Тэр хоёрын ядаж нэгийг нь иймд заавал хийх ёстой
Манай улсын мөнхийн баялаг бол чадвартай хүн. Ийм хүнийг мэргэжлийн өндөр чадвартай багш, эмч хоёр л үнэндээ бүтээдэг юм.
Гэтэл багш, эмчийг ийм ядуу байдал хүртэл алсын хараатай хорон санаатай бодлогыг өнөөх 30, өнөөх 30 жилд хэрэгжүүлсэн. Алсын хараатай хорон санаатай бодлого.
Ингэснээр манай улс маань мөнхийн хөгжилгүй улс болох юм. Алсын хараатай, хорон санаатай харлаган үйл.
Үүнийг монголоо гэсэн хүн бүр зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Тийм ээ!
Ийм учраас эхлээд багш, эмч нарыг ядуурлаас гаргаж, тэднийг чадвартай монгол хүн бүтээх ажлаа мэргэжлийн чанартай хийдэг нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Монголын багш нарын нэгдэл ажиллаж байгаа юм. Нэгдэж байгаа юм. Тэмцэж байгаа юм.
Тэмцлийн уртад хоёр арга зам л харагдаж байна. Нэг нь хувьсгал хийх. Засгийн эрхийг авч зөв, төв бодлого хэрэгжүүлэх. Хоёр нь хувьсал хийх. Их хуралд ардчилсан сонгуулиар багш, эмч нарыг төлөөх, эрх ашгийг нь хамгаалах багш, эмчийн бүлэг бий болгох.
Өөрөөр тэмцээд ямар ч нэмэргүй. Яагаад?
Тэмцэл, шахалтын хамгийн дээд хэлбэр болох ажил хаялт хүртэл хуулин тавилттай жүжиг болсон юм, энэ улсад. Энэ жүжгийн оршил, өрнөл, төгсгөл нь эхлэхээсээ өмнө тодорхой байдаг. Ажил хаялт хийнэ гэж сүрчигнэнэ. Тэгээд хэвлэлийн бага хурлаар хийрхэнэ. Дараа нь ажил хаяж үнэ цэнээ нийгэм, төрд мэдрүүлэх гэж байтал хэлэлцээр хийнэ гэнэ. Тэгээд эргээд хэвийн байдалд оруулна. Энэ тавилаар ядуурсаар үлдэнэ. Цаг алдана. Улам ядуурна. Улс улам доройтоно. Яахав, хэдэн баатрууд төрнө.
Тэгэхээр дээрх хоёр замын аль нэгээр явж байж л манай улс мөнхийн баялаг болох чадвартай хүнээр хөгжих зөв, төв замдаа орно.
Багш, эмч нар нь ядуурч ажилладаг, ажилладаг ядуурдаг, харьд харлаж амьдралаа зохицуулдаг ийм завхрал, өнөөгийн энэ гунигт, хорлон, харлаган байдал, алсын хараатай, хорон санаатай бодлогоос бид дээр дурдсан хоёр замаас өөрөөр гарах боломж энэ улсын өнөөгийн хуулийн хүрээнд байхгүй юм. Гэхдээ бид монголын төлөө энэ гунигийн хар үүлийг харлаган манантай нь хамт заавал арилгах ёстой.
Үүний тул бид тэр хоёрын ядаж нэгийг нь заавал үйлдэх ёстой.
Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
No comments:
Post a Comment