Tuesday, August 28, 2018

Бүгд найрамдах Япон улс гэж бөмбөрцөгт үгүй


Бүгд найрамдах Япон улс гэж бөмбөрцөгт үгүй

Манай улсын нэг чухал салбарын нэг том сайд "Бүгд найрамдах Япон улс" гээд хэлчих вүү дээ. Хаантай Япон гэж дэлхийд бий. Хаангүй Япон улс одоохондоо бөмбөрцөг дээр үгүй.

Дэлхий дээрх 200 гаруй улсыг ерөнхийд нь хаант улс, хаангүй улс гэж хоёр хувааж болно.

Хаант улс гэдэг хаантай л гэсэн үг. Англи улс, Япон улс, Австрали улс, Канад, за, тэгээд, ерөнхийд нь хэлбэл, хувьслаар хаанаа халаагүй, харин халхавчлан үлдсэн улсууд үүнд багтдаг. Ийм улс их олон бий.Тийм улсын түүхэнд хувьсал өрнөсөн элбэг.

Хаангүй улс гэдэг хаангүй улсыг хэлнэ. Хаант улсад бол зөвхөн хаанд л байх бүх захирах, тушаах, удирдах, хууль тогтоох, шүүх, засаглах гэх зэрэг бүх эрх мэдлийг хаанд биш харин харц олонд, нийтэд (re+public) хуулиар эргүүлж өгсөн улсыг хаангүй буюу бүгд найрамдах улс гэдэг. Энэ цагийн Франц, Орос, Хятад, Монгол, Америк, за тэгээд, ер нь хувьсгалаар хаанаа цаашлуулж харцыг наашлуулсан улсууд үүнд бараг багтдаг. Ийм улс цөөнгүй бас бий. Тийм улсын түүхэнд хувьсгал ихэвчлэн бий.

Бүгд найрамдах Япон улс гэж одоохондоо лав л ярихгүй. Учир нь ийм улс байхгүй. Байлгаж яривал, Хаантай ардчилсан Япон улс (crowned democracy)-тай түүнийг хольж хутгасан нэгэн бүтэлгүй хэрэг болох биз ээ. Асуудал бас болох биз. Эсвэл, үгүй юу!

Бөмбөрцөгт Япон улс гэж бий. Харин бүгд найрамдах Япон улс одоохондоо үгүй.

Ц.Лувсандорж

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Saturday, August 25, 2018

Их сургуулиуд ичиг ичиг

Их сургуулиуд ичиг ичиг
Ардчилал бол оролцоо. Оролцоо бол ардчилал юм. Иймд монголд оролцоогоор ардчиллыг дүр эсгэсэн байдлаас салгана. МУИС-ийн оюутны төлбөр нэмснийг эсэргүүцсэн жагсаал муу зүйл биш харин иймд сайн үзэгдэл юм. Энэ улсад ядаж оюутан өөрсдийнхөө үйл хэрэгт оролцож сурах хэрэгтэй юм. Чадвал бас улс, нийгмийнхээ үйл хэрэгт оролцож байвал зохино. Найрнаас салж, нойрноос сэрж буй сайн эхлэл энэ юм.
Ер нь их сургууль төлбөрөө нэмэхээс илүүтэйгээр багш нараа л чадваржуул. Үйлчилгээгээ утгажууул, цэнэжүүл.
Ажилгүйчүүд бүү бэлтгэ. Дурын дундаж довжисний дүнд докторжуу юм болчихоод хуучин зүйл ярьж хуучин хүү болж зогсдог нь худал биш. Бодит.
Их сургуулиуд хичээлээ эхлээд үнэ цэнэтэй болгочих. ЭЕШ-ээр биш харин өөрсдөө элсэлтээ хийдэг болчих. Зүгээр байж байгаад мөнгө бүү хий. Муухай... Ингэх нь академи соёлын бүрдэл биш.
Дампуурсан их сургуулиа эхлээд өөд тат. Дараа нь тэр төлбөр тань аяараа л нэмэгдэнэ шүү дээ. Яагаад?
Хичээл тань дэмий зүйл биш болж, түүгээр зарж борлуулж болдог шинэ мэдлэг, чадвар, технологи, инноваци түгэж байдаг болно. Тэр үед ийм их сургуулиуд элсэлт гуйдаг биш харин элсэгч хүссэн мөнгийг тань тэврээд өөрсдөө хүрч ирдэг болно. Их сургуулийн хөгжлийн зам, жам нь ийм л юм. Харин элсэлт гуйж, төлбөр нэмэх биш шүү.
Манай их сургуулиуд өөрсдийн толгой дээрх түмэн бараанаа эхлээд хар. Тэгэхэд оюутнууд жагсахгүй, та нар элсэлт гуйхгүй болно. Ийм л юм.
Их сургуулиуд оюутны жагсаалаас ичихээсээ өмнө эхлээд өөрсдийнхөө хоцрогдлоос л их ич. Намчирхалаас ич. Довжих үзлээс ич. Академи соёлыг улиндаа гишгэж, тэр лүү нуламж байгаагаас ич. Шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологи биш харин дандаа хуучирсан, хуулбарласан, хулгайлсан зүйлээ хичээл болгон зарж ажилгүйчүүд бэлтгэж, ядуурлыг бий болгож байгаадаа бүр их ич.
Мананд дунд манарч ард болж ард хоцорч, элсэлт гуйж, төлбөр нэмдэг энэ цагийн манай их дээд сургуулиуд бүр ичиг, ичиг.
Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Wednesday, August 22, 2018

