даа. Гэхдээ энэ цагийн аясыг хараад байхад нэг удаа ч болов тэр муучуудад ийм нэг үг даймаар санагдаад байдаг юм.
"Онцчууд онц хэвээрээ л яваа.... Муучууд бас л хэвээр л яваа байх. Үүнд л онц, муугийн ялгаа нь байгаа юм"
Тэд маань бас нөгөө л хэвээр байж мэдэх тул дээр хэлсэндээ жаахан нэмэлт хийхгүй бол горьгүй биз дээ.
"Онцчууд онц биш замаар явдаггүй юм. Тэд буруу замаар цамнадаггүй, замнадаггүй. Тэд боддог юм, үгээ шинждэг. Үйлээ л бол бүр их цэнэдэг юм, онцчууд. Учир нь тэд "та мөнх" гэдгийг мэдэрсэн байдаг. Илүү уншдаг, илүү эргэцүүлдэг учраас тэр л дээ. Энэ л тэр хоёрын үнэн ялгаа нь юм. Одоогийн халтар хэдийн ялгаа, за яах вэ, яахав дээ. Үүрээд очдоггүй юм, түүнийг...Тэр мөнх биш. Бас тэр төлөх төлөөс ч болж мэднэ. Үйлээ их шинжин цэгнэж явах нь харин онц чухал юм"
Тэгэхээр онцчууд онц л хэвээрээ л. Тэд хулгай, худал, хуурмаг, авилгажилт, мунхаглалын мананд манараагүй л; хийрхэлд хийсээгүй л; мунхаглалд уусаагүй л; элийрэлд балаараагүй л; дэмийрэлд балараагүй л явна. Онц хэвээрээ л явна. Энэ, харин, их онц хэрэг шүү.
Ц.Лувсандорж
2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
No comments:
Post a Comment