Tuesday, July 10, 2018

Наад ядуусдаа дулаан оромж, халуун хоол амсуул

Наад ядуусдаа дулаан оромж, халуун хоол амсуул

Энэ цагийнхны ихэнхи нь найрнаас нойронд, нойрноос найранд яваад байдаг юм. Гэвч өдөр ирэх тусам тэдний амьдрал ахуй нь бодитойгоор дордсоор, доройтсоор байдаг. Гэвч дэмий зүйлд маш их цаг, хөлс, мөнгө үрж хэдхээн нь түүнийг хураан авч байдаг юм.

Гудамжинд хичнээн хүн орон гэргүй, автобусанд хичнээн хүн хиртэй хувцастай,эвгүй үнэртэй навсааж явж байна даа.

Хүн амын ихэнхи, бараг 99,99 хувь нь бас шагналын донтой, нөгөө 0,01 хувь нь тэднийг шагнах донтой. Энэ их медаль хийлгэж их хөрөнгө мөнгө гадагш нь урсган өнөөхийг дэмжин дэмийрч байхын оронд гэр оронгүйчүүдэд хоног тойруулах дулаан оромж бариач. Гэр хороололд халуун усны газар барьж тэднийг усанд оруулж сургаач. Бас өлсөөд гудамжин хог түүж яваагаа ядаж нэг удаа өдөрт халуун хоолоор хооллодог үйлчилгээг бий болгооч. Хөгжлийн мөнхийн баялагийг бүтээгч багш, эмч нарыг хөдөлмөрийн мөлжлөгөөс салгаач.

Наад үеэ өнгөөрсөн шагналаа зогсоож өдөр бүр, довны найр хийж, энгэртээ төмөр зүүхийн дон тусаж яваа, гэвч үнэндээ, цаг минутаар туйлын ихээр ядуурч яваа энэ хөөрхий гэнэн ард ядуусдаа тус дэм болох бодлого хэрэгжүүлээч. Сайн боловсрол олгооч. Удирдагчид гэгчид нь хуулбарлан дуурайж дэлхийн доог болох бус ном уншиж урагшаа харж улс орноо удирдаач.

Шагналаар бие биеэ хөөргөж, довны наадмыг зунжингаа хийж, намаржингаа найрлаж өвөлжингөө "зуд болж байна, туслаач" гэж цэцэрлэгийн хүүхдээс хүртэл хээв нэг тусламж гуйдаг болтол нь доройтуулж донтуулан байж улс хөгждөггүй. Найрнаас нойронд, нойрноос найранд явж байж улс дэвждэггүй.

Харин төв, зөв бодлогоор л урагшладаг юм. Чадвартай хүнийг хөгжлийн мөнхийн баялаг болгож чадсан улс сайн, сайхан амьдардаг юм. Найрнаас салж, нойрноосоо сэрсэн улс сайн сайхан аж төрдөг юм. Түүх ийм л юм.

Төв, зөв замыг сонгож төв, зөв бодлого хэрэгжүүлсэн улс аяараа дэвждэг. Чадвартай хүнийг хөгжлийн мөнхийн баялаг болгосон урт хугацааны ухаантай бодлого хэрэгжүүлсэн улс Азийн төдийгүй Дэлхий бар ч болж болдог юм.

Наад найр наадмаа багасгаж цаад ядуусаа цөөрүүл, хоолло. Энэ тань илүү утгатай.

Ц.Лувсандорж

2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

No comments:

Post a Comment