Saturday, August 18, 2018

Оролцвол олно, зүтгэвэл ялна


Оролцвол олно, зүтгэвэл ялна

Багш нар бид багш мэргэжлээ шавраас татаж гаргах, боловсролоо дампуурлаас салгах, монголоо хүний чадвар төвт хөгжлийн төв, зөв замд хүргэх их үйлсийг өрнүүлж оролцоогоороо түүх бичилцэж яваа юм.

Багш нар өнгөрсөн жил энэ үйлсэд идэвхитэй оролцсон. Энэ жил үүнээс ч дутахааргүйгээр оролцвол их зохино. Оролцоо бол ардчилал. Ардчилал бол хүч. Оролцвол иймд хүссэнээ л олно.Хүчээр л ялна.

Хөрөнгөжсөн нийгэмд хөдөлмөрийн хүн багш бидний зардаг ганц бүтээгдэхүүн бол нэг цагийн хөдөлмөр юм. Энэ хөдөлмөр өндөр өртөгтэй, үнэ цэнэтэй нарийн мэргэжлийн ажил мөн.

Өнгөрсөн 28 жилд багш нар бид энэ ганц бүтээгдэхүүнээ зах зээлийн харилцаанд шилжүүлэн уялдуулж бодитой өртөгжүүлж, цэнэлүүлж чадаагүй юм. Энэ нь бидний алдаа мөн. Энэ алдаа тэдэнд том олз, харин улсад их гарз болсон нь үнэн юм.

Бодит өртөгөөр л бодит ажил хийгдэнэ. Багшлах ажил бодитой өртөгжих ёстой. Өнгөрсөн 28 жилд багш нарын цалин нэмэгдээгүй ээ! Харин 10 дахин буурсан юм. Баримт бий. Талхаар жиш. Хурганы ханшаар харьцуул. Ийм учраас багшийн цалинг дор хаяж 10 дахин өсгөх ёстой. Энэ нь өсөлт биш харин түүнийг хэвийн байдалд нь хүргэж байгаа л хэрэг. Өсөлт биш энэ ихсэлтийг багшийн цалингийн тусгай сүлжээг бий болгох замаар л шийднэ. Өөр гарц үгүй (192 мянган төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулан хэдэн зуун хувиар нэмлээ ч нэмэргүй ээ. Хэлэлцээд ч үргүй. Цалин тань цэнээрээ, бодитойгоор ингэхэд өсгөдөггүй. Харин буурна, ядуурна, ядарна).

Багшийн цалингийн тусгай сүлжээ, ангиллыг бий болгож байж л багшийн цалин наантаж 1, 6 сая болно. Цаашлаад дэлхийн жишигт хүрч 3 мянган долларт хүрнэ. Тэр цагт, хамгийн чухал нь, манай улс хүний чадварт тулгуурласан хөгжлийн зөв, төв замд эргэлт буцалтгүй орсон байна. Үүнд л багш бидний энэ тэмцлийн үнэн үнэ цэнэ нь байгаа юм.

Багшийн ажил бодитой үнэн өртөгжсөн улсад боловсрол чанаржиж, мэргэжил нарийнжина. Ингэж чадснаар манай улс өрөөлийн бараа, үйлчилгээг хүргэн монгол монголоо мөлжин суудаг зарц улс, золиос хэрэглэгч биш харин шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийг бүтээгч улс болсон байх юм. Үүний л төлөө хүн бүр өрсөлддөг, шударгаар тэмцэлддэг болсон байна. Оюуны өмч, шинэ санаа хог биш харин том хаусаас ч, хурдан мориноос ч, төрийн албан тушаалаас ч хэдэн зуун дахин цэнэтэй, үнэтэй болсон байх юм. Шударга ёс хийрхэл биш мэдээж, үнэ цэнэ болсон байна. Нийгэм тун ухаажсан байх юм. Хийрхэх бус харин хийдэг л болсон байна.

Үр дүнд нь мэдлэг суурилсан эдийн засаг, инноваци түшсэн бизнес, технологиор зэвсэглэсэн үйлдвэрлэл, дрон (drone)-суурилсан батлан хамгаалал бий болсон байх юм. Залуус өөртөө тун их итгэлтэй болсон байна. Монгол хүн урвайсан ууртай өнөөгийн айхтар халтар дүрээсээ салж харин нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, баяр хөөртэй, инээмсэглэж чаддаг нэгэн болсон байх юм. Хамгийн гол нь тэд эх орондоо эзэн болсон байна. Муу, муухай биш харин сайн, сайхан нь дандаа ялдаг болсон байна, тэр нь мөн удирддаг, хөтөлдөг болсон байх юм. Нийгэм зөв, төв болсон байна. Алтан харьцаатай алтан болсон байна.

Ийм улсыг л хөгжсөн улс гэдэг. Энэ хөгжил нь эцэстээ баялгийг бүтээдэг баялаг болох хүний чадварт нь суурилна. Бас мэдлэгжсэн сонгогчдын ухаажсан шийдэлд түшиглэнэ. Ийм улсад ардчилал үнэт зүйл болж цэнэлэгдэнэ. Шийдвэр нь ухаажина. Ардчилал үнэн амилна. Тэр хүч орно.

Багш нарын энэ тэмцэл иймд эцэстээ монголд тийм л хөгжлийг авчрахын төлөө, бас ардчиллыг хуурмаг байдлаас салгаж үнэнжүүлэхийн төлөө юм.

Ийм чухал үйлсийн төлөө багш нар эр зориг, идэвхи гаргаж өнгөрсөн жилд оролцсон шигээ энэ жилд бас оролц. Ирэх жилүүд мөн л оролц.

Багш бид нар оролцоогоороо л нартад ганцхан нандин энэ мэргэжлээ нарийн болгож цэнэлүүлнэ, нэг цагийн хөдөлмөрөө бодитой цэнүүлж үнэлүүлнэ, улсаа хүний чадварт тулгуурласан том хөгжилд хөтөлнө, ардчиллыг үнэнжүүлж амилуулна. Иймд багш бүр л идэвхтэй байж, энд тэнд ч,түвшин, түвшиндээ ч сайн оролц.Их оролц. Их өндөлз.

Оролцвол олно оо! Зүтгэвэл ялна аа!

Ц.Лувсандорж

2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

https://www.facebook.com/ETV.HDTV/videos/2600453733426849/UzpfSTIwOTE4MDk0NDc2MjQ2MTY6Vks6MjYwMDQ1MzczMzQyNjg0OQ/

No comments:

Post a Comment