“Боловсролоо сэхээнээс аварья, Багшаа ядуурлаас салгая” цуглаанд хэлсэн үг
Манай сургуулийн багш нар ядууралд дарлуулж байна. Манай боловсрол сэхээнд тарчилж байна. Манай нийгэм, монгол маань, тэгэхээр, мунхаглал, бурангуйлал, тэнэглэл, дэмийрэл, архидалт, авилгажилт, ажилгүйдэлд ихээр нэрвэгдэж байна. Үүнийг багш нар бид мэдэрч байна. Мэдэж байна. Эсэргүүцэж байна. Ийм учраас үүний эсрэг бид энд нэгдэж тэмцэж байна.
Монгол хүн эх орондоо ариун цагаан хөдөлмөрөөрөө авилгалгүй, довжилгүй намчирхалгүйгээр, түүнийг гагцхүү номоор нь үнэн бодитой цэнүүлэн ажиллаж амьдрах, амьдарч ажиллах бодит нөхцөл энэ улсад улам ихээр үгүйрч байна. Монгол хүн ажиллаж ядуураад байна. Ядуурч ажиллаад байна. Багш нар ч ийм ядуурлын эхний эгнээд нь явж байна, ядуурч байна, ядарч байна. Тэд нийтээрээ үнэндээ өлсөж байна. Тэд нийтээрээ их өртэй байна. Тэд зээлийн барьцаанд хатуу уяатай байна. Үүнийг багш нар бид мэдэж байна. Мэдэрч байна. Эсэргүүцэж байна. Ийм учраас энэ бүхний эсрэг бид энд тэмцэж байна.
Багшийн нэг цагийн ажлын хөлс манай улсад үнэн мангар бага байна. Багшийн ажлын нэг цагийн хөлс 1$-т хүрэхгүй байна. Нэг евро-д бол бүр ч хүрэхгүй. Австрали улсын мэргэжлийн биш цэвэрлэгчийн ажлаас тэдний нэг цагийн хөлс 16 дахин лав бага байна. Мэргэжил нэг нөхдийнхөөсөө; дэлхийн жишиг хэмжээнээсээ тэр хэдэн арван дахин бага байна.
Энэ бол багшийг ядууруулж, өөрийнхөө хувийн сургуулийг цэцэглүүлэх гэсэн зорилготой олигархиудын боловсролыг өмчлөх хорон бодлогын гор мөн. Энэ хорлолын дүнд дөрвөн түмэн багшийн 90 орчим хувь зээлэнд уяатай, өрөнд өтөөстэй болов. Энэ хорлолын дүнд арван багшийн ес нь эмэгтэй болов. Хортой энэ бодлогын дүнд тэрхүү 9 багшийн 40 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэй болжээ.
Багшийг ядууруулах энэ хорлолын дүнд ЕБС нь сургалтын хувийн төвүүдээр л бүслэгддэг болов. Энэ хорлолын дүнд 3 сая хүнтэй улсад 100 гаруй их дээд сургууль бий болов. Энэ хорлолын дүнд дэлхийн шилдэг их сургуулийн төлбөрөөс хол илүү үнэтэй хүүхэд эрдэмтний гэх хувийн дунд сургуулиуд энэ нийслэлийг бүчиж авав. Энэ хорлолын дүнд улсаараа бүх хичээлээр муу сурдаг болов. Энэ хорлолын дүнд их дээд сургуульд муу сурлагатан урилгаар элсдэг болов. Энэ хорлолын дүнд их дээд сургууль ажилгүйчүүд бэлтгэдэг үйлдвэр болж хувирав.
Энэ хорлолын дүнд мунхаглал, бурангуйлал, тэнэглэл, дэмийрэл, авилга, ажилгүйдэл, нутаг довны үзэл энэ улсад амилан газар авав.
Багшийг ядууруулах нь нийгэмд ийм л гайтай, хортой, аюултай. Ийм учраас улс орноо гэсэн улс төрч, улс төрийн нам, эрх мэдэлтэн бол багшаа ядууруулдаггүй юм. Багшаа ядууруулах бодлогын эсрэг тэр тууштай байдаг юм. Учир нь тэр багш ядуурахад нийгэм эцэстээ их ядардагийг мэддэг юм. Учир нь тэр багшаас харамласан мөнгийг шоронд хожмоо үрнэ гэдгийг сайн мэддэг юм.
Багшийн цалин 5.2-6.5 сая төгрөг байх ёстой. Энэ бол өсөөч үгүй, бас уруудаач үгүй бодит үнэлэмж, бодит тоо. Энэ бол өнөөх 65 төлөгний цэнэ. Энэ бол дэлхийн нийтийн багшийн дундаж цалин юм. Гэвч ядуурсан багш нар одоо үүнээс арав хол дахин бага цалин авч байна. Багшийн цалин иймд наанадаж 1,6 сая, цаанадаж 6,5 сая төгрөгт хүргэх ёстой. Энэ үлгэр биш. Энэ бол хийрхэл биш. Энэ бол үнэн бодит юм. Өнгөрсөнд ийм л байсан. Ирээдүйд ийм л байх болно. Бид багшийн цалинг ийм болгож нэмэгдүүлэхийн төлөө байна. Үүний төлөө зүтгэж байна. Үүний төлөө бид энд нэгдэж байна. Тэмцэж байна.
Багшийн цалинг ийм болгохын тулд төрийн албан хаагчдын цалингийн инфляцийн чөтгөрийн тойргоос түүнийг салгах ёстой. Багш бол онцгой ажилтан. Нарийн мэргэжлийн ажилтан. Тэр тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан. Иймд багшийн цалин тогтвортой нэмэгдэж байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрийн албанд тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан (ТСМА) гэсэн ангиллыг бий болгож, багшийн цалингийн тусгай шатлал, сүлжээг шинээр бүтээх ёстой юм. Үүнийг бид шаардаж байна. Үүний төлөө багш нар бид энд цуглан тэмцэж байна. Энэ тэмцэл мэдээж урт, бас шаналгаатай үргэлжлэх болно.
Ингэж байж багш төрийн албан хаагчийн цалингийн инфляцийн чөтгөрийн тойргоос сална. Тэгэж байж багш нар нарийн мэргэжлийн ажлаа стандартын дагуу чанартай хийдэг болно. Ингэж байж багш ядуурлаас салж боловсрол сэхээнээс гарна. Ингэж байж манай улс хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн зам орно.
Багшийг ядуурлаас салгая. Боловсролоо сэхээнээс гаргая. Үүний төлөө багш бид хамтдаа. Үүний төлөө багш бид нэг. Цул, Бүхэл. Хамтдаа.
Ц.Лувсандорж
МБН-ийн удирдах зөвлөлийн дарга
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Сүхбаатарын талбай
No comments:
Post a Comment