Wednesday, July 25, 2018

Ийм байж улс хөгжихгүй

Ийм байж улс хөгжихгүй
Танин мэдэхүйд хувь оруулъя гэсэн нь энэ улсад баялаг бүтээдэггүй гэж гоочлогдон, харин түмэн олноо хордуулж байгаа нь, бас илт шулж байгаа нь баялаг бүтээдэг болж цоллуулж явах.
Уг нь улс орон өнгөрснөөр биш харин шинэ мэдлэг, шинэ чадвар, түүний хэрэглээ болох инноваци,шийдлээр бусдаасаа ялгарч, баялагийн баялагийг бүтээж хөгждөг юм. Энэ нь судалгааг хөхүүлэн дэмжиж хөгжүүлнэ гэсэн л үг л дээ. Үүний тулд мэдээж, бүх түвшинд сайн багш хэрэгтэй.
Гэтэл манай улс өнгөрсөн 28 жилд яг феодалын хэв маягтай болж хувирав.
Хэдэн бөх, хэдхээн дуучин, хэдхээн архи үйлдвэрлэгч, хэдэн уяач, хэдхээн яруу найрагч, хэдхээн наймаачин панзчин, байнга дүрэмжиж байдаг хэдхээн хэл судлаач, байнга л Чингис гэж хашгирч байдаг хэдхэн үндсэрхэг үзэлтэн түүхч, за тэгээд, прус мэт олширсон, чадваргүй эрдэмтэд, гавьяатнууд, довны үзэлтнүүд, тээрнийг нь өөгшүүлж байдаг ноороглоод хаясан цаас шиг хэдхээн "хөөрхөн" улс төрчидтэй улс л болж үлдэв. Ингэж улс хөгжихгүй.
Үүнийг залуучууд аль болох эрт найрнаас салж, нойрноосоо сэрж ухааран хурдхан цэгцлэх, цэглэх хэрэгтэй. Ингээд феодалтайгаа байгаад байвал ирээдүй тань тун баргар байх. Яахав, Солонгост өрсөлдөн очиж гахай маллах л дүр зураг дүрслэгдэх.
Наад монгол тань нэг хүнд оногдох байгалийн баялагаар дэлхийд наймд жагсдаг баян улс юм шүү дээ. Гэтэл одоо тань феодлынх, ирээдүй тань бүр бараан баргар болсон байх. Үүнийг өөрчил.
Оролц. Наад нийгмийнхээ феодлын харилцааг өөрчил. Монгол залуу хүн эх орондоо хөдөлмөрөөр зөв, төв сайхан аж төрөх тэр нийгмийн шинэ харилцааг хамтдаа бүтээ.
Оролц. Оролцоо нь аугаа хүч юм.
Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Sunday, July 22, 2018

Уурыг уусгаж ус мэт урсга

Уурыг уусгаж ус мэт урсга
Уур. Аймаар дайсан тань.
Уусгаж үл чадваас хор нь яг л үерийнх шиг.
Уурсахыг иймд уусгах нь л хамгийн аюулгүй зам юм.
Чимээгүй бол. Тэгээд "Амьдрал зовлон шүү дээ.Түүнээс чи юу хайгаад байгаа юм бэ" гэж өөрөөсөө асуу. Чимээгүй...Чадвал инээ.
Тэгэхэд уур тань ус мэт уусаж урсаж танаас холдох вий дээ. Ингэснээр та үер мэт аюулаас өөрөө өөрийг салгасан байх юм.
Ингэж хэлснийг уншихад амархан. Харин уурсах тэр үедээ санах нь амаргүй. Аливаа дадал аажмаар аажмаар бий болдог юм.
Тэгэхээр уурыг ус мэт урсгаж дадах нь бас л аажмаар бий болно.
2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Ц.Лувсандорж
Жич: Гэнэтийн уурнаас болсон гэмт үйлдэл цөөнгүй байдаг юм шүү.

Tuesday, July 10, 2018

"За, тэгвэл бид өөрсдийнхөө тосгоныг байгуулна..." гэх вий дээ

"За, тэгвэл бид өөрсдийнхөө тосгоныг байгуулна..." гэх вий дээ

Наадмын өглөө ихэнхи нь тэнд байдаггүй. Магадгүй гэртээ л байдаг байх. Зарим нь, яахав, гадаад явдаг байх. Энэ нь эцэстээ их эвгүй байдалд хүргэж мэднэ шүү. Үүнийг нэгэн түүхэн жишээгээр далд сануулмаар санагдав.

Колумбын дараа, бараг 100 гаруй жилийн дараа Англичууд Хойд Америк очоод аятай газар авч тоосгон байгуулж эхлэв (Тосгоны нэрийг нь дурдаж болно). Эхлээд очсон хэд нь томорч, эзэн болоод өөртөө зориулсан хуулирхуу зүйл хийгээд өөрсдийн эрх ашиг, соёлыг тулгаж байв. Гэтэл шинэ үе өндийв.

Шинэ үе нь тэднийг энэ тулгасан байдлаа өөрчлөхийг хэлж, шаардав. Өмнөх үе нь огт тоосонгүй. Гэтэл нөгөөдүүл нь яасан гээч!

"За, тэгвэл бид өөрсдийнхөө тосгоныг босгоно" гээд яваа өгч. Тэд өөрсдийн тосгоноо байгуулах газраа олж өөрсдийн хууль соёлоо бүтээж эхэлж. Харин анхных нь захирагдах хүн байхгүй хэдэн захирагч л болж хувирав, үлдэв. Тэд яаж оршин тогтох вэ дээ, цаашид!

Иймэрхүү юм болоод байна, цаана чинь. Бөх, хурдан морь, сур харваач, тэгээд, хэдэн захирагчийн баяр наадам биш шүү дээ!

Үүнийг цаашид тун их бодохгүй бол дээр дурдсан түүх шиг юм болж мэдэв вий дээ!

Хотошсон шинэ үеийнхний тэвчээр алдагдаж "Бид өөрсдийн хууль, соёлоо бий болгон" гээд босоод ирж мэдэх юм шүү.

Түүхэн сургамж гэж нэг иймэрхүү л юм.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

Наад ядуусдаа дулаан оромж, халуун хоол амсуул

Наад ядуусдаа дулаан оромж, халуун хоол амсуул

Энэ цагийнхны ихэнхи нь найрнаас нойронд, нойрноос найранд яваад байдаг юм. Гэвч өдөр ирэх тусам тэдний амьдрал ахуй нь бодитойгоор дордсоор, доройтсоор байдаг. Гэвч дэмий зүйлд маш их цаг, хөлс, мөнгө үрж хэдхээн нь түүнийг хураан авч байдаг юм.

Гудамжинд хичнээн хүн орон гэргүй, автобусанд хичнээн хүн хиртэй хувцастай,эвгүй үнэртэй навсааж явж байна даа.

Хүн амын ихэнхи, бараг 99,99 хувь нь бас шагналын донтой, нөгөө 0,01 хувь нь тэднийг шагнах донтой. Энэ их медаль хийлгэж их хөрөнгө мөнгө гадагш нь урсган өнөөхийг дэмжин дэмийрч байхын оронд гэр оронгүйчүүдэд хоног тойруулах дулаан оромж бариач. Гэр хороололд халуун усны газар барьж тэднийг усанд оруулж сургаач. Бас өлсөөд гудамжин хог түүж яваагаа ядаж нэг удаа өдөрт халуун хоолоор хооллодог үйлчилгээг бий болгооч. Хөгжлийн мөнхийн баялагийг бүтээгч багш, эмч нарыг хөдөлмөрийн мөлжлөгөөс салгаач.

Наад үеэ өнгөөрсөн шагналаа зогсоож өдөр бүр, довны найр хийж, энгэртээ төмөр зүүхийн дон тусаж яваа, гэвч үнэндээ, цаг минутаар туйлын ихээр ядуурч яваа энэ хөөрхий гэнэн ард ядуусдаа тус дэм болох бодлого хэрэгжүүлээч. Сайн боловсрол олгооч. Удирдагчид гэгчид нь хуулбарлан дуурайж дэлхийн доог болох бус ном уншиж урагшаа харж улс орноо удирдаач.

Шагналаар бие биеэ хөөргөж, довны наадмыг зунжингаа хийж, намаржингаа найрлаж өвөлжингөө "зуд болж байна, туслаач" гэж цэцэрлэгийн хүүхдээс хүртэл хээв нэг тусламж гуйдаг болтол нь доройтуулж донтуулан байж улс хөгждөггүй. Найрнаас нойронд, нойрноос найранд явж байж улс дэвждэггүй.

