Tuesday, December 31, 2019

ЗЭЭЛ ТЭГЛЭГДДЭГГҮЙ, ХАРИН ТӨЛӨГДДӨГ


ЗЭЭЛ ТЭГЛЭГДДЭГГҮЙ, ХАРИН ТӨЛӨГДДӨГ
Зээлийг төлж салдаг. Харин тэглүүлж, чөлөөлүүлж хэзээ ч салахгүй. Зээл чөлөөлсөн аливаа шийдвэр иймд цэцэн биш, энэрэл ч биш харин муухай хорлол, мангуу бодол, сэтгэлгээний үр хөрвөл байдаг.
Зээл чөлөөлдөг мангуу үйл гэвч манай нийгмийн сүүлийн 30 жилд бүр хар технологи болтлоо гаарсан. Зээл авахдаа тэглүүлнэ, чөлөөлүүлнэ гэж авдаг болтлоо хар үйл, хулгайн үйл болов. Зээл чөлөөлнө гэж хар улс төр хийдэг улс төрийн хар соёл болтлоо солиорол болов.
Монгол улсын 70 жил хуримтлуулсан мөнгийг хуваахын эрх зүйн үндсэн нь болсон нөгөө алдарт 20 тогтоолын өмнө, одоогийн нөгөө айхтар ЖДҮ-г социалист хэв маягаар биш харин жинхэнээс нь капиталист байдлаар хөгжүүлнэ гэж одоогийн МАН, АН-ын голынхон голдуу хэсэгт баахан зээл өгсөн, тэд баахан зээл авсан юм. Үүний дараа алдарт 20 тогтоол “мөнгө, барааны үнэ цэнэ энэ тогтоол гарсан мөчөөс л 2 дахин өсөхөөр, үүнээс өмнөх зээл хэвээрээ төлөгдөнө” гэсэн хулгайн гэмээр утга агуулга бүхий алдарт заалттайгаа гарав. 100 төгрөгийн зээл авсан хүн энэ тогтоолын дараа 200 төгрөгтэй болж харин зээл хэвээрээ төлөгдөх тул зээлтэн 100 төгрөгийг зээлдээ өгч 100 төгрөгтэй үлдэж байх. Юу хийсэн гэж ийм мөнгөтэй болж байна аа!
Үүгээр зээл чөлөөлөхийн муухай үлгэр түүх тэгээд дуусдаггүй. Бүүр айхтар болж өрнөдөг.Энэ тогтоолоос өмнө зээл авсан нөгөө одоогийн элитүүд гэгдэх тэр цагийн зальтан зээлтнүүдийн зээл “найдваргүй” зээл гэсэн ангилалд орж, найдваргүй зээлийг зээлээс чөлөөлөх шийдвэр гаргав. Нэг тэрбум төгрөгийн зээл авсан хүн мэдээж найдваргүй зээлтэн болох тул тэр цагаас тэр хүн тэрбумтан болсон байх. Энэ одоо юу хийсний төлөө вэ? Энэ одоо энэ улсын тэрбумтны зам уу?
МАН, АН голынхны голдуу хүүхдүүд сургалтын төрийн сангийн зээлд номоор нь бус намаар л ганц утас цохиулаад л хамрагдаж, зээлээр дэлхийн том гэгдэх сургуулийг сонгож сурдаг болов. Үүний зэрэгцээ борчуудын хүүхэд бор зүрхээрээ бор сургуульд сургалтын төлбөрөө өөрөөрөө хийж, төлж сурч байх. Гэтэл юу болдог гээч!
Нэг өглөө сургалтын зээлийг чөлөөлнө гэж шийдвэр гарч, тэгээд л нөгөө л зээлтнүүдийг зээлээс чөлөөлнө. Тэд эээлгүй болчихсон. Гэтэл сургалтын төлбөрөө өөрөө төлж сурсан нь өрөө төлсөөр явах. Энэ одоо энэ улсын шударга ёс уу, тэгш байдал уу?
Шинэ жилийн сайхан мэдээ гээд "тэтгэврийн зээлийг чөлөөлнө" гэв. Үүнийг үндэсний аюулгүй зөвлөлөөр шийдсэн гэх. Тэтгэврийн зээлийг чөлөөлөх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байхаар айхтар асуудал болж байна гэж үү! Үгүй байх. Тэтгэврийн зээлийг тэглэх нь, чөлөөлөх нь харин үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц сөрөг үр дагаврыг авчирч мэдэх биз. Яагаад!
Манай улс тань бодлогоор хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үндсэн хуультай улс. Ахмадуудыг тэтгэврийн зээлтэй, зээлгүй гэж ялгасан бодлого явуулж үл болох тул одоо зээлгүй тэтгэврийн настанд зээлтэй тэтгэврийн настны зээлийг чөлөөлсөн хэмжээний мөнгийг түүнд төлөх ёстой болно. Зээлгүй тэтгэвэртэнг зээлтэй тэтгэвэртнээс ялгаварлан гадуурхаж үл болно. Тийм ээ!
Гэтэл бас иргэнээ тэтгэврийн настан (ахмад), тэтгэвэргүй настан (залуус) гэж насаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тул тэтгэвэрт биш байгаа залуусын зээлийг бас чөлөөлөх хэрэгтэй болно. Ер нь огт орлогогүй залуусыг монгол улсын иргэнийх нь хувьд орлоготой, амьдралтай тэтгэврийнхнээс онцгойлсон бодлого явуулах нь уг нь ухаалаг нийгмийн ухаалаг шинж байдаг. Үндэсний аюулгүй байдлын асуудал л уг нь мөн. Тэгээд ч зээлийг одоо тэтгэвэр, тэтгэврийн гэхгүйгээр чөлөөлөх нь үндсэн хуулийн утга санаанд нийцсэн хэрэг болно. Ингэхгүй бол энэ улсын нийгмийн бүлгүүд үндсэн хуулиа урдаа бариад босоод ирж мэдэхээр болов оо!
Тэтгэврийн зээлийг чөлөөлсөн энэ шийдвэр тэгэхээр нийгмийн бусад бүх бүлгийн зээлийг чөлөөлөх шийдвэрийг удахгүй гаргахын угтвар болж байна. Монголчууд бидний ганц үнэт зүйл болсон үндсэн хуулиар ёсоор ийм биз!
Энэ нь эдийн засгийн хувьд энэ улсад хортой бус уу! Энэ шийдвэр энэ улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйцаар болсон биш үү!
Энэ мэтээр харвал зээлийг тэглэнэ, чөлөөлнө гэдэг буруу бодлого юм. Мангуу сэтгэлгээний үр мөн. Ийм учраас зээлийг чөлөөлөх нь улс нийгмийн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний хортой. Хувь хүнд ч үйлийн өрөнд үеэрээ баригдахын үр хөрвөлийг бий болгодог хорлонтой хорон үйл юм. Учир нь их энгийн.
Зээл тэглэгддэггүй. Харин төлөгддөг.
Ц.Лувсандорж
2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр

Thursday, December 26, 2019

Олон шашин нэг өдөр

Олон шашин нэг өдөр


Шашин бүрийн өдрийг амралт болгон тэмдэглэхэд нэг жилийн өдөр хүрэлцэхгүй. Тэгэхээр нэг өдрийг хэд хэдэн шашины өдөр болгон хуульчилах хэрэгтэй болох нь.

Бид тань итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн үндсэн хуультай улс шүү дээ. Тэгэхээр нэг өдөр хэд хэдэн шашины өдрийг яаж тэмдэглэхээ их л ажил болгон яриад л, амраад л хэвтэж байх нь л дээ.

Бас л тасарчихсан тасархай сэтгэлгээтэй, тасарчихсан ийм хуультай улс шүү дээ, бид тань.
Юу байна дээ гэсэн асуултанд одоо "юмгүй дээ, шашины өдрөө л тэмдэглэж сууж байна" гээд л согтуу явж байх нь л дээ.

Ийм дүр зургийг тийм хууль бий болгож өгөв.

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Wednesday, December 25, 2019

"Бушуухан мөнгө төлчих, хурдан хэвлээд өгье"

"Бушуухан мөнгө төлчих, хурдан хэвлээд өгье"

Судалгааны хуурамч сэтгүүл, түүний ажиллах арга барилтай холбоотой нэг болсон явдлыг сийрүүлж үлдээмээр санагдав. Энэ нь манай улсад болсон бодит явдал харин биш юм.

Өнөө цагийн нөлөөллийн хүчин зүйл (Impасt factor) бүхий сэтгүүлийн уг чанарыг илрүүлэх зорилгоор нэг их сургуулийн багш оюутны курс, дипломын ажлаас баахан мэдээлэл цуглуулж түүнийгээ судалгааны өгүүллийн хэлбэр оруулж хэдэн хэдэн тийм сэтгүүлд явуулжээ. Гэтэл юу болсон гээч!

Ихэнхээс нь "Маш сайн өгүүлэл байна. Хэвлэе. Мөнгөө төлчих, тэгвэл хэвлэл, үйл явцыг эхлүүлэхэд бэлэн" гэсэн хариу авсан гэдэг. Бас л утгыг нь алдагдуулсан байгаа биз, энэ цагийхан.

Үүний дагаад ишлэлийн сүлжээ дэлхийгээр хэрж, сэтгүүл олширч, баг багын танилаар дүүрч байх.

Мөнгө хүүлэлтийн ийм даяар нэгэн хэлбэрт манай хөөрхий их сургуулиуд эхэнд нь гүйж очиж өртдөг. Тэд бушуухан мөнгө төлж хэвлүүлчихээд төлсөн мөнгөө хөөрхий оюутны төлбөрөөс гаргуулдаг. Ийм бантан холион бодлого явуулж байх нь манайд харин элбэг элбэг. Үүгээрээ л манайхан бусад улсынхаасаа ялгарч байх. Илүү их мунгинаж байгаагаараа илүү ялгарч байгаа гэх үү дээ.

Бидний энэ илүү мунгинааны ард нөгөө л цаас үйлдвэрлэдэг, шагналуулах, шагнах донгоос үйлдэлтэй сэтгэлгээний ядуурал нуугдаж байдаг юм.

Тэгэхээр олигтой судалгаа хийж, олигтой газар хэвлүүлнэ гэдэг одоо хэцүү болжээ. Энэ байдлыг дэвэргэхэд зөвхөн хөөрхий муу нэртэй монгол минь муугаараа эхлээд, жишээлэгдээд, цоллуулаад байгаа болохоос угтаа дэлхийгээрээ л дэндүүлж байгаа хэрэг л дээ.

Үнэн бодит судалгаа хийж шинэ мэдлэг, шинэ үр дүнг бүтээн хүн төрөлхтний танин мэдэхүйд шинэ хувь нэмэр оруулсан ажлыг хэвлэн нийтэлж, зохиогчийг нь урамшуулж байх нь уг нь сэтгүүлийн гол утга учир байдаг юм. Гэвч утгатай ийм цаг үе аль хэдийн түүх болон үлдэж.