Багшийн хэрсүүжилт ба нэмэгдэл биш хасагдал


Багшийн хэрсүүжилт ба нэмэгдэл биш хасагдал

Мунхаг, мангарт амархан хууртагдахгүйгээр хэрсүүжсэн байна, багш нар. Иймд элдэв хувиар нийтээр нь эсвэл алагчилж нэмнэ гэж хийрхэж мангартуулах гэж оролдож байхын оронд "бүх хонь шар халзан биш" гэж сэтгэж сур.

МАН, АН-ын эрх баригчид нэг л зүйлийг ерөөсөө ойлгодоггүй юм шиг авирладаг юм (Үнэндээ бол тэд хорыг сайн ойлгодог, харин ашгийг нь сайн хардаг. Гороор нь капиталист зоолдог).192 мянган төрийн албан хаагчдын цалинг бүгдэд нь зарлаж байгаад чимх (0,0001 хувиар ч) -ээр ч нэмж болохгүй юм. Эдийн засгийн наад захын ойлголт шүү дээ.

Ингэж хийрхэж орилж байгаад нийтээр нэмэх гэдэг нь үнэндээ нэмэгдэл биш харин хасагдал байдаг. Ийм мангарлалаар, мунхаглалаар өнөөх 28 жилд багшийн цалин нэмэгдсэн гэж яригдсаар үнэндээ 10 дахин хасагдсан байдаг юм. Наад багш нар тань одоо энэ мэтэд амархан мангартахааргүй болтлоо тэмцэлд хэрсүүжсэн байна.

Зарлахгүйгээр багшийн цалингийн тусгай, шинэ сүлжээг бий болгох. Эмч ч бас адил. Сувилагч ч мөн ижил.  Сэтгэлгээгээ эхлээд өөрчил. Тэгвэл бодол, үйл тань зөв болно.

Ингэж нэмнэ гэж орилж байх зуурт тань талхны үнэ 30 -аас дээш хувь, бизнесийн үнэ түүгээр ч дутахааргүйгээр нэмэгдэнэ шүү дээ. Хорлол биз!

Тэгэхээр ийм мангартал, мунхаглалаар тань үнэндээ капиталист зоолон баяжаад харин хөдөлмөрийн хүн ядуурч хоосорч үлддэг юм.Нийтээр зарлаж байгаад чимхээр нэмэх нь тань хөдөлмөрийн хүнд ийм л хортой байдаг. Тийм ээ!

Төр барина, түмнийг удирдана гэдэг нэгийг баяжуулж нөгөөг хоосруулах гэсэн утга биш.

Ц.Лувсандорж

2018 оны 8 дугаар сарын 23-ний өдөр

Saturday, August 18, 2018

Цэрэг мэргэжлийн, төлбөртэй, цомхон байвал илүү ононо

Цэрэг, арми мэргэжлийн, төлбөртэй, цомхон байвал илүү ононо

Цэрэг гэдэг энэ зуунд өөр болсон. Цэрэг өндөр төлбөртэй нарийн мэргэжлийн ажил байх ёстой. Амь насаа алдах, амь нас алдуулах нарийн мэргэжлийн хүнд ажил бол цэрэг юм. Тэгэхээр цэрэг өмнө шиг захиргаадсан, сэтгэл хөдөлжсөн, хөөрсөн, хийрхсэн шинжтэй байх ёсгүй юм. Мэргэжлийн, төлбөртэй байх ёстой.

Сурах бол амаргүй ажил. Оюутан бол цэргээс дутуугүй хүнд, бас хэрэгтэй ажил хийж байгаа юм. Залуусын эрдэм номд шамдах цагийг тасдуулж, оюутан цэрэг хөтөлбөр гэсэн бас нэг шал дэмий, үр ашиггүй, хүний цаг, мөнгө барьсан зүйл хийхээ болих хэрэгтэй юм. Бас нэг завхрал юм. Цаг, нар, хөлс, мөнгө. 

Яг дайн болоход хүн цэрэг одоо тийм чухал биш. Манайд бол бүр утгаа алдана. Харин эрдэм номтой нь их хэрэгтэй юм. Ядаж drone угсарчихдаг байх хэрэгтэй юм. Робот цэрэг бүтээчихдэг байх нь хэрэгтэй.

Цэргийн тухай ойлголт ийм их өөр болж. Хүн цэрэг, хүн цэргийг тэжээх, тэтгэх гэхээсээ илүү робот цэргийн арми, дрони сүрэг бүтээчих ганц чадвартай хүн, оюутан нь илүү чухал болчихоод байна, цаана чинь.

Ийм учраас цэрэг гэдэг чадвартай, мэргэжилтэй, робот цэргийн коммандлагч, бүтээгч болж харагдана. Тэгэхээр цэрэг бол мэргэжлийн, бас төлбөртэй байлгүй яахав дээ.

Бас цэрэг гэж мунгинаж хайран цагаа яйран өнгөрөөж байх тэр хугацаанд тэр залуу хүн тэрбумантан болчих боломжтой болсон цаг шүү. Оюутан цэрэг гэдэг, ер нь мэргэжлийн бус цэрэг гэдэг ийм л үр ашиггүй зүйл гэсэн үг. Өндөр мэргэжлийн, өндөр төлбөртэй, цомхон цэрэг л ирээдүй нь юм, цэргийн. Ядаж гадаад улсын нарийн үйл ажиллагаанд ийм л хүнийг өндөр үнээр хөлсөж ажиллуулж байна, цаана чинь.

Хүн бүрт л чаддаг чаддаг зүйлээ хийх боломжийг хангах, амлах тэр нийгмийг ардчилсан, хүмүүнлэг гэж байгаа ухаантай юм л даа.

Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Энэ улсыг муухай хөтөлж буйн цаана...

Энэ улсыг муухай хөтөлж буйн цаана...
"Английн ЗГ-ын тэргvvн: "Чи ажлаа хийж чадахгvй байна, огцор. Ажил хийдэггvй хvмvvсийг дуртайяа авдаг нэг улс бий. Монголд очиж сайд хий" . Сомали улсын ерөнхийлөгч " Улсаа Монгол шиг дампууруулахгүй". Япон улсын нэгэн сонинд "Монгол улс өрөөрөө дэлхийг тэргүүлж эхэллээ. Энэ өр нь ДНБ-ээсээ 125 дахин их, 24 тэр бум долларт хүрчээ" гэж. Энэ мэтээрээ дурсаад бичвэл хайран цаг хайран цаас болно.... Энэ улсыг яаж ингэж муухай удирдаж байна аа.

Шалтгааныг мэдэх үү! Юу гээч! Өөрийнх нь хөлсөөр босоогүй, харин элдэвлэж авсан өмч нь уг нь өөрийнх биш" гэдгийг л мэдрээд түүнийгээ алдчих вий дээ гээд унтаж чадахгүйд л байдаг юм.....Төрд байвал түүнийгээ хамгаалах боломжтой гэээд мунгинаж явах, тэд. Тэгэхээр МАНАН улс удирдах биш харин элдэвлэсэн өмчөө хамгаалах гээд сууж байгаа юм.
Монголын төр бол манай ардын түмний хамгийн үнэ цэнэт өмч юм. Гэтэл манаруулсан хэдхээн этгээд түүнийг маань өмчилж байх, эдэлж байх, буруугаар ашиглаж байх.... Боловсролыг унагаж, түмнийг улам тэнэг болгох бодлого хэрэгжүүлж байна. Энэ мэдээж тэдний бас нэг анхаарах ёстой ажил юм. Учир нь ийм юм.

Ардчилал сэхээрсэн түмэнтэй болоход тэр цагт амь ордог, зөв болдог. Төрөөр элдэвлэсэн өмчөө амь тавьчих шахан хамгаалж ирсэн нөгөө манарсан этгээдүүд маань иймээс монгол түмэн сэхээрчих вий дээ гэхээс л унтаж чадахгүй болтлоо их айдаг юм. Сэхээрүүлэхгүй,харин саатуулж байх нэгэн сонгодог арга олсон байх тэд. Тэр нь энэ юм.
"Ардыг улам хошин шогтуулж, найрлуулж, наадамжуулна. Архидуулна. Ажилгүйдүүлнэ. Зарц болгоно. Дуулуулна, барилдуулна. Уралдуулна. Тэгээд тэднээс нь сонгож утга учиргүйгээр шалгаруулж шагнаад байх"

Энэ улсыг тэд мөн айхтар хорон удирдаж байгаа биз, тэгэхээр. Айхтар муухай хөтөлж байгаа биз, ингэхээр.

Тэр өмч тань хуучирч илэгдэнэ, одно. Хоёр хөлт хөөрхөн толгойтон ч бас л зуу хол гарахгүй дээ, одно, одно оо. Тэр цагт шал дэмий зүйлийн төлөө муухай үйл хийж олдсон сайхан боломжийг маш муухай буруугаар ашиглаж манаруулж манарч явсандаа их харуусна даа, тэд. Үнэн ийм л юм.

Ард хоцорсон тэр ард түмэн яах вэ, тэгэсхийгээд цагийн аясаар шагналуулж шогтуулж байгаагаа, наадамжин найрлан хохирч золиос болж яваагаа нэг цагт сэрж ухаарна. Найрнаасаа сална, нойрноосоо сэрнэ. Хайран цаг,хайран төрлөө мананд өртснөөс болж яйран өнгөрөөснөө нэг хэсэг эргэцүүлж бас урсгана. Ингэх нь бас үнэн юм.

Энэ улсыг дэлхийн доог болтол ингэж муухай удирдахын цаана нь ийм л юм.

Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Оролцвол олно, зүтгэвэл ялна


Оролцвол олно, зүтгэвэл ялна

Багш нар бид багш мэргэжлээ шавраас татаж гаргах, боловсролоо дампуурлаас салгах, монголоо хүний чадвар төвт хөгжлийн төв, зөв замд хүргэх их үйлсийг өрнүүлж оролцоогоороо түүх бичилцэж яваа юм.

Багш нар өнгөрсөн жил энэ үйлсэд идэвхитэй оролцсон. Энэ жил үүнээс ч дутахааргүйгээр оролцвол их зохино. Оролцоо бол ардчилал. Ардчилал бол хүч. Оролцвол иймд хүссэнээ л олно.Хүчээр л ялна.

Хөрөнгөжсөн нийгэмд хөдөлмөрийн хүн багш бидний зардаг ганц бүтээгдэхүүн бол нэг цагийн хөдөлмөр юм. Энэ хөдөлмөр өндөр өртөгтэй, үнэ цэнэтэй нарийн мэргэжлийн ажил мөн.

Өнгөрсөн 28 жилд багш нар бид энэ ганц бүтээгдэхүүнээ зах зээлийн харилцаанд шилжүүлэн уялдуулж бодитой өртөгжүүлж, цэнэлүүлж чадаагүй юм. Энэ нь бидний алдаа мөн. Энэ алдаа тэдэнд том олз, харин улсад их гарз болсон нь үнэн юм.

Бодит өртөгөөр л бодит ажил хийгдэнэ. Багшлах ажил бодитой өртөгжих ёстой. Өнгөрсөн 28 жилд багш нарын цалин нэмэгдээгүй ээ! Харин 10 дахин буурсан юм. Баримт бий. Талхаар жиш. Хурганы ханшаар харьцуул. Ийм учраас багшийн цалинг дор хаяж 10 дахин өсгөх ёстой. Энэ нь өсөлт биш харин түүнийг хэвийн байдалд нь хүргэж байгаа л хэрэг. Өсөлт биш энэ ихсэлтийг багшийн цалингийн тусгай сүлжээг бий болгох замаар л шийднэ. Өөр гарц үгүй (192 мянган төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулан хэдэн зуун хувиар нэмлээ ч нэмэргүй ээ. Хэлэлцээд ч үргүй. Цалин тань цэнээрээ, бодитойгоор ингэхэд өсгөдөггүй. Харин буурна, ядуурна, ядарна).

Багшийн цалингийн тусгай сүлжээ, ангиллыг бий болгож байж л багшийн цалин наантаж 1, 6 сая болно. Цаашлаад дэлхийн жишигт хүрч 3 мянган долларт хүрнэ. Тэр цагт, хамгийн чухал нь, манай улс хүний чадварт тулгуурласан хөгжлийн зөв, төв замд эргэлт буцалтгүй орсон байна. Үүнд л багш бидний энэ тэмцлийн үнэн үнэ цэнэ нь байгаа юм.

Багшийн ажил бодитой үнэн өртөгжсөн улсад боловсрол чанаржиж, мэргэжил нарийнжина. Ингэж чадснаар манай улс өрөөлийн бараа, үйлчилгээг хүргэн монгол монголоо мөлжин суудаг зарц улс, золиос хэрэглэгч биш харин шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийг бүтээгч улс болсон байх юм. Үүний л төлөө хүн бүр өрсөлддөг, шударгаар тэмцэлддэг болсон байна. Оюуны өмч, шинэ санаа хог биш харин том хаусаас ч, хурдан мориноос ч, төрийн албан тушаалаас ч хэдэн зуун дахин цэнэтэй, үнэтэй болсон байх юм. Шударга ёс хийрхэл биш мэдээж, үнэ цэнэ болсон байна. Нийгэм тун ухаажсан байх юм. Хийрхэх бус харин хийдэг л болсон байна.

Үр дүнд нь мэдлэг суурилсан эдийн засаг, инноваци түшсэн бизнес, технологиор зэвсэглэсэн үйлдвэрлэл, дрон (drone)-суурилсан батлан хамгаалал бий болсон байх юм. Залуус өөртөө тун их итгэлтэй болсон байна. Монгол хүн урвайсан ууртай өнөөгийн айхтар халтар дүрээсээ салж харин нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, баяр хөөртэй, инээмсэглэж чаддаг нэгэн болсон байх юм. Хамгийн гол нь тэд эх орондоо эзэн болсон байна. Муу, муухай биш харин сайн, сайхан нь дандаа ялдаг болсон байна, тэр нь мөн удирддаг, хөтөлдөг болсон байх юм. Нийгэм зөв, төв болсон байна. Алтан харьцаатай алтан болсон байна.

Ийм улсыг л хөгжсөн улс гэдэг. Энэ хөгжил нь эцэстээ баялгийг бүтээдэг баялаг болох хүний чадварт нь суурилна. Бас мэдлэгжсэн сонгогчдын ухаажсан шийдэлд түшиглэнэ. Ийм улсад ардчилал үнэт зүйл болж цэнэлэгдэнэ. Шийдвэр нь ухаажина. Ардчилал үнэн амилна. Тэр хүч орно.

Багш нарын энэ тэмцэл иймд эцэстээ монголд тийм л хөгжлийг авчрахын төлөө, бас ардчиллыг хуурмаг байдлаас салгаж үнэнжүүлэхийн төлөө юм.

Ийм чухал үйлсийн төлөө багш нар эр зориг, идэвхи гаргаж өнгөрсөн жилд оролцсон шигээ энэ жилд бас оролц. Ирэх жилүүд мөн л оролц.