Харин төв, зөв бодлогоор л урагшладаг юм. Чадвартай хүнийг хөгжлийн мөнхийн баялаг болгож чадсан улс сайн, сайхан амьдардаг юм. Найрнаас салж, нойрноосоо сэрсэн улс сайн сайхан аж төрдөг юм. Түүх ийм л юм.

Төв, зөв замыг сонгож төв, зөв бодлого хэрэгжүүлсэн улс аяараа дэвждэг. Чадвартай хүнийг хөгжлийн мөнхийн баялаг болгосон урт хугацааны ухаантай бодлого хэрэгжүүлсэн улс Азийн төдийгүй Дэлхий бар ч болж болдог юм.

Наад найр наадмаа багасгаж цаад ядуусаа цөөрүүл, хоолло. Энэ тань илүү утгатай.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

Хурдан морь унах нь томчуудын бизнес


 
 Хурдан морь унах нь тавжаа томчуудын бизнес 
 
Ийм учраас багшаар болон хүүхдээр овоглосон бүх төрийн бус байгууллагууд ганц удаа нэгдэн иймэрхүү утга агуулгатай мэдэгдэл гаргаж шаардлага хүргүүлбэл яасийм. Энэ чинь хүмүүнлэг, ардчилсан нийгэм гэсэн биз дээ.

"Хурдан морийг хүүхдээр унуулахгүй байх. Энэ бизнесийг насанд хүрэгчдэд өөрсдөө хийдэг болох" гэсэн шаардлагыг төрийн гурван өндөрлөг хүргэвэл яасийм.

Энэ бороонд морь унаад явж байгаа хүүхдийг жаргаж байна гэвэл итгэх хүн энэ дэлхийд ерөөсөө олдохгүй. Харин ганцхан монголд ганц нэг байж магадгүй.

Энэ бороонд хурдан морь унах бизнес маш өндөр төлбөртэй ажил гэдэгтэй гэдэг санал нийлэхгүй хүн энэ дэлхийд бас ерөөсөө байхгүй. Харин ганцхан монголд ганц нэг байж магадгүй.
 
 
Хүүхэд нь хүүхдээр нь байг.   Томчууд нь хурдан морь унаж хэдэн төгрөгөө хийж байг.
 
 
Ц.Лувсандорж 
 
2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 

Sunday, July 8, 2018

Одоогийн залуусдаа ажлын байр олго


Одоогийн залуусдаа ажлын байр олго

Нэгэн фейсбүүк анд маань одоогийн залуусыг ийнхүү дүрсэлжээ: "Одооны залуусыг цохивол үхнэ. Цочоовол татна. Үлээвэл хийснэ.Харин хэрэлдвэл хэзээ ч барахгүй". Энэ дүрслэлтэй би санал бараг нэг юм. Ингэж өмнө дүрсэлж байсангүй. Гоё дүрсэлж хэлжээ, хөөрхийсийг.

Тэд маань, хөөрхийс, дүр эсгэсэн ардчиллын золиосууд юм шүү дээ. Ийм учраас, нэг талаас, тэднийг их өрөвддөг юм. Тэд чинь дампуурсан боловсролын тогтолцооны золиос мөн. Тэд тань эвгүйрсэн эрүүл мэндийн үйлчилгээний золиос юм.

Тэд маань олигархи төрийн үйлчилгээний мөнгөний золиос мөн. Тэд маань алсын хараатай, хорон санаатай, холоос шидсэн харалган бодлогын төлөөс юм.

Тэдэнд маань хийх ажил алга, ариун цагаан хөдөлмөрөөрөө ариун амьдрах, явах зам алга. Гэхдээ яахав, нэг хэсэг авгай авмаар байх шиг. Эхнэр болмоор болох шиг. Бас нөгөө хэсэг нь хамтрагч болж үзэж ч байх шиг. Бас нэг хэсэг нь цүнх барьж шогшох. Үлдсэн хэсэг нь, хөөрхийс, харьд очиж хар хөлсний ажил хийх мөрөөдөлтэй явах. Зарим нь яахав вэ, хувийн компанид ажил хийсэн нэртэй, ямар ч хамгаалалтгүй зарц болж явах. Ийм л золиосууд шүү дээ, хөөрхийс, тэд маань.

Ийм учраас тэднийгээ бид өөд татаж ёстой юм. Эхлээд монгол хүний нэг цагийн ажлын хөлсийг цэнэтэй болгох, монголын хүний хөдөлмөрийг боолын биш харин хамгаалалтай болгох, мөлжлөгөөс салгах хэрэгтэй. Тэгээд ажлын байр бий болгоно. Ингэхэд өнөөгийн залуусын дээрх дүрслэл их өөр болно оо!

Цохивол авсаар хийсэхгүй.Яагаад? Олиггүйг, хямдыг биш харин олигтой, үнэтэй хоол идсэн байх тул тэнхээжсэн, тэвээршсэн байна.

Цочоовол авсаар татахгүй. Яагаад? Хамт олны хэсэг болж аль хэдийн цочоон гарсан байна.

Үлээвэл амсаар хийсэхгүй. Яагаад? Ажил амралтаа зохицуулсан сурсан байх юм. Фейсбүүкийн уяанаас аль хэдийн салчихсан байх юм.

Хэрэлдэх зав тэдэнд ерөөсөө байхгүй байх юм. Яагаад? Хөлсөөрөө олсон хөлснийхөө мөн чанарыг барьсан байна тул тэдэнд цаг минут хамгийн үнэтэй болсон байх юм.

Харахад эрүүл, ажихад ажил хэрэгч болно, тэд. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, биеэндээ жавхаатай болох юм. Яагаад? Өөрийн хүчийг мэдэрч түүнд итгэсэн байна.Найрнаасаа салчихсан. Нойрноосоо сэрчихсэн байх юм.

Алсын хараатай, хорон санаатай, үр аалзан бодлогын золиос болсон хөөрхий энэ хэдэн залуусаа хайрла. Гамна.

Тэр хайр, гамналт бол тэжээл биш, тэжээх биш, харин ажлын байр юм.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Гагцхүү ганц тэр замаа л хай

Гагцхүү ганц тэр замаа л хай

Шар хувцас өмсчихөөрөө, эсвэл хар алчуур ороочихоороо, эвсэл урт сахал ургуулчихаараа, эсвэл сан,сангаар, дэвтэр дэвтрээр үг цээжилчихээрээ гэгээнтэн болчихгүй байх. Гэгээнтэн (en+light-ment) гэдэг үгийн язгуурт гэгээ, гэгээн байна аа!

Үнэн гэгээтэн, гэгээнтэн бол манай улсад төдийгүй дэлхий, гариг ертөнцөд хүртэл тун хэрэгтэй юм. Учир нь тэнд гэрэл, гэгээн л чухамдаа нэн хэрэгтэй байгаа юм.

Дэлхийн бүхий л том гэгдэх их сургуулийн уг мөн чанар эцэстээ үнэнг хайхад байдаг. Үнэний замыг олоход оршдог юм. Гэгээн, гэгээтэй зам хаа сайгүй л, энд, тэндгүй л хэрэгтэй байдаг, учраас тэр юм.

Даанч үнэн гэгээнтэн үнэн ховор юм даа. Гэгээтэй, гэгээн замыг барьсан нь даанч их далд, бас их чимээгүй оршиж оддог, одож оршдог гэдэг. Тэгэхдээ зам нь үлддэг гэдэг. Тэр замыг л барь, ол.

Гэгээрнэ гэдэг нь иймд тоглоом ч биш. Гэгээрчихсэн юм уу гэх нь тохуурхал ч бас биш.
Тоглоом ч биш, бас тохуурхал ч биш тэр замаар гэгээрэл хүрч болдогийг түүхэн гэгээнтний үүх нотолдог. Тэд ингэж л үлдээсэн байдаг юм.

Гэгээнтэн болох мөн чанар тань танд өөрт тань бий.

Тэр нь чухамдаа "саараа холдуул, сайнаа хөгжүүл" гэдэгт багтаж л орших вий дээ!

Тэгэхээр гэгээрчихсэн юм уу гэх нь тохуурал биш шүү! Гэхдээ бас тоглоом биш! Харин хүмүүн заяаны уг мөн чанар л байх.

Түүнийгээ барихын тулд гагцхүү ганц тэр замаа л хай.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Боловсролоо мандуул

Боловсрол нь дампуурсан улсад болдог нь бараг үгүй. Бүх болохгүйг бүхлээр нь боловсролоор л шийднэ. Ийм учраас боловсролоо мандуул. 
 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Thursday, July 5, 2018

Тэр хоёрын ядаж нэгийг нь иймд заавал хийх ёстой



Тэр хоёрын ядаж нэгийг нь иймд заавал хийх ёстой

Манай улсын мөнхийн баялаг бол чадвартай хүн. Ийм хүнийг мэргэжлийн өндөр чадвартай багш, эмч хоёр л үнэндээ бүтээдэг юм.

Гэтэл багш, эмчийг ийм ядуу байдал хүртэл алсын хараатай хорон санаатай бодлогыг өнөөх 30, өнөөх 30 жилд хэрэгжүүлсэн. Алсын хараатай хорон санаатай бодлого.

Ингэснээр манай улс маань мөнхийн хөгжилгүй улс болох юм. Алсын хараатай, хорон санаатай харлаган үйл.

Үүнийг монголоо гэсэн хүн бүр зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Тийм ээ!

Ийм учраас эхлээд багш, эмч нарыг ядуурлаас гаргаж, тэднийг чадвартай монгол хүн бүтээх ажлаа мэргэжлийн чанартай хийдэг нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Монголын багш нарын нэгдэл ажиллаж байгаа юм. Нэгдэж байгаа юм. Тэмцэж байгаа юм.

Тэмцлийн уртад хоёр арга зам л харагдаж байна. Нэг нь хувьсгал хийх. Засгийн эрхийг авч зөв, төв бодлого хэрэгжүүлэх. Хоёр нь хувьсал хийх. Их хуралд ардчилсан сонгуулиар багш, эмч нарыг төлөөх, эрх ашгийг нь хамгаалах багш, эмчийн бүлэг бий болгох.

Өөрөөр тэмцээд ямар ч нэмэргүй. Яагаад?

Тэмцэл, шахалтын хамгийн дээд хэлбэр болох ажил хаялт хүртэл хуулин тавилттай жүжиг болсон юм, энэ улсад. Энэ жүжгийн оршил, өрнөл, төгсгөл нь эхлэхээсээ өмнө тодорхой байдаг. Ажил хаялт хийнэ гэж сүрчигнэнэ. Тэгээд хэвлэлийн бага хурлаар хийрхэнэ. Дараа нь ажил хаяж үнэ цэнээ нийгэм, төрд мэдрүүлэх гэж байтал хэлэлцээр хийнэ гэнэ. Тэгээд эргээд хэвийн байдалд оруулна. Энэ тавилаар ядуурсаар үлдэнэ. Цаг алдана. Улам ядуурна. Улс улам доройтоно. Яахав, хэдэн баатрууд төрнө.

Тэгэхээр дээрх хоёр замын аль нэгээр явж байж л манай улс мөнхийн баялаг болох чадвартай хүнээр хөгжих зөв, төв замдаа орно.

Багш, эмч нар нь ядуурч ажилладаг, ажилладаг ядуурдаг, харьд харлаж амьдралаа зохицуулдаг ийм завхрал, өнөөгийн энэ гунигт, хорлон, харлаган байдал, алсын хараатай, хорон санаатай бодлогоос бид дээр дурдсан хоёр замаас өөрөөр гарах боломж энэ улсын өнөөгийн хуулийн хүрээнд байхгүй юм. Гэхдээ бид монголын төлөө энэ гунигийн хар үүлийг харлаган манантай нь хамт заавал арилгах ёстой.

Үүний тул бид тэр хоёрын ядаж нэгийг нь заавал үйлдэх ёстой.

Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Wednesday, July 4, 2018

Ажил хаянгаа хэлэлцээр хийдэг болбол үнэн гоё

Ажил хаянгаа хэлэлцээр хийдэг болбол үнэн гоё

Ажлаа хаянгаа хэлэлцээр хийдэг болох. Хэлэлцээр эхэлнэ гэхэд ажил хаялтаа зогсоодог энэ заалтыг өөрчлөх ёстой. Цэрэггүй генерал ямар хэлэлцээр хийх вэ дээ! Тийм ээ!

Ажил хаялт гэдэг хөдөлмөрийн хүмүүсийн тэмцэл, нэгдлийн дээд хэлбэрийг эргээд тэр заалт зүгээр л утгагүй, дэмийрэл, сүрчигнэл, хийрхэл болгож хувиргаж байгаа юм.

Тийм учраас хуулийн ийм тоглоомон заалтыг эхлээд өөрчлөх хэрэгтэй болж байна.
Ажил хаянгаа хэлэлцээрээ хийдэг болгох.

Хуулиар удирдана гэдэг хуулиар хулхидана гэсэн үг биш. Хууль нь хүн хийгээд улс орны сайн сайхан, хөгжил, дэвшлийн төлөө байх ёстой. Түүнээс хууль хийгчид гэгчдийн ходооны төлөө биш. Үүний тулд нөгөө л оролцоо хэрэгтэй. ҮЭ үнэн болох хэрэгтэй юм. ҮЭ үнэн оролцох хэрэгтэй.

Ажил хаянгаа хэлэлцээрээ хийдэг болбол хөдөлмөрийн хүн хөдөлмөрөөрөө энэ улсад аятайхан амьдардаг улс болж чадна. Эсрэг хоосон. Мөнхийн хуурмаг тэмцэл, хулхи хэлэлцээр. Дүнд нь хөдөлмөрчдөд мөнхөд их ядарч, ядуурч үлдэнэ. Үнэн нь ийм л юм.

Ажил хаянгаа хэлэлцээр хийдэг болбол үнэн гоё

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Sunday, July 1, 2018

Хөл бөмбөг төгсөж байх шиг байна ...

Хөл бөмбөг төгсөж байх шиг байна ...

Оросын тээр тоглолтоос харахад их гуниг төрөв. Спорт бол, сайнаар хэлбэл, урлаг, уран сайхан, гоо сайхан, гоё сайн, цэнгэл, баясал. Гэтэл тэр улс төржиж, уг язгуураасаа салж гуниг, уйтгар болж байх. Үүнийг зүгээр л сүүлийн үеийн монгол бөхөөр зүйрлэж хэлбэл, "бөөрөнхий махан жин" гарч ирээд, цаг харж зогсоод байдагтай адил болж дээ, хөөрхий. Солонгос, Германыг хар; Орос Испанийг шинж. Тэнд ямар торгон эгшин, гоё сайхан байна даа. Харин өрөвдмөөр, ичмээр. Зүгээр л бөмбөг оруулахгүйн төлөө амь дүүсэн хамгаалалт. 120 минутын нэг хэвийн, уйтгартай, амиа бодсон, гоё сайхангүй, гоё сайнгүй гүйлт, хар хөлс (Оросын хаалгачийн хөлөөр хаасанг тэр үйлдлийг үүнд оруулахгүй.Учир нь тэнд гоо сайн бий юм).

Хөлбөмбөг, ер нь, спорт энэ байдлаараа бол төгсөж байх шиг байна. Одож байх шиг байна.
Магадгүй, түүнийг аврая гэвэл спортыг урлаг, баясал болгох түвшинд зөвхөн шилдэгүүдэд зориулсан дүрэм гаргах. Энэ нь улс төржсөн биш харин жинхэнэ гоо сайхан, гоё сайн спортыг урлаг гэх түвшинд дахин эргэж харах хэрэгтэй болж байх шиг байна. Муу нь сайнаасаа ялгарч, сайн нь муугаас тодорч байх ёстой. Одоо холилдчихоод байна.

Үүнийг магадгүй жинхэнэ шилдэг багууд нь мэдэрч байж мэднэ. Жинхэнэ шилдэгүүд нь түүнийг жинхэнэ утгаар нь урлаг, гоо сайхан, гоё сайн байдлаар харуулж тоглодог байх нэг гарц байна. Сайн сайнаар үлдэх ёстой. Муу сайн хоёр муруйгаар холбож үл болно.

Спорт улс төрөөс ангид байж гэмээнэ тэр язгуур утгаараа тийм урлаг, баясал, цэнгэл болж дахин төрнө.
Эсвэл тэр Орос, Испани  хоёрын тэр нэг уйтгартай тоглолт шиг төгсөж байх шиг байна.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр