Monday, March 12, 2018

Хүүхдийн ирээдүйг өмгөөлөх тэмцэл

Хүүхдийн ирээдүйг өмгөөлөх тэмцэл
Боловсролын бүх бүтэлгүйдэл эцэстээ хүүхдийн бүхэл бүтэн ирээдүйн бүтэлгүйдэл болдог. Манай улсад боловсрол дэлхийн шилдэгээс шилмэл муу нь болж хувирсан. Одоо боловсролын салбар зүгээр л олигархиуд (хөрөнгөжсөн эрхмэдэлтэн, эрхмэдэлжсэн хөрөнгөтөн)-ын мөнгө угаадаг талбар нь болсон юм.
Хар даа, тэр үндсэн хуулийн үзэл санааг улиндаа гишгэн байж хувийн сургууль гэгчээр мөнгө угааж, олон давхар ордон босгож байгааг.
Ажигла даа, тэр олимпиад гэгчээр мөнгө хүүлж хувийн цамхагууд сүндэрлүүлж байгааг.
Эргэлцүүл дээ, тэр, утгаа алдсан 21 хичээлийг оруулж хүүхдийн сурах хүслээр олигархийн бизнес сүлжээг баяжуулж байгааг.
Шинж дээ, тэр 100 гаруй хувийн сургуулиар онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд бэлтгэж байгаааг.
Бод доо, тэр, дурын дундажийг урилгаар элсүүлж багш мэргэжлийг доромжилж байгааг.
Ухаар даа, тэр, хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч, нийгмийн ганцхан хүүхдийн төлөө бүл дөрвөн түмэн багш нарыг өмчгүйдүүлж, ядууруулж, ядрааж, өлсгөж, уйлуулж, урвайлгаж байгааг.
Багшийн нарын тэмцэл иймд эцэстээ хүүхдийн ирээдүйг хамгаалах, цаашилбал, монголын ирээдүйг өмгөөлөх тэмцэл мөн.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Sunday, March 11, 2018

Урвайсан бараан сүргийн биш, харин Инээсэн гэгээн хүний нийгмийн төлөө...

Урвайсан бараан сүргийн биш, харин
Инээсэн гэгээн хүний нийгмийн төлөө...

Багш нар уйлж байна гэж нэг багш бичжээ. Эрх мэдэлжсэн хөрөнгөтөн, хөрөнгөжсөн эрх мэдэлтэн нэг хувь маань багшийн энэ уйлааныг ерөөсөө ухаарч тусгаж авч чадахгүй байх шиг. Тасарна гэж энэ.

Багш нарын уйлааныг ухаарахад уг нь их амархан. Багшийн гэр бүл өдөрт 4 доллар буюу 10000 төгрөгийг хоолондоо зардаг гээд бод доо. Зөвхөн хоолондоо шүү дээ. Тэгэхэд сард 300 000 төгрөг болж байна. Тэгээд үлдсэн 200 000 хүрэхгүй төгрөгөө байрынхаа зээлэнд өгөөд өртэй хоцрох юм, тэд. Хувцас хунар, үр хүүхдээ баясах, юм үзүүлэх гэх зүйлийн тухай багш нар бодох ч үгүй болчихоод байна, цаана чинь. Ядуурсан байна.

Үнэндээ өдөрт 4 доллараар нэг гэр бүл бүү хэл нэг хүн ч ямаршуу хоол идэх билээ дээ. Тийм биз. Гэтэл нөгөөдүүл тань багшийн сарын цалингаас их мөнгийг нэг удаа хоолондоо хээв нэг төлөөд сууж байх. Зөрүү нь ийм л байна.

Тэгэхээр багш нар өлсөж байгаа нь их тодорхой юм. Багш нар өлсөж байгаа юм чинь нийгмийн дундуур доод бусад бүл болох 70 гаруй хувь нь, мэдээж их өлсөж байгаа. Зөрчил нь ийм л байна.

Урвайсан, ууртай царайтай; хиртэй, бараан хувцастай, дайн дажинд нэрвэгдсэн юм болов уу гэмээр хар бараан сүрэг гудамжинд их байгаа биз. Худлаа гэвэл гараад уулзвар дээр гэрлээ хүлээж буй бэсрэг сүргийг ажигла л даа. Урвайсан, ууртай, бараан байгаа биз дээ.

Багшийн тэмцэл эцэстээ нийгмийн ийм барааныг гэгээн болгохын төлөө л юм.
Хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч багш өлсөх ёсгүй. Ер нь баян монголд ядуу байх ёсгүй. Хүн өлсөх ч ёсгүй. Эрчүүд нь хар авилга, хар архины хараат байх ёсгүй юм. Эмчүүд нь нэг лонх вино, нэг ширхэг сарнайгаар цэнэлэгдэх ёсгүй юм.

3 сая хүн, тэр дундаа 2 сая хүрэхгүй идэвхтэй насны иргэд нь ажилгүй байх ёсгүй. Тэд урвайсан ууртай, хиртэй бараан байх ёсгүй. Тэд гадаадад сурах мөрөөдөлтэй, солонгос харлах хүсэлтэйгээр монголд халтвар хийж хайран цагаа яйран өнгөрөөгч залуус байх ёсгүй юм.
Багшийн энэ тэмцэл энэ "ёсгүй" бүхнийг "ёстой" болгохын төлөө л юм.

Багшийн энэ тэмцэл эгэл эрхэмсэг, эрхэмсэг эгэл монголын хүний төлөө л юм.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_11.html

Thursday, March 8, 2018

Нүцгэрсэн монгол шиг нүцгэн жагсаал утгатай

Нүцгэрсэн монгол шиг нүцгэн жагсаал утгатай

Мартын наймнаарх монгол бүсгүйчүүдийн нүцгэн жагсаал их утгатай. Утгатай учраас их учиртай.

Бүх шаардлага нь утгатай л юм байна. Хэлбэрт нь биш харин утганд анхаар.

Мартын 8-аар маазран баардаж байснаас хамаагүй эх орон, үр хүүхдээ гэсэн үйл байна.
Манай ихэнхи эмэгтэйчүүд тэмцлийн өдрөө эд нар шиг биш харин нэг лонх вино, нэг ширхэг сарнайхнаар цэнэлэж өнгөөрдөг муухай зуршлыг албаар бий болгосон байдаг.

Энэ хэдэн хүүхэн тань харин тэр мунхаглалыг сөрж байна.
Монголын эхчүүд одоо ухаарч эхэлж байх шиг. Сэрж эхэлж байна.

Идэр насны ихэнхи эрчүүд нь архидуулах, авилгажуулах хорон бодлогоос болж архинаас, авилгалаас их хамааралтай болсон ийм цөвүүн цагт энэ мэт эмэгтэйчүүд л Алунгоо эх шиг, Мандухай цэцэн хатан шиг өндийж ирж байна. Түүх давтагдаж байна.

Эх үрсээ гэдэг эх хүний сэтгэл, зүтгэлд хязгаар үгүй юм. Нүцгэрсэн монгол дэх эх хүний нүцгэн энэ тэмцэл ч эх хүний үрсээ гэх хязгааргүй тэр сэтгэл, зүтгэлийнх нэгэн илрэл мөн.
Нээрээ л "үндэсний үйлдвэрийг хувьчилах нэртэйгээр түрэн таран хийж байрыг нь түрээсийн лангуу болгоогүй бол одоо шиг ядуурал, гуйланчлалаар энэ улсад дүүрэхгүй байв....Энэ мэт шаардлага, уриа бүхэн их утгатай юм байна".

Үе үеийн эрх мэдэлтний увайгүй, гэхдээ маш санаатай хийсэн үйлдлээс болж, жишээ нь МУИС-ийн эдийн засаг, математикийн ангийг төгсөгчдөд халтвар хийгээд явж байна, цаана чинь. Гадаадад сурч магадгүй,солонгост ажиллаж магадгүй гэсэн мөрөөдөлтэй явах. Яагаад?

Энэ улсад залуучуудад ажиллах ажлын байр алга .Улсыг ийм л болгосон байна. Үр хүүхэд, ач гучид нь ийм бараан одоо, тийм баргар ирээдүй нүүрлэж байгааг зүрх, сэтгэл, зөнгөөрөө мэдэрсэн энэ эхчүүд эрхээ хамгаалах түүхэн өдрөөрөө арга ядан тэмцэл, үзэл бодол, үйлээ ингэж нүцгэрсэн монгол шиг нүцгэн илэрхийлж байна. Буруу, муухай зүйл энд алга.

Хэлбэрт нь бус утганд илүү анхаар. Утгатай учраас энэ тэмцэл учиртай байна.

https://www.facebook.com/photo.php?fbid=2109598185918243&set=pcb.2109481509263244&type=3&theater

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Wednesday, March 7, 2018

Мартын найманд амрах ёсгүй! Мартын найманд намайг сонс!

Мартын найманд амрах ёсгүй!
Мартын найманд намайг сонс!

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж үгүй. Харин эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн түүхэн өдөр гэж бол бий. Биеэ үнэлэгчдийн ажлыг зогсоосныг эсэргүүцэж үүссэн тээр хэсэг эмэгтэйчүүдийн өрнүүлсэн эсэргүүцэл, тэмцэл явцдаа эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрх үүрэг, эрхээ эдлэх, түүнийг хамгаалах өдөр болж хувирсан юм. Жил жилийн 3 дугаар сарын 8-ны өдөр бол энэ утгаараа түмэн зурагт өгүүлдэг шиг, буман түүхэнд дүрслэсэн шиг эмэгтэйчүүд язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцэх эмэгтэйчүүдийн эрхийн өдөр юм. Тэмцлийн түүхэн өдөр юм. Энэ өдрийг  иймд амралтын өдөр бүү болго. Тэмцэхээс нь бүү ай. Тэднийг бас бүү хуур.

Дэлхийн ихэнхи улсад энэ өдрийг тэмдэглэдэггүй. Харин тэмцдэг.

Жендерийн тэгш байдлыг ханга!,
Эр эм адилхан цалин авья!.
Алчуураа авч хаяая! гэх мэтээр хүслээ, тэмцлээ уриа болгон хураангуйлж тэмцдэг тэмцлийн өдөр байдаг.

Манай хүүхнүүдийн хувьд харин энэ өдөр тэмцэх бүү хэл зээл аваад, цалингаа ломбараад баярлаад, партийдаад байдаг зөөлөн хэлбэл, хачин өдөр болсон байх.  Тэмцлийнх ийм өдрийг нөгөөдүүл монгол бүсгүйчүүдийн хувьд их гажиг өдөр болгож хувиргасан байх.

 Бас эсвэл энгэрт нь ил далд утгатай утгагүй одон зүүж эвгүй болгож харагдуулдаг сайнаар хэлбэл, шагналын өдөр болж хувирсан байх.

Энэ бүхнийг ажиглахад аймаар гунигтай. Санахад санаа их алдмаар бүр ичгэвэртэй байх. Санааатай байх.

Коммуны 70 жил, дүр эсгэсэн ардчиллын 30 жилийн турш энэ тархи угаалт харин огт өөрчлөгдсөнгүй. Сонин байгаа биз. Ийм тархи угаалтын ашиг аль ч цагийн эрх мэдэлтнүүдэд ирж байхад гай, гор нь эмэгтэйчүүд, гэр бүлд, нийгэмд л түгэж байх. 21 дүгээр зуунд манай бүсгүйчүүд энэ тархи угаалтаас нэг гарч сэрэх хэрэгтэй л байна. Эмэгтэй багш нар бол бүр эрт сэрэх хэрэгтэй юм. Багш гэдэг тань хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч гэж байгаа байх аа.

9 багшийн 1 нь эрэгтэй байна. Багш туйлдаа хүртэл ядуурсан; багш мэргэжил шавартай хутгалдсан; боловсрол дампуурсан ийм цөвүүн цагт эмэгтэй багш нар зээл авч, ломбардуулж партийдах нь үнэндээ ичээмээр тэнэг л зүйл мөн. Сэрээд хар! Энэ өдөр илэрхийлэх эрх ашиг, сонирхол манай эмэгтэй багш нар Та нар одоо алга байна гэж үү! Үгүй шүү. Тун их байна.

Боловсролд хүйс, жендерийн тэгш байдлыг ханга!
Багшийн нэг цагийн ажлын хөлсийг нэмэгдүүл!
Багшийн үндсэн цалинг ядаж халтвар хийж буй жолоочийнхоос их болго!
Боловсролыг дампуурлаас салга!
Хүүхдийг олимпиад, хувийн сургууль гэх зэрэгт хурдан морь шиг буруугаа ашиглаж буй буруу, бурангуй үйлдлийг зогсоо!
Дурын хувийн сургуульд багш бэлтгэж бүү зогсоо!
Боловсролоор тоглохоо боль!
Боловсролыг олигархийн савраас салга!
Хүүхэд бүрт боловсрол олгох боломж орчин нөхцлийг адил тэгш болго!
Үндсэн хуулийн үзэл санааг боловсролд хэрэгжүүл!
Энэ бүхэнтэй бид эвлэрэхгүй!
Энэ шаардлагыг үл тоосон саад сайд огцор!. Сайн сайдыг томил!
Боловсролоор тоглодог, хүнээ доройтуулдаг бодлогоо зогсоо!
Их дээд сургуулиар ажилгүйчүүд бэлтгэж буйг боль!
Их дээд сургуулиар эрдэмжүүлэх ажлыг нутаг довны увайгүй үзлээс салга, чанаржуул!
Багшийг гурван хэлэлцээр гэгчээр туйлд нь хүртэл ядууруулсан, шарласан ҮЭ бидэнд хэрэггүй!
Энэ бүхнийг хүүхдийн төлөө, монголын төлөө бид тэвчихгүй!
Энэ бүхнийг үл чадах засаг бидэнд хэрэггүй!
Мартын найманд амрах ёсгүй!
Мартын найманд намайг сонс!
Гэх мэтээр уриалж өөрийн төлөө, хүүхдийн төлөө, нийгмийн төлөө, монголын төлөө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн энэ өдрийг ашиглан тэмцээч,21 зуунд хүртэл унтаж буй монгол бүсгүйчүүдээ! Эмэгтэй багш нар аа!

Ийм асуудлаар гудамж, талбайд ахмад нь, яахав, хувцастайгаа; залуус нь нүцгэрсэн байгаа илэрхийлж нүцгэн хүртэл жагсаж элдэв түүхэн зурагт өгүүлж байгаа шиг тэмцэж эрхээ хамгаалах нь зээлд уяагдан ломбаардуулж партийдахаас илүү утгатай юм биш үү. Ирээдүйтэй юм шүү.

Утгатай нь оршдог. Утгагүй нь харин оддог.

Мартын найман амрах өдөр биш.
Мартын найман ажиллах өдөр. Тэмцэх өдөр.

Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_7.html

Tuesday, March 6, 2018

Эрдмийн зэргийн сургалтыг эрүүл болгоё



Эрдмийн зэргийн сургалтыг эрүүл болгоё

Хүнээ чанаржуулахын эх үндэс болсон эрдмийн зэрэг олгох ажлыг үнэн бодитой болгомоор байна, энэ улсад.  Одоо худлаа явагдаад байна. Эрдэмжилт дэхь энэ худал, хуурмаг байдал нь эргээд улсаараа доройтох, дордохын эх шалтгаан нь болж байна.  

Магистр, доктор зэргийг одоо "мал"-д хүртэл олгочихож болохоор үйл явц нь ийм л дорой дорд байна. Тэгэхээр үйл явцаараа эрдмийн дээд, ухааны дээжийг эзэмшдэг, түүгээрээ өөртөө болон улсдаа хувь нэмэртэй байхаар их дээд сургуулийн эрдэмжүүлэх үйл явцыг эрүүл болгомоор байна. 

 Манай улсын ихэнхи их дээд сургуульд шинэ багш, профессор хоёрт  үндсэндээ үнэ цэнийн ч хувьд, үнэлгээний хувьд ч ялгаа алга. Хоёулаа л бакалаврт хичээл заахаас өөр онцгой зүйл үндсэндээ алга шив дээ, тэдэнд.  Тэнд шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологи, шинэ санааг урлаж бүтээж байгаа юм ч алга. Яагаад?

Магистр, докторын сургалт "их семинар" гэдэг хэлбэрээсээ их хол өрнөж байна юм, энд. Үүгээр, түүгээр хэрж тэнэж  явж гэнэт л профессороор удирдуулна гэж ирэх. Тэнэж ингэж явсан тэдэнтэй хоёр үг солиход л ихэнхи нь сургалтынхаа хугацаанд мэдсэн, чадсан, өсөж өндийсөн зүйл огт  үгүй болох нь илрээд ирдэг юм. Сүүлдээ бүр эрдэмжих энэ үйл явц нь  нутагжилт, довжилт болж хувирч байх шиг. Үр дүнд нь эрдэмгүй эрдэмтэн, довжсон эрдэмтэн, жинхэнэ нэг эрдэмтний хэлснээр, хуурамбаанууд их дээд сургуулиар дүүрч мэдэх нь. Оюутан их хохирч үлдэж мэдэх нь. Дүнд нь их дээд сургууль эрдмийн дээд, ухааны дээжээс их хөндийрч  байдаг л нэг ЕБС, байдаг л нэг МСҮТ болж үлдэх нь дээ. Яадаг билээ дээ!

Ийм дампуу байдлыг зогсоож үндэсний хүний нөөцийн чадавхийг үнэн дээшлүүлье. Үүний тулд их дээд сургууль дэхь магистр, докторын сургалтыг профессор төвтэй болгоё. 

Профессор гэдэг уг нь үнэтэй газраа цэнэтэй хүн. Тэр уг нь магистр, докторыг их семинараараа өлгийдэж, тэр жингээрээ зах зээлд цэнэтэй шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ чадвар, шинэ арга бүтээн инноваци бий болгогч, баялаг бүтээгч нэгэн байдаг юм.

Эрдмийн зэргийн сургалтыг иймд профессор төвтэй болгож байж л тэр эрүүлжинэ. Профессорын чансаа ч бас танигдана, чанаржина. Энэ хэвээрээ, харин байвал,  эрдэмгүй эрдэмтэн бий болгосоор байх юм, энэ улсад. Энэ нь эргээд эх оронд ч, иргэнд ч огт хэрэггүй дампуурсан нэгэн мунхаглал болж, нөгөө алийгаа алтангадас шиг орших юм. Ингэх хэрэг юун.

Иймд энэ мунхаглалаас одоо ангижрая. Үүний тулд эрдмийн зэргийн сургалтыг эрүүл болгоё. Профессор төвтэй байлгая.

Ц.Лувсандорж 

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_67.html

Saturday, March 3, 2018

Монголчууд залхуу биш. Гэхдээ тэд бас зарц биш.


Монголчууд залхуу биш. Гэхдээ тэд бас зарц биш.

Бүх монголчууд залхуу биш. Жишээ нь, би хөлс дуслуулж амьдардаг гэр бүлд өссөн. Тэндээс хөлс дуслуулахгүйгээр нэг ч зоосыг олж үл болох итгэл үнэмшлийг өвөрлөж авсан. Энэ чигээрээ л ганц ч зоосыг хөлс дуслуулахгүйгээр авч үл болно гэсээр нийгэмлэг, хүнлэг, хөрөнгөлөг гэх элдэв нийгэмд тэсэж хөдөлмөрлөж, хөдөлмөрлөж тэссээр л явна.
Ингэж явахад хачин, содон, гажиг, гаж олон зүйлийн гэрч болж байна.

Улсынхаа 70 жилийн бүтээл болсон үйлдвэрийн газруудыг үнэгүйдүүлж, олноор хувийн болгож байсныг харав. Ядуурал туйлдаа хүрсэн энэ улсад тэр цагийн 2-3 үйлдвэрийг хээв нэг хувийн болгосон хөрөнгөтөн гэгчид цөөнгүй төрөхийг үзэв.

Улсынхаа 70 жил хуримтлуулсан мөнгөн хуримтлалыг тогтоолоор хуваан авч хувьдаа авдаг улс төрчид, эрх мэдэлтэн, нийгмийн бүл байдгийг үзэв.

Газар доор баялагийг гадныхантай нийлж лиценз нэртэй цаасаар худалдаж хөрөнгөждөг нийгмийн хэсэг байхыг бас харж гайхав.

Түмэн олны өмч, үнэт зүйл нь болсон төр, улсыг тэр чигээр нь мөнгөхүүлэх хэрэгсэл болгон ажилладаг хөрөнгөжсөн эрхмэдэлтэн, эрхмэдэлжсэн хөрөнгөтөн давхарга төрөхийг үзэв.

Монгол хүнийг залхуу гэж цоллон үнэтэй хөдөлмөрийг нь хөлсгүй, цэнэгүй ашиглах гэж дайрдаг, гурван талт хэлэлцээр хийдэг төр засаг, МҮЭ, эздийн холбоо үүсэхийг харав.

Хүнийг чадваржуулах үйлдвэр болох сургууль, боловсролын тогтолцоог нь дампууруулсныхаа дараа "монголчууд залхуу, чадваргүй" гэж байнга цоллож тэдний хөлсийг нь цэнэгүй, үнэгүй ашиглах гэж улайрдаг шударга бус, хүмүүнлэг бус хөдөлмөрийн гаж зах зээл,тогтолцоо үүсэхийг үзэв.

Дүр эсгэсэн ардчиллын гэх энэ галзуу капиталист нийгэмд хүний хөдөлмөрийг цэнэгүй, үнэгүй болгох явдал бүр гаарч газар авахыг харав.

Энэ бүхэн гаж, хачин байдалд залхсан манай залуучууд хүний хөдөлмөрийг үнэлдэг нийгэмд нь харлаж "хар" боловч ажил хийх гээд зүтгэдэг нийгмийн бас нэгэн гаж үзэгдэл бий болохыг үзэв.

Нэг цагийн ажлын хөлсийг үнэлдэг, цэнэлдэг улсад монгол хүн бусдаас илүүгүй юм аа гэхэд дутуугүй л ажилласаар байна. Тэгэхээр монголчууд залхуу биш юм. Гэхдээ тэд бас зарц,уяатай халтар биш юм.

Ийм учраас манай нийгэм хүнийг ч, амьдралынх нь үндэс болсон түүний хөдөлмөрийг ч цэнэлдэг, үнэлдэг болох хэрэгтэй. Чадвартай хүнийг бүтээгч багшийн хөдөлмөрийг бол бүр ч өндөр цэнэлэх хэрэгтэй.

Манай улсад иймд хүний хөдөлмөрийг цэнэлүүлэхийн төлөө ажилладаг ҮЭ -үүд маш их олноороо үнэн байгуулагдаж үнэн ажиллах хэрэгтэй түүхэн нөхцөл бий болсон байна. Үүнийг бүү март. Мартвал хөдөлмөрийн хүнгүй болно.

Монголчууд залхуу биш. Гэхдээ тэд бас зарц биш.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post.html

Wednesday, February 28, 2018

Япон гэхээрээ л ёмбогор байдаг юм биш

Япон гэхээрээ л ёмбогор байдаг юм биш

Монголд дахь ЖАЙКА (JICA) юу л хийгээд байна аа. Мэргэжлийн хяналтын байгууллага ЖАЙКА-ийн санхүүгийн хийгээд үйл ажиллагааг нь нэг сайн шалгаад өгөөч!

Тэр Япон-Монголын төв яахаараа их сургуулийнх хашаа дотор, A зэрэглэлийн газрыг эзэгнэн намбааж байдаг юм вэ?

Монгол хүн ч хүрч үл чадах тэр газрыг тэд яаж авсан юм бол оо!

ЖАЙКА, Япон Монголын гэх төв гэх мэт Японы гэсэн бүхний үйл ажиллагааг нэг сайн шалгаж үзмээр байна. Цааш нь бидний монголыг хуучин гэж үзээд шинэ болгох гэж байгаа японы хөрөнгө оруулалттай сургууль хүртэл байна. Хуучин гэх бидний монголд шинэ монголынх гэх япон хүн бэлтгээд байгаа юм биш биз дээ!

Хичнээн эрүүл монгол хүүхдийг сумо гэх нэрээр японд гаргаж мэргэжил боловсролгүй, сургууль соёлгүй болгож байна аа. Эрүүл мэндгүй болгож байна. Гэмт хэрэгтэн болгож байх... Хүүхдийн эрхийн байгууллага үүнийг нэг анхаарч өгнө үү!

Япон гэхээрээ л ёмбогор байдаг юм биш.

Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/02/blog-post_28.html