Багш бид нар оролцоогоороо л нартад ганцхан нандин энэ мэргэжлээ нарийн болгож цэнэлүүлнэ, нэг цагийн хөдөлмөрөө бодитой цэнүүлж үнэлүүлнэ, улсаа хүний чадварт тулгуурласан том хөгжилд хөтөлнө, ардчиллыг үнэнжүүлж амилуулна. Иймд багш бүр л идэвхтэй байж, энд тэнд ч,түвшин, түвшиндээ ч сайн оролц.Их оролц. Их өндөлз.

Оролцвол олно оо! Зүтгэвэл ялна аа!

Ц.Лувсандорж

2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

https://www.facebook.com/ETV.HDTV/videos/2600453733426849/UzpfSTIwOTE4MDk0NDc2MjQ2MTY6Vks6MjYwMDQ1MzczMzQyNjg0OQ/

Saturday, August 11, 2018

Хүн бүр баян монгол, монгол баян бай

Хүн бүр баян монгол, монгол баян бай

Бидний газар дээрх, газар доорх, газар, хуримтлуулсан улсын гэх мөнгө бүгд хулгайлагдсан учраас л багш нар ажиллаж ядуураад, ядуурч ажиллаад байгаа юм. Хөдөлмөрөөрөө, хөлсөөрөө амьдарч буй монгол хүн иймд ийм ядуу байгаа юм.

Тэр хулгайг зогсоогоод, хариуцлага тооцоод эхлэхэд баян монгол баянаар үлдэнэ. Баян монголд багш баян цалин авна. Монгол хүн мангуу монгол, боол монгол биш харин эх орондоо ч, энэ дэлхийд ч монгол баян, баян монгол байж оршино. Үүнд итгэ. Бас мэдэр. Эдлэ.

Хүн бүр баян монгол, монгол баян бай.Үүний тулд хулгайг л хамтдаа зогсоох ёстой. Хамгийн цэнэтэй өмч болох төр өмчийг зөв эдлэх хэрэгтэй юм.Хүчийг нь мэдрэх хэрэгтэй.

Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Ажлын үнэлгээг арав дахин өсгө

Ажлын үнэлгээг арав дахин өсгө

Багшийн цалин арван дахин буурсан тул түүнийг 10 дахин өсгөж байж л шударга ёс ярина.
Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг ядаж социализмын түвшинд нь байлгах ёстой.
 Үүнийг багшаар жишиж хэлбэл, түүний одоогийн цалинг 10 дахин нэм л гэсэн үг. Энэ нь багшийн цалин өнгөрсөн 28 жилд ерөөсөө нэмэгдээгүй харин 10 дахин багассан л гэсэн үг.
Итгэж чадахгүй байгаа бол талхаар жишиж бод. 1,20 мөнгөний талх одоо 1200 төгрөг болчихсон байна. 65 төлөг одоо 6 сая 500 мянган төгрөг болчихсон байна. Багшийн дундаж цалин 200 $ хүрэхгүй буюу үсэргэж хэлбэл, 650 мянга байгааг санавал түүний цалин 10 дахин буурсан байна.

Үүний хэрээр боловсролын чанар 10 дахин буурсан юм. Түүний хэрээр амьдралын чанар хулгайгаар бус харин хөлсөөр амьдарч яваа хүмүүс, багшийн хувьд 10 дахин буурсан, ядуурсан байна. Тэд 28 жил яг боол шиг хөдөлмөрийн мөлжлөгт нэрвэгдэн ядуурч ажиллаж, ажиллаж ядуурсан байна. Энэ ядуурлын хэмжээ 10 дахин өссөн байгаа юм.

Иймд монгол хүний нэг цагийн ажлын хөлсний үнэлгээг дор хаяж 10 дахин өсгөх хэрэгтэй юм. Ингэж байж л шударга ёс ярина шүү. Тэгэж байж л хүмүүнлэг, ардчилсан нийгэм гэж хийрхэлдэнэ шүү. Учир нь ийм нийгэм тань хөдөлмөрийн мөлжлөггүй, хөдөлмөрийн боолгүй, хөдөлмөрийн хулгайгүй байдаг. Тэнд өмч зөвхөн хөлсөөр л, хөдөлмөрөөр босдог юм, хулгайгаар биш. Тийм учраас шударга гэсэн тэнд их үг хэрэглэдэг. Их зохидог юм.

Хөлсөө урсгаж, ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч яваа хөдөлмөрчдийн үндсэн бараа, зардаг үндсэн үйлчилгээ нь болох ажлын нэг цагийн хөлсний үнэлгээг энд иймд 10 дахин өсгө. Энэ нь энэ улсын шударга ёсны эх ундарга болно. Тэр нь хөлсөөр амьдарч, хөдөлмөрөөр баяжихын эх үүд болно, За.

Ц.Лувсандорж

2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Tuesday, August 7, 2018

"Homeless man" болох хол биш

"Homeless man" болох тань  хол биш

"Homeless man" болоход тийм ч хол биш. Ажилгүй, орлогогүй байгаад, хүн бүр амиа боддог тэр нийгэмд ажилгүй нь зарчмын хувьд аль хэдийн гэр оронгүй хүн болчихдог байдаг юм. Ийм л учраас "Homeless man" болох бол тун амархан байдаг.

Монголд гэр оронгүйчүүд сүрэглэж л байна. 3 саяхан хүнтэй, нэг хүнд оногдох байгалийн баялагаараа дэлхийд наймд жагсддаг баян орон бол Монгол улс юм. Хүний оюун, сэтгэлгээний хувьд тэд бас л дөнгүүрт тооцогддог гэдэг. Их түүхтэй ийм нэгэн аугаа боломжтой энэ улс одоо арчаагүй, өрөнд баригдсан улсын тоонд орсон байх. Энэ цагийн монголчууд ийм л дорой болчихоод байгаа юм. 

Үүний шалтгаан нь их энгийн. Товчхондоо хэлбэл, эрх баригчдад улс орноо энэ хугацаанд удирдаж чадаагүй юм. Харин өөрсдийгөө бол овоо болгосон. Бодит байдал ийм л юм.

Гэр оронтой байгаа тань гэр оронтой гэсэн үг үнэндээ биш л дээ. Харин ажилтай байгаа тань оромжтой байгаа гэсний нэгэн баталгаа бол мөн.

Монголын залуучууд ээж ааваасаа гэр биш харин улс орноосоо ажлын байр нэхэх, бас ажлын байрыг өөрсдөө бүтээж сурах хэрэгтэй юм. Түүний тулд эрх баригчдад хатуу шаардлагыг байнга тавьж байх хэрэгтэй. Та нарыг тэд найрлуулаад байгаа биз. Наадуулаад байгаа биз. Нойрсуулаад байгаа биз, тэд.

Гэр оронгүй болох нь тун амархан гэдгийг ухаарч авсан бол одооноос найрнаасаа сал, нойрноосоо сэрээд, зөвхөн ажлын байрыг бүтээ. Үүнийг бүтээх таатай орчинг бий болгохыг нөгөөдүүлээсээ байнга шаард. Төр муу менежер гэдэгт нь бүү итгэ. Тэд өөрсдөө тэр муу луу зүтгээд байгаа биз.

Төр сайн менежер байх ёстой. Төр ард түмнээ хамгаалж байх үүрэгтэй. Төр бол түмний үнэт ганц үнэт зүйл, чухал өмч нь юм. Энэ өмчөөсөө хүн бүр хүртэх ёстой юм. Төрийн хүнээ хамгаалах, гамнах хамгаалалтын бодит хэлбэр нь ажлын байр юм. Ажлаар олох орлого л юм. Найранд нь бүү оч, харин ажлын байрыг бүтээхийг тэднээс шаард.

Ажилгүй бол орлогогүй. Орлогогүй бол гэр тань нь удахгүй гэр тань биш болно. "Homeless man" болно гэдгээ л санаж бай.

Үүнийг гэртээ, эсвэл бусдаар элдвээр тэжээлгээд байж байгаа хүн бүр санаж байх хэрэгтэй. Хэзээ ч "homeless" болох эрсдэл дунд байгаагаа бодож бай.

Гэр оронгүй буюу Homeless man болох тань тийм ч их хол биш гэдгийг байнга санаж бай.

Ц.Лувсандорж

2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр