Одоогийн залуусдаа ажлын байр олго
Нэгэн фейсбүүк анд маань одоогийн залуусыг ийнхүү дүрсэлжээ: "Одооны залуусыг цохивол үхнэ. Цочоовол татна. Үлээвэл хийснэ.Харин хэрэлдвэл хэзээ ч барахгүй". Энэ дүрслэлтэй би санал бараг нэг юм. Ингэж өмнө дүрсэлж байсангүй. Гоё дүрсэлж хэлжээ, хөөрхийсийг.
Тэд маань, хөөрхийс, дүр эсгэсэн ардчиллын золиосууд юм шүү дээ. Ийм учраас, нэг талаас, тэднийг их өрөвддөг юм. Тэд чинь дампуурсан боловсролын тогтолцооны золиос мөн. Тэд тань эвгүйрсэн эрүүл мэндийн үйлчилгээний золиос юм.
Тэд маань олигархи төрийн үйлчилгээний мөнгөний золиос мөн. Тэд маань алсын хараатай, хорон санаатай, холоос шидсэн харалган бодлогын төлөөс юм.
Тэдэнд маань хийх ажил алга, ариун цагаан хөдөлмөрөөрөө ариун амьдрах, явах зам алга. Гэхдээ яахав, нэг хэсэг авгай авмаар байх шиг. Эхнэр болмоор болох шиг. Бас нөгөө хэсэг нь хамтрагч болж үзэж ч байх шиг. Бас нэг хэсэг нь цүнх барьж шогшох. Үлдсэн хэсэг нь, хөөрхийс, харьд очиж хар хөлсний ажил хийх мөрөөдөлтэй явах. Зарим нь яахав вэ, хувийн компанид ажил хийсэн нэртэй, ямар ч хамгаалалтгүй зарц болж явах. Ийм л золиосууд шүү дээ, хөөрхийс, тэд маань.
Ийм учраас тэднийгээ бид өөд татаж ёстой юм. Эхлээд монгол хүний нэг цагийн ажлын хөлсийг цэнэтэй болгох, монголын хүний хөдөлмөрийг боолын биш харин хамгаалалтай болгох, мөлжлөгөөс салгах хэрэгтэй. Тэгээд ажлын байр бий болгоно. Ингэхэд өнөөгийн залуусын дээрх дүрслэл их өөр болно оо!
Цохивол авсаар хийсэхгүй.Яагаад? Олиггүйг, хямдыг биш харин олигтой, үнэтэй хоол идсэн байх тул тэнхээжсэн, тэвээршсэн байна.
Цочоовол авсаар татахгүй. Яагаад? Хамт олны хэсэг болж аль хэдийн цочоон гарсан байна.
Үлээвэл амсаар хийсэхгүй. Яагаад? Ажил амралтаа зохицуулсан сурсан байх юм. Фейсбүүкийн уяанаас аль хэдийн салчихсан байх юм.
Хэрэлдэх зав тэдэнд ерөөсөө байхгүй байх юм. Яагаад? Хөлсөөрөө олсон хөлснийхөө мөн чанарыг барьсан байна тул тэдэнд цаг минут хамгийн үнэтэй болсон байх юм.
Харахад эрүүл, ажихад ажил хэрэгч болно, тэд. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, биеэндээ жавхаатай болох юм. Яагаад? Өөрийн хүчийг мэдэрч түүнд итгэсэн байна.Найрнаасаа салчихсан. Нойрноосоо сэрчихсэн байх юм.
Алсын хараатай, хорон санаатай, үр аалзан бодлогын золиос болсон хөөрхий энэ хэдэн залуусаа хайрла. Гамна.
Тэр хайр, гамналт бол тэжээл биш, тэжээх биш, харин ажлын байр юм.
Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
No comments:
Post a Comment