Харин " Бушуухан мөнгө өгчих, хурдан хэвлээд өгье" гэдэг л болж...

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Monday, December 23, 2019

Хүн аймшигт араатан ...

Хүн аймшигт араатан ...


Хүн бол аймшигт араатан шүү... Түүхээс л ингэж харагддаг. Аймшигт.

Ийм учраас хүн тааламжгүй сөрөг байдалд өөрийгөө л их хянаж байх ёстой. Түүнээс хурдан холдож байх хэрэгтэй.

Аймшигт араатан байх нь хүний уг чанарт байдаггүй юм аа гэхэд удаан хугацаанд хуримтлуулсан оршихын төлөөх тэмцлийн урт санамжинд нь араатан шинж нуугдаж байдаг.

Тэгэхээр хүн өөрийгөө л их шинжиж байх ёстой. Аймшигтай араатан болж мэдэхэд хөтлөх тэр мэдээлэл, санамжийг өөрөөсөө устгахын төлөө өдөр бүр л өөрөөсөө айж байх ёстой. Өөртэйгээ ажиллах ёстой юм.

Мэдээж, өрөөлөөс, тэр тусмааа хүнээс бүр ч их болгоомжилж байх ёстой юм.

Хүн бол хамгийн аймшигт араатан. Энэ номыг олж үзэх хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Уугуулийг хэвтүүлэх суугуул ухаан


Уугуулийг хэвтүүлэх суугуул ухаан

Өнөө цагийн монголчууд бид дараах дөрвөн зүйлд хэтэрхий дурлаж, их шунаж уусаж байна. Үүнд:

1. Авилгажилт

2. Архидалт

3. Ажилгүйдэл

4. Найрлалт.

Товчоор хэлбэл, АААН биднийг суугуулийн өмнө хэвтүүлж сөгдүүлж байна.

Найрлалт, архидалтаас болж сүйрч алга болсон олон улс, эзэнт гүрэн, үндэстэн, ястан түүхэнд бий.

Эдний үлдэж хоцорсон, хоцрогдсон хөөрхий хэдийг нь суугуулууд уугуул гэж өхөөрддөг.

Уугуулуудийн архи гараад "миний эх орон, газар шороо" гээд босоод ирэхээр нь тэдэнд суугуулууд архийг нь гулсуулаад л тэднийг шууд хэвтүүлж нам болгодог нь сонгодог арга болж танигдсан байдаг. Үүнийг суугуулийн уугуулийн хэвтүүлэх ур ухаан нь гэх үү дээ.

Австралийн уугуул ингээд л хэвтэж байна. Нийгмийн халамж нэртэй цайсан бодлого хэрэгжүүлнэ. Архи нь гарч арай ядан босоод ирэхээр нь архийг ахин гулсуулаад хэвтүүлнэ, сөгдүүлнэ, тэднийг. 

Америкийн уугуул тэгээд л сүйрч байна. Тээр цагийн цагааны газар индианчуудад мөнгө зээлж, архи өгч өрөнд оруулаад оронд нь газрыг авах бодлого хэрэгжүүлж байсан гээд бод доо. Энэ түүхэн баримт юм.

Канадын уугуулууд уугаад л хэвтэж байна. Тэднийг өхөөрдөж халамжилсаар одоо үзмэр болгож авчээ. Бүүр энэ үзмэрийг харуулах, хамгаална гэж ярих нь олон улсад чухал болж тэр нь элдэв төсөл,хэрэгжүүлэх үндэс, эх шалтгаан болж байх.Хөөрхий.

Африк тив тийм уугуулаар дүүрч мөн үзмэржиж ирсэн. Өмсөх хувцасгүй, ойлголцох хэлгүй нүцгэрч үлдэж, нүдэлдсээр, бүжиглэсээр, дуулсаар, уйлсаар л байх, хөөрхий тэд.

Ихэнх уугуул суугуулийнхаа өмнө ингэж л хэвтэж сөгддөг юм.

Суугуулуудийн уугуулийг төгсгөдөг гойд ур ухаан нь архидалт, найрлалт, авилгажилт, ажилгүйдлийг дэвэргэж, хөөргөж, хөгжөөх явдал юм.  Энэ бүхэн суугуулийн газраас уугуулд хандан явуулдаг цайсан бодлогооор илэрнэ. Энэ нөгөө л АААН-ыг дэвэргэхэд чиглэнэ. 

Тэмдэглэх баяр, найрыг түмэн болгож, шалтгааныг  буман болгоно. Архийг хоол мэт үзэж айл бүхэнд, хүн бүхэнд үнэт зүйлээр нь нэрийдэж хүргэнэ. Архидахыг нь соёлтой, харин архидахгүй нь соёлгүй болж  харагдуулна. АААН-ыг татваргүй болгож, АААН бусыг татвараар дарна. АААН бодлого гэж ийм л цайсан бодлого байдаг.

Тэгэхээр суугуулийн уугуулийг хэвтүүлж, бүр устгадаг цайсан бодлого нь "аан" гэж уулга алдмаар нөгөө АААН л байгаа биз. Мөн чанар нь танил санагдаж байгаа биз дээ, өнөөгийн ядмаг бид нарт.

Архинд дөрлүүлсэн уугуул "энэ миний эх орон, газар шороо" гээд арай ядан босоод ирэхээр нь архийг нь тэдэнд гулсуулаад л шууд хэвтүүлнэ, амархаан сөгдүүлнэ.

Ийм замаар уугуулууд суугуулийн өмнө амархаан хэвтэж, шууд сөгдөж, түүхэн үзмэр болж өгдөг юм.

Өнөө цагийн монголчууд бид уугуулийг хэвтүүлдэг суугуулийн урхинд орж хэтэрхий их найрлаж, хэт их архидаж, хэтэрхий их авилгажиж, хэт ажилгүйдэж байна.

Уугуулийг хэвтүүлэх суугуулийн урхин аргын уг санааг  яг одоо  нэг сайн эргэцүүл, ухаар. Түүнээс сал. Болгоомжил. Түүний тулд ингэ.

Архидалтаа боль.

Ажилгүйдлээс сал.

Авилгажилтыг зогсоо.

Найрлахаа боль.

Үүнийг ухаарч, "аан" гээд АААН-аас шууд татгалз.

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Sunday, December 1, 2019

1924 оных нь ардчилсан бол 1992 оных өмчилсөн

1924 оных нь ардчилсан бол 1992 оных өмчилсөн
1924 оны үндсэн хууль бол хаант засгаас салсан, эрэгтэй эмэгтэйг адил тэгш гэж үзнэ, нийгмийн тэгш байдал, тэгш боломжийг бий болгоно гэсэн заалтыг үндсэн хуульчилснаар жинхэнээсээ, язгуураараа ардчилсан үндсэн хууль байсан.
1992 оных бол ардчилсан гээд байх шинэ санаа байхгүй, харин өмчтэй болохыг тунхагласан өмчилсөн хууль болсон юм.
Жишээ, 1992 оны үндсэн хуульд боловсролын талаар 3 заалт бий. Түүний нэг нь хувийн сургууль байгуулж болно.
Энэ өмчийн заалт мөн, харин үндсэн хуулийн эрэмбийн заалт биш.
Энэ нь үндсэн хууль ёсоороо боловсрол,тэр тусмаа ерөнхий боловсролыг доройтуулахад хүргэдэг.
Монголчууд эд нарт дэндүү их итгэж, дэндүү хулхидуулсан юм.
Халтар царайтыг үзүүлээд халтартуулж байх зууртаа ардчилсан үндсэн хуулийг нь хүртэл өмчилсөн байгаа юм даа.
Саяын нэмэлт өөрчлөлт эдний хийсэн тэр алдааг засаагүй.
Монголчууд сэрж, үндсэн хуулиа ядаж 1924 оны хэмжээнд цэгц болгох хэрэгтэй дээ.
Тэгэж байж үндсэн хууль ёсоороо хөгжинө.
Ц.Лувсандорж
2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Saturday, November 30, 2019

Архижилтын байгууллагажилтыг цэглэе!


Архижилтын байгууллагажилтыг цэглэе!

Архи идээний дээж биш. Харин их хор мөн. Их хорлол юм. Яагаад тэр их хор, их хорлол болдог гэж үү?

Нэгдүгээрт, Уусан архи таны тархийг, тэр тусмаа ухаантай байгааг тань нотлох мэдрэлийн эс, тэдгээрийн холбоосыг сүйтгэдэг. Тэгэхэд та мунхаг тэнэг болно. Аажмаар л тэнэгжинэ. Үүнийг архины тэнэглэл гэж ярьдаг.

Архины тэнэгээс архины төрмөл тэнэглэлтэй хүүхэд төрдөг. Энэ нь бүүр аюултай байдаг. Энэ аюул нийгмийг тэнэглэлд хөтөлдөг. Ийм тэнэглэлээс болж олон үндэстэн үгүй болж олон эзэнт гүрэн хумхийн тоос лугаа үгүй болсон байдаг. Энэ нь архины аймшигт хорлол мөн.

Манай улс ардчилсан хувьсгал гэж ярьснаар хойш арай л их архидлаа. Хавтгай архидууллаа.

1990 оны эхэнд халтар царайтыг үзээд халтартаж байх зууртаа архи ууж байгаагаа эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг гэж өмөөрдөг байв. Эрх чөлөөгөө эдэлж нийгмээрээ л хавтгайрч архидаж байв, тэр цагт.

Өвгөнт бий болж, өвгөнтийн хөндий дүүрэв. Архийг чингэлэг чингэлэгээр оруулж, архийг үйлдвэр үйлдвэрээр үйлдвэрлээд, бүх хаадаар нэрлээд, алсын хараатайгаар бүх хүнсний дэлгүүрээр түгээж айл айлд хүргэв. Ордонд уух нь хэвийн үйл болж, ордонд архинаас болж амиа өгөх нь хэвийн хэрэг болсон байх. Энэ нь энэ улс хаа сайгүй л хавтгай архидаж байна аа гэсэн үг л дээ.

Дүнд нь архи уух нь соёл болж, архи уудаггүй нь харин соёлгүй болоход хүрэв. Улс маань ч бар  бус харин баар улс болж байх шиг.

Ажил орж буй хүнээс архи уудаг биз; архины соёл эзэмшсэн биз гэж л бараг асуудаг болох нь.

Архи уудаггүй гэвэл соёлгүй, ер нь муу, муухай харагдах нь энүүхэнд болох нь дээ, энэ улсад.

Долоо хоног бүрийн Баасан гарагт байгууллагаараа архиддаг болж байна. Бүр түүнийгээ Баасан ахын төрсөн өдөр гэж өхөөрдөн хэлдэг болж.

Сар бүрт ямар нэг баярыг байгууллагаараа заавал олж нэг сайн тэмдэглэж архидаж байна.

Жилийн турш л байгууллагаараа архидах.

Хоёр сарын цагаан сараар ордоноос айл хүртэл нийгэмжиж архидана.

Гурван сарын мартын наймнаар байгууллага бүр эмэгтэйжиж архидана.

Дөрвөн сарын нэг өдрийг заавал олж тэмдэглэн байгууллагажин архидана.

Таван сард түүх ярьж эрх чөлөө гэж хөөрч нийгмээрээ архидана.

Зургаан сараас эхэлж зунжингаа л нийгмээрээ найрлаж архидана. Наадамлаж архидана. Архидаж найрлана. Хавтгайрч найрлана.

Есөн сараас эхлэн байгууллагаараа салхилж архидана.

Арван сард ардын багшийг дэлхийн багштай хольж тэмдэглэж сургуулиараа, боловсролын салбараараа архидана.

Арван нэгэн сард баатруудын төрсөн өдрийг улсынхтай хамт тэмдэглэж байгууллагаараа нэг сайн архидана. Баасандан баярлаж, амарч архидана. Эр эм, хөгшин залуугүй хөөрч багширч архидана.

Арван хоёр сард хуучин оноо архиар үдэж, шинэ оноо бас архиар угтаж улсаараа архидана.

Энэ улс архины улс болох нээ. Архидалт энэ улсад зүгээр л байгууллагын соёл болох нээ!

Хувь хүний архидалт ч дүүрч, яахав, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан энэ улсын хүний эрх чөлөө юм байгаа биз. Харин архижилтын байгууллагажилт бол эрүүл нийгмийн хамгийн том дайсан байдаг. Үүнийг л бид заавал цэглэх ёстой.

Тэр тусмаа яам тамгын газраас эхлэн засгийн газар хүртэл төсвийн байгууллага татвар төлөгчийн мөнгөөр байгууллагажин архидахыг цэглэе. Муухай, буруу. Цаашилбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хийгээд их сургуулиуд элдэв зүйл тэмдэглэх нэрээр оюутан сурагчдын төлбөрөөр байгууллагажин архидахыг зогсооё!

Ингэж байгууллагажсан архидалт, архидалтын байгууллагажилтыг цэглэхийн тулд хоёр л арга хэмжээг хамтарч бий болгоё.Үүнд:

1.Архидалтын эсрэг хууль баталж, түүндээ архиар хүн шахахыг хориглоод өгье.

2. Байгууллагын архидалтыг дэвэргэсэн төсвийн байгууллагын даргыг ажлаас шууд халах; хувийн байгууллагынх нь үйл ажиллагааны эрхийг түр цуцалдаг болгоод авья.

Ингэж чадвал архижилтын байгууллагажилтыг зогсоож чадна.

Ингэснээр архинаас хол өссөн хүүхэд ажилд орохоороо архичин болохгүй байх нийгэм- хамт олон-ажлын нөхцөл бүрдэх юм.

Энэ нь хүний төлөө, залуусын төлөө, тэгээд улс үндэстнийхээ төлөө хийж буй нэгэн сайн үйлс мөн.

Эх орондоо их л хайртай гээд л байгаагаа биз!

Архидалтын байгууллагажилтыг тэгвэл заавал цэглэ, зогсоо!

Ц.Лувсандорж

2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Friday, November 29, 2019

Эерэг байна гэдэг тань эргүү байна гэсэн үг биш

Эерэг байна гэдэг тань эргүү байна гэсэн үг биш

Утаатай байхад л утаагүй гэж хэл гээд байх юм. Хортой байхад л хоргүй байна гэж хэл гээд байх юм.

Утаа байхад утаагүй гэх нь пялдлагдалт юм, уг нь.

Хортой байхад хоргүй гэх нь мунхаглал юм, угтаа.

Бодитой харж сурах л хэрэгтэй. Утаатай байхад утаагүй гэж эерэгээр харснаар утаа байхгүй болчихгүй.

Хортой байхад хоргүй гэж эерэг гэгчээр үзснээр гэнэт хоргүй болчихгүй.

Бодитойг бодитой харж үнэн байдлаар нь хэлэхээр үгүйсгэж байна гээд сүрэглэдэг.

Уг нь утаатай байгааг утаагүй гэж пялдагдах нь жинхэнэ үгүйсгэл биш үү, харин, нөхдөө!

Өнөөгийн монголчууд бидний энэ пялдагдалт энэ улсыг сөнөөж ч мэднэ шүү!

Боловсролоор аливаад бодитой, шүүмжлэлтэй хандаж сурахад хүүхэд бүрийг багаас нь суралцуулах хэрэгтэй байна.

Энэ нь сүрэглүүлнэ гэсэн үг биш харин ухаажуулна гэсэн үг.

Энэ нь, эцэстээ, бүтээлч байдлыг бий болгодог тул хувь хүнд ч, нийгэмд ч нэн чухал хэрэгтэй байдаг.

Эерэг байна гээд эргүүтэж үл болно. Эерэг байна гэдэг нь уулаасаа эргүү байна гэсэн үг биш.
Хүн шиг эхлээд эргэцүүлэлтэй хандаж шүүмжлэлтэй харна. Тэгээд хүн юм чинь бас сайжруулах гэж үзнэ. Тэгснээ бүтээж ч мэднэ.

Шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ хоёр ингэж л нэг зоосны хоёр тал лугаа болдог нь жам юм.

Пялдагдалтад сайн зүйл үгүй, харин муу л бий. Хор л бий.

Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Saturday, November 23, 2019

Тэрбум, тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана...

Тэрбум, тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана...

Тэрбум,тэрбумын ашигтай хувийн сургуулийн цаана ардчилсан биш харин өмчилсөн Үндсэн хуулийн заалт байдаг юм. Түүнд байдаг боловсролын хөтлөх гурван заалтынх нь нэг нь энэ: Хувийн сургууль байгуулж болно.

Энэ заалт уг нь үндсэн хуулийн эрэмбийн биш юм л даа. Гэвч өмч, өмч, өмч гэсэн ганц зорилготой ардчилсан биш үндсэн хуульд бол энэ хамаагүй аж.

Үе үеийн боловсролын яамныхан энэ завхралыг засах биш харин тэгш байдал, тэгш боломжийг үгүй хийхэд оролцож тэрбумаар тэрбумаар ашиг ологч тэдний гар хөл, хүүхэлдэйн болчихсон явдаг юм... Бас хөөрхөн тасархай, жижигхээн хэсгийнхэн нь бага эзэд болсон байх нь элбэг.

Ерөнхий боловсролын 300 гаруй хувийн сургууль гэгчээр хүүхдийн сурах эрх, сурах хүслээр нь мөнгө угааж, хувьсах зардлаар нь хичээл сургалтаа явуулж, харин эцэг эхээс хүүлсэн сургалтын төлбөрөө цэвэр ашиг болгож, ордон босгох нь хэвийн мэт байх, энэ улсад.

Мөн Монголын түүхэн ганц их сургууль болох МУИС-ийн нэрийг хүртэл дээрэмдэж байгаа МҮИС гэх мэт элдэвлэсэн олон хувийн их дээд сургуулиудаар монголын олигархиуд ядарсан залуусынхаа амьдрах хүслээр мөнгө хийж, мөнгө угааж байх нь хэвийн мэт болж, завхарсан энэ нийгэмд.

Дүнд нь боловсрол нийгмийн тэгш байдал, тэгш боломжийн баталгаа болж байх үндсэн үүргээсээ холдож хөндийрсөн байх нь бодит болж, манай улсад.

Үндсэн хуулийн саяын гэх нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн тэгш байдал, тэгш боломжийг үгүй хийсэн энэ байдал, завхралыг засах гээд дийлсэнгүй дээ, олигархийн их хурлыг.

Ийм учраас залуу үеийнхэн, тэр тусмаа шинэ цагийн багш нар нь Үндсэн хуулиар боловсролыг үндсэн үүргээс холдуулсан энэ завхралыг засахын төлөө яг өнөөдрөөс эхэлж ихэд эргэцүүлж, нэгдэн эвлэлдэж, нийлж хэлэлцэж, нэг болж тэмцэлдэж байж нийгмийн тэнцлийн баталгаа боловсролын тэгш байдал, тэгш боломжоо Үндсэн хуулийн ёсоор буцаан авах ёстой.

Энэ бол багшийн нийгмийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, ажлынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага мөн.

Тэгш байдал, тэгш боломж нь үндсэн хууль ёсоор баталгаажиж, боловсрол нь нийгмийн тэнцлийг хангаж байж л энэ улс зөв, төв замдаа орно. Өөр гарц үгүй.

Үүнийг л, угтаа, улс орны замнах ардчилсан зам гээд байгаа юм ш дээ.

Ц.Лувсандорж
2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Friday, November 15, 2019

Хүн бүр их хурлын гишүүдэд ийм асуулт тавиач!

Хүн бүр их хурлын гишүүдэд ийм асуулт тавиач!

"Та нарын батлан ихэд баярлалдан үнсэлдэж байгаа үндсэн гэгч хуульд тань боловсролын талаар юу гэж заасан байдаг вэ?

Нөгөө, тэгш байдал (equality), энэрэнгүй байдал (equity) тань хаа байна вэ?

Хүмүүнлэг энэрэнгүй (equity) ардчилсан (equality) нийгэм байгуулна гээд байгаа нь хэвээрээ юу?

Ингэж асуувал эд нар бүгд "ийм юм ярих гэж байгаа бол өрөөнөөс одоо гар" гэж хээв нэг хэлдэг улс шүү дээ.

Ийм хүмүүс ардчилсан нэртэй үндсэн хуулийг өөрчилж баталж явахыг олон жил харах юм даа. Дэндүү харамсалтай. Тун гунигтай.

Үндсэн хуулиндаа зөрчилдөнө гэдэг эх адаггүй тэмцэлдэнэ гэсэн үг.

Энэ үгийг хүн бүр нэг удаа нэг эргэцүүлээч!

Монгол түмэн үр хойчийнхоо төлөө эргэцүүлж, эд нараас хурдан салж, язгуур утгаараа үнэн шинэчлэгдсэн Үндсэн хуулиа хийж түүгээрээ хөтлөгдсөн жинхэнэ энэрэнгүй, ардчилсан нийгмийг үнэн байгуулахын төлөө зориглон ажиллах хэрэгтэй.

Ингэхдээ иргэд бид өөрсдийгөө бас боловсруулж, харанхуй бүдүүлэг байдал, ядуу сэтгэлгээнээс салах хэрэгтэй байна. Түмэн олонг хэтэрхий дорд үзэж байна.

Арай хэтэрч байна. Ардчилал гэдэг үгийг эд дэндүү муухай хэрэглэж байна. Хэлэлцүүлэг гэдгийг тэд буруугаар ашиглаж байна.

Ийм байдлыг нийгмийн сэхээрсэн хэсэг, төв нь болох багш нар, хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрх нь цохилж яваа эцэг эхчүүд одоо хир удаан тэвчих юм бол оо!

Тэвчээрт хязгаар байдаг. Одоо удаан тэвчиж чадахгүй л болов уу!

Энэ улс зөвхөн МАНАН гэгчдэд зориулагдаагүй юм шүү дээ!

Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Tuesday, November 12, 2019

МУБИС НЭГДЭХГҮЙ


МУБИС НЭГДЭХГҮЙ

МУБИС-ийн нэгэн профессорийн үзэл бодол 

Төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж судалгааны их сургууль байгуулна гэж  ид ярьж байна. Энэ асуудал Их хурлын холбогдох хороо, бүтцээр нь шуурхай хэлэлцэгдэж ер нь шуударч, шуурхайлж байх шиг ээ. Энэ талаар Таны үзэл бодлыг сонирхож байна.  

- МУБИС нэгдэх үү?

- МУБИС нэгдэхгүй. Нэгдэхийн учир шалтгааны үндэслэл огт байхгүй. Нэгдэх ёсгүй.  

-Яагаад?

Учир нь, МУБИС дампуурсан их сургууль биш ээ.  МУБИС-д оршин цэцэглэх язгуур үндэс нь болсон хөдөлмөрийн зах зээл, нийгмийн бодит хэрэгцээ, хэрэглээ бий. Монгол  улс оршиж байхад монгол багш байна. Тэр багш  МУБИС-иар бэлтгэгдэж ирсэн. МУБИС  түүнийг л судалж байдаг юм.  Харин орших зах зээлгүй, элсэх  оюутангүй болчихсон төрийн ба хувийн өмчийн их, дээд нэртэй, хоосон ордонтой атлаа хоёр  ч оюутангүй болох жамтай  олон сургууль  байна аа. Гэнэдэж,  ийм сургуульд элсэн орж төгсөж хохирсон  оюутнууд их байдаг. Тэд эцэстээ МУБИС-д дахин элсэн орж байж л багш болдог юм ш дээ.  Ажилтай болдог юм ш дээ. Амьдралтай залгадаг юм ш дээ.  Ингэдэг нь бодит үзэгдэл болсон. Бүтээгдэхүүн нь борлогдох бодит зах зээлтэй, судалгаа, үйлчилгээ нь нийгмийн бодит хэрэгцээтэй уялдсан, улс нийгэмдээ оруулсан 100 орчим жилийн гэгээн  үйлс бүхий хувь нэмэртэй МУБИС, яахаараа, тэгэхээр дампуурсан сургуулийн эгнээнд элсэн орох ёстой гэж. Зах зээлтэй нь оршдог, зах зээлгүй нь оддог нь жам  бус уу

-Та МУБИС нэгдэх ёсгүй гэлээ. Тэгэхээр МУБИС судалгааны их сургууль болох боломжоо алдаж байгаа  юм биш шүү?

-Судалгааны их сургууль болох, төрийн өмчийн их сургуулийг нэгтгэх гэсэн энэ хоёр хувьсагчийн хооронд статистик ач холбогдолтой, учир шалтгааны уяатай холбоо байхгүй.  Нэгдэх нь судалгааны их сургууль болохын баталгаа биш. Нэгдэхгүй нь судалгааны их сургууль болохгүй гэсэн үг бас биш. 

-Энэ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
 
Бололгүй яахав. Их сургууль угаасаа, үүслээсээ судалгаа хийж үнэнг эрж байж л оршдог нийгмийн ганц институц  юм.  Шинэ мэдлэгийг бүтээж,  түүнийгээ түгээж оршино гэсэн үг л дээ. Мэдлэг бүтээх нь судалгаа бол түүнийг түгээх нь сургалт юм. Түгээх шинэ мэдлэггүй, нийгмийн  хэрэгцээгүй, хэрэглээгүй болсон сургуулиуд л дан судалгаа хийж оршино гэж хөөрөн, одох арга хэлбэрээ олж ядан байдаг юм. Ингэхээс ч өөрөөр  тэд ер нь яах билээ дээ.  Эндээс л судалгааны их сургууль гэдэг ташуу ойлголт гарч ирдэг юм. Түүнээс биш судалгаа хийдэггүй их сургууль гэж байхгүй. МУБИС сургалт явуулж, судалгаа хийдэг л их сургууль байсан, одоо ч ийм л байгаа. Цаашдаа ч тийм л байна.  Нэгдэхгүй байснаар, иймд, МУБИС-д алдах зүйл огт байхгүй. Боломж дандаа байдаг. МУБИС, харин, дотооддоо удирдлага, менежентээ цэгцэлж, МУБИС-ийг муухай харагдуулж байгаа бүхнээ хурдан сайжруулж сайхан болгох хэрэгтэй. Удирдлагын бүдүүн, бадриун бүрэлдэхүүний доройтлыг засах, үрэлгэн давхар, дарга бүтцийн дарамтыг арилгах, нэг багш нилээд хэдэн багш бишийг чирч явдаг хөдөлмөрийн мөлжлөгийн хор уршгийг зайлуулах, бүхнийг профессор төвтэй болгох замаар МУБУС-ийг ухаалаг, цэцэн, цэмцгэр болгох, захирлыг ардчилсан байдлаар профессоруудаас сонгодог болох, удирдах зөвлөл, хамгаалал зөвлөлийг профессороор бүрдүүлэх, МУБИС-ийг ер нь ялсан намын даргаас бага харин шилмэл профессоруудаас их хамааралтай болох нь зайлшгүй.  Энэ МУБИС-ийн хөгжлийн зам мөн. Нам төвтэй биш профессор төвтэй замаар замнаснаар  МУБИС оршиж одохгүй, харин од болж оршино.
Нэмж хэлэхэд, судалгааны их сургууль гэдэг ойлголт манай улсад шинэ зүйл огт биш. Бид үүнийг судалгааны хүрээлэн гэсэн утгаар хөгжүүлж авч ирсэн юм.  Явуулах сургалтгүй, элсэх оюутангүй, орших зах зээлгүй болсон төрийн өмчийн зарим сургууль хийгээд  хувийн өмчийн ихэнхи сургуулиуд харгалзах хүрээлэндээ уусаж одох нь ер нь бол зөв. Тэгэж байж л дөнгүүр ганц судалгааны лабораторитой болж мэдэх юм ш дээ.  Түүнээс биш зах зээлд байраа олж оршиж чаддаг байгаа, улс, нийгэмдээ багшийг бэлтгэн нийлүүлэх эрхэм үйлс, түүхэн үүргийг цагаас цагт  хариуцлагатай хүлээж ирсэн ганц шилдэг их сургууль МУБИС-ийг “дэлхийн монгол, монгол дэлхий” гэсэн хийрхлээр баллах хэрэггүй.  Анхны нөхцлөө тас мартсан нөгөө хэдийн марзан хийрхэл юм шиг харагддаг атлаа цаанаа маш их санааг нуусан энэ үйлдлээр түүнийг үгүй болгож хийсгэж болохгүй. Нурааж болохгүй. Ер нь өрөөлийн хоол руу бага өндийж, өөрөө мөрөөрөө хоолоо олж идэж сурах нь хаа хаана эцэстээ зөв, төв, жам байдаг юм ш дээ. 
 
-Судалгааны их сургуулийг байгуулах судалгааг хийх зорилгоор Азийн хөгжлийн банкны шугамаар том төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Төслийн үйл явцад их сургуулийн багш нар хир оролцсон бэ?
 
-  Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр энэ талаар том төслийг том эрх мэдэлтнүүд оролцож хэрэгааүүлсэн гэж сонссон. Баримт  нь ч  байна лаа. Харин тэр төслийн үйл явцад  нь оролцож, үр дүнг нь хэлэлцэж явсан удаа  бидэнд байсангүй. Их сургуулиудыг нэгтгэж судалгааны их сургууль байгуулах тухай төсөл юм бол уг нь  их сургуулийн багш нарыг л их оролцуулж үзэл бодлыг нь их эргэцүүлсэн баймаар юм. Чоно борооноор гэдэг айхтар үг байдаг. Оролцуулах, оролцоог хангах гэдэг угтаа ардчилал юм.  Бас шударга ёс ч болно. Бид тань ардчилал гэж их хөөрч, шударга ёс тогтооё гэж их ярьж байгаа улс биз, уг нь. 

Ер нь бол, судалгааны их сургууль гэж бодлогын баримт бичгүүдэд үг үсэг бий нь бий. Тэр нь том санхүүжилттэй тэр төслийг бий болох эрх зүйн үндэс бол оо биз ээ. Манайхан төрийн бодлогыг ходоодныхоо төлөө холоос бичиж,түүнийгээ мөнгө олох эрх зүйн үндэс болгодог болоод их удаж байна. Хуулийн заалтын хулгай гэх юм уу даа. Үүндээ бүр гаршиж байгаа. Хуулиар удирдана гэдгийг буруугаар ашиглаж байгаа хэрэг л дээ. Төрийн өмчийн сургуулиудыг нэгтгэж судалгааны их сургууль байгуулна гэдгийн цаана иймэрхүү зүйл болсон байхыг би  хувьдаа үгүйсгэж чадахгүй.  Хардалт их бий. Цаг хугацаа харин түүнийг тод, ил болгоно. 

-Бужигнуулж байгаад “загас” барина гэж их ярьдаг болж.  Энэ бужигнаанд хэн ямар “загас” барих бол оо?

-Төрийн өмчийн их сургуулийн нэгтгэж судалгааны их сургууль байгуулах гэдгийн цаад, цаана байгаа "нохой" санаа хэнд хэрэгтэй вэ, хэний ашиг сонирхол бэ, хэний лобби вэ, хэн ямар “загас” барих вэ гэсэн асуулт мэдээж хүн бүрийн тархинд эргэлдээд эхэлчихсэн л дээ.  Бид тань их хууртаж, бас нилээд хаширсан болохоор ингэж л эргэцүүлдэг, эргэлдүүлдэг болж дээ.  Менежентийн хувьчлал гэгч бужигнуулалтаар нам голтой хэдхээн нөхөд Санхүү эдийн засгийн техникум, Орос хэлний дээд сургуулийг зүгээр л шууд л хувийн өмч  болгон авсан байх. Тэд том “загас” барьжээ.  Кембрижчилна гэсэн бужигнуулалтаар одоо дарга ангийнхан, баян давхаргынхан онцгой сургуультай болж. Тэд бас гайгүй “загас” барьж. Саяхандаа, Станфордчилно гэсэн бужигнуулалтаар одоо нийлүүлэх гээд байгаа төрийн өмчийн сургуулиудыг үндсэнд нь дампууруулж. Бужигнуулагчид том “загас” барьсан бололтой юм. “Судалгааны их сургуульчилах” гэсэн ээлжит энэ бужигнуултаар тэгэхээр хэн ямар том “загас” барих бол оо гэж үү!
 
 “Судалгааны их сургуульчилах” гэсэн бужигнуулалтаар баригдах “загас”-ны төрөл, хэлбэр олон янз  аа. Харин загасны эзэд нь нөгөө байдаг л нөгөө хэд. Нэг хэвийн.Тов  тодорхой.Тэдний нэрээр товчлол хүртэл бүтээгдэж л дээ. 


Үзэл бодлоо ярилцлага хэлбэрээр илэрхийлсэн МУБИС-ийн профессор Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр